Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 99

 

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.А- түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Д-ын А-д холбогдох 1808040991253 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ........ ХХК-нд мужаан ажилтай, ............ аймгийн ........... дугаар баг .......... дугаар гудамж ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн .... дүгээр хороо ............ тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржгон овогт Д-ын А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.А- нь 2018 оны 08 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маск” нийтийн караокед иргэн Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.А-ын “... Би Өргөө кино театр дээр 18 цагийн үед очоод А-гийн хамт кино үзэж гарч ирэхэд манай хоёр найз Хэрлэн, Батчимэг хоёр над руу яриад хороололд уулзъя гээд нэр нь тодорхойгүй пабад бид дөрөв хамт орсон. Бид хэд хүн тус бүр нэг шил пиво уусан. Тэнднээс бид дөрөв гараад нийтийн караокед орж суусан. Караокед бүжиглэж байхад А- нэг хүнтэй муудалцаад намайг хардаад байсан. Би суугаад хоёр найзтайгаа  юм яриад сууж байхад А- намайг гаръя уулзая гэж хэлсэн. Би хариуд нь гарахгүй, би найз нартайгаа юм ярьж байна гэж хэлэхэд миний баруун гарын шуунаас атгаж бариад намайг караокеноос чирж гаргаад зүүн шууны булчингаас базаад татсан. Тэр үед найз Хэрлэн А-д хандаж чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гарыг нь тавиач гэж хэлэхэд та нарт хамаагүй гэж хэлээд намайг коридорт гарнаас барьж чирж гарахад би доошоогоо хөлөө жийгээд суухад миний баруун хөлнөөс татаад гутал сугалаад тэнд байсан хүмүүс салгах үед миний хоёр хөлийн булчин руу өшиглөөд миний цүнхийг аваад гараад зугтаасан. Би хоёр найзын хамт караокены коридорт зогсож байхад А- буцаж орж ирээд миний үснээс зулгаагаад гадаа гаръяа гээд чирэх үедээ миний баруун шанаа руу алгадсан. Манай хоёр найз тэнд байсан хүмүүс салгахад А- гарч зугтаасан. Чимгээ А-гийн араас гарч яваад миний өрөөсөн гутлыг орж ирсэн. Би тэндээсээ Хэрлэн найзын хамт гэрт нь очиж хоносон. А- тэндээс гараад манай ахын гэрт ирээд миний цүнхийг авчирч ирж өгөөд манай эгч Сайханзоригтой уулзсан байсан. А- миний гар утсыг аваад явсан байсан.

... Маргааш нь би өөрийнхөө гар утас руу залгаад А-тай Саппорогийн арын автобусны буудал дээр уулзсан. Би А-д уурлаад чи надаа гар хүрлээ гэж шүүмжилж хэлээд гар утсаа авах явах гэтэл миний баруун гарнаас татаад баруун зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд тэндээсээ зугтаагаад явсан. Би тэр газраа уйлаад сууж байхад А- буцаж ирээд надаас уучлал гуйгаад байхаар нь эвийн олоод утсаа аваад салсан. ... Би А-гаар эрүүний зураг авхуулмаар байна. Миний  эрүү зуурч өвдөөд байна. Эрүүний зураг 150.000 төгрөгөөр авдаг гэсэн. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

“... Одоо миний биед үлдсэн гэмтэл байхгүй. Хааяа нэг толгой л өвддөг юм. Шанаанд гараараа цохисноос л болсон байх. Өөр зовиур өвчин гэмтэл бэртэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нийлүүлээд нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

“...Би миний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. ... А- миний баруун гуяны орчим 2 удаа хөлөөрөө өшиглөж надад учруулсан. ... Би  нөхөртэйгээ эвлэрсэн байгаа тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62-64 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Батчимэгийн “... А-, Хэрлэн бид гурав бүжиглэж байсан чинь гэнэт А- босож ирээд А-ыг гарнаас нь татаад аваад гарсан. Бид хоёр гайхаад үлдсэн. Тэгээд удалгүй ороод ирсэн. Тэгсэнээ сууж байхад нь А- дахиад чирээд аваад гарсан. Хэрлэн бид хоёр найз залуутайгаа учраа олно биз гээд сууж байтал гадаа коридорт зодоон боллоо гэхээр нь гарсан чинь А-ын өрөөсөн гутал нь сугарсан, гарных нь бугуйвч нь тасарсан, цаг нь газар унасан байсан. А-ыг А- буланд шахчихсан зогсож байсан. Хэрлэн бид хоёр А-г холдуулж салгасан. Тэгээд дотогшоо А-ыг аваад орсон юм. ... Би яг цохиж зодсоныг хараагүй. Хэрлэн бид хоёрыг гараад очиход А- нэлээн ноцолдож зодуулсан байдалтай харагдаж байсан. А- буланд шахчихсан зогсож байсан. Биеийн аль хэсэгт нь ямар гэмтэл учирсаныг Хэрлэн бид хоёр хараагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11257 дугаартай:

“1. Б.А--н биед зүүн  шуу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуяны цус хуралт нь дангаараа 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь дангаараа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Шинжээч эмч О.Болороогийн “... Иргэн Б.А-ын биед үзлэг хийхэд зүүн гуяны ар доод хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны дотор доод хэсэгт цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр гэмтлүүд нь учраад хуучирсан шимэгдэж арилж байсан цус хуралтууд байсан болно. ... Том талбайг хамарсан их хэмжээний зөөлөн эдийн гэмтэл бүхий цус хуралт нь удаан хугацаагаар шимэгдэж арилах учир тухайн хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-28 дугаар хуудас/

 

Д.А-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд хэсэг сууж байсан чинь найз эмэгтэй А- бүжгийн талбай дээр өөр хүнтэй бүжиглээд байхаар нь би хажууд нь очоод бүжиглэсэн чинь намайг тоохгүй байсан. ... А- бид хоёр маргалдаад намайг алгадаад хүзүүнээс самардаад авсанаа газар суухаар нь би бос гээд хоёр удаа гуя хөл  орчим руу нь өшиглөсөн. Тийм л зүйл болсон. ... Тухайн А-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би тухайн үед А-ыг зодож учруулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Д.А- нь Б.А-ыг үл ялих зүйлээс болж нүүрэн тус газарт нь цохиж биед зүүн  шуу, хоёр гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б.А-, гэрч Г.Батчимэг, шинжээч эмч О.Болороо нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.А-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нийлүүлээд нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/ авагдсан бөгөөд хэрэгт хохирлын талаар ямар ч нотлох баримт байхгүй тул энэ тогтоолоор хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.

Харин хохирогч Б.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.А- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Д.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Д-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.           

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ