Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 865

 

                                                        Ш.М-т холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

цагаатгагдсан этгээд Ш.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ш.М-т холбогдох эрүүгийн 1805 02226 0971 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш-н М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизын операторч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Ш.М нь 2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хүнсний дэлгүүрт нэвтэрч, биет 1.700.000 төгрөг, 10 шил архи, мөнгөн эдлэлүүд болон бусад хүнсний зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, Ш.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Ш.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцаасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, шүүгдэгч Ш.М мөрдөн байцаалтын шатанд “би уг дэлгүүрт орж үйлчлүүлж байсан удаа бол байгаа, Ганаа ахын захиасаар би хоолны материал зэрэг зүйлс авдаг байсан. Тэгээд намайг гэхээсээ илүү ихэвчлэн Тэмүүжинг дэлгүүр рүү явуулдаг байсан юм, харин өмнөх өдрүүдэд нь хааяа орж үйлчлүүлэхдээ Ганаа ахын захиас буюу ус, мах, ундаа зэрэг зүйлс авдаг. Би архи согтууруулах ундаа гэж Ганаа ахын захиасаар ганц хоёр лааз пиво л авч байсан, архи авч байгаагүй. Би хулгай орсон өдрүүдийн өмнөх өдрүүдэд орж үйлчлүүлэхдээ архи согтууруулах ундааны зүйл авч байгаагүй. Би архи авах гэж оролдож байсан удаа байхгүй. Архи пивонууд цуг байдаг болохоор би архи авдаггүй пиво л аваад явдаг байсан. Гэхдээ хулгай орсноос хойш Ганаа ах намайг уг дэлгүүр лүү оруулж 0,75 литрийн Монгол Стандарт архи авахуулж байсан. Ганаа ах өөрөө хоёр хүнээр ажил хийлгээд хөлсөнд нь архи өгсөн юм шиг байна лээ, би тэрийг сайн санаж байна. Хулгай орохын өмнөх өдрүүдэд архи авч байгаагүй” гэж тодорхой мэдүүлсэн, мөн хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг гэх лангууны тавиурт архи, пивийг тус тус нь өрж байрлуулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01/250 дугаартай Криминалистикийн шинжилгээний гарын мөрний адитгалын “Үзлэг ба Шинжилгээ”, шинжээчийн дүгнэлтэд “12” гэж дугаарласан “Соёрхол архины шилэн дээрээс бэхжүүлэн авсан” гэх гарын мөр нь санд ММ000810006946 гэх дугаараар байрласан Ш овогтой М-н зүүн гарын эрхий, дунд хурууны дардастай гарын хээний ерөнхий болон папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт гэх зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Дээрх тохирч байгаа шинж тэмдгүүд нь цогц байдлаараа дахин давтагдашгүй, харьцангуй тогтвортой адилтгалын ач холбогдол өндөр тул доорх дүгнэлтийг өгөх үндэс болж байна гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч Г.Эрдэнэцогтын “ би энэ хэрэгт хулгай орсон гэх цонхны урд талд байсан ногоон сетекний хүрээн дээрээс гарын мөр 2 ширхэг, зайрмагны гэрэлтүүлэг самбар дээрээс гарын мөр 4 ширхэг, ариун цэврийн өрөөний хаалганы гадна талын хүрээн дээрээс гарын мөр 2 ширхэг, кассны шургуулган дээрээс гарын мөр 1 ширхэг, хөдөлгөж тавьсан байсан гэсэн Соёрхол архины шилнээс гарны мөр 3 ширхэг тус тус тунгалаг өнгийн наалт туузаар бэхжүүлж авсан. Гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан 3 ширхэг гутлын мөр бэхжүүлж авсан. Соёрхол архин дээрээс авсан гарын мөрнөөс 1 ширхэг гарын мөр нь Ш.М-н гарын мөртэй таарсан” гэж мэдүүлсээр атал шүүх “Тайж” хүнсний дэлгүүр өөртөө үйлчлэх дэлгүүр бөгөөд ямар ч үйлчлүүлэгч лангуун дээр байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг сонгож үзэх, гар хүрч гарын хээг үлдээх боломжтой нь шүүгдэгчийн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй. Шүүгдэгч Ш.М нь өмнө нь “Тайж” дэлгүүрээр нэг бус удаа үйлчлүүлж байсан учир шүүгдэгчийн гарын мөр бараа бүтээгдэхүүн дээр үлдсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн хийсвэр дүгнэлт хийсэн.

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдааны үед шүүгчдэгчийг гэм буруутай болох нь тогтоогдвол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгах тогтоол гаргасан атлаа уг тогтоолын “Тогтоох нь" хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно” гэж, мөн 5 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих ....эрхтэйг дурдсугай” гэжээ.

Мөн цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт “...шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр” гэжээ. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж цагаатгах тогтоол гаргасан гэж ойлгогдохоор байна. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ... хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хэргийг прокурорт буцаасугай” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заажээ. Гэтэл цагаатгах тогтоолоор ямар нэгэн шийдвэрийг хүчингүй болгоогүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай “Цагаатгах тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүх хөндлөнгийн байр суурьнаас хандах ёстой байтал хийсвэр дүгнэлт хийсэн... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Соёрхол” нэртэй архинаас Ш.М-н эрхий болон долоовор хурууны хээ илэрсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хурууны хээнд ач холбогдол өгөөгүй. Шинжээчийн мэдүүлэг болон хурууны хээ гарсан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн талаар цагаатгах тогтоолд дурдаагүй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4, 5 дугаар заалтуудад шийтгэх тогтоол эсхүл цагаатгах тогтоолын алиныг нь гаргаж байгаагаа тодорхойгүй байдлаар бичсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын шийдвэрийг хэрэгсэхгүй болгож байгаа бол ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг дурдаагүй. Цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэх прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...”  гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.М-н өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Ш.М-н хурууны хээ архины шилэн дээрээс илэрсэн гэдэг боловч бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй. Гэрч Т-н мэдүүлэгт “хулгай гарах үед олон хүний дуу гарсан. Тэр үед Г.Б ахыг байж магадгүй” гэж мэдүүлсэн. Хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт шалгаагүй. Иймд  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.М-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх, Ш.М-т холбогдох хэргийг “хулгайлах гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэгээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн криминалистикийн шинжээчийн “... “12” гэж дугаарласан гарын мөр нь санд MN000810006946 гэх дугаараар байрласан Ш овогтой М-н зүүн гарын эрхий, дунд хурууны дардастай гарын хээний ерөнхий болон папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалт гэх шинж тэмдгүүдээрээ тохирч байна. ...” гэсэн 01/250 дугаартай дүгнэлт /1 хх 31/ гарсан боловч уг гарын мөр нь чухам хэдийд, хэрхэн дарагдсан нь тодорхойгүйн гадна түүний гарын мөр нь санд хэзээ, ямар хэрэг, зөрчлийн учир бүртгэгдсэн талаар тодорхойгүй зэргээс үзэхэд Ш.М-г гэм буруутайд тооцоход хангалтгүй, өөр бусад нотлох баримтаар шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж чадаагүй байна.

Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх явдал гараагүй, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.” гэж заасан байхад холбогдох шийдвэрийг хүчингүй болголгүйгээр хэргийг прокурорт буцаасан, мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтуудад шийтгэх тогтоол гарсан мэтээр бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь Ш.М-н гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх Ш.М-т холбогдох хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 977 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж цагаатгах тогтоол гаргасан нь тодорхой бөгөөд уг тогтоолын удиртгал хэсэгт “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр...” гэж хайнга, хайхрамжгүй алдаа гаргасныг магадлалд буруутган дурдах нь зүйтэй.

Иймд цагаатгах тогтоолын 1, 4, 5 дахь заалтуудад холбогдох өөрчлөлийг оруулж, прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлээс “... цагаатгах тогтоолын удиртгал хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр” гэж, тогтоох хэсгийн 1, 4, 5 дахь заалтуудыг буруу бичсэн...” гэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.