Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00945

 

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00945

 

 

 Ө.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00645 дугаар шийдвэртэй Ө.Б-ны нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох 37,680,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 8,595,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие ковш зарна гэх зарын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Г.Б-оос маркийн 89-89 УБ улсын дугаартай автоачигчийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд өөрийн эзэмшлийн Т/Т/маркийн, сувдан цагаан өнгөтэй, **-** УБ* улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөг, өөрийн ажиллаж байсан А ХХК-д нэг сарын 14,450,000 төгрөгөөр, 2 сарын хугацаатай Г.Б ийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлын түрээсийн төлбөрөөс 2019 оны 11 дүгээр сард багтаан төлөхөөр, аман гэрээ байгуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б ийн дүү н.М-т 20,000,000 төгрөг өгч, Т/Т/маркийн автомашиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Г.Б ийн 5920098083 тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2 удаа 2,500,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 89-89 улсын дугаартай автоачигч А ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын сүүлээс тухайн үеийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалан 23, 24 өдөр ажилласан түрээсийн төлбөр 11,527,800 төгрөг бодогдсооос 2,000,000 төгрөгийг А ХХК-аас Г.Б руу шилжүүлсэн. Түрээсийн хугацаанд нэхэмжлэгч жолооч Д.Э-ыг ажиллуулж цалин хөлсөнд 1,475,000 төгрөг төлсөн байна. Мөн товуд, насост 205,000 төгрөг, 2 ширхэг дугуйны 500,000 төгрөгийн зардал гаргасан байна.

Тухайн үед Г.Б-д автомашины үнийг бүрэн төлөх боломжтой боловч А ХХК-аас түрээсийн төлбөр ирээгүй удааширч 2020 оны 05 дугаар сараас замын ажил эхлээд явж байтал компани нь түрээс болон Ө.Б-д цалин өгөхгүй удсан учраас Г.Б **-** ДГ* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочид бүрэн бүтэн байдлыг шалгаад аваад ирээрэй гэж хэлсний дагуу Г.Б-ийн явуулсан хүнд нь зургаар баталгаажуулж акт үйлдэн өгсөн. Иймд хариуцагчаас нийт 37,680,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ө.Б миний 89-89 УБ улсын дугаартай автоачигч тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 15,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг өөрийн ажиллаж байсан А ХХК-тай Тээврийн хэрэгслийг түрээсэлсний төлбөрийг 2 сарын дотор төлөх нөхцөлтэй түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл Ө.Б болон А ХХК-ийн хэн аль нь түрээсийн төлбөрийг төлөөгүй намайг хохироосон. Урьдчилгаанд өгсөн Т/Т/ маркийн автомашинаа 20,000,000 төгрөгөөр тооцно гэж яриагүй, тухайн үед ханш 15,000,000 төгрөг байсан. А ХХК-тай 29,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад Ө.Б авч өгнө гэж ярьдаг боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дугуй сольсон гэх боловч ямар ч дугуй солиогүй... гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ө.Б миний зарах гэж байсан автоачигчийг худалдаж авна гээд шууд бэлэн мөнгөөр худалдаж авах гэж байсан хүнээс нь болиулаад авч явсан, тэгээд хэлсэн ёсоороо үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, утсаар залгахад утсаа авахгүй алга болсон. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажилд явуулна гэж ярьж байгаад түүний байгаа Завхан аймгийн Загастайн даваа гэх газраас Улаанбаатар хот руу авто ачигчийг жолооч Б.Даваадоржтой тохиролцож, төлбөр төлж авчирсан боловч хотод авчираад авто ачигчийг шалгахад сольж, засварлах шаардлагатай зүйлээ засварласан төлбөрийг нэхэмжилнэ. Үүнд:

Автоачигчид 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тос солиход 343,000 төгрөг, апартур солиход 1,500,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гидрийн шингэн солиход 125,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр кольц, фальц солиход 113,000 төгрөг, ковшны засвар 124,000 төгрөг, тоуд тосонд 80,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ковш ажлы хөлсөнд төлсөн 500,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ковш ачихад зарцуулсан 1,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг нийт 8,595,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Улаанбаатар хотоос ачиж авч явсан зардлаа нэхэмжлэгч нэхэмжлээгүйн адил Ө.Б-аас энэ зардал гарсан. Хариуцагч ковшийг буцааж авахдаа наймаагаа буцлаа гэж авч яваагүй, найзынхаа компани буюу Өмнөговь руу түрээсэнд явуулаад түрээсийн төлбөрөө би авая, чамд ковшийг буцааж өгнө гэж авч явсан. Мөн Б.Б-гийн дансны хуулган дээр 2020 оны 05 дугаар сарын 04, 04 дүгээр сарын 30-ны өдөр 2 ковш ачилтын зардал гарсан байдаг. Үүний нэг нь Завханаас хот руу ачуулсан, бусад нь найзынхаа компани руу авч явсан зардал болох нь харагддаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Г.Б-оос 37 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 180 000 төгрөг холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Ө.Б-аас 4 010 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 585 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 400 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 470 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 345 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 79 110 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ө.Б хариуцагч Г.Б-оос 39,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж маргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн нь шүүх хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн заалтыг ноцтой зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргалаа гэж үзэж байна.Үүнд:

Шүүх хэргийн хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно гэж буруу дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба хэрэв хэлцэл дуусаагүй нөхцөлд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд зааснаар гэрээний талууд үүргээсээ татгалзах, мөн хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө өгөөгүйн улмаас хариуцагч Г.Б нэмж зардал гарган байж хөрөнгөө олж авч хохиролоо нэхэмжилж байгааг хариуцах хуулийн шаардлага үүссэнийг харгалзахгүй нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн.

Хэрэгт нэхэмжлэгч Ө.Б-аас ирүүлсэн А ХХК, хариуцагч Г.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээ-ний хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгааны баримттай холбоотой хариуцагчаас А ХХК-ийг хариуцагчаар татах хүсэлтийг гаргасан ч шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны явцад талуудаас уг нотлох баримт дээр хэн гарын үсэг зурсаныг асуугаад шууд шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч оролцоогүй тул хариуцагч Ө.Б миний өмнөөс гарын үсэг зурсан гэж хэлсээр байтал тодруулахгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 42 дугаар зүйлд зааснаар зохигчийн тайлбарыг харгалзахгүй нэхэмжлэгч байхгүйд гарын үсгийн шинжээч томилох нөхцөл байдал үүсээд байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан. Талуудын тайлбарт тулгуурлан шүүхээс 9,527,800 төгрөгийг хэн хариуцаж төлөх асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хохирсон гэх нотлох баримт дутуу байхад гаргаж өгөх боломжоор хангахгүйгээр буруу үнэлсэн. Мөн шүүхийн шийдвэрийн мөнгөн дүн нэхэмжлэгчийн гаргасан мөнгөн дүнгээс зөрүүтэй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй мөнгөн дүнг хангаж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт ямар хэлцлийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэлцэл гэх талаар тодорхой заасан. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч гэрээнээс татгалзсан. А ХХК-тай хийсэн хэлцлийг үндэслэн хариуцагч маргадаг. Анх 50,000,000 төгрөгийн үнэтэй хэлцэл байснаас 35,500,000 төгрөгийг бэлнээр болон автомашинаар өгсөн. Ингээд үлдэх 14,500,000 төгрөгт тухайн ачигчийг ажиллуулж хариуцагч Г.Б-д төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон. А ХХК-аас 14,500,000 төгрөг биш 2,000,000 төгрөг орсны улмаас маргаан үүсэж, дараагийн төлбөр төлөгдөхгүй байснаар худалдагч тал гэрээнээс татгалзсан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ өөрт учирсан гэж тайлбарласан хэдий ч эхнэрийнхээ дансны хуулгыг гаргаж өгсөнөөс үзвэл зөвхөн Завхан аймгаас Улаанбаатар хот руу ачигчийг тээвэрлэсэн зардлыг нэхэмжлэгч төлөх боломжтой, бусад зардлыг төлөхийг зөвшөөрөхгүй. Ө.Б нь 2019 онд 35,500,000 төгрөгийг бэлнээр болон автомашинаар төлсөн ба тухайн ачигчийг хэрэглэж чадаагүй. Г.Б 35,500,000 төгрөгийг аваад, ачигчийг түрээсэлж байгаа атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 37,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 8,595,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон, мөн хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.1. Нэхэмжлэгч Ө.Б 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Г.Б-оос түүний өмчлөлийн 89-89 УБ улсын дугаартай LG 953 маркийн авто ачигчийг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 10,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, 20,000,000 төгрөгт өөрийн эзэмшлийн **-** УБ* улсын дугаартай Т /T/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг А ХХК-д тухайн худалдан авсан авто ачигчийг түрээслэж түрээсийн төлбөрөөр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах тохиолдолд мөн хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл авто ачигчийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон гэх баримтгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг үнийг хэсэгчлэн төлөх ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ. Иймд шүүх зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу хариуцагч нь авто ачигчийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 15,500,000 төгрөгийг бэлнээр төлж, Т маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн боловч нэхэмжлэгчийг хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзаж авто ачигчаа буцаан авсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 Хариуцагч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар бэлнээр авсан 15,500,000 төгрөг болон Т маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй.

 Хариуцагч нь авто ачигчийн үнэд нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан Т маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөгийг нөхөн төлнө. Хариуцагч Т маркийн тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр бусдад худалдсан тул үнийг 20,000,000 төгрөгөөр бус 14,000,000 төгрөгөөр тооцно гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үнэ зохигчдын хооронд хийгдсэн тохиролцоог өөрчлөх үндэслэл болохгүй, хамааралгүй болно.

Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт өгсөн 35,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх хариуцагчаас 37,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй мөнгөн дүнг хангаж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 3.3. Нэхэмжлэгч авто ачигчид хийсэн товудны тос, насосын үнэ 205,000 төгрөг, дугуйны үнэ 500,000 төгрөг, нийт 705,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх зардлууд нь зайлшгүй зардал байх хэдий ч тэрээр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 3.4. Нэхэмжлэгч авто ачигчийг А ХХК-д түрээслэхдээ оператор хөлслүүлж ажиллуулсан гэх үндэслэлээр операторын цалин хөлсөнд төлсөн 1,475,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан үнэ төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзсан байх тул гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө үүргээ зөрчсөн тул хохирол төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй.

Харин хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тул 8,595,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс шүүх нотлогдсон хэмжээгээр буюу 4,010,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлгүй байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийг зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулж гаргах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар нэхэмжлэгч биш этгээд болох А ХХК-ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхисон нь үндэслэлтэй.

4.2. Талууд авто ачигчийн үнэ 50,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг А ХХК-д тухайн худалдан авсан авто ачигчийг түрээслэж түрээсийн төлбөрөөр төлөхөөр харилцан тохиролцсон байх ба хэрэгт А ХХК болон хариуцагч Г.Б нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа авагдсан байна. Уг тооцооны үлдэгдлийн баталгаанд А ХХК нь хариуцагчид 9,527,800 төгрөгийн өглөгтэй талаар дурджээ. А ХХК нь энэ хэргийн оролцогч биш байхаас гадна дээрх тооцооны үлдэгдлийн баталгаагаар А ХХК-ийн хариуцагчид төлөх 9,527,800 төгрөг нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын аль алинд хамааралгүй байна.

Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба зохигчид энэ хүрээнд мэтгэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Иймд хэргийн оролцогч биш А ХХК болон хариуцагч Г.Б нарын хоорондох өглөг, авлагын асуудлыг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй тул дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан 9,527,800 төгрөгийг хэн хариуцаж төлөх асуудлыг хэлэлцэлгүй орхигдуулсан гэх гомдол үндэслэлгүй.

 4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.

Хариуцагч 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан ба 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүх 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 11 сарын хугацаанд татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа, сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сарын хугацаанд шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа тус тус гаргаж өгөх хангалттай хугацаа байжээ. Иймд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжоор хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 5. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хамааралгүй заалт баримталсан алдааг залруулах нь зүйтэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 35,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 2,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас 4,010,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 4,585,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дугаар заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж, 4 дэх заалтын дугаарыг 5 гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 7.1.2 гэснийг 7.1.1 гэж, 345,450 гэснийг 335,450 гэж тус тус өөрчилж, 58 дугаар зүйлийн 58.1 гэснийг хасч,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН