Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00960

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан штаны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийж,  

      Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5-р хороо, 103-10 тоотод оршин суух Түмэндэмбэрэл овогтой Гантулгын /ФБ-72101511 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-67 тоотод оршин суух Жигжидсүрэн овогтой Тунгалагт /АЭ-67080461 / холбогдох 592,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгч Т.Гантулга, хариуцагч Ж.Тунгалаг, гэрч Л.Алтанхуяг,Ц.Зояа,Н.Бадарч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантулга, хариуцагч Ж.Тунгалагаас гэм хорын хохиролд 592,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016-04-01-ний өдөр өөрийн эзэмшлийн УБҮ 3683 улсын дугаартай Тоёото саксид маркийн авто машиныг эхнэрийн дүүгийн нөхөр Л.Алтанхуягаар жолоодуулан Дэнжийн 1-р байрны зогсоолд иртэл 0558 ОРО улсын дугаартай Тоёото пробокс маркийн автомашинаар жолооч Ж.Тунгалаг нь огцом ухралт хийн, зогсоолоос гарч ирэн хажуу талаас машиныхаа араар мөргөж хохироосон билээ.Тухайн үед Ж.Тунгалаг нь 1 орцны айл улс муудаад яах вэ засуулаад өгье гээд хороололд засварын газар аваачиж өгсөн боловч даруй явсан хойно засварчид мөнгө нэхээд эхэлсэн.Имйд замын цагдаад хандаж хохирлоо авто үнэлгээ хийдэг “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээг албан ёсоор гаргуулж өгтөл засварын үнэлгээ 240,000 төгрөг болж, хураамж 22,000 төгрөг болсноор нийт 262,000 төгрөг болсон.Ийм төлбөр албан ёсоор гарлаа гэхээр хариуцагч тал ийм төлбөр төлөхгүй гэх юм.... Иймд 262,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Гантулга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа : 2016-04-01-ны өдөр гарсан автомашины ослын дагуу гарсан нэхэмжлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэх явцад шүүхээс албан журмаар дуудагдахад өөрийн оршин суух Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 62-00 УНН LEXUS 470 маркийн автомашинаар зорчсон, ирж очих 4 удаа, 1 удаа 370 км-т зарцуулсан шатахууны зардлыг баримт байгаагаар нь 3 удаагийн шатахууны зардал болох 330,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Тунгалагын буруу байсан тул хохиролоо барагдуулах ёстой.Манай машин хөдөлгөөний урсгалын чиглэлд чигээрээ явж байхад зогсоол дээрээс гэнэт ухарч мөргөсөн.Тухайн үед Тунгалаг засуулаад  өгье гээд явсан.60,000 төгрөг болно гэхэд 10,0 төгрөг дутуу өгөх гээд байсан тул бид маргаад бид машинаа аваад явсан.Тэгээд Замын Цагдаагийн газар очиход ахлах байцаагч Хишигболд уулзаад “таны буруу байна даатгалаас төлчих “гээд байхад энэ хүнн уурлаад явсан. Би машинаа вьетнам засварын газар засуулсан.Тухайн үед миний машиныг манай баз хүргэн Алтанхуяг жолоодож явсан.Би хажууд нь сууж явсан.Шүүхэд 3 удаа ирж байна,байгаа баримтаар бензиний зардлаа нэхэмжилж байга гэжээ.

Хариуцагч Ж.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:  Иргэн Т.Гантулгын эзэмшлийн УБҮ 33-66 дугаартай тоёото саксид маркийн машиныг иргэн Алтанхуяг нь согтуугаар жолоодож яваад иргэн Н.Бадарчийн эзэмшилд байдаг ОРА0558 дугаартай тоёото пробокс машиныг зогсоол дээрээс ухрах хөдөлгөөн хийх гэж байхад баруун гар талаас өндөр хурдтай машин ирж явааг хараад хөдөлгөөн хийгээгүй болно.Миний машины ард гарахдаа замын хашлага дагуу машин тавьсан байсан ба миний машин болон харалдаа тавьсан машин хоорондын зай нь машин багтах боломжгүй байхад саадыг тооцож машинаа зогсоох чадваргүй байсан учраас 2 машины хоорондуур орж миний машины гүүпэрийг шүргэж, машиныхаа арын хаалганд гэмтэл гаргасан болно.Машин барьж явсан жолооч Алтанхуяг нь ЗХД-н дараах 3 заалтыг зөрчсөн болно.1.ЗХД-н 9.1.-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтээс хамааран тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэьрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн болно.Тэр өдөр нойтон цас, халтиргаа гулгаа үүссэн байсан.Цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн учир анхаарал болгоомжгүй явах, аюулгүй байдлыг хангах хурдыг тохируулж явах, үзэгдлийг харгалзах гэсэн 5 заалтыг 1 дор ноцтой зөрчсөн.2.ЗХД-н 16.2-д “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км/ц-с дээш хэтрүүлэхгүй гэсэн заалтыг зөрчин 30км/цагаас дээш хурдтай явсан учраас машинаа зогсоож чадалгүй, урьд байгаа саадаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадалгүй 2 машины хооронд машин багтах зай хүрээгүй байхад орж осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн.3 ЗХД-н 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.Урдаа зогсож байсан машин болон ухрах үйлдэл хийх гээд анхааруулах дохио өгсөн машин байгаа зэргийг харгалзан зогсох арга хэмжээ аваагүй.Ухрах үйлдэл хийх гэж байсан машин аюулгүй байдлыг бүрэн ханган хөдөлгөөн хийх гэж байсан боловч хурдтай ирж яваа машиныг хараад хөдөлгөөн хийгээгүй болно.4.ЗХД-н 6.1/а/-д ”Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ЗХД-н 9.1, 9.2, 16.2, заалтуудыг мөрдөх ёстой гэж заасан байдаг бол дээрхи заалтуудыг бүгдийг зөрчсөн байгаа учраас жолооч Алтанхуяг өөрөө буруутай гэдэг нь ЗХД-н дээрхи заалтууд нотолж байгаа тул иргэн Гантулгын нэхэмжлэлд дурьдсан төлбөрийг барагдуулах боломжгүй байна.5.ЗХД-н 25.1-д “Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах шийтгэл ногдуулах нь дахин согтуугаар машин жолоодох аюул, осол гаргахаас урьдчилан сэргийлсэн хууль зүйд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна.Мөн согтуу хүнд эрх шилжүүлсэн осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн Д.Гантулгад хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Зогсоол дээрээс хөдөлж байхад хурдтай орж ирж мөргөсөн.Тухайн үед засуулаад өгье гээд явсан боловч 10,0 төгрөг дутсан.Гэтэл маргаад засуулаагүй явсан.Даатгалтай боловч тухайн үед цагдаа дуудаж хэмжилт хийлгээгүй тул болохгүй байсан.Алтанхуягийг согтуу байсан гэж үзэж байгаа.Эхлээд 60,000 төгрөгөөр тохирч байсан түүнийгээ л зөвшөөрнө.Илүү мөнгө төлж чадахгүй.УБ-аас яагаад такси,вагоноор ирж болдоггүй юм бэ гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Л.Алтанхуяг мэдүүлэхдээ:Гантулга бид нар баз хүргэнүүд.тухайн үед би машин барьж явсан.Би архи ууддаггүй.Би байрны замаар орж чигээрээ явж байхад Тунгалаг гуай зогсоол дээрээс гэнэт ухарч мөргөсөн гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч Ц.Зояа мэдүүлэхдээ:Гантулга манай хүргэн юм.Манай хүргэн Алтанхуяг машиныг барьж явсан.Би би хүүхэд тэврээд урд нь сууж  явсан.Бид замаар өнгөрөх гэтэл ухарч мөргөсөн.Тунгалаг машинаасаа нөхөртэйгөө 2-лаа бууж ирээд чи харсангүй гээд бие биеэнтэйгээ маргаад засуулаад өгье гээд явсан.Алтанхуяг архи уудаггүй гэжээ.

 Шүүх хуралдаанд гэрч Н.Бадарч мэдүүлэхдээ: Жолооч Алтанхуягийг согтуу байсан гэдгийг дараахь үндэслэлээр нотолно.1.ЗХД-ийн 9.1-д заасныг зөрчсөн.Зам цастай хальтиргаатай байхад хурдаа тохируулж явах ёстой.Эрүүл хүн явсан бол тохируулаад явна.2.ЗХД-ийн 16.2-д заасныг зөрчин хотын дотор хурдаа тохируулаагүй, 2 машины хоорондуур чихэж орж мөргөсөн.Эрүүл хүн ингэхгүй.3. ЗХД-ийн 9.2-д Саад тохиолдсон үед хурдаа хасах зогсоох арга хэмжээ аваагүй.Алтанхуяг согтуу машин жолоодож явсан гэдэг нь нотлогдож байгаа тул согтуу хүнд жолоо шилжүүлсэн Гантулгад шийтгэл ногдуулах ёстой.Манай машин ухрах дохио өгөөд дөнгөж хөдөлж эхэлтэл хурдтай машин орж ирээд мөргөсөн.Алтанхуягийг үйлдлээр нь согтуу байсан гэж үзэж байгаа.Айл хөрш тул тухайн үед зохицёо гэж би хэлсэн,цагдаа дуудаагүй гэжээ. 

Шүүх хэргээс нотлох баримтыг шинжлэн  судлаад 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантулга хариуцагч Ж.Тунгалагаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 592,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар Замын Цагдаагийн тасгийн ахмад Д.Хишигболдын тодорхойлолт,Орхон аймгийн Замын Цагдаагийн  тасгийн Ж.Тунгалагт холбогдох 3069 дугаартай  өргөдөл гомдол шалгасан тухай баримтууд/ хэргийн 21-36 дугаар хуудаст/,тээврийн хэрэгслийн гэрчилгээ,шатахууны баримтууд зэргийг гаргаж үндэслэсэн.

Хариуцагч Ж.Тунгалаг тайлбар гаргаж, гэрчээр Н.Бадарчийг шүүх хуралдаанд оролцуулсан.Зохигчдын тайлбар,гэрчүүдийн мэдүүлэг, 3069 дугаартай  өргөдөл гомдол шалгасан тухай баримтууд зэргээр,2016-4-01-ний өдрийн 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн 1-р байрны урдуурхи/ байр хоорондын / нарийн замаар 3683 УБҮ улсын дугаартай Тоёото саксид маркын автомашиныг жолооч Алтанхуяг жолоодон орж ирэхэд автомашины зогсоол дээрээс 0558 ОРО улсын дугаартай тоёото пропокс машиныг жолооч Ж.Тунгалаг жолоодон ухрах хөдөлгөөн хийж мөргөсөний улмаас Алтанхуягийн жолоодож явсан машины баруун хойд хаалга,крыло гэмтсэн болох нь тогтоогдсон.

Тухайн үед Тоёото саксид маркын автомашины эзэмшигч Б.Гантулга /нэхэмжлэгч/машинд сууж явсан ба Ж.Тунгалаг “тохиролцож машины гэмтлийг засуулж өгье” гэсэн тул замын цагдаа дуудаагүй,засварын газарт очсон боловч хөлс төлөх асуудалд маргаан үүссэн талаар зохигчид,гэрчүүд тайлбарласан,энэ талаар маргаагүй.

Үүний дараа 4 сарын 15-ны өдөр Б.Гантулга Замын цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу ослын газарт нөхөн үзлэг хийж,бүдүүвч зураг үйлдэж,холбогдох хүмүүсээс тайлбар авч,автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэн,гэм буруугийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр,1. “0558 ОРО улсын дугаартай тоёото пропокс машиныг жолоодож явсан Жигжидсүрэн овогтой Тунгалаг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлэг,Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх.7.17.” Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдлийг хийхийг зөвшөөрнө.Шаардлагатай тохиолдолд бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.2. Тоёото пропокс 3683 УБҮ улсын дугаартай машиныг жолоодож явсан жолооч Лхагва овогтой Алтанхуяг нь Замын хөдөлгөөний хууль дүрмийн заалт зөрчөөгүй байна.3....жолооч Л.Алтанхуягийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4...жолооч Ж.Тунгалаг,Л.Алтанхуяг нар зам тээврийн осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.5....жолооч Ж.Тунгалаг нь Замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлэг,7.17 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэж тогтоожээ.Ослын актыг Ж.Тунгалаг, Л.Алтанхуяг нар танилцаж гарын үсэг зурсан байна.

Шинжээчийн дүгнэлт,зохигчдын тайлбар,гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,жолооч Ж.Тунгалаг зогсоол дээрээс ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос нэхэмжлэгч Б.Гантулгын эзэмшлийн автомашинд эвдрэл гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.Ослын дараа Ж.Тунгалаг өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч машиныг засуулахаар тохиролцож байсан болох нь тогтоогдсон,жолооч Алтанхуяг согтуу байсан болох нь тогтоогдоогүй,тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохиролыг 240,000 төгрөгөөр тогтоосон,үнэлгээний зардалд 22,000 төгрөг зарцуулсан, уг хэргийн учир шүүхийн  дуудлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор 2016-6-27,28-ны өдрүүдэд УБ-Орхон аймгийн хооронд LEXUS 470 машинаар 210,000 төгрөгний шатахуун зарцуулж явсан болох нь баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 472,000 төгрөгийг хангаж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хэргийн 47 дугаар хуудаст авагдсан шунхлай петролиум ХХК-ний шатахууны баримтын огноо тодорхой уншигдахгүй,нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 120 000 төгрөгний хэсэгийг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ж.Тунгалагаас 472 000 төгрөг гаргуулан Н.Гантулгад олгосугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 34650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 14810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                        

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.ХИШИГДАВАА