Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00152

 

 

 

 

 

 

 

 

Т.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 960 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Гантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Тунгалагт холбогдох

Гэм хорын хохирол 592.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Гантулга

Хариуцагч Ж.Тунгалаг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016-04-01-ний өдөр өөрийн эзэмшлийн УБҮ 3683 улсын дугаартай Тоёото маркийн авто машиныг эхнэрийн дүүгийн нөхөр Л.Алтанхуягаар жолоодуулан Дэнжийн 1-р байрны зогсоолд иртэл 0558 ОРО улсын дугаартай Тоёото пробокс маркийн автомашинаар жолооч Ж.Тунгалаг нь огцом ухралт хийн, зогсоолоос гарч ирэн хажуу талаас машиныхаа араар мөргөж хохироосон билээ.Тухайн үед Ж.Тунгалаг нь 1 орцны айл улс муудаад яах вэ засуулаад өгье гээд хороололд засварын газар аваачиж өгсөн боловч даруй явсан хойно засварчид мөнгө нэхээд эхэлсэн. Иймд замын цагдаад хандаж хохирлоо авто үнэлгээ хийдэг “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээг албан ёсоор гаргуулж өгтөл засварын үнэлгээ 240.000 төгрөг болж, хураамж 22.000 төгрөг болсноор нийт 262.000 төгрөг болсон. Иймд 262.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Гантулга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа : 2016-04-01-ны өдөр гарсан автомашины ослын дагуу гарсан нэхэмжлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалган шийдвэрлэх явцад шүүхээс албан журмаар дуудагдахад өөрийн оршин суух Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 62-00 УНН 1.ЕХ118 470 маркийн автомашинаар зорчсон, ирж очих 4 удаа, 1 удаа 370 км-т зарцуулсан шатахууны зардлыг баримт байгаагаар нь 3 удаагийн шатахууны зардал болох 330,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Гантулгын эзэмшлийн УБҮ 33-66 дугаартай тоёото саксид маркийн машиныг иргэн Алтанхуяг нь согтуугаар жолоодож яваад иргэн Н.Бадарчийн эзэмшилд байдаг ОРА0558 дугаартай тоёото пробокс машиныг зогсоол дээрээс ухрах хөдөлгөөн хийх гэж байхад баруун гар талаас өндөр хурдтай машин ирж явааг хараад хөдөлгөөн хийгээгүй болно. Миний машины ард гарахдаа замын хашлага дагуу машин тавьсан байсан ба миний машин болон харалдаа тавьсан машин хоорондын зай нь машин багтах боломжгүй байхад саадыг тооцож машинаа зогсоох чадваргүй байсан учраас 2 машины хоорондуур орж миний машины гүүпэрийг шүргэж, машиныхаа арын хаалганд гэмтэл гаргасан болно. Машин барьж явсан жолооч Алтанхуяг нь ЗХД-н дараах 3 заалтыг зөрчсөн болно.

1.ЗХД-н 9.1,-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтээс хамааран тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэьрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн болно.Тэр өдөр нойтон цас, халтиргаа гулгаа үүссэн байсан.Цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн учир анхаарал болгоомжгүй явах, аюулгүй байдлыг хангах хурдыг тохируулж явах, үзэгдлийг харгалзах гэсэн 5 заалтыг 1 дор ноцтой зөрчсөн.

2.3ХД-н 16.2-д “Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км/ц-с дээш хэтрүүлэхгүй гэсэн заалтыг зөрчин ЗОкм/цагаас дээш хурдтай явсан учраас машинаа зогсоож чадалгүй, урьд байгаа саадаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадалгүй 2 машины хооронд машин багтах зай хүрээгүй байхад орж осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн.

З ЗХД-н 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн.Урдаа зогсож байсан машин болон ухрах үйлдэл хийх гээд анхааруулах дохио өгсөн машин байгаа зэргийг харгалзан зогсох арга хэмжээ аваагүй.Ухрах үйлдэл хийх гэж байсан машин аюулгүй байдлыг бүрэн ханган хөдөлгөөн хийх гэж байсан боловч хурдтай ирж яваа машиныг хараад хөдөлгөөн хийгээгүй болно.

4.3ХД-н 6.1/а/-д ”3ам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ЗХД-н 9.1, 9.2, 16.2, заалтуудыг мөрдөх ёстой гэж заасан байдаг бол дээрхи заалтуудыг бүгдийг зөрчсөн байгаа учраас жолооч Алтанхуяг өөрөө буруутай гэдэг нь ЗХД-н дээрхи заалтууд нотолж байгаа тул иргэн Гантулгын нэхэмжпэлд дурьдсан төлбөрийг барагдуулах боломжгүй байна.

5.3ХД-н 25.1-д “Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалтын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах шийтгэл ногдуулах нь дахин согтуугаар машин жолоодох аюул, осол гаргахаас урьдчилан сэргийлсэн хууль зүйд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна.Мөн согтуу хүнд эрх шилжүүлсэн осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн Д.Гантулгад хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулах хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 960 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ж.Тунгалагаас 472 000 төгрөг гаргуулан Н.Гантулгад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 120 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 34650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 14810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Тунгалаг давж заалдсан гомдолдоо: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөн нэмэгдүүлснийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би зам тээврийн осол гаргаагүй бөгөөд тухайн үед буруугүй гэж үздэг.

Тийм учраас 2016.04.15-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилохыг бичгээр хүсэлт гаргасан боловч шүүх хурал дээр миний хүсэлтийг хэрхэн хангасан талаар шийдвэрлэж захирамж гаргасангүй. Надад энэ талаар ямар нэгэн шүүгчийн захирамжийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь ИХШХШТХ-ийн 25.1.3-д заасныг зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх хурал дээр танилцуулаад шууд шүүх хурлыг үргэлжлүүлээд хийсэн нь нэг талыг баримталж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 25.1.1-д зааснаар эсрэг талын шаардлагатай танилцах тэдгээрт хариу тайлбар өгөх зохигчдын эрхийг зөрчсөн байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.05-ны өдрийн 960 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                            ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Гантулга гэм хорын хохирол 262.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэхэмжлэлийн шаардлагаа 330.000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 592000 төгрөгийг хариуцагч Ж.Тунгалагаас нэхэмжилсэн ба шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ж.Тунгалагаас 472 000 төгрөг гаргуулан Н.Гантулгад олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Тунгалаг нь нэхэмжлэгч Т.Гантулгын машиныг жолоодож явсан жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, миний буруутай үйлдлээс болж хохирол учраагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Ж.Тунгалаг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1 дүгээр байрны дундах авто зам дээр 05-58 улсын дугаартай “Тоёота пропокс” маркын авто машин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Т.Гантулгын автомашины баруун хойд хаалга, крыло хонхойж хунирч, зурагдсан болох нь тогтоогдсон ба 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгийн Шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагч гомдол гаргаагүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасанг шүүх хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхээс хариуцагчийг гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй гэж үзсэн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т нийцсэн байна.

Гэм хор учруулсан этгээд уг учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай.

Гэвч хариуцагч Ж.Гантулга нь авто осол гарахад буруугүй, нэхэмжлэгчийн машиныг жолоодож явсан Алтанхуяг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт аваагдаагүйгээс гадна хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж, нотолж чадаагүй тул шүүх автомашины засварын зардал 240000 төгрөг, үнэлгээний төлбөр 22000 төгрөг, замын зардал 210000 төгрөг нийт 472000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 120000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 330000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хот хоорондын тээврийн зардлын үнэлгээний талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд тухайн зардлыг багасгаж шийдвэрлэсэнг буруутгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийг оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч Ж.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч замын зардал 210000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнг 50 хувиар бууруулж эвлэрэх санал гаргасанг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тунгалагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагч Ж.Тунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14810 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ