Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2016/0057/З |
Дугаар | 110/ШШ2017/00015 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 110/ШШ2017/00015
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 08 дугаар багийн оршин суугч Ж К овогт Х Мын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох; Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Х.Мыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтний албан тушаалд Х.Мыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 2.753.146 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, гуравдагч этгээд Е.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: Х.М би 1990 онд Х-ийг малын их эмч мэргэжлээр, 2004 онд УБИС-ийг нийгмийн багш, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн, улс нийгэмд 26 жил тасралтгүй ажилласан, үүнээс сүүлийн 20 жилд нь төрийн байгууллагад ажиллаж ирсэн төрийн бэлтгэгдсэн ажлын дадлага, туршлагатай боловсон хүчин юм. Х.М би 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Ц сум хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилогдон уг албан тушаалд тасралтгүй 8 дах жилдээ ажиллаж ирлээ. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Ц сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ажлын үр дүнгээр байгууллагын аваргаар 2 удаа шалгарч, аймгийн Засаг даргын Жуух бичиг, ХАХНХЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан боловсон хүчин юм. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 09 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн зохион байгуулсан юм. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн гүйцэтгэх ажлын чиг үүргийг тус газарт нэгтгэж, ажилтан, албан хаагчдыг цалингийн сангийн хамт шилжүүлсэн билээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б\21 тоот тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталж ирүүлсэн болно. Энэ бүтцэд сум хариуцсан мэргэжилтний 19 орон тоо баталсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Ц сум хариуцсан мэргэжилтнээр Х.М миний бие томилогдон ажиллах ёстой байсан. Х.М би ажлаа хийж явтал 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С аймагт очиж уулзахад Таныг ажлаас чөлөөлсөн, таны оронд өөр хүн томилохоор болсон. Та ажлаа яаралтай хүлээлгэн өгөөрэй гэж хэлэхэд, би тухайн саналыг зөвшөөрөөгүй, төрийн мэргэшсэн албан хаагч учраас цаашид ажиллаж ирсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү гэж хэлсэн юм. Гэвч ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Саас Х.М намайг ажлаас чөлөөлсөн, өөр ажилд шилжүүлсэн тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй боловч бодит байдалд би ажилгүй хоцорч байна. Х.М миний албан тушаалд шинээр томилогдсон Е.А нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш, мэргэжлийн шалгаруулалтад хамрагдаагүй, төрийн албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй этгээд байна. Иймээс миний ажиллаж байсан албан тушаалд ажилд авсан Х.А нь уг албан тушаалд хууль ёсоор томилогдоогүй гэж үзнэ. Ажил олгогчийн намайг ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалтыг зөрчиж байгаа. Би өнөөдөр хүртэл гартаа ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэр аваагүй юм. Гэхдээ миний албан ажлыг тус газрын дэд дарга К.С нь Е.А гэдэг хүнд хүлээлгэн өгсөн. Би улс, ард түмний эрх, ашгийг бодож аргагүйн эрхэнд төрийн ажлыг хүлээлгэж өгсөн юм. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл халамжийн үйлчилгээний ямар төрлийн мөнгийг ямар чиглэлийн ажлуудад зарцуулж, гүйцэтгэж ирснээ хэн гэдэг албан тушаалтанд танилцуулж, тайлагнаж байснаа нотолж чадахгүй гэжээ. Миний эрхэлж байсан ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Е.Ад хүлээлгэн өгч, энэ үед Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б\32 тоот тушаалыг миний гарт өгсөн. Намайг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллаж байснаар тооцож, надад 2016 оны 08,09,10 дугаар саруудын цалин хөлсийг бүрэн гаргаж өгсөн байгаа. Энэ нь гэрч Б.Ц, Х.Н, Ж.М нарын шүүхэд өгсөн тайлбар, миний нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт, цалингийн цэс, цагийн бүртгэл зэргээр нотлогдоно. Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж, халамж үйлчилгээний ямар хэмжээний мөнгийг хэдэн хүнд олгож байсныг 2016 оны 08,09,10 дугаар саруудын санхүүгийн тайлан мэдээгээр гарган тухай бүр сангийн мэргэжилтэн Ж.О , Ш.М нарт тайлагнаж, баталгаажуулалт хийлгэж, мөн дээрх саруудын файлыг хугацаанд өгч,шаардагдах санхүүжилтийг авч олгож байснаар, мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл миний хийсэн ажил онлайн WAIS программд сар, өдөр, цаг, минутаар бүртгэгдэн нотлогдож байна. Би тэтгэмж авах талаар газрын даргад ямар ч хүсэлт гаргаагүй, үүнийг гэрч ня-бо Ж.М шүүхэд өгсөн мэдүүлэгдээ баталсан. Хариуцагчтэтгэмж олгох тухай 52 тоот тушаал гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний арилжааны банкин дах дансанд тэтгэмжийн мөнгө шилжүүлсэн нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хөдөлмөрийн харилцаа үүсэж, би ажиллаж байсныг хариуцагч өөрөө нотолж байгаа хэрэг гэж үзнэ. Нэхэмжлэгч Х.М миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагын тухайд хариуцагч Б.Сы хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Х.М би олон хоног ажилгүй болж, авах цалин хөлсөөр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хохирсон. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын 7 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.М би хамгийн сүүлийн сарууд болох 2016 оны 08,09,10 дугаар саруудад доорх хэмжээний цалин хөлс авч, шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр нотлогдож байна. Хариуцагч байгууллагын санхүүгээс миний ажилгүй байсан хугацааны цалинд 2.753.146 төгрөгийг гаргуулан надад олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болох 587.160 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Сүүлд дүгнэж хэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5-д шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэх ба бусад хууль хоорондоо зөрчилдвөл сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх, бүр болохгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл үзэл санаад нийцүүлэн шийдвэрлэнэ гэж заасан тул энэхүү маргаантай асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд авч үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Би ажил олгогчийн намайг ажилд эс томилсон эс үйлдэхүйг шалгуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 04-нд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан ба салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний гаргасан гомдлын хариуд Та маргаанаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн, иймээс би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.М намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр томилоогүй газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, намайг уг албан тушаалд томилохыг газрын даргад даалгаж өгөх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүгээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт: Х.М нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шинээр байгуулагдаж, шинээр ажиллах орон тоо, бүтэц зохион байгуулалттай болсныг тогтоол гаргасан өдөр нь мэдсэн байна. Мөн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Ц нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалаар тус хэлтсийн нийт 42 ажилчдыг мөн өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлснийг, уг 42 хүний нэг нь өөрөө байсныг мөн өдөр мэдсэн байгаа. Энэ тушаалд хоёр байгууллага нэгдсэн тухай, шинэ байгууллагад Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэх байгууллага нэгдэх ёстой гэсэн утгатай үг, өгүүлбэр байхгүй юм. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш нэхэмжлэгч ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалинг Ерөнхий газраас түүнд шилжүүлэн олгосон байгаа. Шилжүүлэн олгох үед Ерөнхий газрын даргаас түр тушаал гарсан. Уг тушаалаар Х.Нийг даргаар түр томилсон. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Ерөнхий газрын даргын А/18 тушаалаар Х.Нийг томилохдоо зөвхөн цалин хөлс олгох, тэтгэмж олгох эрх хэмжээтэй томилсон. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, тэтгэмж олгох зэрэг асуудлууд зөвхөн татан буугдсан байгууллагын хүрээнд яригдаж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг авсан, дээрээс нь Ерөнхий газрын шийдвэрээр 52 тоот тушаал гаргаж ажлаас халагдсан хүмүүст тэтгэмжийг нь шилжүүлсэн байгаа. Шилжүүлсэн мөнгийг авах эсэх асуудлыг тухайн хүмүүс өөрсдөө шийдвэрлэнэ. Х.М нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ямар төрлийн ажлуудыг яаж төлөвлөж хийж гүйцэтгэж ирснээ, хэн гэдэг албан тушаалд танилцуулж, тайлагнаж байснаа нотолж чадахгүй юм. Иймд Х.М нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын б/32 тоот тушаалаар чөлөөлөгдсөнөө эрт мэдээд, хэнд ч гомдол гаргалгүй явж, гомдол гаргах хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд хандсан байна. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаал, мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны аль нэг тушаал, шийдвэрт урьд аймгуудад ажиллаж байсан Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэсэн, шилжүүлсэн тухай үг, өгүүлбэр байхгүй, мөн эдгээр хэлтсүүдийн урьд ажиллаж байсан ажилтнуудыг шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллуулсугай гэсэн зүйл алга байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Ц 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаалдаа ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлээгүй бөгөөд цалин хөлсийг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт явуулсан байна. Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш аль нэг байгууллагад гомдол гаргаагүй байна, аль нэг байгууллагад хандахгүй явсаар байгаад аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хандсан байдаг. Нэхэмжлэгч болохоор Б.С дарга ажлаас гаргасан байгаа шүү гэж хэлснээр би мэдсэн гэж байгаа. Гэхдээ нэхэмжлэгч бусад ажилтнуудтай хамт ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Ажлаас чөлөөлсөний цалин хөлсийг авч байсан. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын 09 дүгээр тогтоолын талаар яригдаад байгаа. Уг тогтоолд ч гэсэн аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нэгтгэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулах талаар үг, өгүүлбэр байхгүй. н.Номтойбаяр сайдын аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияг ажлаас чөлөөлсөн тушаалд мөн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалуудад ч гэсэн дээрх хоёр байгууллагыг нэгтгэх тухай үг өгүүлбэр байхгүй, харин Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсантай холбогдуулан чөлөөлөв гэсэн. Иймд дээрх хоёр байгууллагын хувьд татан буугдсан гэсэн асуудал яригдаад байгаа. Ерөнхий газраас ирүүлсэн 1/2 тоот албан бичиг байгаа. Уг бичигт хоёр байгууллага нэгтгэсэнтэй холбогдуулан гэсэн өгүүлбэр байдаг. Хоёр том байгууллагыг нэгтгэж байгаа бол журам заавар гарах ёстой, ийм зүйл байхгүй тул дээрх хоёр байгууллагыг татан буугдсан гэж үзэж байгаа. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэх байгууллага шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа ба байгууллагын даргын хувьд өөрийн эрх хэмжээний дагуу Ерөнхий газраас баталж өгсөн бүтэц, орон тооны дагуу ажлаа эхлүүлж, сумуудад ажиллах мэргэжилтнүүдийг авсан байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар сумдад ажиллах мэргэжилтний тоог 19 болгосон ба манай аймгийн хөдөө 13 сумд тус бүр нэг мэргэжилтэн ажиллах болсон байна. Ц сумд 3 мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор бүгд татан буугдсан байгаа. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хөдөө сумдад ажиллах хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шинээр хүн авсан бөгөөд энэ нь тус газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн эрх мэдлийн асуудалд хамаарах ба үүний нэг нь гуравдагч этгээд Е. А юм. Х.М нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байгаагүй бөгөөд Х.Мыг танихгүй,түүнийг ажлаас чөлөөлөөгүй болно. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шинэ байгуулагдсан байгууллага тул шинээр тогтоогдсон орон тоо, бүтцийг өөрөө зохицуулсан, ажилтныг томилох эрхийнхээ дагуу томилсон. Нэхэмжлэгч Х.Мын хувьд олон жил ажилласан туршлагатай хүн ч Х.Мыг ажлаас нь чөлөөлсөн учраас буцаад ажилд авах боломж байхгүй юм. Энэ асуудлын үнэн зөв эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Үндэслэл болгож ярьж байгаа зүйл бол Засгийн газар, яам, Ерөнхий газар зэрэг удирдах байгууллагуудаас хоёр байгууллагыг нэгтгэх тухай зааварчилга, журам өгөөгүй. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдугаарт тасралтгүй ажиллаж байсан гэдэг нь нотлогдохгүй. Цалин хөлс, тэтгэмжээ авсан. Цалин авч ажиллаж байсан гэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрүүлсэн байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр хянан үзээд Х.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Гуравдагч этгээдээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр ажиллаж байна. Шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тайлбар гаргасан. Би нэхэмжлэгч Х.Мын ажиллаж байсан орон тоог булааж аваагүй. Шинээр зохион байгуулагдсан бүтэц, орон тооны дагуу шинээр бий болсон ажлын байранд томилогдсон. Төрийн албан хаагчийн шалгалтыг өгсөн. Сургуулиа төгссөний дараа мэргэжлийн дагуу байнга ажил эрхэлж, 3 жил 6 сар ажиллаж байсан, ажилдаа туршлагатай, чадвартай юм. Би 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Д Э туслах ажилтан, 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа болох Ойн судалгаа хөгжлийн төв /Улсын төсөвт үйлдвэрийн газар/-т хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 6 сар ажиллаж байгаад ар гэрийн асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаас гарч, Баян-Өлгий аймагт ирсэн. 2013 оны 09 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч С.Алтайн туслах өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан ба Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сы 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалын дагуу Ц сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон, төрийн үйлчилгээний буюу ТҮ-6-1-т заасны дагуу цалин тогтоосон. Би эрх зүйч мэргэжлийн дагуу өмгөөлөгчийн туслах болон хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр ажиллах хугацаанд ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Улаанбаатар-эрдэм судлал дээд сургуулийн 2012 оны манлайлагч оюутан шагналаар шагнагдаж, эрх зүйн ангийг онц дүнтэй төгссөн болно. Гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд би Х.Мын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар дараах тайлбарыг өгмөөр байна. Х.М нь нэхэмжлэлдээ Миний албан тушаалд шинээр томилогдсон ... А нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш, мэргэшлийн шалгаруулалтад хамрагдаагүй, төрийн албанд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй этгээд байна-гэжээ. Би төрийн жинхэнэ албан хаагч, мэргэжлийн шалгаруулалтад 2014 онд хамрагдаж шалгалт өгч байсан. Х.М нь миний албан тушаалд гэж бичсэн байх боловч аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Ц сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн бөгөөд төрийн захиргааны албан тушаалын цалин авдаг ажлын байрыг би аваагүй, тийм ажлын байр байхгүй юм. Би шинэ бүтэц зохион байгуулалтаар шинээр батлагдсан шинэ орон тоонд томилогдсон. Өөрөөр хэлбэл өмнө нь аймгийн Засаг даргын харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн байна. Мөн өмнө нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Ц сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн нэрээр 3 орон тоотой байгаад байгууллага өөрчлөгдөж татан буугдсан үед уг орон тоо хасагдсан нь дараах байдлаар тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хэрэгжүүлэгч агентлаг газрын бүтцийг шинэчлэн тогтоосон 9 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж шинээр байгуулан тогтоосон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд үүнд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц нь захиргаа хяналтын хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн гэх шинээр батлагдсан орон тоотой шинэ бүтэцтэй болсон байна. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан гэх Б.Цийн б/32 дугаартай тушаалаар Х.Мыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн мөртлөө тухайн үед хуулийн дагуу ажлаас гаргасан субъектэд болон шүүхэд гомдол гаргаагүй. Ажлаас халагдсан тэтгэмжийг авсан байна. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-т заасан байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр халагдаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1-т заасны дагуу Х.М нь зөвшөөрч ажлаас халагдсаны тэтгэмж авсан байна. Х.М нь намайг төрийн жинхэнэ албан хаагч биш гэжээ. Намайг тэгж дорд үзэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Би ч гэсэн Монгол Улсын иргэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу төрийн албанд орох, ажиллах, цалин хөлс авах, хөдөлмөрөөр хангуулах эрхтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 18.1, 11 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд заасан төрийн албан тушаал эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж тодорхойлсны дагуу би төрийн албан хаагч мөн юм. Би одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д заасан төрийн үйлчилгээний албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан сумын мэргэжилтэн болох төрийн албан тушаал эрхлэх болзол, төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан энэ албан тушаалыг эрхлэх бүрэн мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлага, ур чадвартай мэргэшсэн залуу боловсон хүчин болно. Би ганц бие эмэгтэй, 5 сартай хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие хүнийг байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр миний эрх ашиг сонирхлыг илт Х.М хөндөж байна. Би шүүхэд миний тайлбарыг батлах нотлох баримтуудыг хавсаргасан болно. Би Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүсэлт гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын намайг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр, цалинг ТҮ-6-гаар тооцож томилсон тушаал нь хуулийн дагуу эрх хэмжээний хүрээнд гарсан хууль ёсны тушаал болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон миний хөндөгдөж буй хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шударга шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр ханган шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд Х.М нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн төрийн албатай холбоотой маргааныг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж байгаа. Шударга ёс гэж байх ёстой, 10 хэдэн жил ажилласан, орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн хүнийг хуулиа дээдэлж, шударга ёсны зарчмаар хандаж маргаан бүхий албан тушаалд томилох ёстой. Мөн хуулийн 4.2.5-т төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг хариуцагч зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж үзнэ. Уг заалтаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөгдсөн эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албаны хаагчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтны ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтны үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаалтан шалгаруулж авна гэж байгаа. Баян Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хоёр нэгтгэгдэн,зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн. Энэ хоёр байгууллагын нэр нь өөрчлөгдөж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэрээр шинээр байгуулагдсан боловч Х.Мын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг бол хэвээр хадгалагдсан гэдгийг хэлье. Гэхдээ Ц сумын хувьд мэргэжилтний гурван орон тоонд гурван хүн ажиллаж байсан. Хоёр хүн нь энэ албан тушаалд ажиллахгүй гэж явснаар Х.М маргаан бүхий мэргэжилтний нэг орон тоонд үргэлжлүүлэн ажиллах хууль эрх зүйн шаардлагыг хангаж байгаа. Нөгөө талаас орон тоо цөөрсөн байгаа. Орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогч уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна. Энэ үйл ажиллагаа явагдаагүй. Энэ үйл ажиллагаа явагдаагүй асуудалд ажилтны буруу байхгүй. Энэ үйл ажиллагаа явагдаагүй учраас өнөөдөр маргаан гарч байна. Магадгүй тэр гурван хүнийг өрсөлдүүлээд сонгон шалгаруулалт явуулаагүй учраас Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн юм. Оронд нь авч ажиллуулж байгаа хүн нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 33 дугаар зүйлийн 33.5-д тус тус заасан төрийн албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн сонгон шалгаруулалт өгөөгүй хүнийг оронд нь авсан асуудал тухайн томилгоо хууль бус гэдгийг нотолж байгаа. Ц сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо цалингийн ТЗ-5 шатлалаар цалинждаг, төрийн захиргааны албан тушаал гэдэг нь нотлогдож байгаа. Уг албан тушаалыг үйлчилгээний албан тушаал гэж өөрчилсөн ямар нэгэн шийдвэр гараагүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаар нэмэгдэл баталгаагаар хангагддаг. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх ёстой, Х.Мын хувьд хуулийн 25 дугаар зүйлд заасан үйл баримт тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч Х.Мыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр томилоогүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус байна. Шүүх үүнийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилохыг ажил олгогчид даалгах нь шударга ёсонд нийцнэ гэж үзнэ. Нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдсаар түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёстой. Төрийн захиргааны албан хаагчийн хувьд цалин хөлс нь төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэв, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж байгаа. Албан тушаалын цалин байна, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл нэмэгдэж 800,000 гаруй төгрөгийн цалин авах ёстой гэж өөрөө цалингаа тодорхойлсон байгаа. Ажилгүй байсан хугацаа гэдэгт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 3 сар 8 хоногийн хугацаа орох бөгөөд, энэ хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулахыг хүсэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шимтгэл нь цалин хөлсний 10 хувьд ногдох юм. Ажилтан өөрөө ажиллаагүй учраас 10 хувийн шимтгэл төлнө гэдэг ойлголт байхгүй. Байгууллага 10 хувийн шимтгэл төлөхөөр зохицуулсан байгаа учраас үүнийг төлөхийг ажил олгогчид даалгаж, энэ мөнгийг нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснээр уг асуудал шийдэгдэнэ. Төрийн захиргааны албан хаагчийн хувьд Х.М нь хуульд заасан хугацаанд эхлээд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан. Бодит байдалд өнөөдрийн байдлаар ажлаас халагдсан тушаалаа гардаж аваагүй байгаа. Тэтгэмжийн асуудал гэдэг нь сүүлд гарсан асуудал. Салбар зөвлөлөөс түүний гаргасан гомдолд хариу өгсний дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эрх нь зөрчигдсөнөө мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаа тоологдон явж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй юм. Гуравдагч этгээдийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч биш. Иймээс гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тухай ойлголт байхгүй. Одоогоор маргаан бүхий албан тушаалын ажил үүргийг түр гүйцэтгэж байгаа. Тийм учраас энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан зохицуулалт түүнд хамаарахгүй гэж үзэж байна. Маргаан бүхий орон тоо төрийн захиргааны албаны ажлын байр. Тухайн орон тоонд шинээр ажилтан томилогдох тохиолдолд эхлээд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгаруулалтаар орох ёстой. Гуравдагч этгээд сонгон шалгаруулалтаар ороогүй,төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, түр хугацаагаар ажиллаж байгаа. Иймд гуравдагч этгээдийн хувьд хууль ёсоор томилогдоогүй тул түүний эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан. Энэ тогтоолын 4-т аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд доор дурдсан хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай гэж байгаа. Үүнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэж заасан байна. Уг заалтад Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг татан буулгасан тухай заалт байхгүй,бүтцийг шинэчлэн тогтоосон байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга н.Нямдаваагийн албан бичиг хэрэгт авагдсан. Уг бичигт аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулж байна гэсэн. Үүний үндсэнд дээрх хоёр байгууллагыг нэгтгэсэн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь: Х.Мыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, уг албан тушаалд Х.Мыг томилохыг тус газрын даргад даалгах маргааны тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дугаартай тогтоолоор өмнө нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс ажиллуулахаар тогтоосон Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нэртэй байгууллага ажиллуулахаар тогтоожээ. Гэрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Цийн мэдүүлэг[1], Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичиг[2] зэргээс үзэхэд холбогдох дээд шатны байгууллагаас нь мэдэгдсэний дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, тэдгээрийг цалингийн сангийн хамтаар өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газарт шилжүүлсэн байх ба энэ талаар аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаартай тушаал[3] гарч, харин Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудын хувьд тус хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/08 дугаар тушаалаар[4] ажлаас чөлөөлөгдөж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамтаар шилжсэн байжээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүргийг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэж ойлгох бөгөөд дээрх нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн тоонд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэх байгууллагыг ажиллуулахаар тогтоосон зэргээс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлэх аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн эрхэлж байсан үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх ба тэдгээрийн үйл ажиллагаа, эрх үүргийг нийлүүлэх замаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нэртэй байгууллагыг шинээр бий болгосон гэж үзэхээр байна. Шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хуучнаар аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга Х.Нийг эрх бүхий этгээдийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/18 дугаар тушаалаар[5] мөн өдрөөс эхлэн томилж, зөвхөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж, албан хаагчдын цалин хөлс олгох эрх олгож, бусад эрхийг хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл уг тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Нд албан тушаалын томилгоо хийх эрх олгогдоогүй байх ба нэхэмжлэгч Х.М нь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32 дугаар тушаалаар өөрчлөн байгуулагдсан газарт шилжсэнээр 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж, энэ хугацааны мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байна. Тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог эрх бүхий этгээдээс баталсан хамгийн сүүлийн шийдвэрүүдээс үзэхэд[7] аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан халамжийн мэргэжилтний 20 орон тоо, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний 7 орон тоо тус тус байсан нь шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дугаартай тушаалаар[8] хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 19 орон тоо болж, сумдын нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нийт дүнгээрээ 8 орон тоогоор цөөрсөн буюу хасагдаж батлагджээ. Сум хариуцсан мэргэжилтний уг 19 орон тооны нэг нь Ц сумын хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо болохыг хариуцагч байгууллагаас шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр[9] мэдэгдсэн ба өмнөх бүтцээр Ц сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Х.М, Ж.М , сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Бахытбек нарыг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны б/08 дугаартай тушаалаар ажлаас нь тус тус чөлөөлсөн зэргээс Ц сумын хувьд нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний хоёр орон тоо, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний нэг орон тооны ажил үүргийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын нэг мэргэжилтэнд хариуцуулахаар болж, орон тоо хоёроор цөөрсөн нь тогтоогдож байна. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч ...дээрх байдлаар тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зохицуулжээ. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т хуульчилсан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй. Иймд Ц сумын нийгмийн халамжийн мэргэжилтний болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд тус тус ажиллаж байсан Х.М, Ж.М , М.Б нарыг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шалгаруулж, шалгарсан албан хаагчийг маргаан бүхий орон тоонд ажиллуулах үүргээ томилох эрх бүхий этгээдээс биелүүлэхгүйгээр, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаагүй иргэн Е.Аыг маргаан бүхий орон тоонд томилж Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албаны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн байх зарчмыг тус тус зөрчсөн байна. Ц сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан Ж.М , М.Б нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хэрэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдээр оролцохгүй тухайгаа, мөн маргаан бүхий хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтний нэг орон тоонд нэхэмжлэгч Х.М нь ажиллах эрхтэй гэх үндэслэлээр маргахгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн[10] ба маргаан бүхий орон тоонд урьд тус сумын мэргэжилтнээр ажиллаж байсан бусад албан хаагчид маргаагүй энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Мыг уг орон тоонд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн байна гэж дүгнэлээ. Иймд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтний албан тушаалд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах маргааны тухайд: Томилох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч Х.Мыг хуульд заасан журмаар маргаан бүхий албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүнд ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 3 сар 8 хоногт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.727.918 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад ...нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, уг шаардлагын хүрээнд ...ажилгүй байсан хугацааны олговорт оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөх шаардлага байгааг мэдэгдсэн тул ажилгүй байсан хугацааны олговор 2.727.918 төгрөгт оногдох шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмаар тооцож, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар төлөхийг, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгаж, нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэхдээ 25.228 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоорзааснаар нэхэмжлэгч 2016 оны 08, 09,10 дугаар сарын цалингаар тооцоолж, дундаж цалингаа 818.503 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 2.753.146 төгрөг нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинд 599.237 төгрөгийн үндсэн цалин болон зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, хоол, унааны зардал орсон байна. Дээрх 55 дугаар тушаалаар батлагдсан журмын[11] 4-т ... унаа, хоолны үнийн хөнгөлөлт зэргийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд авч байсан цалин хөлсийг үндэслэн Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасны дагуу тодорхойлж, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2.727.918 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор, харин унаа, хоолны үнийн хөнгөлөлтийг оролцуулж, илүү нэхэмжилсэн 25228 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Бусад маргааны тухайд: а/ Нэхэмжлэгч Х.Мын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дараах үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд нэхэмжлэгч Х.М нь дээр дурдсанчлан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар тус хэлтсийн ...мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, өөрчлөн байгуулагдсан газарт шилжсэн, уг б/32 дугаар тушаалыг гаргах үндэслэл болсон Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон бөгөөд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ирүүлсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 1/2 тоот албан бичиг нь Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсантай холбогдуулан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлж, тушаал гаргахыг мэдэгдсэн агуулгатай байна. Иймд тус хэлтсийн нийт ажилтнуудад тухайлбал нэхэмжлэгч Х.Мад аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 2016 оны 08, 09,10 дугаар сарын ...мэргэжилтний албан тушаалын цалин хөлсийг олгосноор энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас[12] үзэхэд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус газрын ажилтан, албан хаагчдыг оролцуулан хурал хийж, газрын бүтэц, орон тоо болон чөлөөлөгдөх ажилтнуудад тэтгэмж олгох асуудлын талаар танилцуулж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгч Х.Мад урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байжээ. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Х.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий албан тушаал болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний албан тушаалд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар түүнд нэг удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас бүрмөсөн чөлөөлсөн үеэс эхлэн зөрчигдсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Х.М нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 30 хоногийн дотор төрийнжинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангуулах талаарх гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан, мөн тус салбар зөвлөлөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариу өгсөн байх тул[13] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна гэж дүгнэлээ. б/ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...тухайн орон тоо хасагдсан тохиолдолд ...3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор заасан байна. Ц сумын хувьд дээрх байдлаар мэргэжилтний гурван орон тоо нь хоёроор цөөрснөөр уг албан тушаалыг эрхэлж байсан гурван хүнээс хоёр нь маргаан бүхий үлдсэн нэг орон тоонд ажиллахаар хүсэлт гаргаж маргаагүй байхад уг орон тоонд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгчээс тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаагүй байхад тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалын[14] Х.Мад холбогдох хэсэг хууль бус бөгөөд нэхэмжлэгчид хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан тэтгэмж олгосноор төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан гэх хариуцагч талын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ. в/ Нэхэмжлэгч Х.М нь Ц сумын нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа цалингийнТЗ-5-4 шатлалаар цалинжсан байх ба 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан тус ажлын байрны тодорхойлолтод[15]албан тушаалын зэрэглэлийг мөн ТЗ-5 гэж тусгасан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 19 орон тоо батлагдснаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус сум хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг[16] шинээр батлахдаа албан тушаалын зэрэглэлийг ТЗ-5 гэж тусгасан мөртлөө гуравдагч этгээд Е.Аыг маргаан бүхий албан тушаалд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалаар[17] түүнийг цалингийн ТҮ-6-1 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ. Үүнийг үндэслэн гуравдагч этгээдээс маргаан бүхий орон тоог нь төрийн үйлчилгээний албан тушаал гэж маргасан нь хуульд заасан дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг, нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулахаар зохицуулсан. Түүнчлэн мөн хуулийн 7.10-д ...яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Засгийн газраас баталсан 2007 оны 354 дугаартай Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтний албан тушаалыг төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлд хамааруулсан. Иймд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллага болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн-ий албан тушаал нь Төрийн албаны тухай хууль болон төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох эрх бүхий этгээд болох Засгийн газрын тогтоолд зааснаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаал болохыг дурьдах нь зүйтэй. г/ Мөн гуравдагч этгээд Е.А нь 5 сартай хүүхэдтэй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ...гурав хүртлэх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн боловч хуулийн энэхүү зохицуулалт нь гуравдагч этгээд Е.А нь маргаан бүхий орон тоонд дээрх байдлаар хууль бусаар томилогдсон тохиолдолд үл хамаарна гэж дүгнэсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.2.5, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Х.Мыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтнээр томилоогүй тус газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Ц сумын мэргэжилтний уг албан тушаалд Х.Мыг томилохыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.727.918 /хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун арван найм/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 2.727.918 төгрөгийн цалин хөлсөд ононгдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлж, энэ талаар нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.228 /хорин таван мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА [1] Хэргийн 185 дугаар хуудас [2] Хэргийн 89 дүгээр хуудас [3] Хэргийн 57-60 дугаар хуудас [4] Хэргийн 91-92 дугаар хуудас [5]Хэргийн 105 дугаар хуудас [6]Цалингийн тодорхойлолт /хэргийн 108-109 дүгээр хуудас/, гэрч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ня-бо Ж.Мын мэдүүлэг /хэргийн 193 дугаар хуудас/, [7] Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/17 дугаар тушаал /хэргийн 64-65 дугаар хуудас/, Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны А/53 дугаар тушаал /хэргийн 103-104 дүгээр хуудас/, [8] Хэргийн 55-56 дугаар хуудас [9] Хэргийн 88 дугаар хуудас [10] Хэргийн 154,156-157 дугаар хуудас [11] Монгол улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам [12] Хэргийн 110 дугаар хуудас [13] Хэргийн 31 дүгээр хуудас [14] Хэргийн 61-63 дугаар хуудас [15] Хэргийн 15-18 дугаар хуудас [16] Хэргийн 69-84 дүгээр хуудас [17] Хэргийн 68 дугаар хуудас