Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01343

 

 

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01343

 

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01811 дугаар шийдвэртэй, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох орон сууцны захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлөн орон сууц захиран зарцуулах эрхийг сэргээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэр биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шүүхийн шийдвэрээр Д.Ц миний бие өмчлөгч болох нь тогтоогдсон. Би өөрийн зээ дүү Ч.О-ийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Их тойруу ** дүгээр байрны ** тоот 62.29 кв.м талбайтай, улсын бүртгэлийн Ү- 220301**** дугаартай орон сууцыг 2008 оноос хамтран өмчилж ирсэн. 2013 онд Ч.О надад хандаж би энэ байрандаа амьдрахгүй, та энэ байраа худалдаж авч болно гэж надад санал тавьсан. Би түүнд байрны үнэ 25,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн тул өөрчлөлт хийхгүй гэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ч.О-т өргөдөл гаргахад, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/159 тоот албан бичгээр хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.О-тэй холбоотой шүүхийн шийдвэрийн дагуу таны байрыг битүүмжилж байна гэж надад мэдэгдсэн бөгөөд хамтран өмчилдөг зээ дүү Ч.О ийг хайсан боловч олдоогүй.

Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн санал болгох хурал болон Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Их тойруу, ** дүгээр байрны ** тоотод байрлах 62.29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт сайн дураар султган чөлөөлж, дэслэгч Ц.Н-д хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-177/29324 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, төлбөр төлөгч Ч.О ийг олж тогтоох хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэснийг давж заалдах шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үйл баримтаар Ч.О-ийг эрэн сурвалжилсан болох нь тогтоогддог. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/00259 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 00621 дугаар магадалалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцыг султган чөлөөлөх тухай 4-177/29324 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр маргаан бүхий орон сууцны Ч.О-д оногдох хэсгийг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний дагуу гуравдагч этгээд миний бие өмчлөгч болох нь тогтоогдсоны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/00259 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00621 дугаар магадлал гарсан мэтээр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байдлаар хариу ирүүлсэн нь үндэслэлгүй болсон. Төлбөр төлөгч биш гуравдагч этгээд Д.Ц миний маргаан бүхий уг орон сууцны захиран зарцуулах эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.2, 49.4.3-т тус тус заасан байдаг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/Ш32017/09256 дугаар захирамжаар Ч.О нь Б.Э-т төлбөр тооцоотой болж, уг шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагаа хийсэн болно. Өөрөөр хэлбэл, Д.Ц миний нэрээр уг шийдвэрт маргаан бүхий эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад гуравдагч этгээд Д.Ц миний нэр дээр маргаан бүхий уг орон сууцны захиран зарцуулах эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаад гомдолтой байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 тоот шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь адилхан хүчин төгөлдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, Б.Э-т давуу эрх олгож, урьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 49,250,000 төгрөгийг өгөөгүй байхад дахин орон сууц чөлөөлөх мэдэгдэл ирүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-т заасныг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Их тойруу ** дүгээр байрны ** тоот 62.29 м.кв талбайтай, орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн жагсаалтаас маргаан бүхий орон сууцыг хасч, чөлөөлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн нотариатчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар мэдэгдэх хуудсаар Ч.О-ээс 275,800,000 төгрөгийг гаргуулж Б.Э-т олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ч.О, Д.Ц нарын дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017849 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Их тойруу ** дүгээр байр, ** тоотод байрлах 62.29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 177/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 170/22 дугаар тогтоолоор хураан, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шинжээч томилон үнэлгээ тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон бөгөөд орон сууцны өмчлөгч Д.Ц-ийн хувьд ногдох 98,500,000 төгрөгийн 50 хувь болох 49,250,000 төгрөгийг тус газрын Төрийн банк дахь 103,301,851,000 дансанд шилжүүлсэн тохиолдолд өмчлөх эрх хадгалагдах тухай удаа дараалан мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Д.Ц-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Их тойруу ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, 62.29 кв.м талбайтай, улсын бүртгэлийн Ү-220301**** дугаартай орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөн уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д буцаан олгож,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШЗ2023/06146 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Д.Ц нь иргэн Н.Г-д төлөх шүүгчийн захирамж хэрэгт авагдсан бөгөөд уг захирамжид дурдсан үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Хандгайтын *-**** тоотын өмчлөгчөөр Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр оногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоогдоогүй, харин Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Их тойруу Y-220301**** тоот улсын буртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. Гэтэл шүүх Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Х-ын *-**** тоот үл хөдлөхийг маргаан бүхий Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, **-** тоот Ү-220301**** тоот үл хөдлөхтэй андуурч нэхэмжлэгчийг дахин өмчлөгчөөр тогтоогдсон гэж худал дүгнэжээ. Нөгөө талаас дахин өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй, Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр Ч.О-ийн оногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоогдсон байхад урьд өмнө тогтоогдсон мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Хүчин төгөлдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрийг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосныг зөвтгөх үндэслэлгүй" гэж тайлбарлах эрхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн дагуу үүсэх үндэслэл өмчлөх эрхээ шилжүүлэх гэрээний үүргээ Ч.О нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Ц түүний оногдох хэсгийн өмчлөгчөөр шүүхээр тогтоолгож, уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байхад шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай маргаагүй, хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгч болсон байхад өмчлөгчийн эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба хэрэгжүүлэхгүй байгаа үйл баримтад маргасан байхад шүүх өмчлөгчөөр тогтооогдохоос өмнө хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч маргаан бүхий байрны өмчлөгчийн асуудал 2023 онд өөрчлөгдсөн нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр тогтоогдсон байдалд дүгнэлт хийгээгүй төдийгүй, энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхээс санаатайгаар татгалзаж, шийдвэр гаргахдаа өмчлөгчөөр тогтоогдохоос өмнөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/00259 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00621 дугаар магадлалаар Ч.О нь олдохгүй байсан үйл баримт нотлогдож байхад шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой байна.

4.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр Д.Ц тогтоогдсон, үүнээс хойш үйл баримт шинээр үүссэн байхад дахин орон сууцны оногдох хэсгийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Д.Ц-аас шаардаж, мэдэгдэл ирүүлсэн, мөн Д.Ц өөрөө Н.Г-д өртэй, урьд хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн, Ч.О бусдад өртэй үндэслэлээр Ч.О-ийн нэрийг үл хөдлөхийн гэрчилгээн дээрээс хасуулахыг зөвшөөрөхгүй байгаа нь нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн төлбөр төлөгч Ч.О өөрийн оногдох хэсгээ Д.Ц-д анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээс өөр шийдвэр байхгүй байхад уг маргаантай холбоогүй Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2017/09256 дугаар захирамжийг дахин нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасантай нийцэхгүй.

Нэхэмжлэгч Д.Ц нь уг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх тогтоогдсон үйл баримтын дагуу Ч.О-ийн нэрийг маргаан бүхий байрны нэр дээрээс хасуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан байхад хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой ямар ч ажиллагаа хийхгүй байгаад, нөхцөл байдал өөрчлөгдөж, өмчлөгч этгээд Д.Ц болох нь тогтоогдсон үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүйд, мөн Д.Ц маргаан бүхий байртай холбоотой бие даасан шаардлага гаргах эрхтэй байхад эрхгүй мэтээр дүгнэж байгаад, ШШГА нь нөхцөл байдал өөрчлөгдөхөөс өмнөх үед шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж Ч.О-ийн нэрийг гэрчилгээн дээрээс хасахгүй байгаад шүүх дүгнэлт хийхгүй байгаад, урьд өмнө тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохыг нэхэмжлэгчээс шүүх шаардаж байгаад, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхгүй байгаад, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шүүх үндэслэлгүй гэж тайлбайрлаж байгаад, Д.Ц ийг бусдад өртэй тул Ч.О-ийн гэрчилгээн дээрээс нэрийг хасахгүй гэж татгалзаж байгаад, Ч.О-д төлсөн байрны мөнгийг дахин төлөхийг шаардаж байгаад маш гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Манай зүгээс хариу тайлбар гаргахдаа Ч.О-д холбогдох хэсгийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч юм. Уг Ч.О-д хамааралтай хэсгийн тайлбарыг гаргасан бөгөөд Д.Ц-д холбогдох эрүүгийн хэрэгт үүрэг гүйцэтгэгч оролцсон боловч уг хэрэгт тайлбарыг нь хавсаргаагүй. 2017 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарахад Ч.О, Д.Ц нарын нэр дээр бүртгэлтэй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 5,6 жилийн хугацаанд 7,8 удаа хянан шийдвэрлэгдэж, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Өнөөдрийг хүртэлх шүүхийн шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой болон бусад гуравдагч этгээд буюу Д.Ц-ийн зүгээс гомдол гаргаж байсан. Харин Ч.О-ээс нэхэмжлэл гаргасан тохиолдол байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Д.Ц төлбөр төлөгч биш юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 онд дуусгавар болгох боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл дуусгаж чадаагүй. Төлбөр авагчийн хохирсон байдал нь өнөөдрийг хүртэл эрх сэргээгдээгүй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр 50 хувийг төлсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх газраас оногдох хувийг нь гаргаж өгөх шаардлагыг тавьсан. Тухайн орон сууцыг бүхэлд нь төлбөр авагчид шилжүүлэх үндэслэл байхгүй. Харин төлбөр төлөөгүй тохиолдолд зөрүү мөнгийг гаргуулна гэх тайлбарыг удаа дараа өгсөн. 2022 оны 11 сард гарсан шүүхийн шийдвэр нь ижил сонирхолтой 2 этгээд шүүхэд тайлбар өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тайлбар авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Манайх давж заалдах гомдол гаргахад танай байгууллага нэхэмжлэгч биш учраас гомдол гаргах эрхгүй гэж үзсэн. Гэтэл төлбөр авагч Б.Э-ийн эрх ашиг бүтэн хохирч, 5, 6 жилийн турш сэргээгдээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхэд гомдол гаргаагүй гэж тайлбарласан байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гаргаж байгаа учраас үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Н-т холбогдуулан орон сууцны захиран зарцуулах эрх түдгэлзүүлснийг хүчингүй болгож, битүүмжилсэн, хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлөн, орон сууц захиран зарцуулах эрхийг сэргээж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэр биелүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Иргэн З.Д нь 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот хаягт байрлах, 62.29 м.кв талбайтай орон сууцыг Д.Ц, Ч.О нарт бэлэглэж, улсын бүртгэлд Д.Ц, Ч.О нар өмчлөгчөөр бүртгэгдсэн.

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дугаар захирамжаар хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 93,600,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н.Г-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 101/ГХ2017/00641 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн.

 4.1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууцны оногдох хэсгийг зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч Д.Ц нь орон сууцны үнийн 50 хувь болох 25,000,000 төгрөгийг худалдагч Ч.О-д төлснөөр орон сууцыг дангаар өмчлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй тул уг гэрээгээр нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй байна.

4.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06959 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/17008 дугаар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/712 дугаар албан бичгүүдээр болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 17261380 дугаар тогтоолоор тус тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлжээ.

Ийнхүү хөрөнгийн эрх түдгэлзсэн байхад нэхэмжлэгч Д.Ц маргаан бүхий орон сууцны өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/03850 дугаар шийдвэрээр орон сууцны Ч.О-д ногдох хэсгийн өмчлөгчөөр Д.Ц- ийг тогтоосон байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнө орон сууцны эрхийг түдгэлзүүлсэн байх ба нэхэмжлэгч эрх түдгэлзсэн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон нь шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2023/01811 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.БЯМБАСҮРЭН