Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Ө-т холбогдох эрүүгийн 1805059990010 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-2 баарны орчим иргэн М.Оын хоолойг боож, нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: Би М.О-н биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 500.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Тулга охинтой болоод би найз Ууганбаяр, Тулга нарын хамт фото зургийн студид архи ууж байгаад дахиж нэмж архи авах санаатай 03 цаг 30 минутын үед онгорхой газар байвал 1 шил архи авах санаатай Модны-2 орчим явж байтал онгорхой баар байхаар нь бид гурав орсон. Би дуудлагын жолооч дуудаж машинаа авчруулахаар утсаар ярих гээд баарнаас гараад гадаа шатан дээр зогсож байтал манай найз Тулгааг баарны хамгаалагч баарнаас чирээд гараад  ирсэн. Араас нь Ууганбаярыг хоёр хүн ноцолдоод барьцалдаад зогсож байсан. Би юу болсныг сайн мэдэхгүй болохоор найзуудыгаа салгах санаатай очоод зууралдаж байсан нэг хүний хувцаснаас нь таттал миний куртик урлаа гээд намайг боож түлхээд нүүр рүү цохисон нэг сэрсэн чинь баарны үүдэнд байдаг хашааны тэнд сэрсэн. Тэр хүртэл намайг чирсэн юм шиг байна лээ. Цагдаад дуудлага өгөх гээд утсаараа ярих гэсэн чинь чи миний куртикийг төлж өгөөд утсаа аваарай гээд миний утсыг булааж авсан. Миний баруун хөлний шагай хөндүүртэй байна. Зүүн нүд хөхөрч хавдсан. Нүдний шилний хоёр гар хугарсан байна. Харин цагдаагийн байгууллага дээр ирээд би утсаа баарны хамгаалалтын албаны даргаас нь олж авсан.  /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Баярхүү мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны  шөнийн 04 цөг өнгөрч байхад хамгаалалтын албаны дарга Ө М-2 баарны үүдэнд нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Бааран дотор хүмүүс гарахгүй байхаар нь би орж гаргачихаад гарч ирсэн чинь Ө даргатай муудалцаж байсан хүмүүс нь  куртикнээс нь татаад урчихсан. Тэгсэн Ө дарга нэгийг нь түлхчихсэн чинь хашаа мөргөөд уначихсан. Тэгснээ миний шилийг хугалчихлаа гээд босоод ирсэн. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13953 дугаартай “М.Оын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Ө мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 12 дугаар хороо +25 нэртэй бааранд зохион байгуулагчаар ажиллаж байх  үед 03:30 цагийн үед манай зөөгч над дээр хүрч ирээд таньтай хүн уулзъя гэнээ М-2 баарны үүдэн дээр дуудаад байна гэхээр нь М-2 баар дээр очсон чинь дотор талын үүдэн дээр хүмүүс маргалдаад байсан. Тэгэхээр нь би хамгаалагчтай нь хамт салгасан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс хоорондоо маргалдаж байснаа нэг, нэг удаа харилцан бие биенээ цохихоор би +25 баарнаас Баярхүү,  Лхагваа хоёрыг дуудуулсан. Тэгээд хамгаалагч нар ирэхээр нь нөгөө хүмүүсийг гарга гээд баарнаас гаргасан тэр үед би араас гарсан чинь үүдэн дээр нэг залуу нь манай найз нарыг яагаад гаргаж байгаа юм гэхээр нь би учрыг нь хэлсэн чинь өөдөөс би мөрдөстэй хүн шүү гэсэн чинь хамгаалагч нөгөө залууг цааш нь холдуулаад түлхсэн чинь нүдний шилтэй залуу нь арагшаагаа болохдоо миний куртикнээс зуураад урчихсан. Тэгэхээр нь би тэр нүдний шилтэй залууг нэг алгадаад газар унахаар нь би хоолойноос нь боосон. Тэгээд би больчихоод миний куртик төлж өгөөрэй гээд Самсунг 6, Айфонь 6 утсыг нь барьцаанд аваад буцаад баар руу орсон. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

Хохиролын баримт /хх-ийн 31/,

 

Шүүгдэгч Б.Өын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, ажлын газры тодорхойлолт /хх-ийн 44/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 196 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 52/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54/,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1119 дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ө 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М-2 баарны орчим иргэн М.Оын хоолойг боож, нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Оын”...нэг хүний хувцаснаас нь таттал миний куртик урлаа гээд намайг боож түлхээд нүүр рүү цохисон нэг сэрсэн чинь баарны үүдэнд байдаг хашааны тэнд сэрсэн...” /хх-ийн 6/, гэрч Э.Баярхүүгийн”...Ө дарга нэгийг нь түлхчихсэн чинь хашаа мөргөөд уначихсан...” /хх-ийн 11/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13953 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Б.Ө “...би тэр нүдний шилтэй залууг нэг алгадаад газар унахаар нь би хоолойноос нь боосон. Тэгээд би больчихоод миний куртик төлж өгөөрэй гээд Самсунг 6, Айфонь 6 утсыг нь барьцаанд аваад буцаад баар руу орсон...” /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Улсын яллагчаас Б.Өыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл Прокуророос Б.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Өыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Өт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.