Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 68

 

Д.Ихбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гэрэлмаа,

Хохирогч С.Хүдэрчулууны өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргил, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Жадамбын өмгөөлөгч Т.Багахүү,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 271 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлмаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Ихбаярт холбогдох эрүүгийн 201625010966 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Дашзэвэгийн Ихбаяр, 1980 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хүлэмж гудамжны 49 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз 60 дугаар байрны 9 тоотод оршин сууж байсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЕЙ80071136/.

Д.Ихбаяр нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Ш.Төмөрхуягийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай ачааны зориулалттай “Beiben” загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж гэрээгээр халхавчлан залилан мэхлэсэн,

- мөн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвд иргэн Ю.Эрдэнэцэцэгийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “I phone 6s” загварын гар утсыг зараад өгье гэж хууран мэхлэж авсан,

- мөн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар”-ын гадаа автомашины зогсоол дээр иргэн С.Хүдэрчулуунаас 91-11 УНВ улсын дугаартай, хар өнгийн “Ланд крузер-200” загварын автомашиныг барьцаалан “манай дүү хорт хавдартай, яаралтай мөнгө хэрэг болоод байна” гэж хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар 18.000.000 төгрөг, 2-3 хоногийн дараа 2.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ихбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Д.Ихбаярт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь прокурор яллах дүгнэлтдээ “Д.Ихбаярыг давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт иргэн Ш.Төмөрхуягийн эзэмшлийн 76-26 УНС, 76-40 УНС, 76-19 УНС улсын дугаартай ачааны зориулалттай Beiben загварын тээврийн хэрэгслүүдийг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Тайгын булаг” ХХК-д 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж гэрээгээр халхавчлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн” гэжээ.

Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар талд 21-97 ХОҮ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 32.000.000 төгрөгөөр, 220 дугаар талд 10-81 АРХ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 32.000.000 төгрөгөөр, 223 дугаар талд 49-81 АРХ улсын дугаартай “Beiben” загварын автомашиныг 31.500.000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Итгэл эстимэйт” ХХК-ийн үнэлгээнүүд авагджээ. Дээрх гурван автомашин нь нийт 95.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хохирогч Ш.Төмөрхуягт яллах дүгнэлтэд дурдсанаар дээрх гурван тээврийн хэрэгслийн үнэлгээгээр хохирол учирсан эсэхэд дүгнэлт өгөлгүй, яллах дүгнэлтэд хохирлын талаар тодорхойгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасныг хангаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ш.Төмөрхуягт хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг нарийвчлан тогтоож ирүүлээгүй байх тул дээрх ажиллагааг хийсний эцэст хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэжээ.

Прокурор Э.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ш.Төмөрхуяг нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...би Д.Ихбаяраас өөрийн өгсөн 3 автомашины үнэ болох 45.000.000 төгрөг, үүн дээр нэмээд тухайн үед нотариатаар батлуулсан гэрээний хөлс болох 120.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр болох 300.000 төгрөг, мөн ачийнхаа сургалтын төлбөрт хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Уг мөнгөний хүү нь одоо 5.900.000 төгрөг болсон байгаа. Уг мөнгийг авахыг хүсч байна. Учир нь Ихбаяраас мөнгө авч чадаагүйн улмаас би ачийнхаа сургалтын төлбөрийг хүнээс зээлэх болсон. Иймд би нийт 51.320.000 төгрөгийг яаралтай гаргуулан авч, хохирлоо барагдуулахыг хүсч байна. Уг автомашинууд нь зах зээлийн үнэлгээгээр нийлээд 95.500.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг ойлголоо. Гэхдээ би уг мөнгийг нь бол авахгүй. Харин Д.Ихбаяраас авах ёстой 51.320.000 төгрөгийг л авахыг хүсч байна. ...” гэж мэдүүлсэн.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 тоот тогтоолд “...залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно...” гэж заасан, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтуудын дагуу хохирогч Ш.Төмөрхуягт учирсан хохирлыг түүний 3 автомашин худалдахаар 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Д.Ихбаяртай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дүн болох 45.000.000 төгрөгөөр тогтоож яллах дүгнэлтдээ дүгнэсэн.

Д.Ихбаяр нь давтан үйлдлээр хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэж, нийт 66.400.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ба хохирогч Ш.Төмөрхуягт учирсан хохирлоос хамаарч хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 271 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.  

Хохирогч С.Хүдэрчулууны өмгөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг зөвшөөрч байна. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан асуудлуудыг мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгаж тогтоох нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн гол эд мөрийн баримт болох 3 ачааны автомашиныг билтүүмжлээгүй хэрнээ Р.Мөнх-Оргилын эзэмшлийн “Ланд круйзер 200” загварын автомашиныг битүүмжилсэн. С.Хүдэрчулуун, Р.Мөнх-Оргил нар Д.Ихбаяртай зохицож, хохирлын асуудлаа шийдвэрлэх гэхэд автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож өгөхгүй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар удаа дараа хүсэлт өгсөөр байхад энэ 2 хүнийг хохироож, автомашиныг битүүмжилсээр байна. Р.Мөнх-Оргил, С.Хүдэрчулуун нар автомашинаар хохирлоо барагдуулъя гэж хэлж байсан. Автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, энэ хоёр хүний нэр дээр шилжүүлж өгнө үү. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг дэмжиж байна. Д.Ихбаярын нэр дээр байсан “Ланд круйзер 200” загварын автомашиныг барьцаалж, зээлийн гэрээ үйлдэж, зээл олгосон. Миний шударга өмчлөлийн автомашиныг битүүмжилсэнд гомдолтой байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.Мөнх-Оргилын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. “Ланд круйзер 200” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Жадамбын өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Ганцогт, Д.Ихбаяр нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн дагуу, хууль зүйн үндэслэлтэй гэрээ байсан эсэх, эсхүл залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Гэрч Болдбаатар “эдгээр автомашинуудыг барьцаанд тавиад юм уу эсхүл худалдаад 45.000.000 төгрөг л надад өгчих” гэж хэлсэн. Д.Ихбаяр үүний дагуу автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа автомашинуудыг ломбарданд тавьж, авсан мөнгөө өгөөгүй үйлдэл  нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна. Харин үүнээс өмнөх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль ёсны гэж үзэж байна. Хуулийн дагуу Д.Ихбаярын нэр дээр шилжин ирсэн тээврийн хэрэгслүүдийг “Тайгын булаг” ХХК барьцаалан авч Д.Ихбаярт зээл олгосон. Иймд залилан мэхлэх гэмт хэрэг хэдийд эхэлж байна вэ гэдгийг нарийн тогтоох ёстой. Үүнийг тогтоосноор “Тайгын булаг” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн ноцтой зөрчил илэрсэн. Энэ нь хохирогчийг хууль зүйн үндэслэлгүй тогтоосон явдал юм. Хохирогчоор Төмөрхуяг гэж хүн тогтоогдсон. Гэтэл Төмөрхуяг нь тухайн тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах эрх олгогдсон этгээд юм. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.2 дахь хэсэгт эзэмшигч гэж хэн бэ гэдгийг нарийн тодорхойлсон. Итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд бол эзэмшигч биш юм. Хохирогчийг зөв тогтоогоогүйгээс үүдэн гарах маш олон эрсдэл байгаа. Хохирогч Ганцогт нь тээврийн хэрэгслүүдийг авахыг хүсч байна уу, мөнгийг нь авахыг хүсч байна уу, 45.000.000 төгрөг авахыг хүсч байна уу эсвэл 90.000.000 төгрөг авахыг хүсч байна уу гэдгийг тодорхой болгох ёстой. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан цагаас эхлэн Д.Ихбаяр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм бол Өнөржаргал, Хишигсүрэн, гэрч Болдбаатар нарыг энэ хэрэгт хамтран оролцсоноор шалгах ёстой. Мөрдөн байцаалтын шатанд Өнөржаргалыг сэжигтнээр татаж шалгасан. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд түүнийг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзэж байна. Өнөржаргал анх автомашинуудыг барьцаанд тавьж, гэрээ байгуулан 45.000.000 төгрөгийг өгөх, авах явцыг бүгдийг нь мэдэж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа автомашиныг “Сайн” ломбарданд аваачиж барьцаанд тавьсан. 54.000.000 төгрөгөөр “Ланд круйзер 200” загварын автомашиныг худалдан авахад цуг байсан. Эдгээр бүх процессийг тэр мэдэж байсан. 12 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр юм бол уг хэрэгт “Тайгын булаг” ХХК иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй тул 3 автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Д.Ихбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэлүүдээс гадна дараах ажиллагааг хийх нь зүйтэй.

“Итгэл эстимэйт” ХХК-ийн хийсэн эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлэн хийлгээгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155, 158, 159 дүгээр зүйлүүдэд болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлүүдэд тус тус заасан зохицуулалтад нийцүүлэн автомашинуудыг үнэлэх ажиллагааг хийлгэх.

Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд “гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь эхнээсээ бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр болон тодорхой үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх санаа зорилготой байсан” байдаг.

Дээрх тайлбар, үндэслэлээс авч үзвэл Д.Ихбаяр нь “Тайгын булаг” ХХК, иргэн Р.Мөнх-Оргил, П.Төртөгс нарыг мөн залилан мэхлэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, 3 машиныг барьцаанд тавьж, мөнгө авахад бодит байдлаар уг машин Д.Ихбаярын өмч биш байхад тэрээр өмчлөгч мөн гэж “Тайгын булаг” ХХК-ийн ажилтанг итгүүлсэн санаа зорилго нь хууран мэхлэсэн үйлдэл болжээ.

Д.Ихбаярын П.Төртөгсөөс худалдан авсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ланд круйзер 200 загварын машины мөнгөний эх үүсвэр нь Ш.Төмөрхуягын 3 машиныг “Тайгын булаг” ХХК-д барьцаалж авсан мөнгөнөөс буюу 76-26 УНС, 76-40 УНС, 76-19УНС улсын дугаартай машинуудаас үүсэлтэй, өөрөөр хэлбэл, дараа дараагийн хүнээс мөнгө, эд хөрөнгө авахдаа гэмт хэргийн улмаас олсон мөнгөн дээр тулгуурласан, энэ байдлаа нуусан байх тул Д.Ихбаярыг бүх үйлдэлдээ бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх, итгэл эвдэх аргаар хандаж байсан гэж үзэхээр байна.  

Д.Ихбаяр нь Ш.Төмөрхуягыг хууран мэхлэж, өөрийн нэр дээр машины гэрчилгээг шилжүүлж, улмаар 3 машиныг захиран зарцуулах эрхтэй болсны дараа уг 3 машиныг өөрийн өмч биш гэдгийг мэдсээр байж, өөрийн машин гэж итгүүлэн “Тайгын булаг” ХХК-ийн барьцаанд тавьж, 54 сая төгрөг авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул,

Мөн Д.Ихбаяр нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө худалдан авсан машин гэдгийг нуун дарагдуулж, бусдаас зээл авсан тохиолдолд төлөх чадваргүйгээ мэдсээр байж Р.Мөнх-Оргилоос 20 сая төгрөг авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул,

Мөн Д.Ихбаяр нь машин худалдан авах санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө өөрийн мөнгө гэж итгэл төрүүлэн П.Төртөгсөөс 54 сая төгрөгөөр Ланд круйзер 200 загварын машин худалдан авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул “Тайгын булаг” ХХК, иргэн Р.Мөнх-Оргил, П.Төртөгс нарыг тус тус хохирогчоор тогтоох.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ.

Хохирогч Ш.Төмөрхуягийн “...манай ач хүү Б.Ганцогт нь 2015 оны 12 дугаар сард АНУ-руу суралцахаар болж надад талийгаач эцгээсээ өв залгамжилж ирсэн 76-40 УНС, 76-19 УНС, 76-16 УНС улсын дугаартай Beiben” загварын автомашинуудыг зараад өгөөрэй гэж хэлээд надад захиран зарцуулах, худалдан борлуулах итгэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийлгээд явсан. ...” /1 дүгээр хавтас, 53 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээг Б.Ганцогтын нэр дээр байгуулсан байдал, тээврийн хэрэгсэл захиран зарцуулах эрх олгох итгэмжлэл зэрэг нотлох баримтаас үзэхэд тус тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Ганцогт байна.

Иймд Ш.Төмөрхуягийг хууран мэхлэж, Б.Ганцогтод хохирол учруулсан байдлын үйл баримтыг зөв тодорхойлж, яллах дүгнэлт үйлдэх нь зүйтэй.

Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Гэрэлмаагийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 5/02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.