Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 93

 

Д.Их-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 856 дугаар магадлалтай 201625010966 дугаар эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Д.Их- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Их-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчилж, Д.Их-ыг бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 10.000 нэгжээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Их-ын цагдан хоригдсон 161 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр дүйцүүлж нийт 2.415 нэгж буюу 2.415.000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 7.585.000 /долоон сая таван зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Их-аас 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Эр-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа-гийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар хамтран гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх нь хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох бөгөөд тус хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Гэтэл шүүх иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-д учирсан 54.000.000 төгрөг, хохирогч Ш.Тө-т төлсөн 38.000.000 төгрөгийн хохирлыг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн.

Шүүх хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, арилгах шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-д учирсан 54.000.000 төгрөг болон хохирогч Ш.Тө-т төлсөн 38.000.000 төгрөгийг огт харгалзан үзэлгүй хөндлөнгийн үнэлгээний байгууллагын 100.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн тухайн дүнд бодож хохирол барагдуулсан мэтээр шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн хохирлын хэмжээг 100.000.000 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнээ иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-ийн шүүгдэгч Д.Их-т зээлдүүлсэн 54.000.000 төгрөг, хохирогч Ш.Тө-т олгосон 38.000.000 төгрөгийг хооронд нь нэмээд “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 3 автомашины /3-хх-233-247/ үнэлгээг 100.000.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээг харгалзан үзсэн нь хоорондоо илтэд зөрүүтэй шийдвэр болсон.

Хөрөнгийн үнэлгээний газрын 3 автомашины үнэлгээ нь 100.000.000 төгрөгөөр худалдах ёстой гэсэн ойлголт огт биш бөгөөд тухайн автомашины өмчлөгч нь хэнд хэдэн төгрөгөөр шилжүүлэх нь өмчлөгчийн эрх юм. Гэтэл шүүх зөвхөн шинжээчийн үнэлгээгээр үнийг тогтоож хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК нь дээрх тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн бөгөөд тухайн автомашин нь тус бүртээ 15.000.000 төгрөг болохыг хохирогч Ш.Тө- болон гэрч Ө.Өн-, Т.Бо-, н.Хи-, нотариатч В.Ба- нарын мэдүүлэг болон бусад гэрээгээр нотлогддог.

Гэтэл дээрх нотлох баримтуудыг шүүхийн шатанд шинжлэн судлуулж хэлэлцүүлсэн байтал шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй, шүүхийн шатанд хэлэлцүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Д.Их- нь иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-аас 54.000.000 төгрөг зээл аваад тэрхүү мөнгөөр 3642 УБО улсын дугаартай “Ланд-200” загварын автомашиныг гэрч П.Тө-өөс 44.000.000 төгрөгөөр худалдан аваад /1-хх99- 101/ тухайн автомашиныг ашиглан хохирогч С.Хү-, иргэний нэхэмжлэгч Р.МО- нараас нийт 40.000.000 төгрөг авсан байдаг.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Их-ын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж олсон 10.000.000 төгрөг, С.Хү-, Р.МО- нараас авсан 40.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг урамшуулан шагнасан мэт байна.

Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бодитоор олсон 50.000.000 төгрөг нь өнөөдрийг хүртэл шүүгдэгч Д.Их-т байсаар байна. Хохирогч Ш.Тө-, иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК нарын хооронд хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тохиролцоо хийгдээгүй байсан бол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн маргаан бүхий 3 автомашиныг хохирогчид олгох шийдвэр гаргавал иргэний нэхэмжлэгч байгууллагад шүүгдэгч Д.Их- нь 54.000.000 төгрөг, мөн хүү алданги гаргуулах шийдвэр гаргах байсан бөгөөд, хэрвээ иргэний нэхэмжлэгчид тухайн 3 автомашиныг олгосон бол шүүгдэгч Д.Их- нь хохирогч Ш.Тө-т 45.000.000 төгрөг олгохоор шийдвэр гаргах байсан юм.

Д.Их- нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж их хэмжээний мөнгө бодитоор авсан хэрнээ хохирогч болон иргэний нэхэмжлэгчид огт төлбөр төлөх үндэслэлгүй болж байгаа нь маш тодорхойгүй байна. Энэхүү тохиролцоонд шүүгдэгч Д.Их- огт оролцоогүй байтал хохирогч нартай харилцан тохиролцсон мэтээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх шүүгдэгч Д.Их-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг зөрчсөн. Иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-ийн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг шүүх нь няцаан үгүйсгэсэн үндэслэлийг гаргаагүй бөгөөд “ТГА” ХХК-д учирсан хохирлын хэмжээг тусгаагүй байна.

Мөн шүүгдэгч Д.Их-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчидтой харилцан тохиролцсон гэж илт худал дүгнэлт хийсэн бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлэх нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал биш юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа-гийн өмгөөлөгч Г.Мөнхбат  хэлсэн саналдаа “Шүүгдэгч Д.Их- нь хохирогч Ш.Тө-аас 3 тээврийн хэрэгслийг худалдаж авна гэж хэлээд өөрийн нэр дээр шилжүүлж аваад “ТГА” ломбардад 54.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад алга болчихсон. Арга ядаад хохирогч Ш.Тө- “ТГА” ХХК-тай уулзаж шүүх, цагдаа гэж хүлээвэл бүтэхгүй юм байна танайх 38.000.000 төгрөгөөр наад 3 тээврийн хэрэгслээ аваад цаад залилагчтайгаа та нар учраа олчих гэж гуйсны дагуу бид машины үндсэн эзэмшигчид нь 38.000.000 төгрөг өгч худалдаж авсан. Гэтэл биднээс 54.000.000 төгрөг залилж алга болсон этгээд өнөөдөр Монголын шүүхээс 10.000.000  төгрөгийн торгох ял аваад алга болчихлоо. Хэдийгээр бидэнд дээрх 3 тээврийн хэрэгсэл байгаа ч бид шударга эзэмшигчид нь 38.000.000 төгрөг өгөөд авсан юм. Шүүх хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, арилгах шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуульд зааснаар шийдвэрлэх ёстой байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-д учирсан 54.000.000 төгрөг болон хохирогч Ш.Тө-т төлсөн 38.000.000 төгрөгийг огт харгалзан үзэлгүй хөндлөнгийн үнэлгээний байгууллагын 100.000.000 төгрөгийн үнэлгээг үндэслэн тухайн дүнд бодож хохирол барагдуулсан мэтээр шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх Ш.Тө-ийн залилан мэхэлсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 100.000.000 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн хэрнээ иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-ийн шүүгдэгч Д.Их-т зээлдүүлсэн 54.000.000 төгрөг, хохирогч Ш.Тө-т олгосон 38.000.000 төгрөгийг хооронд нь нэмээд “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 3 автомашины үнэлгээг 100.000.000 төгрөг гэж тогтоосон үнэлгээг харгалзан үзсэн нь хоорондоо илтэд зөрүүтэй шийдвэр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүх баримтлах үүрэггүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Д.Их-аас 54.000.000 төгрөг гаргуулж “ТГА” ХХК-д олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жа-гийн өмгөөлөгч Т.Багахүү хэлсэн саналдаа “Хохирогч Ш.Тө-, иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК нарын хооронд хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тохиролцоо хийгдээгүй байсан бол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн маргаан бүхий 3 автомашиныг хохирогчид олгох шийдвэр гаргавал иргэний нэхэмжлэгч байгууллагад шүүгдэгч Д.Их- нь 54.000.000 төгрөг, мөн хүү алданги гаргуулах шийдвэр гаргах байсан бөгөөд, хэрвээ иргэний нэхэмжлэгчид тухайн 3 автомашиныг олгосон бол шүүгдэгч Д.Их- нь хохирогч Ш.Тө-т 45.000.000 төгрөг олгохоор шийдвэр гаргах байсан юм. Гэтэл шүүгдэгч Д.Их- нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж их хэмжээний мөнгө бодитоор авсан хэрнээ хохирогч болон иргэний нэхэмжлэгчид огт төлбөр төлөх үндэслэлгүй болж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх шүүгдэгч Д.Их-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг зөрчсөн. Иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-ийн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг шүүх нь няцаан үгүйсгэсэн үндэслэлийг гаргаагүй бөгөөд “ТГА” ХХК-д учирсан хохирлын хэмжээг тусгаагүй байна. Мөн шүүгдэгч Д.Их-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчидтой харилцан тохиролцсон гэж илт худал дүгнэлт хийсэн бөгөөд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлэх нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал биш юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. “ТГА” ХХК-аас авсан 54.000.000 төгрөг өнөөдөр хүртэл шүүгдэгч Д.Их-т байгаад байгаа тул түүнээс гаргуулж “ТГА” ХХК-нд буцаан олгуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дагуу шийдвэрлэсэн. Хэрвээ иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг ярихаар бол энэ нь тусдаа Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх нь нээлттэй. Д.Их-ын үйлдлийг зөв зүйлчилж торгох ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ 3 тээврийн хэрэгслийг 54.000.000 төгрөгийн хохиролд тооцож “ТГА” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хохирогч Ш.Тө- болон “ТГА” ХХК хоёрын хооронд үүссэн 38.000.000 төгрөгийн асуудал нь энэ хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн нийт хохирол нь 100.000.000 төгрөг. Тэгвэл иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хохиролд нь тооцож “ТГА” ХХК-д тухайн 3 тээврийн хэрэгслийг олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлтэй. Энэ хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Их-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Их- нь давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Тө-ийн эзэмшлийн ачааны зориулалттай “Beiben” загварын 3 ширхэг тээврийн хэрэгслийг нийт 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан атлаа 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ТГА” ХХК-наас авсан 54.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд үлдээж, автомашинуудын үнийг төлөлгүйг залилан мэхэлж Ш.Тө-т 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” төвд иргэн Ю.Эр-ийн “Iphone-6S” загварын гар утсыг “зараад өгье” гэж хуурч мэхлэн авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 22-ны үед иргэн С.Хү-д “Тоёота ланд круйзер-200” загварын автомашиныг барьцаалан, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж С.Хү-д 20.000.000 төгрөгийн хохирол учруулан, 3 удаагийн үйлдлээр нийт 121.400.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.Их-ын үйлдсэн гэмт хэргүүдээс иргэн Ю.Эрдэнцэцэгийг залилан 1.400.000 төгрөгийн, С.Хү-ыг залилан 20.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэргүүдийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчимд тулгуурлан түүний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх Д.Их-т холбогдох хохирогч Ш.Тө-ийг залилан мэхэлсэн хэргийн үйл баримтыг тогтоохдоо бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийн үйлдэл эхэлсэн, төгссөн нөхцөл байдлыг тогтоож дүгнэлгүй, гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараагаар бусдад тухайн эд хөрөнгийг барьцаалан зээлдүүлж байгаа харилцаа хоорондын ялгаа, шинж чанарыг зөв тогтоож, үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс автомашин залилан авсан үйлдэл, улмаар тэдгээрийг барьцаанд тавьж бусдаас мөнгө зээлсэн үйлдлүүд бүхэлдээ залилан мэхлэх гэмт хэрэг үргэлжилж байгаа мэт ойлгомжгүй дүгнэж, түүнчлэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буруу тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэж үзэхэд Д.Их- нь Ш.Тө-ийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэлгээгээс доогуур үнээр буюу 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг гэрээ байгуулмагц хийнэ гэж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан атлаа 3 хоногийн дараа уг тээврийн хэрэгслийг “ТГА” ХХК-д барьцаалж 54.000.000 төгрөг зээлсэн боловч хохирогчид тээврийн хэрэгслийн үнийг төлөлгүй мөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулжээ.

Шүүгдэгч Д.Их-, хохирогч Ш.Тө-ийн эзэмшлийн 3 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авна хэмээн хуурч, гэрээгээр халхавчлан, хариу төлбөр хийх бодолгүйгээр залилсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд харин уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг анхан шатны шүүх буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж 45.000.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ. 

Өөрөөр хэлбэл, Ш.Тө-ийг залилсан гэмт хэргийн хохирлын хэмжээг тухайн автомашинуудын зах зээлийн үнэлгээ болох 100.000.000 төгрөгөөр бус, харин талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу харилцан тохиролцсон үнээр тогтоох нь зүйтэй болно.  

Дээрх гэмт хэргийн хохиролд Д.Их- нь нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй бөгөөд хохирогч Ш.Тө- нь анх тохиролцсон мөнгөө авч чадахгүйд хүрсний улмаас иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-тай тохиролцон 38.000.000 төгрөг хүлээн авснаар нэхэмжлэх зүйлгүй гэснийг анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол барагдсан гэж дүгнэлт хийж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг дордуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдээр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрчлөх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

Иймд хохирогч Ш.Тө-т учирсан хохирол болох 45.000.000 төгрөгийг Д.Их-аас гаргуулан, 7.000.000 төгрөгийг Ш.Тө-т, үлдсэн 38.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “ТГА” ХХК-д олгуулахаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэдийгээр Д.Их-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг зөвтгөн тогтоосноор нийт хохирлын хэмжээ буурч байгаа боловч энэхүү байдал нь түүний үйлдсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, ял оногдуулах нийтлэг зарчмыг харгалзан тухайн зүйл ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “Шүүгдэгч Д.Их-аас 46.100.000 төгрөг гаргуулж, 1.100.000 төгрөгийг Ю.Эр-т, 7.000.000 төгрөгийг хохирогч Ш.Тө-т, 38.000.000 төгрөгийг “ТГА” ХХК-д тус тус олгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 856 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН