Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01457

 

 

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01457

 

 

З ХХК болон Т ХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01377 дугаар шийдвэртэй

З ХХК, Т ХК -ийн нэхэмжлэлтэй

Н-т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч З ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар З ХХК-аас 917,418,846 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол ** байрны *** тоот, 92.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 441,338,473 төгрөгөөр, 111 тоот орон сууцыг 82,732,052 төгрөгөөр, мөн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны, ** тоот, 57.76 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 275,884,310 төгрөгөөр, ** тоот 43.71 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 395,055,250 төгрөгөөр нийт 4 үл хөдлөх эд хөрөнгийг 1,195,010,085 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 4-152/25502 дугаар үнэлгээний мэдэгдлийг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авсан. Барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 2. Нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-152/25503 тоот мэдэгдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны *** тоот, 92,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 441,338,473 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны *** тоот, орон сууцыг 82,732,052 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 57,76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 275,884,310 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 43,71 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 395,055,250 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэнийг эс зөвшөөрч байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар З ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 912,627,559.34 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4,791,287.08 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгох ажиллагаа явагдаж байна. Талуудын зөрүүтэй санал хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгосон боловч хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан хандлагын аргаар үнэлэхдээ хөрөнгийн шинээр баригдах өртгийг тооцох аргаар үнэлсэн. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг хэдээр үнэлэх нь нээлттэй ба төлбөр авагч өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг.

Шинжээч зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа байршил, ашиглалтын нөхцөл байдлыг өнгөц дүгнэсэн. Талууд барьцааны гэрээ байгуулан үүргийн гүйцэтгэлийг хангах үнэлгээг харилцан тохиролцсон бөгөөд ирээдүйд орон сууцны зориулалттай барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээний хэлбэрээр зөвшөөрөл олгогдохгүйг анхаараагүй зөвхөн одоогийн зах зээлийн ханш, хандлагыг баримжаалсан нь учир дутагдалтай бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан нөхцөлд нийцэхгүй байна.

Иймд зах зээлийн хандлагаар үнэлсэн гэх үнэлгээний тайлан, тайланд тулгуурлан төлбөр авагчид ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар З ХХК-аас 917,418,846 төгрөгийг гаргуулж Т ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ЗХХК-ийн захирал Г.Х-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот, 43.71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот 57.76 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны *** тоот, 92.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны *** тоот 16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20280836/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20280863/03, 20280863/152-04, 20280863/152-1, 20280863/152-2 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч З ХХК-ийн захирал Г.Х эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай 66 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 700 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 800 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 900 сая төгрөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 800 сая төгрөгөөр тус тус үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийг томилж, үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 395,055,250 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 275,884,310 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 441,338,473 төгрөгөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 82,732,052 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч З ХХК-ийн захирал Г.Х нь үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 819 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч З XXК нь төлбөр төлөхөөс санаатай зайлсхийж, төлбөр авагч Т ХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ЗХХК-ийн дөрвөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК-ийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч ЗХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч З ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ЗХХК-ийн 4 үл хөдлөх эд хөрөнгийг 1,195,010,085 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Энэ үнэлгээ ковидын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ буурсан үед үнэлсэн үнэлгээ юм. Одоогоор байгууллага аж ажуй нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн болж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан байдаг. Дээрх үндэслэлүүдийг нэхэмжлэлдээ дурдсан боловч бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бид үнэлгээг зөвшөөрхгүй дахин үнэлгээ хийлгэе гэж Н-т хүсэлт өгсөн ч шийдээгүй юм. Манай дээрх үл хөдлөх хөрөнгө нь одоогийн зах зээлийн ханшаар 1,950,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч талаас тус тус тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч З ХХК болон Т ХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар ЗХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 912,627,559.34 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4,791,287.8 төгрөгийг тус тус гаргуулан Т ХК-д олгож, З ХХК шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, 66 тоот, үйлчилгээний зориулалттай, 43.71 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203001728 дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот, үйлчилгээний зориулалттай, 57.76 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, *** тоот, үйлчилгээний зориулалттай, 92.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-220300**** дугаартай, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, *** тоот, 1 өрөө, 16 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 3.1. Төлбөр төлөгч, өмчлөгч З ХХК төлбөр авагч Т ХК-тай үнийн талаар тохиролцоогүй тул төлбөр авагчаас шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

3.2. С ХХК-ийн үнэлгээчин Г.О-т шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан эрх, үүргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тайлбарлан танилцуулсан байна. Шинжээчээр томилогдсон С ХХК-ийн үнэлгээчин Г.О нь хөрөнгийн үнэлгээний тайландаа ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 395,055,250 төгрөгөөр, ** тоот үл хөдлөх хөрөнгийг 275,884,310 төгрөгөөр, 110 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 441,338,473 төгрөгөөр, *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг 82,732,052 төгрөгөөр, нийт 1,195,010,085 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаарх мэдээллийг /ашиглалтад орсон он, байршил, бүтээц, талбай, дотор засал г.м/ бүрэн тусгаж, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 4. Түүнчлэн нэхэмжлэгч З ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэн, одоо үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн гэж давж заалдах гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.

Нэхэмжлэгч З ХХК-аас энэ талаар хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг шийдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч ЗХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ЗХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01377 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1,2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З ХХК болон Т ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 гэж дугаарласныг 2 гэж, 4 гэж дугаарласныг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЗХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН