Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00745

 

 

 

 

 

 

Баярчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Кэй Би Жи Эс” ХХК-ийн захиргааны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад захирлын 15/73 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 135 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа хүлээж аваагүй.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх цалин 60,003 юань буюу 20 548 028 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Капитрон банк” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Бид нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манай талын гаргасан гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалин нэхэмжлэх эрх үүссэн гэж үзсэн.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч гомдлоо 1 сарын дотор буюу 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргах байсан. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарыг хүртэл цалин нэхэмжлэх эрх нь байсан гэдгийг Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 467 тоот тогтоолд заасан. Үүнээс хойш 1 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан.Mөн Улсын дээд шүүхийн тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасан хүсэлтийг яагаад хангаагүй гэхээр энэ асуудал нь шүүгч захирамжаар шийдвэр гаргах биш, шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэр гаргаж хэлэлцүүлэх ёстой гээд хүлээж авахгүй буцаасан. Шүүх бүрэлдэхүүн 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахгүй, энэ нь өөрөө буруу халснаас учирсан үр дагавар гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаас хойш 1 сарын дараа шүүхэд хандана гэдгээр үзэх юм бол нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш 1 сарын дотор гаргасан.Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд хандаж үлдсэн цалингаа нэхэмжлэх эрх нь мөн өдрөөс хуулийн хүчин төгөлдөр, мөн Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн гэж үзвэл нэхэмжлэгч 7 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байна. Хэрэв энэ үндэслэлийг авч үзэхгүй, хамааралгүй гэж үзвэл 3 жилийн дараа ч юм уу хэзээ ч нэхэмжлэл гаргах эрх хэмжээтэй болж байгаа. А.Баярчимэгт компанийн зүгээс өнөөдрийн байдлаар 12 000 000 төгрөг олгосон. Сул зогсолтын олговрыг бодож олгосон. Бид сул зогсолттой холбоотой тэтгэмж өгч байгаа ч гэсэн А.Баярчимэгийг ажил олгогчийн зүгээс дуудахаар ирдэггүй. Цаашид 20 000 000 төгрөгийг олгох санхүүгийн боломж байхгүй.Энэ бүгдийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч “Кей Би Жи Эс” ХХК-иас 20 548 028 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/ гаргуулж, нэхэмжлэгч А.Баярчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 260 700 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 260 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч нь өөрөө “Кэй Би Жи Эс” ХХК-г “анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, шийдвэрт гомдол гаргаж явах хугацаанд миний бие ажлаа хийлгүй цалин авч чадаагүй, хэрвээ би энэ хугацаанд ажилласан бол ийм хэмжээний цалин авах ёстой” гээд тухайн олох ёстой байсан цалингаа нэхэмжилсэн. Тэгэхээр А.Баярчимэг нь олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн асуудалд анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг хэрэглэж цалин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй удаашруулсанаас нэхэмжлэгч А.Баярчимэг нь цалингаа авч чадаагүй гээд цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тухайн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “биелүүлээгүй” гэж буруутгаад буй шүүхийн шийдвэр нь гараагүй байсан ба 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Тэгэхээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь гараагүй байхад шийдвэр биелүүлээгүй гэж буруутгаж цалин гаргуулж буй нь үндэслэлгүй болно.Хамгийн гол нь давж заалдах шатны шүүхээс үзэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120, 122 дугаар зүйлд зааснаар гомдол гаргаснаар, шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явагдахгүй байх ийм ойлголтыг зохицуулсан тул та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр А.Баярчимэгийг ажилд нь авах ёстой гэх утга бүхий тайлбарыг хийсэн. Тэгэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн тайлбарласнаар үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шууд ажилд нь авах ёстой бөгөөд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах тохиолдолд ажилд нь авсаныхаа хажуугаар гомдлоо гаргаад давхар зэрэг явах ёстой гэх утгаар тайлбар хийсэн.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхдээ зөвхөн үүнтэй холбоотой баримт бичгээ шүүхэд ирүүлээгүй үндэслэлийг дурдсан байгаа болохоос энэхүү асуудалд яагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй талаарх шүүгчийн шийдвэрээ үндэслэл бүхий тайлбар хийж, үндэслээгүй, хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хуулийн үндэслэлийг дурдаагүй болно.Харин анхан шатны шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үйл баримтыг тогтоосон баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа болно. Нэхэмжлэгч нь “цалин хөлсөө зохих журмын дагуу авч чадаагүй” гэдэг үндэслэлээр буюу зөвхөн “цалин хөлстэй” холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1. болон 129.2.-т заасныг зөрчиж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг явуулалгүй шууд шүүхэд хандсан шаардлага гаргасан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 1 сарын дотор шууд шүүхэд гаргахаар” заасан байдаг. Харин мөн хуулийн 129.1-д “129.2-т заасан дээрх 2 маргаанаас бусад маргааныг 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргахаар” заасан байна. Өөрөөр хэлбэл зөвхөн ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн маргааныг шууд шүүхэд хандахаар, бусад шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахаар заасан байна....Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Баярчимэгийн цалин хөлстэй холбоотой шаардлагыг анх тутам Хөдөлмөрийн маргаан таслах комис шийдвэрлэх ёстой.2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.Баярчимэгт буруу халагдсаны олговорт “7 710 490 төгрөгийг гаргуулах” шийдвэр гарсан ч хариуцагчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т заасан эрхээ эдэлж, А.Баярчимэгт “Кэй Би Жи Эс” ХХК-иас “7 710 490 төгрөгийн олговрыг олгох үндэслэлгүй, ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй” гэж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн анхан шатны шүүхийн ажиллагаагаар дуусгавар болдоггүй билээ.Хамгийн гол нь хэн ч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсний төлөө хэн нэгний өмнө цалин олгоогүй, буруутан болох учиргүй билээ. Давж заалдах шатны шүүхээс тус хүсэлтийг хангахгүй орхихдоо хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг анхан шатны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гэж үзээд, дахин цалин хөлсөө нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж тайлбарласан. Гэтэл тус иргэний хэрэг нь зөвхөн анхан шатаар шийдвэрлэгдээгүй Монгол Улсын Дээд шүүх хүртэл явсан маргаан байсан.Давж заалдах шатны шүүх нь А.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 3 cap болон 1 сарын хөөн хэлэлцэх хугацаануудын аль нь ч хамаарагдахгүй гээд хөөн хэлэлцэхтэй холбоотой хариуцагчийн татгалзлыг хүлээн аваагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага жилийн дараа, хэдэн жилийн дараа ч гаргаж болохоор юм. Учир нь шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй” гэсэн бөгөөд үүнийг зөвтгөсөн хууль зүйн үндэслэл аль ч хууль тогтоомжинд байхгүй билээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д шүүхээр шийдвэрлэх 2 үндэслэлийг дурдаад шүүхэд хандах хугацааг 1 сарын дотор байхаар тогтоосон. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “129.1-д зааснаас бусад маргаан буюу дээрх 2 үндэслэлээс бусад хөдөлмөрийн харилцаанд холбоотой бүхий л маргааныг 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахаар заасан. Тэгэхээр аливаа хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа нь 1 cap болон 3 сарын дотор гэсэн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах болж байгаа юм.Гэтэл анхан шатны шүүх нь энэхүү маргаан нь “буруу халснаас үүдэлтэй олговрын асуудал тул шууд шүүхэд хандах ёстой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шууд шүүхэд хандах тохиолдлын 1 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй болно. Харин давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаан дээр өөр хугацааг барих ёстой гэж үндэслэжээ. Тэгэхдээ ажилд авсан тушаал гаргасан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг авч үзэхээр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзсэн ч А.Баярчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрүүдээр тооцож үзэхэд ч хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байгаа юм.Иймд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Баярчимэг нь хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Кэй Би Жи Эс” ХХК нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Баярчимэг “Кэй Би Жи Эс” ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15\73 дугаартай тушаалаар захиргааны менежерийн ажлаас халагдсан байх ба Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102\ШШ2016\00135 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар магадлал, Улсын Дээд шүүх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 001\ХТ2016\00679 дүгээр тогтоолоор Б.Баярчимэгийг “Кэй Би Жи Эс” ХХК-ийн захиргааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 7 710 490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч А.Баярчимэг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, түүний шаардлагын агуулга Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажлаас халах тушаал гарснаас хойш шүүхээр асуудал хэлэлцэгдэх үе орж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх буюу биелүүлэх боломжгүй болох үе хүртэлх бүх хугацаа хамаарна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг байна. Нэхэмжлэгч А.Баярчимэг нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үеэс өөрт учирсан хохирлын хэмжээг нэгтгэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-д зааснаар тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна.

Нэхэмжлэгч А.Баярчимэгийг ажилд нь эгүүлэн тогтоох тухай анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдлыг хариуцагч тал гаргасан байх ба хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр батлагдан хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны, мөн уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бүх хугацаанд нэхэмжлэгчийн авах ёстой байсан цалинтай тэнцэх нөхөх олговрыг ажил олгогч хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

Ажил олгогч ажилтныг хууль бусаар ажлаас халаагүй бол ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх иргэний хэргийн үүсгэж, хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул өөрийн үйл ажиллагааны эрх зүйн үр дагаврыг хууль бус тушаал гаргасан ажил олгогч бүрэн хэмжээгээр хариуцах үүрэгтэй.

Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн талаар давж заалдах болон хяналтын гомдол гаргах нь хэргийн оролцогчийн эрх болохоос бус үүрэг биш юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан эрхийг эдэлснээр ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг эрх эдлэгч өөрөө мэдэж, уг эрхийг эдлэх эсэхээ өөрөө шийдвэрлэх учиртай. Аливаа эрхийг эдлэх нь бусдын эрхийг зөрчих учиргүй ба шүүхийн шийдвэрийг зөвшөөрөн биелүүлэх, түүнд гомдол гаргах эрхийн альныг нь сонгох, үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг тооцоолох нь мөн эрх эдлэгчийн мэдлийн асуудал болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН