Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 5

 

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Б.От холбогдох 1921007850150 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 08 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Адуучин овогт Б.О нь Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Оыг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэрч тавьж, 164.452.227,5 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Оаас 766.500 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт олгуулах, иргэний нэхэмжлэгч Ц.М нь байгаль экологид учирсан хохирол 154.185.727,5 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдаж, шүүгдэгч Б.Оын эзэмшлийн 700 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Оаас нийт 2.308.357 төгрөг гаргуулж, 766.500 төгрөгийг Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт, нөхөн төлбөрийн 1.541.857 төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус олгож, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол гарсны дараа иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газарт шууд бус зардлын 766.500 төгрөгийг Төрийн банкаар шилжүүлэн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Арсланбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт үйлдлийн улмаас байгаль орчин, экологид 154.185.727,5 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байх ба Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Оын буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг ямар нотлох баримтанд үндэслэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт зааснаар бууруулсан, ямар үндэслэлээр хохирлыг 1 хувиар тогтоож гаргуулахаар шийдвэрлэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.’’ гэж заасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад хуулийн зорилт, зарчимд нийцэхгүй нөхцөл байдал бий болж байна.

Шүүгдэгч Б.О гэмт үйлдлийнхээ улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй талаараа илэрхийлдэг бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 766.500 төгрөгийг Дорнод аймгийн Булган сумын засаг даргын тамгын газарт Төрийн банкаар шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Иймд Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийг удирдлага болгон Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндолгор хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйлгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Дорнод аймгийн Булган сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Мийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор байцаасан. Гэтэл иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон шийдвэр хэрэгт байхгүй. Харин Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан ой хээрийн түймрийн хохирлыг тогтоох комисст Ц.М томилогдсон. Мөн ой хээрийн түймрийн хохирлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар томилогдсон комисс тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлд их хэмжээний хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Гэтэл хохирлыг тогтоосон акт эргэлзээтэй. Мөн Ц.М нь иргэний нэхэмжлэлээс татгалзсан нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Арсланбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.От холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Адгийн овоот” гэх газар “Ниссан Санни” маркийн 73-80 ДОА улсын дугаартай автомашиныг жолоодон байгалийн өвс ихтэй, замгүй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хээрийн түймэр гарч, 7769.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 154.185.727.5 төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 766.500 төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн иргэн Ж.От 4.950.000 төгрөг, Ж.О 800.000 төгрөг, Д.Г 530.000 төгрөг, Б.Б 1.220.000 төгрөг, С.О 2.000.000 төгрөгийн хохирол, нийт 164.452.227.6 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан бөгөөд хохирогч гэм хорын хохирол нэхэмжлэхээс татгалзсан явдал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой нөхөн төлөөгүй байхад анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөхийн оронд шүүгдэгч Б.Оын төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан түүнээс байгаль орчинд учруулсан хохирлын 1 хувьтай тэнцэх хэмжээг нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, яагаад шүүгдэгч Б.Оыг төлбөрийн чадваргүй гэж үзэж, ямар үндэслэлээр түүний төлбөл зохих хохирлын хэмжээг 1 хувь хүртэл бууруулж тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Түүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Оын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэв.

Тухайлбал, өөр түймрийн хэрэгт буюу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт гарсан түймрийн хохирлыг тогтоолгох зорилгоор Булган сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаар захирамжаар /хх-16/ байгуулагдсан комисс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарсан хээрийн түймрээс байгаль экологид учирсан хохирлыг 154.185.727.5 төгрөгөөр тогтоож, 2019/03 дугаартай акт /хх-17/ гаргажээ.

Булган сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/110 дугаар захирамжаар байгуулагдсан комиссын 2019/03 дугаартай акт нь Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй байхад шүүх тухайн актыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу байна.

Мөрдөгч нь энэ хэрэгт Байгаль орчны улсын байцаагч ажилтай Ц.Мийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч /хх-36/ Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газраас түүнийг иргэний нэхэмжлэгчээр томилсон шийдвэр, мөн хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээс татгалзах эрх олгосон тухай итгэмжлэл хавтаст хэрэгт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.От холбогдох хэргийг прокурорт буцааж, хуульд заасан журмын дагуу шинжээч томилж, байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгох талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3  дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.От холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.От урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                           ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР                                                                                               

                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН