Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0105

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Э.А........г,

шүүгдэгч З.С.........ид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчу овогт З........рын С.........идийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0635 80022 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр  сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчу овогт З........рын С.........ид, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй.............тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЙЛ84121317.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч З.С.........ид нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод “Гадуур хоносон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.А........гийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч З.С.........ид мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хохирогч Э.А........г мэдүүлэхдээ: “...Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь манай нөхөр байх тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Э.А........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие нөхөр С.........идтэй 2000 онд танилцсан. Удалгүй 2002 онд хүү Б.........рж, 2004 онд хүү Б.......г, 2014 онд охин Б.......уа нар мэндэлсэн. Манай нөхрийн хувьд одоогоор хувиараа микро автобус барьдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би ажлаасаа 22 цаг 30 минутад гэртээ ирсэн. Тэгэхэд нөхөр маань гэртээ ирээгүй байсан. Удалгүй 10-20 минутын дараа манай нөхөр орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн учир нь би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр оюутан ангийнхан маань шинэ жил тэмдэглэсэн, тухайн өдөр би найзуудтайгаа гадуур хоносон юм. Тэрнээс болж манай нөхөр чи гадуур хонолоо бөгсөөрөө мөнгө оллоо гээд байхаар нь би уурлаад чи муу бас олон хоног гадуур архидаад явдаг биз дээ гээд нөхөр бид хоёр ноцолдсон. Тэгээд нөхөр маань миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Ноцолдож байхад баруун шилбэ хөхөрчихсөн байсан. ...миний зүүн талын нүд рүү нөхөр маань гараараа нэг удаа цохисон...харин ноцолдож байхад баруун шилбэний гэмтэл үүссэн...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

2. Насанд хүрээгүй гэрч С.Б.......жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав, ээж хоёр том өрөөнд юм яриад сууж байсан...тэгтэл удалгүй аав, ээж хоёр маргалдсан, маргалдсан шалтгаан нь ээж маань 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа хамт шинэ жил тэмдэглээд гэртээ ирж хоноогүй юм, тэрнээс болж маргалдсан. ...Тэгээд ээжийг харахад зүүн талын нүдний дээд зовхи болон нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14513 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд дээд хэсэгт 4х5см хөх ягаан өнгийн цус хуралттай....ДҮГНЭЛТ

1. Э.А........гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

4. Шүүгдэгч З.С.........идийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн орчим гэртээ ирэхэд манай эхнэр хүүхдүүд гэртээ байж байсан. Би гэртээ орохдоо бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхэд эхнэр А........г над руу уурлаад чи муу дандаа архи согтууруулах ундааны зүйл ууж байх юм гээд хэрүүл болсон. Би тэгэхэд нь чи муу хоёр гурав хонгийн өмнө гадуур хоносон биз дээ, бөгсөөрөө мөнгө олдог пизда биз дээ гээд хэрэлдсэн жоохон ноцолдсон эхнэрийнхээ зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91),

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 92-100, 101-103), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 8-10),

- Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 126, 127), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 128, 129),

-Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 51),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 16, 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60-68), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 17-19), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71-72) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.С.........идэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч З.С.........ид нь Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “Гадуур хоносон” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Э.А........гийг нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.А........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие нөхөр С.........идтэй 2000 онд танилцсан. Удалгүй 2002 онд хүү Б.......ж, 2004 онд хүү Б.......г, 2014 онд охин Б.......уа нар мэндэлсэн. ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би ажлаасаа 22 цаг 30 минутад гэртээ ирсэн. Тэгэхэд нөхөр маань гэртээ ирээгүй байсан. Удалгүй 10-20 минутын дараа манай нөхөр орж ирсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Учир нь би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр оюутан ангийнхан маань шинэ жил тэмдэглэсэн, тухайн өдөр би найзуудтайгаа гадуур хоносон юм. Тэрнээс болж манай нөхөр чи гадуур хонолоо бөгсөөрөө мөнгө оллоо гээд байхаар нь би уурлаад чи муу бас олон хоног гадуур архидаад явдаг биз дээ гээд нөхөр бид хоёр ноцолдсон. Тэгээд нөхөр маань миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Насанд хүрээгүй гэрч С.Б.......жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээжийг харахад зүүн талын нүдний дээд зовхи болон нүд нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14513 дугаар дүгнэлт “...1. Э.А........гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14),

- Шүүгдэгч З.С.........идийн мөрдөн байцаалтад өгсөн: “...гэртээ орохдоо бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхэд эхнэр А........г над руу уурлаад чи муу дандаа архи согтууруулах ундааны зүйл ууж байх юм гээд хэрүүл болсон. Би тэгэхэд нь чи муу хоёр гурав хонгийн өмнө гадуур хоносон биз дээ, бөгсөөрөө мөнгө олдог пизда биз дээ гээд хэрэлдсэн жоохон ноцолдсон эхнэрийнхээ зүүн нүд рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-91) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл З.С.........ид нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гадуур хонолоо” гэх сэдэлтээр, хохирогч Э.А........гийг эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч С.С.........ид, хохирогч Э.А........г нар нь эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч З.С.........идийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.А........г нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч З.С.........ид нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч З.С.........идийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч З.С.........идэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.С.........ид, хохирогч Э.Амацэцэг нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч З.С.........ид нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.С.........идэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0635 80022 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчу овогт З........рын С.........идийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.С.........идийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С.........ид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ