Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0135

 

“Б ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Зэвсэгт хүчний Жанжин штаб, тендерийн

Үнэлгээний хороонд тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг

Шүүгчид:                   Х.Батсүрэн

Д.Мөнхтуяа   

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0499 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 454 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Т.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 250 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “Б ...” ХХК-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЗХЖШ/202101010 дугаартай тендерт “М ...” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний Жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М ..." ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгуулах” нэхэмжлэл гаргасан.

            2. Хэргийн нөхцөл байдал: “Б ...” ХХК нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас зарласан “ЗХЖШ/202101010 дугаартай “Хувцас, хэрэглэл худалдан авах” тендер шалгаруулалтын 4 дүгээр багцад оролцсон. Уг багцад “М ...” ХХК-ийг шалгарсныг эс зөвшөөрч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1856 дугаар албан бичгээр тус тендер шалгаруулалтын 5 дүгээр багцад гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/1140 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын 4 дүгээр багцын үнэлгээг дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1790 дүгээр албан бичгээр “Б ...” ХХК-ийн тендерээс татгалзаж, уг багцад “М ...” ХХК шалгарсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн.

            3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0499 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэг, 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн гаргасан “ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М ...” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, “М ...” ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн шаардлага болох “нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 454 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 499 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн гаргасан ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М ...” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, “М ...” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх” гэрээ №04-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ...” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

            5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ. Тодруулбал, нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 14:45 минутад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн [email protected] цахим шуудангийн хаягаар өөрийн цахим тендерийн материал болох 50 хуудас баримт болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болох 108 хуудас баримтыг PDF өргөтгөлөөр хүргүүлсэн байдаг.

            5.2. Энэхүү баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч компанийн тендер “хамгийн сайн” гэж үнэлэгдэх ёстой, нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой хэмээн маргасан бөгөөд шүүх энэхүү баримтыг хэрэгт хавсаргаагүй, давж заалдах шатны шүүх рүү хүргүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны хэрэг нотлох баримтгүй давж заалдах шатны шүүх рүү хүргэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.

            5.3. Гуравдагч этгээд “М ..." ХХК-ийн баримтыг хариуцагч Зэвсэгт хүчний Жанжин штаб дээрхтэй ижил шүүхийн цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн бөгөөд шүүх тухайн баримтыг хэвлэн хэргийн 1 дүгээр хавтсын 171-221 дүгээр хуудаст хавсаргасан атлаа, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамгийн ач холбогдолтой баримтыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх ...” гэж нэхэмжлэгчийн эрх, тэгш мэтгэлцэх зарчмын үндсийг тодорхойлсон. Харамсалтай нь шүүхийн алдаатай ажиллагааны улмаас энэхүү эрх маань зөрчигджээ.

            5.4. “Б ...” ХХК-ийн цахим тендер шалгаруулалтад өгч байсан буюу шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн тендерийн баримтыг анхан шатны шүүх хуралдаанд шүүгч судалсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд ердөө “Даргалагч: Нотлох баримтыг шинжлэн судалъя. Даргалагч: Нотлох баримтыг шинжлэн судалж дууслаа” гэх байдлаар бичигджээ. Ийнхүү судалж, үнэлсэн баримтуудаа цаасаар ч, цахим байдлаар ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлээгүй болохыг хавтаст хэргээс, хэрэг хүргүүлэх тухай анхан шатны шүүхийн албан бичгээс тун тодорхой харж болохоор байна.

            5.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д заасны дагуу нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

            6. Хариуцагч болон гуравдагч этгээдээс бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

            7. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            8. Нэхэмжлэгч “Б ...” ХХК-аас “ЗХЖШ/202101010 дугаартай тендерт “М ...” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний Жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М ...” ХХК-тай байгуулсан Хувцас хэрэглэл худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            9. Хэрэгт гуравдагч этгээд “М ...” ХХК-ийн тендерийн материал нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгчийн тендерийн материал авагдаагүй байна.

            10. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 14:45 минутад нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн [email protected] цахим шуудангийн хаягаар өөрийн цахим тендерийн материал болох 50 хуудас баримт болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа болох 108 хуудас баримтыг PDF өргөтгөлөөр хүргүүлсэн” гэжээ.

            11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заажээ.

            12. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй боловч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх” эрхийг уг хуулиар хязгаарлаагүй. Энэхүү зохицуулалтын дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж хэрэгт нотлох баримтаар авах, эсхүл нотлох баримтаас хасах эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар шийдвэрлэхээр байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтыг “нотлох баримтаас хассан” тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

            14. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн гэх нотлох баримтыг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан, эсхүл хэргийн нотлох баримтаас хассан тухай баримт хэрэгт байхгүй.

            15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний Жанжин штабт даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхийн цахим шуудангийн хаягаар хүргүүлсэн гэх нотлох баримтыг үнэлсэн нь эсэх нь шийдвэрт тодорхой тусгагдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд ямар нотлох баримт судалсан талаар дэлгэрэнгүй тусгаагүй, харин “Даргалагч: Нотлох баримт шинжлэн судалъя. Нотлох баримтыг шинжлэн судалж дууслаа” гэж хэт ерөнхий байдлаар бичигджээ.

            16. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийн материал болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг нотлох баримтаар хүргүүлээгүй (цаасан болон цахим /CD/ хэлбэрээр) байна.

            17. Нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг (нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах) шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн тендерийн материалыг хэрэгт авч, нотлох баримтаар үнэлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй, харин өөрийнхийг бүрэн хангасан тул шалгарах ёстой байсан гэж дээрх шаардлагын хүрээнд маргажээ.

            18. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийн материал болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг нотлох баримтаар аваагүй (давж заалдах шатны шүүх), хүргүүлсэн боловч нотлох баримтыг хүлээн авч үнэлсэн эсэх нь тодорхойгүй (анхан шатны шүүх) учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн байна.

19. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0499 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 454 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                 Х.БАТСҮРЭН

Д.МӨНХТУЯА

Ц.ЦОГТ