Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0267

 

  

“ Б э Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд,

Нэхэмжлэгч: “ Б э Б Э” ХХК,

Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штаб, ЗХЖШ/202101010 дугаартай тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “М И” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “ЗХЖШ/202101010 дугаартай тендерт “М И” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М И” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэгсэл худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 154 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Т.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0414/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК нь Зэвсэгт хүчний жанжин штаб, ЗХЖШ/202101010 дугаартай тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЗХЖШ/202101010 дугаартай тендерт “М И” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М И” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэгсэл худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК-ийн гаргасан “ЗХЖШ/202101010 дугаар тендерт “М И” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл /дүгнэлт/ №4, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1791 дугаартай гэрээ байгуулах мэдэгдэл, “М И” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэх гэрээ” №4-ийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.3, 27.4 дэх заалтыг хариуцагч зөрчсөн. Гуравдагч этгээд “М И” ХХК-ийн түүхий эд, материал нь MNS0086:2002 стандартын 5.6-д заасан оёдлын утасны даалтын шаардлага хангахгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх “Тендерийн баримт бичигт оёдлын утасны даалт хэд байх талаар нарийвчлан тусгаагүй, ... оёдлын утасны даалтаас хамаарч тендерээс татгалзах үндэслэлгүй” гэж үгүйсгэжээ. Гэтэл MNS0086:2002 стандартын удиртгал хэсэгт “энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө” гэж заасан байдаг бөгөөд “М И” ХХК нь савхин хувцасны оёдлын үйлдвэрийн хувьд ийм стандарт байдаг гэдгийг мэддэг, мөрддөг байх ёстой. Заавал мөрдөх ёстой стандартын шаардлагыг тендерийн баримт бичигт нэрлэн заагаагүй учраас мөрдөхгүй мөрдөхгүй байж болно дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Хувцасны материал оёдлын утасны даалтын шаардлага хангаагүйгээс хувцас нь урагдах, оёдлоороо сэтрэх эрсдэлтэй болохыг мэргэжлийн хүн тодорхойлсон болохыг нотлох баримтаас харж болно.

Мөн гуравдагч этгээд “М И” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” 14.1.2-д “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж, тендерт оролцсон. “ Б э Б Э” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сангийн яам “М И” ХХК-ийг улсад төлөх татвар, хураамж, төлбөрийн өртэй гэдгийг эцэслэн тогтоочихсон, Сангийн яамны энэхүү шийдвэртэй “М И” ХХК маргаагүй байдаг.

3.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэх заалтын дагуу захиргааны үйл ажиллагаа хэрэгжих ёстой, 3 гишүүний гарын үсэг зурагдаагүй нь хуулийн императив зохицуулалтыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх хөл хорио тогтоосон байсан тул 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар хуралдаж, тухайн хуралдааны тэмдэглэлд 3 гишүүний нарын үсэг зурагдаагүйг буруутгах боломжгүй гэж алдаатай дүгнэлт хийлээ.

Шүүх энэхүү дүгнэлтээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Хуульд үндэслэх” гэж заасан зарчмуудыг зөрчсөн байна. Шүүх эрх зүйн эх сурвалжийн эрэмбийг харгалзах бөгөөд Засгийн газрын шийдвэр гарсан тул “хууль зөрчсөн нь зөв” гэж дүгнэж болохгүй. Төрийн тусгай алба хаагчид, тусгайлан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаагүй байсныг дурдах нь зүйтэй байна. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо цахимаар ч хуралдаагүй ердөө хоорондоо утсаар яриад л шийдвэрээ гаргасан болохыг хуралдааны тэмдэглэлээс харж болно. Ийм илтэд алдаатай захиргааны шийдвэрийг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны, үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна. Цахимаар хуралдаж байгаа ч тэмдэглэлд нөхөн гарын үсэг зуруулж, хуулийн шаардлагад нийцүүлэх үүрэг хариуцагчид байсан.

3.3.Хариуцагч нь тендерийн хүчинтэй байх хугацаандаа гэрээ байгуулаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4-т заасныг илтэд зөрчсөн. Хувцас хэрэглэл худалдан авах тендер нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нээсэн, Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал түдгэлзсэн хугацааг хасвал тендер нээснээс хойш 54 хоногийн дараа гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд “ ... тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэх хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн.

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн атлаа “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа ... гэрээ байгуулна” гэх заалтыг зөрчиж, 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан.

Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, Сангийн яаманд гомдлоо шийдвэрлүүлснээс хойш тендер шалгаруулах хугацааг дахин тоолно гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний бүдүүлэг алдаа бөгөөд “тендерийн хүчинтэй байх хугацааг”-г “хөөн хэлэлцэх хугацаа” гэх ойлголтод хамааруулсан нь үндэслэлгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хоёр үндэслэлийг тодорхойлсон бөгөөд эдгээр үндэслэл хоёул бүрдсэн байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Хариуцагчийн захиргааны үйл ажиллагаа болон энэхүү үйл ажиллагааг зөвтгөсөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан шударга ёс, хууль дээдлэх зарчмууд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмууд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд дээдлэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмуудтай зөрчилдөж байна. Шүүх хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг илтэд хангаагүй байна. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн бүх тайлбараа дэмжиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК-аас “ЗХЖШ/202101010 дугаартай тендерт “М И” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагч Зэвсэгт хүчний жанжин штабын гэрээ байгуулах тухай мэдэгдэл, “М И” ХХК-тай байгуулсан “Хувцас хэрэгсэл худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штабт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Зэвсэгт хүчний жанжин штаб, ЗХЖШ/202101010 дугаар тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргажээ.

2.Зэвсэгт хүчний жанжин штабаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Тендерийн урилгаар[1] зарласан “Зэвсэгт хүчний 2021 оны хэрэгцээт хувцас хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” тендерийн багц №4-д 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/1140 дүгээр албан бичгээр[2] “М И” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн байна.

3.Нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар албан бичгээр Сангийн яаманд “Тус багцад шалгарсан “М И” ХХК нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас зарласан тус тендертэй нэг өдөр нээгдсэн Цагдаагийн ерөнхий газрын тендерт татварын өртэй гэсэн шалтгаанаар хасагдсан” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.

4.Сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/1856 дугаар албан бичгээр[3] Зэвсэгт хүчний жанжин штабт хандан 4 дүгээр багцад гэрээ байгуулах эрх олгосон “М И” ХХК-ийг татварын өртэй байхад шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, захиалагч Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалтын зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.7-д заасныг зөрчсөн тул тус тендер шалгаруулалтын багц №4-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/1140 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, тухайн багц №4-д дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн байна.

5.Үүний дагуу Үнэлгээний хорооны 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар[4] “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар тухайн татварын өрийг өр гэж үзэхгүй, хуульд заасан хугацаандаа төлөгдөх ёстой татвар” гэж үзэн багц №4-д дахин санал хурааж “М И” ХХК-ийг 100 хувийн саналаар шалгаруулжээ.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн “тендер нээх үед “М И” ХХК нь татварын өр төлбөргүй, үнэлгээний хорооны цахим сангаас авсан усны төлбөрийн үлдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан татварын өрд хамааралгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

            7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна:”, 11.1.2-т “үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, “27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.” гэж заажээ.

            8.Тендерийн урилга, тендерийн баримт бичигт[5] MNS6414:2013, MNS6415:2013 стандартын шаардлагыг баримтлахаар тусгаж, оёдлын утасны даалт хэд байх талаар нарийвчлан тусгаагүй, энэ талаарх аливаа төрлийн шаардлага тавигдаагүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тухайн тендер шалгаруулалтад оролцсон гэдэг нь тогтоогдож байна.

9.Иймд тендерийн баримт бичигт оёдлын утасны стандартыг нарийвчлан заагаагүй үндэслэлээр уг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3-д заасныг зөрчсөн хууль бус гэж үзэх, тендерт ялагч гуравдагч этгээд компанийг оёдлын утасны даалтын MNS0086:2002 стандартыг хангахгүй, чанаргүй оёдлын утсаар хийсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ, тус компани оёдлын утасны даалтын стандартыг мэдэхгүй, мөрдөхгүй гэж үзэх үндэслэлгүй  бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

            10.Хариуцагч 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахимаар 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр буюу 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, тендерт ирүүлсэн баримт бичиг, үнийн санал зэргийг харгалзан үзэж 100 хувийн саналаар гуравдагч этгээдийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзсэн байх бөгөөд хэрэгт авагдсан тендер шалгаруулалтын дүгнэлтэд[6] 6 гишүүн гарын үсэг зурж, 3 гишүүн гарын үсэг зураагүй байна.

            11.Энэхүү үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд цахим хуралдааныг 100 хувийн ирцтэйгээр хуралдаж гуравдагч этгээдийг 100 хувийн саналаар шалгаруулж, ковид-19 цар тахалтай холбоотойгоор үнэлгээний дүгнэлтэд 9 гишүүний 6 нь буюу дийлэнх олонхи гарын үсэг зурсан байхад үнэлгээний хорооны 3 гишүүн тухайн дүгнэлтэд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

            12.Анхан шатны шүүхийн “үнэлгээний хорооны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг Сангийн яам хянаж 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэснээр тендерийн хугацааг шинээр тоолж, тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацаанд тендерийн зохион байгуулж дуусгасан” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

            13.Учир нь тендерийн хүчинтэй байх хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалттай адилтган үзэж, буруу тооцсон, захиалагч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1/1791 дүгээр албан бичгээр гуравдагч этгээдэд мэдэгдсэн, ажлын 6 дахь өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээг байгуулахгүйгээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий тендерийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй.

            14.Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-д зааснаар захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан, энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн бол худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоор хуульчилсан бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаандаа гэрээ байгуулаагүй нөхцөл байдлыг эдгээр  хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ Б э Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 3-р хавтас 2 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 20 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 84-87 дахь талууд 

[5] Хэргийн 2-р хавтас 142 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 84-87 дахь талууд