Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 148/2016/0004/и |
Дугаар | 4399 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4399
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-49, Энхтайваны өргөн чөлөө 16-А Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах, Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 236 тоотод байрлах, регистрийн дугаар 5174147, Суварга Ургац ХХКомпанид холбогдох
Гэрээний үүрэгт 177 960 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Сэлэнгэ аймгийн Түшиг суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч Суврага Ургац ХХКомпани манай сантай 2008 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Өр барагдуулах тухай” 15/07 тоот гэрээгээр нийт 167 318 967 төгрөгний хугацаа хэтэрсэн өрийг харилцан баталгаажуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2015 оны намрын ургацаар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Мөн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ-УБ-2015/60 тоот гэрээгээр 1000 литр Пумасуперыг 5 640 000 төгрөгний урьдчилгаа төлөн үлдэгдэл 13 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон.Гэвч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн ор 152 752 047 төгрөг байна.Дээрхи гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нь биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.6-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход:2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15/07 тоот гэрээний үлдэгдэл 152 752 047 төгрөгт алданги тооцоход 152 752 047*0,3=763 760*15=11 456 403 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ -УБ-2015/60 тоот гэрээний үлдэгдэл 13 160 000 төгрөгт алданги тооцоход 13 160 000*0,3=39 480*15=592 200 төгрөг, нийт алданги 12 048 603 төгрөг байх бөгөөд нэхэмжлэлийн нийт үнийн дүн 165 912 047+12 048 603 =177 960 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Наран-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай Тариалан Эрхлэлтийг Дэмжих сан Суврага Ургац ХХКомпаниас будаа худалдаж авах болоод уг будааг тээвэрлэж ирэх үед цас их орсоноос болоод тухайн үед тээвэрлэх боломжгүй болсон бөгөөд Суврага Ургац ХХКомпани мөнгөө манайхаас авчихсан тул зам тээвэр нээгдсэн үед өөрийн тээврээр манайд хүргэж ирэх болсон боловч будааг манайд хугацаандаа авчирч өгөөгүй тул зун 6 дугаар сар болоход будаа муудаж, чанарын шаардлага хангахгүй болсон байхад манайд авчирч өгөхөд манайх хүлээж аваагүй юм.Суврага Ургац ХХКомпани муудсан будаагаа худалдаж борлуулаад манай санхүүтэй тооцоо нийлээд дээрх өр үүссэн байгаа. Суврага Ургац ХХКомпани 2013, 2014, 2015 оны намар болгон төлнө гэж хүлээн зөвшөөрч хэлцэл хийж байсан.Иймд Суврага Ургац ХХКомпаниас будааны үнэ 165 912 047 төгрөг, алданги 12 048 603 төгрөг нийт 177 960 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Бадрал шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдахдаа а)2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Өр барагдуулах тухай" 15/07 тоот гэрээний 167 318 967 төгрөгийн, б)2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн УХБ-УБ-201 5/60 тоот гэрээний үлдэгдэл 13 160 000 төгрөгийг алдангийн хамт нийт 177 960 650 төгрөг нэхэмжилжээ.Дээрх нэхэмжлэлийн А хэсэг буюу 167 318 967 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй.Учир нь энэ дүн Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан, Суварга Ургац ХХКомпани хоёрын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот "Хүнсний улаан буудай хадгалах, хадгалуулах гэрээ"-ний 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн "Гэрээ дүгнэсэн акт"-д дурдсан стандартын шаардлага хангаагүй гэх 694,44 тонн буудайн үнийн дүнгээс үүдэлтэй мөнгөн дүн юм.Дээрх 694,44 тонн улаан буудайн алдагдлыг Суварга Ургац ХХКомпани хариуцахгүй.Б хэсэг буюу нэхэмжилсэн 13 160 000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тушаасан буудайгаар төлбөр барагдуулсан болно.Энэ нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тул алданги тооцогдохгүй болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан хариуцагч Суврага Ургац ХХКомпанид холбогдуулан будааны үнэ, ургамал хамгааллын бодисын үнэ болон алдангийн 177 960 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан болон хариуцагч Суврага Ургац ХХКомпанийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “2015 оны тарималын ургалтын болон уринш боловсруулалтад олгох ургамал хамгааллын бодисын дамжуулан зээлдүүлэх тухай УХБ-УБ-2015/60 тоот зээлийн гэрээг байгуулсан байна.
Энэхүү гэрээгээр Суврага Ургац ХХКомпани нь Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас ургамал хамгааллын пумасупер бодис 1000 литрийг 18 800 000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд урьдчилгаа төлбөрийн 5 640 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13 160 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлнө, хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдэгч тал төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байна.
Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Өр төлбөр барагдуулах тухай 15/07 тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний зорилгыг Суврага Ургац ХХКомпани, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай байгуулсан 2012-2013 оны хооронд хийгдсэн бүх зээл, дэмжлэгийн гэрээнүүдийн үлдэгдэл үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор талуудын хооронд хийгдсэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу ар төлбөрт үрийн буудай авах холбоотой харилцааг зохицуулна гэжээ.
Дээрх гэрээний 2 дугаар зүйлд ”Төлбөр төлөгч Суврага Ургац ХХКомпани нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар талуудын баталгаажуулсан тооцоо нийлсэн 167 318 967 төгрөгийн өглөгтэй байна.Төлбөр төлөгч тал дээрх үүргийн гүйцэтгэлийн үлдэгдийг 2015 оны намрын ургацаас өөрийн тээврээр татан нийлүүлж, бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов.Төлбөр төлөгч Суврага Ургац ХХКомпани үндсэн өр дээр нэмж 1000 тонн ургамал хамгааллын бодисыг /пумасупер/ 1 литрийг нь 18 800 төгрөгөөр тооцож 5 640 000 төгрөгийн урьдчилгаа төлөн үлдэгдэл 13 160 000 төгрөгийг мөн намрын ургацаас төлж барагдуулна.Төлбөр төлөгчийн 2015 оны намрын ургацаас хүлээлгэн өгч байгаа хүнсний буудай нь биет болон эрхийн доголдолгүй, цавуулаг нь 22 хувиас дээш байна” гэж талууд тохирсон байна.
Мөн гэрээний 3 дугаар зүйд “Төлбөр авагч нь өөрийн төлөөлөгчийг байлцуулан хүнсний буудайг авах бөгөөд буудай тушаах хоног хугацааг хожимдуулсан тохиолдолд зохих төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алдангийг тооцно, мөн авбал зохих төлбөрийг гэрээний алдангийн хамтаар үл маргах журмаар шаардах, төлбөр тооцооноос шууд суутган авах эрхтэй” гэж тохирсон байна.
Хариуцагч Суврага Ургац ХХКомпани “167 318 967 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 13 160 000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тушаасан буудайгаар төлбөр барагдуулсан” гэж тайлбар гаргасан байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч Суврага Ургац ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагын 167 318 967 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд ургамал хамгааллын бодисын үнийн үлдэгдэл 13 160 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад буудайгаар төлсөн тухайгаа ч мөн баримтаар нотлоогүй байна.
Иймд хариуцагч Суврага Ургац ХХКомпаниас будааны болон ургамал хамгааллын бодисын үлдэгдэл үнийг алдангийн хамт нийт 177 960 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Суврага Ургац ХХКомпаниас 104 775 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Суврага Ургац ХХКомпаниас 177 960 650 /нэг зуун далан долоон сая есөн зуун жаран мянга зургаан зуун тавин/ төгрөг гаргуулан Хүнс хөдөө аж ахуйн яам, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Суврага Ургац ХХКомпаниас 104 775 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун далан таван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН