Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01535

 

 

2023 08 04 210/МА2023/01535

 

 Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02456 дугаар шийдвэртэй,

Б.А-ын нэхэмжлэлтэй

Ч.О-т холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Т * дугаар гудамж, ** тоот хаягт байршилтай 180050**** нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай, газарт миний ээж Д.Т нь 1999 оноос уг газарт оршин сууж, өмчилж байгаад 2018 онд уг газрыг надад өвлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжаар миний бие газрын хууль ёсны өмчлөгч болсон.

1.1. Гэтэл Ч.О нь миний газар өмчлөх эрхтэй талбайд дур мэдэн 1 давхар, амины орон сууцны барилгыг барьж, өмчлөгчийн эрх болон Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Миний бие удаа дараа Ч.О-т шаардлага тавин анхааруулсан ч хүлээн аваагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт тус тус заасан.

Иймд 00069**** тоот гэрчилгээтэй газар дээр Ч.О-ийн дур мэдэн барьсан 1 давхар барилгыг албадан буулгаж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би 2006 оноос хойш Хархорин захад ажилладаг нэхэмжлэгчийн аав н.Б-ртай хамт байсан. Тухайн үед н.Б хажуу хашаагаа 500,000 төгрөгөөр зарах гэж байгаагаа манай аавд хэлснээр би худалдаж авахаар болсон. Энэ үйл явдал 2006 оны 05 дугаар сар хавьцаа болж байсан. Худалдаж авахаар болж бичгээр баримт үйлдэсэнийг н.Б өөрөө авсан. Би 500,000 төгрөгийг Хархорин зах дээр н.Б-т өгөхөд түүний том охин гэх н.А мөнгийг ирж авч байсан. Манай нөхөр, н.Б, н.А бид нар байсан.

Би 2006 онд байшингаа барьснаар 2017 он хүртэл амьдарсан хугацаанд би гэрчилгээ авья гэж олон удаа гуйсан боловч н.А-ын ээж өгдөггүй байсан учраас би газрын гэрчилгээ авч чадаагүй өдийг хүрсэн. Сүүлийн 6 жил тэнд амьдраагүй. Одоогоор буцаад амьдрах сонирхолтой тул хааяа очиж хашаандаа цэвэрлэгээ хийдэг. Би 500,000 төгрөгөөр газрыг худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын өмчлөлийн нэгж талбарын 180050**** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 600 м.кв талбатай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т * дугаар гудамж, ** тоот газраас хариуцагч Ч.О-ийн байшинг албадан буулгаж, газрыг чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж хянаж үзэж үнэлээгүй байна. Ч.О 2006 онд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Т ** дугаар гудамж, ** тоотод байрлах 300 м.кв газар хашааг худалдаж авсан. Тухайн үеийн зах зээлийн ханш 500,000 төгрөг байсан учир хашааны үнийг газрын хууль ёсны өмчлөгч С.Б болон түүний гэр бүлийн хүн Д.Т, том охин Т.А нарт төлсөн. Би 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл нөхөр хүүхдүүдийн хамт 20 жил дээрх хаяг хашаанд амьдарч байна. Хариуцагч би хашаагаа худалдаж аваад удаагүй байхдаа 2006 оны 05 дугаар сард 5x7 35 м.кв хэмжээтэй байшин барьсан. Энэ нөхцөл байдал гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар нотлогддог маргаангүй.

Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Т ** дугаар гудамж, ** тоотод байрлах 300 м.кв газар хашааг худалдаж авсан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар шүүх анхаарч үзээгүй дурдаагүй. Энэ нь нэг этгээдээс нөгөө этгээдэд худалдах худалдан авах гэрээгээр хөрөнгө шилжих шилжүүлж өгөх үүрэг үүссэн байдал бодит нөхцөл байдлыг үнэлээгүй. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Т-ны * дугаар гудамж, ** тоот хаягт Ч.О би бүртгэлтэй 300 м.кв газраа хашаалж байшин барьж амьдарч байна. Харин нэхэмжлэгч Б.А-ын өв залгамжлалын үндсэн дээр авсан гэх хашаа газар нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Т-ны * дугаар гудамж, ** тоотод байдаг байрлалтай. Бидний хаяг өөр байхад намайг тус ** тоотод байрлах хашааг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа гэж баримтгүй хууль бус буруу дүгнэлтийг шүүх гаргасан.

Дээрх маргаан бүхий Ч.О миний хашаа байшин нь Б.А-ын өмчлөлийн газартай давхцаж байгааг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Зохих шинжээч эрх бүхий этгээдийн хэмжилт хийсэн баримт зураглал, үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй. Хэрэв би байшингаа дээрх хашаанд барих зөвшөөрөл тохиролцоог С.Бүрэнбаатар болон түүний гэр бүлийн хүн Д.Т, том охин Т.А нартай байгуулж, хашааг худалдаж аваагүй бол 2006 онд байшин барьж өнөөдрийг хүртэл амьдрах боломжгүй.

4.2. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагч талаас хашаа худалдаж авахдаа шилжүүлж өгсөн төлбөр, өөрийн барьсан байшингийн үнэ, хохирол гаргуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээж аваагүй, хэрэгт хавсаргаагүй.

4.3. Өөрийн барьсан байшингийн үнэлгээг гаргуулж хохиролоо гаргуулахаар шинжээч томилуулах болон Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Т ** дугаар гудамж, ** тоотод байдаг байрлалтай хашаа, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Т-ны ** дугаар гудамж, ** тоот хаягт Ч.О би бүртгэлтэй 300 м.кв хашааны давхцалтай холбоотой эргэлзээтэй байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийлгэж, зохих байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй.

Хэргийг бүрэн дүүрэн тал бүрээс хянаж хангалттай нотлох баримтын хүрээнд шийдвэрлэхгүй хоёр талын тэгш эрхийг хангаагүйд гомдолтой байна. Өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт бусад сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудыг хүлээж аваагүй.

4.4. Өмгөөлөгч Б.З-д үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж шүүгчээс татгалзах хүсэлт гаргах үед зөрчлийн арга хэмжээ авч торгож, шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж шийдвэр гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг ноцтой зөрчиж хэргийг илт нэг талыг баримталж шийдвэр гаргаж иргэн намайг хохироосонд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.А-ын эцэг, эхээс хариуцагч худалдаж аваагүй.

5.1. Хариуцагчийн зүгээс амаар тайлбарладаг боловч баримтаар нотолсон зүйл байхгүй. Нотолгооны дарааллын хувьд нэхэмжлэгч тус газрын өмчлөгч гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлээс татгалзаж байгаа бол татгалзлын үндэслэлээ буюу 600 м.кв газрын, 300 м.кв газрыг 500,000 төгрөг төлж авсныг нотолж, ярьж байгаа зүйл нь бодитой болно. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа, н.Бын том охинд 500,000 төгрөгийг төлсөн гэж хэлдэг. Гэвч энэ шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад ээжид нь буюу н.Түмэндэмбэрэл, н.Б, охин н.Ариунтунгалаг нарт хамт байхад нь өгсөн гэж зөрүүтэй тайлбар хэлж байгаа нь тухайн зүйл болоогүйг дүгнэж болохоор байна.

5.2. Маргаан бүхий газар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т * дугаар гудамж, ** тоот гэж байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэхийг хүсье. Гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ч.О-т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Т * дугаар гудамж, ** тоот хаягт байршилтай, Г-220100**** дугаар бүртгэлтэй, 180050**** нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нэхэмжлэгч Б.А болох нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх ба хариуцагч Ч.О уг газар дээр 1 давхар, 5*7 метр хэмжээтэй байшин барьсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй./хх-/

Харин хариуцагч нь маргаан бүхий газрыг 2006 онд С.Б-аас 500,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан бөгөөд хэрэгт ийм баримт авагдаагүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Иймд хариуцагч Ч.О-ийн барьсан байшинг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 4.1. Хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газрын өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр маргаан бүхий газарт барьсан байшингийн үнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэх үндэслэлээр тус тус сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 4.2. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан байшингийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байх тул үзлэг хийлгэж, зохих байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй гэх гомдол үндэслэлгүй.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдааны журам зөрчсөн тул түүнд мөнгөн торгууль оногдуулж, улмаар шүүх хуралдааны танхимаас гаргасан ба мөнгөн торгууль оногдуулсан шийтгэвэрт өмгөөлөгч гомдол гаргаагүй, шийтгэвэр хүчин төгөлдөр болсон байна.

 5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН