Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01591

 

 

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01591

 

 

 Г.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2023/02185 дугаар шийдвэртэй,

Г.С-ийн нэхэмжлэлтэй

Х.Н-т холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 53,308,021 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлтэй,

нэхэмжлэгчээс 53,308,021 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2008-2012, 2013-2015 онуудад БНСУ-д ажиллаж, зургаан жилийн хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө Р ХХК-аас байр авахаар тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 844 дугаартай Орон сууц захиалах гэрээ-г байгуулсан. Гүйцэтгэгч Р ХХК нь Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ү гудамж **/* байрны тоот хаягтай, П /P/ хотхоны А блокийн ** давхрын ** тоот 38,88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь урьдчилгаанд 36,210,750 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулах болзолтой. Би байрны урьдчилгаа 36,210,750 төгрөгийн 24,363,225 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 11,847,525 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор cap бүр төлж дуусгахаар тохиролцож, орон сууцны захиалгын гэрээний доор надтай тохиролцсоны дагуу Р ХХК-ийн борлуулалтын менежер Г.Н өөрийн гараар нэмэлт оруулан бичиж, миний бие гарын үсэг зурж, мөнгөө өөрийн биеэр бүрэн төлж барагдуулсан юм. Байраа хүлээн авсны дараа миний Х ХХК-ийн 512711**** тоот данснаас 6,430,000 төгрөг, хамтран эзэмшлийн 504013**** тоот данснаас 4,867,271 төгрөгийг төлсөн бөгөөд Х.Н-ын банкнаас авсан цалингийн зээл 5,800,000 төгрөгийг бэлнээр төлснөөр нийт 53,308,021 төгрөгийг төлсөн юм.

Дээрх орон сууцны гэрээг хийх үед надтай хамтран амьдарч байсан Х.Т намайг эгчийн хамт ятгаж, хоёулаа Солонгос явбал энэ гэрээ эзэнгүйдэх гээд байгаа тул миний төрсөн ах Х.Н ын нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийлгэчихье, манай ах найдвартай гэсэн тул итгэж Г.С би өөрийн нэрний оронд Х.Н-ыг орон сууц захиалгын гэрээний захиалагч болгож зөвхөн нэрийг оруулж хийлгэсэн.

1.2. Гэтэл Х.Н миний байрыг надад шилжүүлж өгөхгүй, түүний дүү Х.Т нь БНСУ-ын иргэнтэй гэрлэлтийн бүртгэлтэй гэж Солонгос Улс руу явж алга болсон Монголд ирэхгүй байна. Учир нь надтай хамтран амьдрахаасаа өмнө Солонгос хүнтэй амьдарч, дундаасаа Солонгос хүүхэдтэй болсон төдийгүй 2005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байснаа хэлэлгүй эгч Х.О-тайгаа нийлж худлаа ярьж нуусан байсан юм. Ийнхүү дүү нь БНСУ-руу зугтаад ирэхгүй байгаа бөгөөд би Х.Н-аас байрны өмчлөх эрхээ шилжүүлж авахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа болно.

Иймд орон сууцанд оруулсан 53,308,021 төгрөгийг Х.Н-аас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Ү гудамж **/* байрны тоот хаягтай, П /Peace town/ хотхоны А блокийн ** давхрын ** тоот 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь бодит байдалд нийцээгүй үйл баримтад тулгуурлан үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Төрсөн ах Х.Н ын нэр дээр Р ХХК-аас Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Ү гудамж **/* дугаар байрны А блокны ** давхрын ** тоот 38.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан авсан. Тухайн үед миний бие хариуцагч Г.С-той гэр бүлийн харилцаатай, өөрөө Монгол-Солонгос хоёр улсын хооронд ирж очин ажиллаж байсан учир уг орон сууцны төлбөрийн тодорхой хэсгийг Г.С-оор дамжуулан төлүүлж байсан. Би Г.С-д орон сууцны төлбөр төлүүлэхээр хувийн дансаар, хамтран эзэмшдэг дансаар мөнгө шилжүүлсэн ба зарим үед өөрөө бэлнээр болон эгч Х.О-гаар дамжуулж мөнгө өгдөг байсан.

3.2. 2015 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 05 дугаар сар хүртэл Г.С-оор дамжуулан Р ХХК-д төлбөрийн зарим хэсгийг төлсөн. Анх орон сууц захиалах гэрээ байгуулахдаа урьдчилгаа 24,363,225 төгрөгийг би өөрийн эгч Х.О болон Г.С-ийн хамт Солонгос Улсаас авчирсан мөнгөнөөс бэлэн төлсөн бөгөөд тухайн үед айл гэрийн өрхийн тэргүүн гэдэг утгаараа Г.С баримтанд гарын үсэг зурж байсан. Орон сууцны төлбөрийг төлөх үед Г.С-той гэр бүлийн харилцаатай байсан учраас мөнгийг нь би гаргасан ч төлбөрийн баримтаар Г.С төлдөг байсан.

Гэтэл Г.С 53,308,021 төгрөгийг өөрийн мөнгөөр төлсөн мэтээр миний ах Х.Н-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Н-аас 50,350,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,957,252 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-оос 22,254,407 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Т-д олгож, бие даасан шаардлагаас үлдэх 31,053,614 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 424,491 төгрөг, нийт 848,982 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Н-аас 409,703 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэгч Г.С-оос 269,222 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Тд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч Х.Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220604**** дугаартай, Хан-Уул дүүрэг, * хороо, Ү гудамж, **/* байрны ** тоот, 38.88 мкв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч Х.Н-ын нэр дээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг * дугаар хороо, Ү гудамж **/* тоот, 38.88 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд орон сууцны нийт үнэ 81,219,750 төгрөгөөс урьдчилгаа болон эхний хэсгийн төлөлт 53,308,021 төгрөгийг нэхэмжлэгч Г.С төлсөн болох нь зохичг, гуравдагч этгээдийн гаргасан баримт, шүүхэд өгсөн тайлбар, шүүх хуралдааны явцад талуудын гаргаж мэтгэлцсан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон билээ. Тухайлбал:

6.1. Дээрх орон сууцны захиалгын гэрээ, төлбөр төлсөн баримтуудад Х.Н бус Г.С гарын үсэг зурж, орон сууц худалдан авах, төлбөр төлөх зэрэг асуудлаар борлуулагч талтай бие даан харилцаж байсан болох нь тухайн орон сууцыг борлуулагч Роял хаус констракшн ХХК-ийн төлөөлөл, эрх бүхий албан тушаалтны болон энэ талаар зохигч, гуравдагч этгээдүүдийн хүсэлтээр гэрчүүдийн мэдүүлгээр эргэлзээгүй нотлогддог.

6.2. Орон сууц захиалаад төлсөн анхны урьдчилгаа төлбөрүүд болох 53,308,021 төгрөгөөс Г.С 24,363,225 төгрөгийг тухайн гэрээ байгуулах өдөр өөрийн биеэр бэлнээр тушаасан ба тухайн өдөр өөрийн дүү Ц.М, Г.Б нарын данснаас тус бүр 5,000,000 төгрөг, нийт 10,000 000 төгрөгийг бэлнээр авч, өөрийн Солонгосоос авч ирсэн вонныг солиулан бэлэн 24,363,225 төгрөг бүрдүүлэн тушаасан болох нь тухайн хүмүүсийн дансны хуулга, Р ХХК-ийн ажилтны мэдүүлгээр эргэлзээгүй, бүрэн нотлогдсон. Тухайн үед Г.С дээр дурдсан мөнгөн дүнгээр байрны урьдчилгаа төлөөд цаана нь тодорхой дүнгийн бэлэн мөнгө үлдэж түүгээрээ өөртөө автомшин худалдан авсан, мөнгөний эх үүсвэр тодорхой, боломж нөхцөл сайтай байсан нь үйл баримтаар бүрэн нотлогддог.

6.3. Хариуцагч Х.Н дээрх 24,363,225 төгрөгийг өөрийнх нь мөнгө биш, өөрөө тушаагүй гэдгээ мэдүүлдэг бол, гуравдагч этгээд Х.Т энэхүү орон сууцны гэрээ хийгдэж, урьдчилгаа төлбөр төлөгдсөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө буюу 2015 оны 05 дугаар сард Солонгос улсаас өөрийн эгчийн нэр дээр шилжүүлэн, буцааж өөрийн дансруу шилжүүлэн авсан мөнгөө орон сууцны урьдчилгаанд өгсөн гэж тайлбарласан нь энэхүү мөнгө шилжүүлсэн цаг хугацаа, мөнгөний дүн, зарцуулалт, гүйлгээ хийсэн, орлого зарлагын баримтаар нотлогдоогүй, гэрээ хийгдэх үед түүнийг бэлэн мөнгөтэй байсан гэдэг ньтүүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь аман хэлбэрийн ярианаас өөр нотолгоо болох зүйл байхгүй.

Тийм учраас урьдчилгаа 24,363,225 төгрөгийг оролцуулан нийт 50,350,769 төгрөгийг дээрх орон сууц худалдан авахад Г.С нь Х.Н-ын өмнөөс төлсөн гэж шүүх үзэж энэхүү дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Мөн шүүх хариуцагч Н нь орон сууцны үнэд Г.С-оос 50,350,769 төгрөг авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдож байна гэж дүгнэж дээрх үнийн дүнгээр нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн боловч гуравдагч этгээдийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргахдаа өмнө Г.С-оос байрны урьдчилгаанд төлсөн нь нотлогдсон гэж үзсэн 50,350,769 төгрөгийн дүнд оруулан тооцогдож байгаа, Г.С-ийн мөнгө гэж түүнд олгуулахаар шийдвэрлэсэн урьдчилгаа 24,363,225 төгрөгийг Г.С, Х.Т нарын хэний мөнгөөр төлсөн болохыг ялгах боломжгүйгээр холилдсон гэж үзэн 24,363,225 төгрөгийг тэнцүү хувааж үүнээс 12,181,612 төгрөгийг, мөн үүн дээр өмнө Г.С төлсөн болох нь банкны зарлага, орлогын баримтаар нотлогдож байна гэж үзэн, түүнд олгуулахаар шийдвэрлэсэн буюу мөн 50,350,769 төгрөгийн дүнд багтаж олгогдохоор шийдвэрлэсэн 11,847,525 төгрөгийн 6,000,000 төгрөгийг, мөн баримтаар эх үүсвэр нь Г.С-ийн хувийн даснаас гарч дундын дансанд орж Х.Н ын орон сууцны төлбөрт төлөгдсөн 8,145,591 төгрөгийг ялгах боломжгүй холилдсон гэж үзэн 2 хуваасан дүн 4,072,975 төгрөгийн хамт нийт 22,254,407 төгрөгийг Г.С-оос гаргуулан Х.Т-д олгуулахаар үндэслэлгүй эргэлзээтэй, ойлгомжгүй шийдвэр гаргалаа.

6.4. Шүүх нэг хэргийг шийдвэрлэсэн шийдвэртээ нэг нотлох баримтыг зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэж, хоорондоо агуулга үндэслэлийн хувьд зөрчилтэй 2 өөр үндэслэл, шийдвэр гаргаж, ингэхдээ хэрэгт авагдаагүй баримт, талуудын гаргаагүй тайбарыг шийдвэрт дурдаж иш үндэс болгосон, хэрэгт авагдсан эргэлзээгүй нотлогдсон баримтуудыг байгаа бодит байдлаас зөрүүтэйгээр тайлбарлаж шийдвэр гаргаснаар дээрх шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж бана.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Г.С-оос 22,254,407 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Тд олгох..." мөн 2 дахь заалтын ...нэхэмжлэгч Г.С-оос 269,222 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Т-д олгосугай гэснийг эс зөвшөөрч гаргасан гомдолд дурдагдсан шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжпэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд 2 өдөр тус асуудлыг хэлэлцсэн.

7.1. Тухайн үед Г.С болон Х.Т нар гэр бүлийн харилцаатай бaйсан учир орон сууц хамтран авахаар захиалсан. Нэхэмжлэгч талаас Г.С-ийн нэр дээр гэрээ байгуулсан, бүх баримт дээр гарын үсэг зурсан учир миний мөнгө гэж тайлбарладаг. Тухайн үед Х.Т нь БНСУ-д ажиллаад тус байрны бүх төлбөрийг төлсөн бөгөөд үүнийг 2-3 дугаар хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотолдог. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г.С Монгол Улсад ирсэний дараа Х.Тын гэр бүлийнхэнтэй холбогдож, орон сууцыг захиалж, өрхийн тэргүүн гэх үүднээс баримтуудад гарын үсэг зурсан байдаг.

7.2. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х.Т нь мөнгөө аваад БНСУ-аас ирж, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдсан. Урьдчилгаа төлбөрийн хувьд Х.Т-ын бэлнээр авч ирсэн мөнгөнөөс 24,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөгдсөн гэдгийг гэрч н.Отгонтуяа мэдүүлсэн. Мөн хэргийн 1 х.х-ийн 94 дүгээр талд бэлэн мөнгө бэлэглэх гэрээ авагдсан. Бэлэн мөнгийг Х.Н-т Х.Т бэлэглэж, төлөгдсөн байдаг. Гэрч н.Нарантунгалаг тухайн үед Г.С, Х.Н хоёр цуг орж ирээд мөнгөө өгсөн. Яг хэн нь мөнгө төлснийг нь мэдэхгүй байна. гэж мэдүүлсэн. Х.Т-ын мөнгөний эх үүсвэрээр Г.С-ийн дансаар дамжуулан төлсөн талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Х.Н аас 50,350,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

8.1. Нэхэмжлэгч нь миний төрсөн дүү Х.Т-тай 2009 онд танилцаж, гэр бүл болсон. Х.Т, Г.С нар гэр бүлийн баталгаатай, охин нь Г.С-оор овоглодог бөгөөд тэд 2019 оныг хүртэл хамт амьдарсан. 2015 онд дүү Х.Т С бид 3 удаан хугацаагаар Монголд амъдрах болсон учраас орон сууц авах гэсэн чинь мөнгө дутсан, нийгмийн даатгалаа тогтмол төлдөг хүн байвал орон сууц зарж байгаа газар маань 8 хувийн зээл авахад тусалж банктай холбож өгнө, та нэр дээрээ зээл гаргаж туслаач гэж гуйсан. Хүнд нэг л удаа ипотекийн зээл гардаг учраас өөрөө үр хүүхдүүддээ байр авч өгнө гээд эхэндээ дургүйцэхэд төрсөн дүү Х.О хэдүүлээ дүүгээ дэмжээд энэ 3-г орон сууцтай болгоё, танай хүүхдүүд бага юм чинь өсөж том болохоор нь бид туслая гээд удаа дараа гуйгаад байсан тул зөвшөөрсөн. Х.Н би Г.С оос хувьдаа нэг ч төгрөгийг шилжүүлэн авч ашиглаагүй. Миний дансаар хамааралтай орж ирсэн бүх төлбөр орон сууц худалдан авахад зарцуулагдсан.

8.2. Би олон хүүхэдтэй, эхнэр маань группт асаргаанд байдаг тул ганцаараа Төмөр замд ажилладаг тогтмол цалингаараа гэр бүлээ тэжээдэг. Дүү нараа Монголд амьдрах өөрийн гэсэн орон сууцтай болоход туслая гэж бодоод зөвшөөрсөн биш олон жил шүүхэд хариуцагчаар татагдаж, эцэстээ шүүхийн шийдвэрийн дагуу 50,350,769 төгрөгийн төлбөрийг Г.С-д төлөх болсонд маш их гомдолтой байна. Хэдийгээр уг орон сууц нь миний өмчлөлд бүртгэлтэй боловч би дүү Х.Т-д шилжүүлэн өгөхөд бэлэн. Харин би Г.С оос мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсан асуудал байхгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс үнэн зөвийг олж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасныг баримтлан хариуцагч Х.Н- аас 50,350,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож" гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хариуцагч надад холбогдох нэхэмжлэлийн шаарддагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад бие даасан шаардлагаас үлдэх 31,053,614 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг зөвшөөрөхгүй байна.

9.1. Х.Т би Г.С-той Солонгос Улсад ажиллаж байхдаа танилцаж хамтран амьдарч эхэлсэн . Монголд ирэх бүртээ ах Х.Н , эгч Х.О болон ах дүүгийн гэрт гуйж хамт амьдардаг байсан. Монголдоо гэр бүлээрээ удаан хугацаанд амьдрахаар болсон тул айл айл хэсэж явах нь хэцүү байсан учраас өөрийн гэсэн орон сууцтай болохоор шийдсэн боловч хэн аль нь нийгмийн даатгал төлдөггүй байсан учраас ипотекийн зээлийн шаардлагыг хангаагүй. Миний эгч нар нар дундаас нийгмийн даатгал удаан төлсөн, урьд нь ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй хүн Х.Н ах маань байсан. Иймд би өөрөө болон эгч Х.Огаар Х.Н ахаасаа гуйсаар байгаад зөвшөөрүүлж түүний нэр дээр ипотекийн зээл авч байртай болохоор болсон юм.

9.2. Х.С 2015 оны 09 дүгээр сард Монгол Улсад ирж миний эгч Х.О-гийн хамт орон сууц судалж, урьдчилсан байдлаар очиж уулзаж байраа үзэж надтай зөвшилцөн Роял хаус констракшн ХХК-аас орон сууц авахаар сонгосон. Би орон сууцны урьдчилгаа төлбөрийг Солонгос улсаас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр авчирсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр П /Р/ хотхоны А блокийн 14 давхрын 88 тоот 38.88 м.кв 2 өрөө орон сууцыг захиалах гэрээ хийгдсэн. Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед би өөрөө биеээрээ байсан бөгөөд урьдчилгаа төлбөр 24,363,225 төгрөгийг өөрөө тоолж өгсөн. /Роял хаус констракшн ХХК-ийн менежер Г.Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ зарим зүйлсийг худал мэдүүлсэн/.

Хэдийгээр Монголд удаан хугацаагаар ирэхээр төлөвлөсөн байсан учир орон сууцны үлдэгдэл төлбөрийг би Солонгос Улсад ажиллаж төлөх шаардлагатай болсон тул Монгол, Солонгос Улсын хооронд ирж очин явсаар төлж дуусгасан. Г.С нь Солонгос Улсад байхдаа ажил хийдэггүй, хуримтлуулсан мөнгөгүй байсан бөгөөд 6 жил хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө орон сууцны төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Миний хувьд Солонгос Уулсад ажиллаж орон сууцны төлбөрийг төлсөнтэй холбоотой баримтуудаа хэргийн материалд өгсөн.

9.3. Мөн ах Х.Н-ын цалингийн зээлийг хүртэл би төлж барагдуулсан. П /Р/ хотхоны А блокийн ** давхрын ** тоот, 38.88 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахад Г.С-ийн нэг төгрөгийн ч оролцоо байхгүй. Г.С-ийн дүү гэх н.Б, н.М, ээж н.Ц нарын Солонгос явахад байршуулдаг 5 сая төгрөгийг ч Солонгос улсаас явуулж төлж байсан. Энэ талаар нотлох баримт гаргуулахаар шүүхэд хандсан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.

Би орон сууцны урьдчилгаа төлбөрийг Солонгос улсаас бэлдэж авчирахын тулд Г.С-ийн дараа Монголд ирсэн. Г.С түрүүлж ирсэн учраас миний эгчийн хамт орон сууц сонгож эхлэж уулзсан учраас бүх гэрээ хэлэлцээ Г.С-ийн нэрээр явсан. Мөн би айл гэрийн өрхийн тэргүүн гэсэн үүднээс тухайн үед Г.С-оор гэрээ хэлцлийг байгуулуулсан. Г.С-той гэр бүлийн харилцаатай байсан учраас түүнд итгэж дансаар болон бэлнээр орон сууцны төлбөр төлүүлэхээр түүнд өгдөг байсан. Мөн дундын дансаа би захиран зарцуулж Г.С-ийн Солонгос болон Америкийн визэнд ороход нь зориулж байнгын идэвхитэй мэт харагдуулах үүдээс орон сууцны төлбөр төлүүлөх мөнгөө Г.С-ийн дансруу шилжүүлсний дараа зээлэнд төлдөг байсан.

Дээрх нөхцөл байдлыг Г.С ашиглан миний мөнгийг ахаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд бие даасан шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Энэ маргаан 83,000,000 төгрөгийн тодорхой хувийг харилцан төлсөн гэдэг маргаан биш, 53,308,021 төгрөгийг хэн төлсөн бэ гэдэг асуудлаар маргадаг. Хөрөнгө холилдсон, гэрлэлт, дундын өмч гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэтэл Х.Т 2005 онд БНСУ хүнтэй гэрлэсэн, гэр бүлийн харилцаатай бөгөөд Г.С-той гэр бүлийн харилцаатай байгаагүй. Мөнгөний эх үүсвэрийн хувьд дансны хуулгаар тодорхой харагдана.

Иймд хариуцагч талаас гаргасан гомдол үндэслэлгүй байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Х.Н-т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 53,308,021 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Х.Т нь 53,308,021 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Г.С-д холбогдуулан бие даасан шаардлага гаргасан байна. /4 хх-45/

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нэхэмжлэгч Г.С, гуравдагч этгээд Х.Т нар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн. /1хх-140/

3.2. Нэхэмжлэгч Г.С , гуравдагч этгээд Х.Т нар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Р ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220604**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Ү гудамж, **/* дугаар байр, ** тоотод байршилтай, 38.88 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр хариуцагч Х.Н 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх 67-69, 4хх-65/

3.3. Нэхэмжлэгч Г.С гуравдагч этгээд Х.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2021/10812 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. /3хх 248-249/

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно.

4.а. Хэдийгээр орон сууцны өмчлөх эрх хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй боловч орон сууцыг худалдан авахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхийн тулд хариуцагчийн нэр дээр орон сууцыг шилжүүлж, зээл авсанд талууд маргаагүй.

4.б. Нэхэмжлэгч Г.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Т нар 2007 оноос хамт амьдарсан, орон сууцны үнийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хамтран төлсөн байна.

4.в. Гуравдагч этгээд Х.Т, хариуцагч Х.Н нар төрсөн ах дүүс болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 Хариуцагч Х.Н Г.С, Х.Т нар хоорондоо тохиролцвол би энэ байрыг өгөхөд бэлэн гэсэн тайлбар гаргажээ. /2хх-16/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг өөрийн өмч биш болохыг хүлээн зөвшөөрснөөс гадна орон сууцны өмчлөх эрхийг гуравдагч этгээд Х.Т-д шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргажээ.

 5. Иймд маргаан бүхий орон сууцны үнэ 81,210,750 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 935,570 төгрөгийг хасаж, зохигчийн төлсөн мөнгийг 80,275,180 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч Х.Н-аас төлөгдсөн 80,275,180 төгрөгийн 50 хувь болох 40,137,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, гуравдагч этгээд Х.Т-ын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.а. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас хангуулах шаардлага гаргажээ.

Талуудын хооронд орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл хийгдээгүй тул дээрхи шаардлага үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2023/02185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т зааснаар хариуцагч Х.Н-аас 40,137,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,170,431 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах шаардлагыг, нэхэмжлэгч Г.С ид холбогдох 53,308,021 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Х.Т-ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ...409,703... гэснийг 358,638 гэж тус тус өөрчлөн, олгож, нэхэмжлэгч Г.С-оос 269,222 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Т-д гэснийг болон 3 дахь заалтыг тус тус хасч,

4. гэж дугаарласныг 3. гэж, 5. гэж дугаарласныг 4. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 313,219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 270,569 төгрөг, хариуцагчаас төлсөн 409,704 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.БЯМБАСҮРЭН