Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01630

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01630

 

  

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/03045 дугаар шийдвэртэй,

Л.Г-ийн нэхэмжлэлтэй

Г ХХК, М.Г, Т.Г нарт холбогдох,

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Т.Г-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Л.Г нь 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 001 дугаартай барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээг Г ХХК-тай байгуулан, компанийн барилга хариуцсан захирлаар ажиллах болсон.

1.1.Уг гэрээгээр ажилтан Л.Г 3 жилийн хугацаанд тус байгууллагад барилга хариуцсан захирлаар ажиллах, ажил олгогч Г ХХК нь Л.Г-т цалингаас гадна ажлын хөлсөнд өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-220506**** тоот гэрчилгээтэй 72 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцсон. М.Г нь Г ХХК-ийн захирал бөгөөд Т.Г нь М.Г-ын эхнэр юм.

1.2.Л.Г уг орон сууцанд 2021 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцны нийт үнэ 133,200,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг ажилтан Л.Г мөнгөн байдлаар төлөхөөр харилцан тохирч үлдэгдэл 83,200,000 төгрөгийг барилга хариуцсан захирлаар ажиллах 3 жилийн хөлсөнд дүйцүүлэн ажил олгогч Г ХХК хариуцахаар тохирсон.

1.3.Дээрх гэрээний дагуу ажиллаж эхэлснээс хойш 1 жилийн дараа Л.Г нь хувийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж компанийн удирдлагатай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар ажилласан хугацааны төлбөрийг 30,044,444 төгрөгөөр, улирлын бонус цалинг 6,000,000 төгрөг, амралтын мөнгө 2,688,871 төгрөгөөр тус тус тооцон эдгээр төлбөрийг орон сууцны үлдэгдэл төлбөр 83,200,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл төлбөр 44,466,684 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж орон сууцны гэрчилгээг Л.Г-ын нэр дээр гаргуулахаар тохирсон тул 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөгч М.Г-ын ХХХК дахь 502938**** тоот дансанд шилжүүлж төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Өөрөөр хэлбэл, орон сууцыг 133,200,000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож урьдчилгаа төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг төлж, байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл хөлс 38,733,315 төгрөгийг тооцуулж үлдэгдэл 44,466,684 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэн төлбөр тооцооны асуудал дуусгавар болсон.

1.4.Г ХХК нь одоо Г ХХК болгон өөрчилсөн бөгөөд тохиролцсоны дагуу орон сууцны өмчлөх эрхийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор Л.Г т шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд хариуцагч Г ХХК, М.Г, Т.Г-т нарт Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-220506**** дугаартай, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г ХХК-ийн захирал М.Г, түүний эхнэр Т.Г нар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн.

2.1.М.Г нь өөрийн хувьцааг эзэмшиж, үйл ажиллагааг удирддаг Г ХХК-д Л.Г-ийг барилга, үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллуулахаар түүнтэй 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 001 тоот барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээг байгуулсан. Уг гэрээний 1-д Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж, Л.Г 36 сар ажилласан тохиолдолд 83,200,000 төгрөгийг компаниас төлж өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр, үлдсэн 50,000,000 төгрөгийг Л.Г төлөхөөр болж, 2021 оны 06 дугаар сараас Л.Г тухайн орон сууцанд амьдарсан. Л.Г нь барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар 36 сарын хугацаанд ажиллах байсан ч 1 жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Л.Г-той гэрээ байгуулах үед уг орон сууц банкны барьцаанд байсан тул худалдан борлуулах боломжгүй байсан.

2.2.Тухайн орон сууцтай холбоотой тооцоо нийлсэн акт үйлдсэнийг үгүйсгэхгүй. Явцын дунд орон сууцыг Л.Г-т шилжүүлэх сонирхолгүй болсон. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл учраас талуудын хооронд өгсөн, авснаа харилцан буцаах үр дагавар үүсч байгаа. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бус учраас өмчлөх эрхийг Л.Г-т шилжүүлэх үүрэггүй. Талуудын хооронд үүрэг үүсээгүй учраас Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар түүний эзэмшлийг дуусгавар болгох хүсэлт гаргасан.

2.3.Контрактын гэрээгээр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 47 дугаар байрны 36 тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зарна гэж тохиролцсон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Т.Г-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Т.Г нь Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нөхөр М.Г-ын хамт өмчилдөг, улсын бүртгэлийн Y-220506**** дугаарт бүртгэгдсэн.

3.1.М.Г-ын удирддаг Г ХХК-д Л.Г-ийг барилга, үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллуулахаар түүнтэй 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 001 дугаартай барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээ, хавсралт гэрээг байгуулсан. Энэ гэрээнд зааснаар Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж, Л.Г 36 сар ажилласан тохиолдолд 83,200,000 төгрөгийг компаниас төлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр, үлдсэн 50,000,000 төгрөгийг Л.Г өөрөө хариуцан төлөхөөр болж 2021 оны 06 дугаар сараас орон сууцыг эзэмшүүлж ашиглуулахаар болсон.

3.2.Гэвч Л.Г барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээнд заасан 36 сарын хугацаанд Г ХХК-д ажиллах нөхцлийг хангахгүй 1 жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Нөхөр Г ХХК-ийн захирал М.Г нь Л.Г 3 жил ажиллах нөхцлийг биелүүлээгүй ч түүнд итгэн орон сууцыг шилжүүлж өгөхөөр шийдсэнээ Т.Г-т хэлж ажилласан хугацааг нь тооцон төлбөр тооцоо хийе гэж хэлсэн. Тухайн үед, одоо ч орон сууц ипотекийн зээлийн барьцаанд байгаа тул шилжүүлэх боломжгүй байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй ч М.Г-ын итгэл хүлээлгэсэн Л.Г биднийг үндэслэлгүй шүүхэд өгч орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардсан байна. Л.Г-ийг ажилд аваад итгэлцлийн үндсэн дээр түрээсийн байранд амьдарч байхад нь аав, ээжийнхээ голомт байсан 3 өрөө орон сууцанд 2021 оны 06 дугаар сараас амьдруулсан байхад Т.Г-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Уг орон сууц нөхөр М.Г-ын өмч биш бөгөөд захиран зарцуулах эсэхийг хамтран өмчлөгч Т.Г хамтран шийдвэрлэх ёстой байдаг.

3.3. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай тул Л.Г-ийн өмнө хуулийн хүчин төгөлдөр гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг байхгүй. Өөрөөр хэлбэл, Л.Г орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шаардах эрхгүй юм.

3.4. Т.Г-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарч, дээр нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр түүнээс шаардаж буй Л.Г оос орон сууцаа буцаан авч, түүний эзэмшлийг дуусгавар болгон чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3, 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй билээ.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Y-220506**** дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Л.Г-ийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: М.Г, Т.Г нар гэр бүл бөгөөд Г ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын албыг хашдаг.

4.1.Г ХХК-ийн барилгын үйл ажиллагаа хариуцсан захирлаар Л.Г ажиллахаар гэрээ байгуулж, уг гэрээний төлбөрт маргаан бүхий буюу Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот, 72 м.кв талбай бүхий орон сууцыг Г ХХК-ийн захирал М.Г, Т.Г нар нь Л.Г-т өгөхөөр тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу Т.Г, М.Г нар нь орон сууцыг Л.Г-т хүлээлгэн өгснөөр тэрээр орон сууцыг хүлээн авч нүүн орсон.

4.2.Талууд тухайн орон сууцыг 133,200,000 төгрөгөөр үнэлж хүлээлгэн өгөх үедээ Т.Г ийн нөхөр М.Г 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК дахь өөрийн 502938**** тоот дансаар 50,000,000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл 83,200,000 төгрөгийг Г ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3 жилийн турш ажиллаж төлбөрт суутгуулах байсан ч 1 жил ажиллан цаашид ажиллахгүйгээр талууд гэрээг цуцалсан. Гэрээ цуцлах үед Т.Г тухайн байгууллагын захирал байсан ба Л.Г-ийн 1 жил ажилласан хугацааны төлбөр 38,733,316 төгрөгийг орон сууцны төлбөрт тооцож, үлдэгдэл 44,466,684 төгрөгийг М.Г-ын 502938**** тоот дансанд төлснөөр байрны үнийг төлж дуусгасан. Талууд төлбөр тооцоо дуусмагц орон сууцны өмчлөх эрхийг Л.Г-ын нэр дээр шилжүүлж өгөх энэ үүргээ биелүүлэхгүй байна.

4.3.Л.Г-ийн амьдарч буй байр барьцаанд байгааг 2023 оны 03 дугаар сарын дундуур мэдсэн. Хэдэн төгрөгийн үлдэгдэл байгааг мэдээгүй ба бид ярилцаад Л.Г нэхэмжлэлээ татан аваад, хариуцагч тал 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор байрыг барьцаанаас чөлөөлж өгөхөөр болсон. Гэхдээ Л.Г нэхэмжлэлээ татан авсаны дараа хариуцагч тал мөнгөө төлөхгүй бол Л.Г-т эрсдэл учрах тул больсон. Иймд Т.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК нарт Нийслэлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, /16100/, Москва гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-220506**** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Л.Г-ын нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж, хариуцагч Т.Г-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн **дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, /16100/, Москва гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-220506**** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг Л.Г-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Т.Г-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 751,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г, М.Г, Г ХХК нараас нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г т олгож,

Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4353 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот дахь эрхийн улсын бүртгэлийн Y-2205064547 дугаарт бүртгэлтэй, 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч М.Г, Т.Г , Г ХХК болон Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

6.1.Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу нэхэмжлэгчийн шаардах эрх бий болж байгаа гэрээ нь ямар гэрээ болон ямар үндэслэлээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаагаа тус тус тодорхойлон дүгнэж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн 8 дахь талд хийсэн дүгнэлтээр энэхүү гэрээ нь Иргэний хуульд нэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх, арилжих, худалдах, худалдан авах гэрээнүүдийн аль нь болохыг, эсхүл нэрлэгдээгүй ч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх харилцааг зохицуулсан гэрээ хэлцэл мөн болохыг тодорхойлж чадаагүй. Түүнчлэн тухайн гэрээг ямар хууль зүйн үндэслэлээр хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзэж байгаагаа тодорхойлон дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн гэх гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч ямар үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж байгаагаа огт хууль зүйн үндэслэлээр тайлбарлаж чадаагүй.

Шүүхийн нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэхдээ баримталсан Иргэний хуулийн 189.1 дэх заалтад гэрээг хуулийн хүрээнд байгуулах ёстойг илэрхийлсэн бөгөөд хууль зөрчиж буюу хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу гэрээ байгуулсан гэж үзэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

6.2.Шүүх маргаан бүхий орон сууц хэний өмч болох, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээ нь ямар субьектүүдийн хооронд байгуулсан талаар буруу дүгнэлт хийсэн.

Тухайн орон сууцны өмчлөгч нь иргэн Т.Г, М.Г нар бөгөөд нэг өмчлөгч М.Г-ын хувьцааг нь эзэмшдэг Г ХХК хөдөлмөрийн гэрээний харилцаа бүхий ажилтан Л.Г-т өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг ямар үндэслэлээр байгуулах эрхтэй байсан, Г ХХК-ийг Л.Г-той ямар үндэслэлээр гэрээ байгуулсан гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулах контрактын гэрээний хавсралт гэрээний нэг тал Г ХХК нь хэргийн оролцогч биш /хариуцагч биш/ юм. Гэтэл нэхэмжлэгч Г ХХК-ийг хариуцагчаар татаагүй байхад Г ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан Г ХХК-ийг хариуцагчаар татаагүй бөгөөд өөр хуулийн этгээд болох Г ХХК-ийг хариуцагчаар татсан.

Шүүх нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй Г ХХК-д байгуулаагүй гэрээний үүргийг гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргасан. Шүүх нэхэмжлэгч Л.Г-той гэрээ байгуулсан хуулийн этгээдийг буруу тодорхойлсон тул дараагийн дүгнэлт болох хариуцагч Т.Г, М.Г нар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй талаарх дүгнэлтүүд үндэслэлгүй.

6.3.Миний саналаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өмнөх шүүх хуралдааныг Голомт банк ХХК-аас орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн үлдэгдлийн талаарх нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлтийг хангуулах шаардлагатай гэж хойшлуулсан. Ингэхдээ би Г ХХК-ийн эрх ашиг шууд хөндөгдөх учир зээлдэгч зээлээ төлж дуусаагүй байхад зээлийн барьцаа хөрөнгө нь өөр этгээдэд шилжинэ, тийм учраас Г ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэж, банкнаас ирэх албан бичгээр байр суурийг хараад шийдвэрлэх ёстой гэж саналаа амаар хэлсэн. Шүүх Г ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Хэрэв энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд зээлийн үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэж, зээлийн барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тодорхойгүй байдал үүснэ. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: М.Г, Т.Г , Г ХХК буюу ажил олгогчоос гаргасан шаардлага бүхий гэрээг ямар гэрээ гэж байгаад гайхаж байна.

7.1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр буюу байгуулагдсанд тооцогдохоор агуулга бүхий хуульчилсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох ерөнхий үндэслэлийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа аливаа гэрээ нь гэрээ байгуулах талын саналыг хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж хариу өгснөөр байгуулагдсанд тооцно гэж тайлбарласан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж хуульчилсан. Уг үндэслэлээр М.Г, Т.Г, Л.Г нарын хооронд уг гэрээ байгуулагдах бүрэн боломжтой. Гомдолд дурдагдсанаар тус гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж болох боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэрлэгдээгүй гэрээгээр зохицуулагдаж байгаа харилцаанд Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа үүргийн харилцаа шууд хамаарна гэх хэлбэрээр хуульчлагдсан. Дээрх зүйл, заалтуудад тусгагдсанаар 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 001 дугаартай барилга үйлдвэрлэл хариуцсан захиралтай байгуулсан контракт гэрээ болон хавсралт гэрээ нь хууль зүйн хувьд талуудын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх хангалттай дүгнэлт хийсэн.

7.2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Г ХХК-ийн захирал М.Гтай гэрээ байгуулсан талаар дурдаж, энэ компани нь Г ХХК болж нэршлээ өөрчилсөн талаар нотлох баримтууд хангалттай шүүхэд дурдагдсан. Компани нэршлээ өөрчлөх, групп болон өргөжих эрх хуулиар олгогдсон хэдий ч нэршил өөрчлөгдсөнөөр хууль зүйн хариуцлага хүлээхгүй байх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, тухайн орон сууцны үнийг Л.Г төлж дуусгасан учраас тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн. Энэ үндэслэлээр орон сууц нь шинэ өмчлөгч буюу Л.Г т шилжих боломжтой. Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнтэй холбоотой баримт хэргийн 18 дугаар талд авагдсан. Мөн харилцан тохиролцсон асуудлаар 2 баримт тогтоогдсон. Хэргийн 17 дугаар талд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байрны тооцоо нийлсэн актыг үйлдэж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулж дууссанаар ордерыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Л.Г-ийн нэр дээр шилжүүлэх талаар тусгасан үйл баримттай.

7.3.Мөн Л.Г-ийн өмчлөлийн Айфоне 12 промакс /iphone 12 promax/ загварын гар утсанд хадгалагдаж байсан мессежинд үзлэг хийлгэсэн. Үүнийг 2 талын хооронд гэрээний гол зүйлийг тохиролцсон учир аман хэлцэл хийгдэж уг асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэх боломжтой. Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр шийдвэр гаргах шүүх хуралд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван Голомт банк ХХК-ийг гуравдагч этгээдээр оруулахгүй байгаа талаар лавлах асуух, тайлбарлах, шаардлагатай гэж үзвэл хууль зүйн үндэслэл бүхий хүсэлтээ шүүхэд бичгийн хэлбэрээр гаргаж өгөх боломжтой байсан. Энэ талаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэлд үг, өгүүлбэр байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал юм. Голомт банк ХХК-ийг гуравдагч этгээдээр оруулаагүй нь тус компанийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Г ХХК, М.Г, Т.Г нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Т.Г нь орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Г ХХК, Л.Г нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр контрактын гэрээ байгуулж, Л.Г нь барилга үйлдвэрлэл хариуцсан захирлаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 3 жилийн хугацаатай ажиллахаар, контрактын гэрээний хавсралт гэрээгээр Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Москва гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 133,200,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг Л.Г, үлдэгдэл 83,200,000 төггрөгийг компани тус тус төлөхөөр, орон сууцыг 2021 оны 06 дугаар сараас эхлэн Л.Г-ийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон.

3.2.Нэхэмжлэгч Л.Г нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг М.Г-ын 502938**** тоот дансанд шилжүүлсэн.

3.3.Талууд хугацаанаас өмнө гэрээг цуцалж, Г ХХК-ийн ерөнхий захирал Т.Г болон Л.Г нар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлж төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байх бөгөөд орон сууцны үнэ 133,200,000 төгрөгөөс урьдчилгаа 50,000,000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох төлбөр 30,044,444 төгрөг, улирлын бонус цалин 6,000,000 төгрөг, хугацааны амралтын мөнгө 2,688,871 төгрөгийг тус тус хасаж тооцон, Л.Г-ийн төлбөл зохих төлбөр 44,466,684 төгрөг болохыг баталгаажуулж, үлдэгдэл 44,466,684 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан байгууллагын дансанд шилжүүлсэнээр байрны гэрчилгээг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан Л.Г-ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

3.4.Нэхэмжлэгч Л.Г нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.Г-ын 5029386621 тоот дансанд 47 байр, 36 тоот байрны үлдэгдэл төлбөр Ганзоригоос гэсэн гүйлгээний утгатай 44,466,684 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 22 дугаар зүйлд заасан контракт байгуулагджээ.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт контрактыг бичгээр байгуулахаар заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуулийн энэ шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

5.2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заажээ.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийгдээгүй тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагыг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь талууд контрактын гэрээгээр маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэн өгөөхөөр тохиролцсон байна.

5.3. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь хариуцагч Т.Г , М.Г нар байх ба хариуцагч Т.Г нь хариуцагч Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажилладаг байна.

Контрактын гэрээ нэхэмжлэгч Л.Г , Г ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд гэрээнд Г ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал хариуцагч М.Г гарын үсэг зурсан, тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч Л.Г, Г ХХК-ийн ерөнхий захирал Т.Г нар үйлдсэн байна. /хх 7-17/

Дээрхээс үзвэл маргаан бүхий орон сууцны өмчлөгч нар нэхэмжлэгчтэй контрактын гэрээ байгуулж, улмаар тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна.

5.4. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно.

Г ХХК-ийн контрактын гэрээгээр хүлээсэн үүргийг тооцоо нийлсэн актаар Г ХХК хариуцан төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Г ХХК-аас контрактын гэрээний үүргийг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

5.5. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Г ХК-ийн барьцаанд байгаа талаар талуудын хэн аль нь маргаагүй. Барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийн хувьд үүрэг болон үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой боловч эд юмсын эрх зүйн ойлголтын хувьд эд хөрөнгөөс салахгүй тул барьцааны зүйл хэний өмчлөлд байхаас үл хамааран хэрэгжих боломжтой. Иймд ипотекийн зүйл болох орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны гэрээний үүрэг дуусгавар болохгүй тул барьцаалагч Г ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэх үндэслэлгүй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2023/03045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ганчимэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН