Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0136

 

 

 

О т” ХХК-ийн гомдолтой, Татварын  ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын

татварын улсын байцаагч, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

    Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

         Даргалагч, шүүгч:           М.Батсуурь

         Танхимын тэргүүн:         Ч.Тунгалаг

         Шүүгчид:                         П.Соёл-Эрдэнэ

                            Ц.Цогт

          Илтгэгч шүүгч:               Х.Батсүрэн

          Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар магадлалтай,

       Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 169 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, П.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч З.С, хариуцагч, Б.Б, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Ц.Т, Х.Э нарыг оролцуулан, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Гомдлын шаардлага:

       1. “О т” ХХК болон Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н нарын хооронд татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх;

       2. ... Татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах;

      3. ... шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах;

      4. ... шийтгэлийн хуудасны 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /2015 он/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай;

        Хэргийн нөхцөл байдал:  

      5. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/04, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 дугаар татварын хяналт шалгалтын ажлын удирдамж, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 36160500025 тоот татварын хяналт шалгалт хийх томилолт батлагдаж, тус удирдамж, томилолтын дагуу татварын улсын байцаагч нараас “О т” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

    6. Гомдол гаргагч “О т” ХХК-иас “... татварын хяналт шалгалт хийсэн нь Татварын эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд харилцааг тогтоолгосноороо уг хэргийг шийдвэрлэгдэхэд хэрэглэх эрх зүйн зүйн эх сурвалж тодорхой болно, хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуулийн дагуу хийгдэх ажиллагаа, тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд татварын зөрчилд шийтгэл оногдуулахтай холбоотой зохицуулалт байгаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч эсхүл Татварын эрх зүйн харилцааны оролцогч юм уу гэдэг нь ойлгомжгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэглэгдэхгүй, хяналт шалгалт явагдах үед Зөрчлийн тухай хууль үйлчлээгүй байсан, ...  “О т” ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татварын 0.6 хувиар ногдуулна гэж заасан, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг газарт суулгахдаа бетон суурь ашиглан, дээр нь угсрах замаар суурилуулдаг, уг өндөр хүчдэлийн шугамыг ямар нэг эвдрэл, гэмтэлгүйгээр бетон сууриас салган шилжүүлж, байршуулан ашиглах боломжтой, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх  эд хөрөнгийн тодорхойлолтод хамаарахгүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэлгүй, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т заасан заалтын дагуу татварын улсын байцаагч нарын актаар ногдуулсан дүнгийн торгууль, алдангид ногдох хэсгийг албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тайлагнасан,  дээрх дүн нь татварын улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан татварын дүн тул татвар ногдох орлогоос хасагдахгүй байх үндэслэл болохгүй, нөхөн татвар дүн нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдуулсан суутган татварын дүн тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлтэй, ...  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  /2015 оны/ хуульд шийтгэлийн хуудасны 1-ийн а, б-ийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангийн тодорхой хэсэг нь хамаарч байгаа, татварын улсын байцаагч нараас тус хуулийг зөрчин торгууль, алданги ногдуулсан болон уг хуульд хамруулахгүй байгаа нь үндэслэлгүй” гэж;

          7. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... Татварын ерөнхий хуулийн дагуу хяналт шалгалт явуулах томилолт, удирдамж гарч, холбогдох баримт материал цуглуулах, уулзах, ярилцлага хийх шалтгааны улмаас томилолтын хугацаа дууссан, томилолтын хугацааг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгаж, хяналт шалгалт явуулсан, томилолтод заасан хугацаанд шалгалт явуулж байхад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зөрчил тогтоогдох бол тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар асуудлыг шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу хяналт шалгалтаа явуулсан, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шийтгэлийн хуудас гаргасан нь хууль зөрчөөгүй, ... цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг газарт суулгасан, угсрах замаар суурилуулсан нөхцөл байдал шалгалтын явцад тогтоогдсон, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.5, 84 дүгээр зүйлийн 84.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэг болон Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-д цахилгаан байгууламжийн талаар тус тус заасан, мөн Татварын ерөнхий газрын даргын баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 6.1.3-т заасны дагуу цахилгаан шугам сүлжээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэлтэй, ... татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014, 2015 онд алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 12 дугаар зүйлд татвар ногдох орлогоос хасагдах  зардлыг нэг бүрчлэн заасан бөгөөд энэ зүйлд бусдаас суутган аваагүй татварыг татвар ногдох орлогоос хасч тооцох талаар заагаагүй, ажил үйлчилгээний орлогын 10 хувийг суутгаж аваад төсөвт төвлөрүүлэх буюу суутган төлөгчийн үүрэг хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол татварын хууль зөрчсөн зөрчил болно, бусдын өмнөөс төлсөн татвараа хасагдах зардалд оруулах нь хуулийн зөрчил, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  /2015 оны/ хуульд хамрагдах хүсэлтээ ирүүлж байгаагүй, тус хуульд хамруулах боломжгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

        Анхан шатны шүүхийн шийдвэр:         

       8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн /2008 оны/ 18.1.6, 72 дугаар зүйлийн 72.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.9, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-д зааснаар нэхэмжлэгч “О т” ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газар, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Татварын улсын байцаагч нар болон “О т” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5,842,552,773.79 төгрөгийн хүү, торгуулийг өршөөлд хамруулж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулж тус тус шийдвэрлэжээ.

         Давж заалдах шатны шүүхийн магадлал:

      9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 367201801 дүгээр шийтгэлийн хуудасны 1а, 1б дүгээр зүйлийн зарим хэсэг, в, д, ё, ж, з, л хэсгээр ногдуулсан торгууль, алдангиас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

     10. Гомдол гаргагч “О т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан.

       Шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1/б дүгээр зүйлээр ногдуулсан 1,238,349,476.38 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн татвар, 371,504,842.91 төгрөгийн торгууль, 247,669,895.28 төгрөгийн алдангийн дүнгээс цахилгаан дамжуулах шугамд ногдох 1,232,908,680 төгрөгийн нөхөн татвар, 616,454,340 төгрөгийн торгууль, алдангийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

          11. “... Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, зөвхөн хариуцагчийн тайлбар, үндэслэлд хөтлөгдөн тайлбарлаж, энэ шаардлагатай холбоотойгоор тайлбарласан үндэслэл, тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн. Энэ маргаан нь Иргэний эрх зүйн шинжлэх ухаанд боловсруулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн ай (категори)-д цахилгаан дамжуулах шугам хамаарах эсэх тухай асуудал юм. Ер нь үл хөдлөх эд хөрөнгийн шинжлэх ухааны ойлголтыг шинээр болон шинэчлэн боловсруулдаг шинжлэх ухааны дэд тогтолцоо бол хувийн эрх зүй тэр дундаа иргэний эрх зүй юм. Үүний энгийн нэг жишээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” гэж зааснаас ойлгож болно.

      12. Иргэний эрх зүйн шинжлэх ухаан үл хөдлөх эд хөрөнгийн шинж, мөн чанарыг хэдий тогтоосон, энэ хүрээнд 1-д Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгавал зориулалтаар ашиглах боломжгүй болдог; 2-т Үл хөдлөх эд хөрөнгө нь байнга нэг газарт оршин байх бөгөөд шилжүүлэн байршуулах боломжгүй байдаг бөгөөд үүгээрээ нэг бүрийн шинжийг агуулдаг; 3-т Газартай салшгүй бэхлэгдсэн шинж нь өмч болон үүргийн эрх зүйн хэм хэмжээнд нөлөөлж тусгай дэглэм бий болгохын зэрэгцээ газрын байршлаас хамааран эдийн засгийн үнэ цэнийг тусгайлан илэрхийлдэг; 4-т Зарим улсууд хууль тогтоох замаар гол төлөв стратегийн ач холбогдол бүхий усан онгоц гэх зэрэг хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөд тооцсон тохиолдол байна; 5-д Хууль тогтоогч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсгийг аутент буюу эх тайлбартайгаар хуульчилснаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт буюу төрөлх шинжийг харгалзан өөр ямар нэгэн зөрүүтэй ойлголт, салаа утга гаргахаас сэргийлсэн; 6-д Цахилгаан дамжуулах шугам (шон болон цахилгааны утас)-ыг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзсэн нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсгийг тайлбарлахдаа үл хөдлөх хөрөнгийн талаар тайлбарлан авч үзсэн Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаар тогтоолд нийцээгүй байна.

      13. Эдгээр цахилгааны шугамууд нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “цахилгаан дамжуулах сүлжээ” гэж нэгдсэн сүлжээ үүсгэж байгаа цахилгаан дамжуулах зориулалт бүхий 110 кв, түүнээс дээш хүчдэлийн шугам..." гэж заасанд хамаарах юм. Цахилгаан дамжуулах станцын тоног төхөөрөмжийг агуулдаг барилга, байшин (үл хөдлөх хөрөнгө) болон цахилгаан дамжуулах шугам (шон болон цахилгааны утас) гэсэн хоёр ялгаатай. Барилга байгууламж гэдэг ойлголт бол хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн нийлбэр цогц ойлголт бөгөөд үүнийг Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаар тайлбараар тодорхойлж өгсөн.

      14. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байтал “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК- иас ирүүлсэн албан бичиг болон шинжээчийн дүгнэлт, мөн гомдол гаргагчийн удаа дараагийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна.

          “О т” ХХК болон Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Г, Ц.Ө, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, А.Б, Б.Б, Х.Н нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

         15. ... “О т” ХХК нь захиргааны эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд ч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд ч Захиргааны эрх зүйн харилцаанд эдлэх байсан Захиргааны ерөнхий хуулийн 15.1, 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.7, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.5, 17.1.7, 17.1.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.4-т заасан эрхүүд болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх бүхий л эрхүүдийг эдлээгүй болно. Аль хуулийг татварын алба баримтлан хяналт шалгалт явуулснаас шалтгаалж, тухайн хяналт шалгалтад татвар төлөгчийн эдлэх эрх харилцан адилгүй байгаа нь тодорхой байна. Харин шүүх энэ ялгаатай байдлыг үгүйсгэж дүгнэсэн нь Захиргааны хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг буюу шүүх нотлох зарчмыг алдагдуулсан болно.

         16. Хариуцагч нар нь хяналт шалгалтыг 418 хоногийн турш явуулсан хэрнээ 3 хоногийн дотор хийгдэж дууссан байхаар хуульчилсан ажиллагаа буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал гэж үзсэн нь хуулийн зохицуулалтыг зөрчөөд зогсохгүй хууль дээдлэх ёсны зарчимд харшилсан. “О т” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэдгийг томилолтын хугацааны турш хяналт шалгалтаар тогтоосон хэрнээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, улаан гэрлэн дохиогоор уулзвар нэвтэрсэн зөрчилтэй адилтган үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг илтэд зөрчсөнийг харуулж байна.

      17. Эдгээрээс анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр тухайн үед Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн байсан байна гэсэн нэг л дүгнэлтийг хийж энэхүү гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон зөрчиж хэрхэвч үл болох журмыг илтэд зөрчсөн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлийг бий болгож байна.

        18. … Гомдол гаргагчийн хувьд татварын эрх зүйн харилцаа байсан гэдгийг тогтоолгосноор татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох, татвар төлөгчийн эрх, үүргийг хүлээн оролцох нь тодорхой болох ба татвар төлөгчийн хувьд хяналт шалгалтын үйл ажиллагаатай бүхэлд нь танилцах, мэдээлэлтэй байх зэрэг эрхүүд хангагдах нөхцөлийг бий болгоно. Тус гомдлын шаардлагыг шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчим, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үүрэг, 106 дугаар зүйлийн 106.7-д захиргааны үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй.

      Шийтгэлийн хуудасны 19 дэх хэсэгт Татварын улсын байцаагчийн актын төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон 2014 онд 10,905,405,515 төгрөг, 2015 онд 22,228,674,804 төгрөг, бүгд 33,134,080,319 төгрөгөөр алдагдлыг ихэсгэсэн нь ААНОАТХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн гэснийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

      19. … “О т” ХХК нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдуулан төлсөн суутган татвар буюу “нөхөн татвар”-ыг хасагдах зардлаар тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9- д заасантай нийцэх юм. Харин татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан “торгууль, алданги”-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр”-ийг албан татвар ногдох орлогоос хасахгүй гэж заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тайлагнасан.

     20. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс ажил гүйцэтгүүлсэн этгээдийн орлогоос суутган төлөх үүргээ биелүүлээгүй, татварын зардал нь тухайн компанийн үйл ажиллагааны зардал биш тул суутган аваагүй татварын дүнгээ өөрийн үйл ажиллагааны зардалд тооцон татвар ногдох орлогоо бууруулсан нь хууль бус ... гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

        21. Учир нь, энэхүү нөхөн төлсөн суутган татварын зардал нь “О т” ХХК-ийн бусад этгээдээс үйлчилгээ авахтай холбогдон гарч буй зардлыг нэмэгдүүлж байгаа тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасны дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардал юм. Өөрөөр хэлбэл, суутган татвар нь уг суутган татварыг ногдуулж буй гүйлгээний дүнд (энэ маргааны хувьд бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр) орж тооцогдон татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тайлагнадаг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн зохицуулалттай.

          22. Ийнхүү хяналтын журмаар гомдол гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан гурван үндэслэл цөмөөрөө байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 336 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         23. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

        24. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд тусгана гэж тус тус зааснаар нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ийн эрхээ хамгаалуулахаар гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдоно.

     25. “О т” ХХК нь хариуцагч татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудасны зарим хэсгийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлын /нэхэмжлэл/ шаардлагын хамт татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг тусгайлан нэхэмжлэлийн шаардлага болгон гаргажээ.          

        26.  Хууль тогтоомжийн дагуу иргэн, хуулийн этгээдийн орлого, хөрөнгө, ажил үйлчилгээнд тодорхой цаг хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа албан татварыг төлөхтэй холбоотой эрх, үүргийн хүрээнд Татварын улсын байцаагч нараас үйлдсэн 2018 оны 367201801 дүгээр шийтгэлийн хуудас нь татварын байгууллагаас улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг шаардах эрх, татвар төлөгчид хүлээлгэх хариуцлага, шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хууль бус гэж үзвэл татвар төлөгч эс зөвшөөрч шүүхэд хандах эрхээ хамгаалуулах зэрэг эрх зүйн харилцааг үүсгэсэн маргаан бүхий захиргааны акт юм.

      27. Маргаан бүхий захиргааны актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар татвар төлөгчөөс маргаж байгаа энэ тохиолдолд татварын эсхүл зөрчлийн эрх зүйн харилцаа байснаас үл хамааран хүчингүй болгуулахаар маргаж буй зүйлд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжтой тул шүүх “татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийг зэрэгцүүлэн шийдвэрлэх шаардлагагүй, энэ талаарх  “... нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал байхгүй”, “... “О т” ХХК-д давуу байдал бий болохгүй ...” гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг татвар төлөгчийн хяналтын гомдолд заасан үндэслэлээр үгүйсгэх боломжгүй байна.

       28. Хоёр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, ... төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, ... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, ...” гэж зааснаар “О т” ХХК нь өөрийн эзэмшил, ашиглалт болон эд хөрөнгийн бүртгэлд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг тайлагнаж, татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд юм.

        29. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т, уг хуулиар тодорхойлогдсон үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” гэж тус тус нарийвчлан заасан.

     30. “О т” ХХК-ийг цахилгаан эрчим хүчээр хангаж, тус компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж буй өндөр хүчдэлийн шугам нь цахилгаан дамжуулах зориулалт бүхий эрчим хүчний барилга байгууламжийн бүрдэл хэсэг бөгөөд нэг нь нөгөөгөөс салгаж үл болох хамаарал бүхий цогц нэгдэл тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар байна.

     31. Өөрөөр хэлбэл, өндөр хүчдэлийн шугамыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан үйл ажиллагааны үндсэн хэрэгцээндээ ашиглаж, татварын хяналт шалгалтад хамрах хугацаанд компанийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эрчим хүчний барилга байгууламжийн бүрдэл хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 6.1.3-т “... цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, ... байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр татаж, барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн байгууллага, ... хөрөнгөд бүртгэгдэж өмчлөлд нь байдаг, өөрийн ... хэрэглээнд ашигладаг бол энэ заалтад хамааруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь буруу биш.

        32. Энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн “ ... Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “барилга байгууламж”, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “эрчим хүчний барилга байгууламж” гэж тус тус зааснаар цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамнууд нь эрчим хүчний барилга байгууламжид хамаарна, ... цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамнууд нь бетон суурь ашиглан дээр нь угсрах замаар суурилуулагдсан, зөөвөрлөх боломжтой хэдий боловч газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох буюу газарт бэхлэгдэж байж ашиглагдах, эрчим хүчний барилга, байгууламжид хамаарах түүний бүрдэл хэсэг ...” гэх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

           33. Иймд, “О т” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулсан хариуцагч улсын байцаагч нарын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

       34. Гурав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс”-ийг татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохоор тус тус заажээ.

      35. Тухайн тохиолдолд, “О т” ХХК дээр дурдсан хуульд заасан бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлсөнд ногдох татварыг суутган төлөөгүйг Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан “бусдад... шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж  үзнэ.

        36. Ийнхүү албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр нь албан татвар ногдох орлогоос үл хасагдах зардалд хамаарч байх тул гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтүүдийг үгүйсгэх боломжгүй.

          37. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар магадлалыг  хэвээр үлдээж, гомдол гаргагч “О т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч “О т” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                 Ц.ЦОГТ

     Х.БАТСҮРЭН