Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00743

 

Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00009 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК-д холбогдох,

2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цоггэрэл нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 22 тоот 176 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот 2 ширхэг авто зогсоолыг 4,5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хамт захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүний дагуу “Мфикс капитал” ХХК-иас орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг удаа, дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 22 тоот, 176 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Мфикс капитал” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4553 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.Миний бие дээрх 4553 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц болон авто зогсоол нь “Мфикс капитал” ХХК, “Улаанбаатар хотын банк” болон “Капитрон банк”-ны хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. Ингээд миний зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн 2015 оны 530 тоот шийдвэрээр дээрх орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн бөгөөд орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн миний нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон.Гэтэл “Мфикс капитал” ХХК нь Капитрон банкнаас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Капитрон банктай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа миний өмчлөлийн авто зогсоолуудыг хууль ёсны өмчлөгч надаас зөвшөөрөл авалгүйгээр, надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. Капитрон банкны дээрх үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг ноцтой зөрчсөн байхаас гадна тухайн үед орон сууцандаа нүүн орж, өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байсан надад мэдэгдэлгүйгээр өмч хөрөнгийг маань барьцаалсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” нь байгуулах үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул “Капитрон банк” болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний Г.Цоггэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 5, 6 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Капитрон банк” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:“Чинтулга эрдэнэ” ХХК нь Капитрон банктай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээг байгуулж, 860 000 000 төгрөгийн “ЖАЙКА” төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 cap тутам хувьсах/, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “Мфикс капитал” ХХК нь Капитрон банктай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэгт, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46 А, Б, В, Г дүгээр байрны 1-72 тоот авто зогсоолуудыг барьцаалсан юм. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.Капитрон банкны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 зүйлийн 281 дэх заалтад заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах” эрхтэй байх бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу бүртгэх үүрэгтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж байна.Гэтэл “Мфикс капитал” ХХК нь Г.Цоггэрэлтэй 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба “Мфикс капитал” ХХК нь Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох...” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог юм. Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “Мфикс капитал” ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон бусад баримтад тус барилгын захиалагчаар “Мфикс капитал” ХХК, гүйцэтгэгчээр “Вилмар” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “Мфикс капитал” ХХК мөн байна гэж үзэх нэгэн үндэслэл болсон юм.Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч “Мфикс капитал” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай хотхоны 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Улмаар орон сууц, авто зогсоолын төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөөр 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол нь Г.Цоггэрэлийн өмч хөрөнгөөр бий болсон учраас түүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 4553 дугаар захирамжаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 530 дугаар шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн учир эдгээр шүүхийн шийдвэрүүдэд бид хүндэтгэлтэй хандаж байгаа болно.Бидний хувьд “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн Капитрон банк ХХК-тай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг байгуулсны үндсэн дээр зээлсэн 860 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудыг барьцаалж “Капитрон банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн барьцаалсан авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн байсан боловч бид түүнд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулан нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна.Иймд нэхэмжлэгчийн хувьд “Капитрон банк” ХХК болон “Чинтулга эрдэнэ” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудалд огт оролцоогүй, банкны өмнө бидний болоод “Чинтулга эрдэнэ” ХХК-ийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй учир бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00009 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-иас тус бүр 35 100 төгрөг гаргуулан Г.Цоггэрэлд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 614 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан, 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зуйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу 2010 оны 9 дугээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч “Мфикс Капитап” ХХК-ийг өмчлөгч гэж үзэж барьцааны эрх үүсгэхээр хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй” гэж үзэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй дутуу дүгнэлт хийсэн байна.Миний бие 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс Капитал” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулан “Blue Sky” хотхоны 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалж, захиалгат ажлын төлбөр 200 000 ам.долларыг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан.Гэтэл “Мфикс Капитал” ХХК нь 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр хийлгэн, “Капитрон банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, ХУД-ийн 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 46А дугаар байрны зоорийн давхрын 5 болон 6 тоот автозогсоолуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг тус тус зөрчсөн байна.Харин хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4-т заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр иргэн миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан билээ. Гэтэл шүүхээс хариуцагч “Мфикс Капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-иудын дээрх хууль зөрчсөн үйлдлийг харгалзан үзэлгүйгээр “Капитрон банк” ХХК-ийн “Мфикс Капитал” ХХК-тай барьцааны эрх үүсгэхээр хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй хэмээн буруу дүгнэлт хийсэн байна.Давж заалдах шатны шүүх “...хариуцагч “Мфикс Капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн энэ талаар мөн НЗХАШШ-ийн 2015 оны 9 дугээо сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрт тусгагдсан байгаагаас үзэхэд 2010 онд нэхэмжлэгч Г.Цоггэрэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй байна” гэсэн үндэслэлгүй дугнэлт хийсэнд гомдолтой байна.Учир нь хариуцагч “Мфикс Капитал” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалт болон Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах гэрээний 4.6-д “Байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох...” мөн гэрээний 5.7-д “Төлбөрөө 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн бичгийг Захиалагчид шилжүүлэн өгнө” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байсан учир миний бие шүүхэд хандаж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар ДИХАШ-ны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4553 дугаартай захирамжаар намайг өмчлөгчөөр тогтоосон. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 530 дугаар шийдвэрээр “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөх эрхийг иргэн Г.Цоггэрэл миний нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн билээ.Гэтэл давж заалдах шатны шүүхээс Г.Цоггэрэлийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин хянаж, намайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдээр тогтоогдохгүй байна гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.Шүүх магадлалдаа “...“Капитрон банк” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “МФикс Капитал” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зуйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “Капитрон банк” ХХК нь уг барьцааны гэрээний шударга эзэмшигч гэж тооцогдоно” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.Дээр дурдсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Г.Цоггэрэл намайг 46А байрны 22 тоот орон сууц, зоорийн давхрын 5, 6 тоот автозогсоолууд болон 4,5 м.кв харанхуй өрөөний өмчлөгч мөн болохыг тогтоосоор атал давж заалдах шатны шүүхээс “Капитрон банк” ХХК-ийг уг барьцааны хувьд шударга эзэмшигч гэж тооцогдоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. “Мфикс Капитал” ХХК, “Капитрон банк” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.1-д заасан барьцааны зүйлийн дээрх хөрөнгүүдийг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус болно. Түүнчлэн “Мфикс Капитал” ХХК нь Г.Цоггэрэлийн өмчлөгчөөр тогтоогдсон автозогсоолуудыг “Капитрон банк” ХХК-д барьцаалахдаа зохих төлбөрийг бүрэн хийж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан надаас зөвшөөрөл болон итгэмжлэл авалгүй, надад мэдэгдэлгүйгээр банкинд барьцаалсан байх тул дээрх гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжтой юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заагдсан хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул намайг автозогсоолуудын өмчлөгчөөр хэзээ тогтоосноос үл хамааран “Капитрон банк” ХХК, “Мфикс Капитал” ХХК-иудын хооронд байгуулагдсан 09/15 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний хавсралтад заасан 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот автозогсоолуудыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох билээ.Иймд давж заалдах шатны шүүхийн 614 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь хариуцагч “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09\15 дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүсчээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мфикс капитал” ХХК хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч “Капитрон банк” ХХК зөвшөөрөөгүй татгалзсан байна.

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ, “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах” нэртэй гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю Скай” хотхоны 46А байрны 22 тоот 176 мкв талбайтай 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 дугаартай 2 автозогсоол, 4,5 мкв талбай бүхий харанхуй өрөөний хамт захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад “Мфикс капитал” ХХК нь хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулж, банкнаас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсныг хууль зүйн үндэслэлгүй гэж заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд “Мфикс капитал” ХХК бүртгэлтэй байсан тул хэн нэгний зөвшөөрөл шаардлагагүй байсан гэжээ.

Маргааны зүйл болж буй барьцааны гэрээ “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан байх ба барьцааны зүйлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, 46а, 46б, 46в, 46г байрны зоорийн давхруудад байрлалтай автомашины зогсоолууд тусгагджээ. Тэдгээрийн дотор нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн одоогийн өмчилж буй 46а байрны зоорийн давхрын 5, 6 дугаартай зогсоол оржээ \хх-ийн 26-29 дүгээр тал\.

Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж байх үед буюу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй автозогсоолууд нь “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байжээ. “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 46а байрны 5, 6 тоот 18 мкв талбай бүхий автозогсоолуудын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2206014261, 2206014262 дугаарт бүртгэгдэж, 000107540, 000107541 дугаартай гэрчилгээ авсан байна \хх-ийн 45, 46 дугаар тал\.

Харин нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах” нэртэй гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр “Мфикс капитал” ХХК нь 2009 оны 11 сарын дотор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 46а байрны 2 дугаар орц, 5 дугаар давхрын 22 тоотын 176 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг  1 мкв-ыг  1 045, 46 ам.доллараар тооцон, мөн 5, 6 тоот автозогсоолыг 16 000 ам.доллараар нийт 200 000 ам.доллараар Г.Цоггэрэлд хүлээлгэн өгөх, Г.Цоггэрэл нь 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100 000 ам.доллар, явцын дунд 98 570 ам.доллар, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1430 ам.доллар тус тус төлөхөөр талууд тохиролцжээ \хх-ийн 8-11 дүгээр тал\.

Мөн гэрээнд захиалагч нь төлбөрөө 100% төлсөн нөхцөлд ажил гүйцэтгэгч орон сууцны өмчлөх эрхийн бичгийг шилжүүлэн өгөхөөр заажээ. Г.Цоггэрэл  46а байрны 5, 6 тоот зогсоолуудын өмчлөгчөөр 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн 220601462, 2206014261 дугаарт бүртгэгдэж, 000451206, 000451208 дугаартай гэрчилгээ авчээ \хх-ийн 6, 7 дугаар тал\.

Дээрх гэрээ “худалдах-худалдан авах” нэртэй боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ болох нь гэрээний нөхцөл, хугацаа, талуудын эрх, үүрэг зэргээр тодорхойлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл дээрх төлбөрийн хамгийн сүүлчийн төлөлтийг гэрээнд заасны дагуу 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ \хх-ийн 13 дугаар тал\.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл “Мфикс капитал” ХХК “Капитрон банк” ХХК-иас гэрээгээр зээл авах үед буюу 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Г.Цоггэрэл төлбөрөө бүрэн төлөөгүй байсан, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу барьцааны гэрээ байгуулагдах үед дээрх үл хөдлөх эд хөрөнгө 90% гүйцэтгэлтэй байжээ. Улмаар барьцааны гэрээ хийх үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч байсан “Мфикс капитал” ХХК нь тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсныг буруу гэж үзэхгүй бөгөөд барьцааны гэрээний талууд өмчлөх эрх олж аваагүй байсан нэхэмжлэгч Г.Цоггэрэлээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь автозогсоолын өмчлөх эрхийн талаар 2014 онд иргэний хэргийн анхан шатны шүүхэд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн талаар 2015 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт нь 2009-2010 онд буюу барьцааны эрх болон түүгээр хангагдах үүрэг үүсэх үед өмчлөх эрхийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Г.Цоггэрэл 2015 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авсан байх ба тэрээр ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхтэй болно.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь  захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна. Харин хуулийн 353 дугаар зүйлийн 353.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж үздэг.

Барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Г.Цоггэрэл нь 352 дугаар зүйлийн 352.2.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах зэрэг шаардлагыг гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Г.Цоггэрэл нь өмчлөгч болоогүй байх үед нь хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус харин зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг “Мфикс капитал” ХХК-иас шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг “Мфикс капитал” ХХК-ийн өмнөөс банкинд гүйцэтгэж, зардлаа “Мфикс капитал” ХХК-иас шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулах зэрэг эрхтэй байна.  

Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр дээрх шаардлагуудыг гаргах эрхээ алддаг тул нэхэмжлэгч нь “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан гаргах шаардлагаа зөв тодорхойлох нь зүйтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 614 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН