Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01639

 

 

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01639

 

 

Х.Д, Б.Ө нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/02644 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Д Б.Ө нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.А, Б.О нарт холбогдох,

18,632,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 700,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ө, Х.Д нэхэмжэгч нарын өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б.О, хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч нарын өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2018 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Б.О, Д.А нарт н.Ц, н.Ч нараас 2,318 багцыг нэг багц 18,000 төгрөгөөр тооцон 41,724,000 төгрөгийн хонины өлөн гэдэс зээлээр авч өгсөн, үүнээс үлдэгдэл төлбөр 11,664,000 төгрөгийг төлөөгүй.

1.1. Дараа нь 500 багцыг нэг багц 19,000 төгрөгөөр тооцон 9,500,000 төгрөгийн өлөн авсан, үүнээс 2,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн 250,000 төгрөгийн зээл бэлэн өгсөн, нийт 14,414,000 төгрөгийн өртэй байгаа, үүнийг Д.А-өөс гаргуулна.

1.2. Мөн 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд цехийг үнэгүй түрээсэлж өлөн гэдэс боловсруулж авсан бөгөөд хэрэглээний зардалд сарын 600,000 төгрөг гэж тохиролцсон, 4 сарын 2,400,000 төгрөг, үүнээс Б.О-т өгөх 278,500 төгрөг, зээлж авсан мөнгийг хасаад 1,916,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна.

1.3. Бид Б.О-ийн нохойг асарсан, галч, манаач, цэвэрлэгч, тогоочоор ажилласны хөдөлмөрийн хөлсийг 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тооцон 9 сарын цалин хөлс 2,880,000 төгрөгөөс түүнд өгөх мөнгийг хасаад 2,302,000 төгрөгийг Б.О-ээс нэхэмжилнэ гэжээ.

2. Хариуцагч Д.А-ийн татгалзал, тайлбарын агуулга: Ажлын гэрээнд хийсэн гарын үсгийг Х.Д дайлж, согтоож байгаад хүч хэрэглэж зуруулсан. Б.Ө, Х.Д нарт ямар ч өр төлбөр байхгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Хариуцагч Б.О-ийн татгалзал, тайлбарын агуулга: 14,000,000 төгрөгийн өр байхгүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлоогүй, миний хувьд хэрэглээний зардал 1,916,000 төгрөг, хөдөлмөрийн хөлс 2,302,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 4. Хариуцагч Д.А-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Б.Өтай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажлын гэрээ гэх хэлцлийг Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулаагүй бөгөөд тухайн баримтыг шүүхэд хэргийн материалаас анх удаа харсан. Маргаан бүхий цаг хугацаанд Х.Д намайг дайлж, архиар шахаж биеэ хамгаалах чадваргүй болгож байгаад зүүн гар хүчтэй мушгиж өчиж байгаад ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зуруулж байсан. Маргааш нь би Х.Д-ийг цагдаад өгнө гэхэд уучлал гуйгаад миний буруу гээд байхаар нь онцын шаардлагагүй зүйл байж гэж бодоод ач холбогдол өгөлгүй орхисон. Гэтэл Д.Ө нь нэхэмжлэлдээ төлбөрийн үлдэгдэл 14 сая төгрөг байсныг баталгаажуулж гарын үсэг зурсан мэтээр тайлбарлажээ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг заасны дагуу аливаа хэлцэл хүчин төгөлдөр болдог. Б.Ө, Д.А нарын байгуулсан гэх ажлын гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 5. Хариуцагч Б.О-гийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2018 оны 10, 11 сарын ажлын хөлс 81,000 төгрөг, төмс сонгины үнэ 90,000 төгрөг, шинэ давсны үнэ 120,000 төгрөг, зээлж авсан 300,000 төгрөг, шинэ давсны үнэ 95,000 төгрөг, архиваас нотлох баримт авсан зардал 27,000 төгрөг, нийт 700,500 төгрөгийг Д.Ө-аас гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж байна гэжээ.

 6. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Ө-ын гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Ажлын гэрээг харилцан ярилцаад үлдэгдэл өр төлбөрөө тооцоод гарын үсэг зурсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.А-өөс 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө, Х.Д нарт, нэхэмжлэгч Д.Ө-аас 578,500 төгрөг гаргуулж хариуцагч Б.О-т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,632,000 төгрөгийг болон хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 122,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Ө-аас төлсөн 309,800 төгрөг, хариуцагч Б.О-ээс төлсөн 21,362 төгрөг, хариуцагч Д.Аөөс төлсөн 227,950 төгрөгийг тус тус улын орлогод үлдээж, хариуцагч Д.Аөөс 227,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Д.Ө-аас 18,005 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.О-т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй гэж үзэн давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

8.1.Шүүх нэг талыг барьж, нэхэмжлэгч нарын гарган өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй гар бичмэл бүхий ажлын хар дэвтрүүд гэх хүрэн өнгийн дэвтэр зэргийг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Анх 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст нэхэмжлэгч Х.Д /1 х.х 44/, нэхэмжлэгч Д.Ө /1х.х 43/ нарын гаргасан гомдол, улмаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст гэрч Х.Д ийн мэдүүлэг /1х.х 50/, мөн гэрч Д.Аийг мэдүүлэг /1х.х 48-49/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1971 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /1 х.х 26/ Х.Д ийн тайлбар мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчид 700 гаруй багцын үнэ 15,5 сая төгрөгийн өр гэж нэхэх атлаа энэ 15,500,000 төгрөг*18,000 төгрөг=861.111 багц /ойролцоогоор/ өлөн гэдэсний үнэ болох бөгөөд энэ нь худлаа гэдгийг нотолж буй хэрэг юм. Шүүх Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон прокурорын албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй.

8.2. Нэхэмжлэгч нар нь шүүхэд өлөн гэдэсний багц болон үнийн дүнгээ янз бүрээр нэхэмжилдэг. Үүнд: Анх хариуцагч Б.О-ээс нэхэмжлэхдээ н.Ц, н.Ч нараас 2318 багц цагаан өлөн гэдэс авч, хариуцагчид 18,000 төгрөгөөр үнэлж, 41,724,000 төгрөг гэсэн бол нэхэмжлэгч нар Д.Аийг хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ /1х.х 24/ н.Ц, н.Ч нараас 2818 багц буюу 51,224,000 төгрөгийн гэдэс авч өгснөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 14,414,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх 2 өөр багцын дүнтэй өлөн гэдэс, үүнээс үүдэлтэй үнийн зөрүүтэй дүн бүхий тайлбар гаргасан байна. Д.А-өөс шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн өөрийн Х ХХК-ийн 5085078290, 5082076910 тоот дансны хуулга болон тайлбар /1х.х 90,91/ зэргийг шүүх огт үнэлээгүй.

8.3.Шүүх Д.А-өөс шүүхэд гаргасан тайлбарт дурдсан Х ХХК-ийн 508207**** тоот данснаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг Х.Д ийн Х ХХК-ийн 502746**** тоот данс руу /нэхэмжлэгчийн гуйснаар/ түрээс гэсэн шилжүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулаагүй байхаас гадна Д.А-ийн дээрх тайлбаруудад дурдсан Х.Д өөрийн Х ХХК-ийн 502746**** тоот данснаас Д.А-ийн Х ХХК-ийн 2 дансанд давс худалдан авсан болон тээврийн хөлс зэрэгт шилжүүлсэн 7 удаагийн орлого 195,000 төгрөгийн орлого болон Б.О-ээс зээлсэн 300,000 төгрөгийг өөрийн Х ХХК-ийн 505729**** тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Х.Д ийн Х ХХК-ийн 502746**** тоот данс руу шилжүүлсэн зэргийг оруулаагүй бөгөөд шүүх яагаад өр авлагадаа дээрхийг суутгаагүй талаар тодруулаагүй.

Мөн нэхэмжлэгчдийн цагдаад гаргасан гомдол, мэдүүлэгт дурдсан 2018 оны 08 сараас эхлэн өлөн авсан нь Д.А өөрийн Х ХХК-ийн 508507**** данснаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,360,000 төгрөг, 508207**** тоот данснаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн төгрөгийг Х.Д ийн Х ХХК-ийн 502746**** тоот данс руу шилжүүлсэн зэрэг нь дансны хуулгаар нотлогддог. Харин шүүх хариуцагч Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд дээрх 300,000 төгрөгийг Б.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсаны дагуу шүүх хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч Д.Ө нь анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт хүлээн зөвшөөрдөг /1х.х 4/ бөгөөд хариуцагчид өртэй байсан бол Х.Д Б.Ө нар Д.А-ийн Х ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлэх шаардлагагүй мөн О-ээс 300,000 төгрөг зээлэв гэж тайлбарлах ёсгүй байсан ба өөрсдийн өрөнд суутгаагүй нь хариуцагч нар тэдэнд өргүйг нотолж байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Д.А, Б.О нар Харин ч бид авлагатай, учир нь нэхэмжлэгч Х.Д нь 5 сая төгрөгийг зээлж, н.Х ченжийн 591308**** тоот данс руу Д-оос гэж шилжүүлж өгөхийг гуйсан, бид мартсан байна. Дансаа хараад эргэж санасан тухай тайлбар, энэ тухай Х.Д оос асуухад тэрээр Х-ийн данс мөн гээд, 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч, Д.А над руу шилжүүлсэн тухай худал тайлбар /Шүүх хуралдааны тэмдэглэл ТМ/02915-ийн 7/ хэдий ч Д.Аийн залруулсан тайлбар /ТМ/02915-ийн 14/ болон Д.А-ийн Х ХХК-ийн 508207**** тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр н.Х-ийн 591308**** дансны хуулгаар нотолно. Шүүх нэхэмжлэгчээс хариуцагч Д.А-ийн Х ХХК дансанд шилжүүлсэн нийт 7 удаагийн шилжүүлгүүдийн тухай дүгнэлт гаргаагүй ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй бөгөөд эс хэрэгсэж, тоолгүй орхисонд гомдолтой байна.

8.4. Ажлын гэрээ-ний талаар цагдаа, прокурорт гэрч Х.Д мэдүүлэхдээ Д.А нь мөнгөө өгөхгүй удсан болохоор бид 2018 оны 12 сард гэрээ хийсэн... гэжээ.

Харин Д.А, Б.О нар шүүх хуралдаанд Т-г гэртээ байхад эхнэр хүүхдээ эрчүүдийн ажилд бүү оролцуул гэдэг, нэгэн удаа Д ажил ярих нэрийдлээр дуудаж, ажлын өрөөгөө цоожлон архи уулгаж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан, зүүн гарыг нь ар талд нь өчиж, мушгин хоосон цагаан цаасны доор хүлээн зөвшөөрөв гээд гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг миний бие үнэн гэдгийг гэрчилнэ. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны орчим өглөө эрт Б.О над уруу залгаад, Төчигдөр шөнө согтуу ирсэн, шөнөжин ёолоод согтуу унтсан, одоо мөр гээд орилоод байна, та ирээч гэж ярихад нь мөр нь эвгүй болж гээд би яарч очиход, Д.А-ийн зүүн мөр мултарсан байв... Би түүний мөрийг оруулж, анхан шатны тусламж үзүүлсэн нь үнэн...

Миний бие Хэнтий аймгийн мэс заслын тасагт мэс заслын сувилагчаар ажиллаж байсан бөгөөд мөн Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд аврах бага эмчээр ажиллаж байсан туршлагатай. Иймд дээрх мэргэжлээр ажиллаж байсан талаар өөрийн ажилласан жилээ тогтоолгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд нотлох баримтын хүрээнд өгч, уг хавтаст хэрэгт авагдсан болно.

Дээрх тайлбар, үйл баримтаар Ажлын гэрээ гэх бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байхад шүүх энэ тухайд дүгнэлгүй тухайн агуулгын хувьд тодорхойгүй, яг ямар мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй баримтад үндэслэж, Д.А-өөс 14 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.А-ийн Ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 9. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна.

9.1. Нэхэмжлэгч нар хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,414,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсныг шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Д Д.Ө болон Д.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг Ажлын гэрээ гэх баримтад үндэслэн хариуцагч Д.А-өөс 14,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ...багцын төлбөрийг н.Ц, н.Ч нарт төлсөн гэдэг, бусдын өмнөөс төлбөр төлсөн гэдэг үндэслэлээр тэрийгээ гаргуулья гэж шаардаж байгаа юу эсвэл гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа юу" гэж асуухад ...бид н.Ц, н.Ч нараас багцыг Б.О, Д.А нарт зээлээр авч өгсөн, тийм болохоор зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөө шаардаж байгаа гэж тодруулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж буруу дүгнэн, нэхэмжпэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

9.2.Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол худалдагч буюу нэхэмжлэгч нар хуульд заасны дагуу гэрээний зүйл болох өлөн гэдсийг хариуцагч нарт хүлээлгэж өгсөн байх шаардлагатай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын зөрүүтэй тайлбар байдаг 2,318 багц болон 500 багцыг хүлээлгэж өгсөн баримтгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа н.Ц, н.Ч нараас 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр саруудад зээлээр авч өгсөн өлөн гэдэсний мөнгө гэж нэхэмжилдэг. Гэтэл шүүхэд хандахаас 3 жилийн өмнө буюу 2019 оны 06 дугаар сард энэ асуудлаар хариуцагч Д.Аөд холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдолтой холбоотойгоор нэхэмжлэгч Х.Д гэрчээр өгсөн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1941 дугаартай тогтоолд тодорхой байдаг. Дээрх баримтууд болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд маргаж буй багцын тоо ширхэг зөрүүтэй, он цаг хугацааны хувьд өөр, багцын үнэлгээ өөр, цагаан улаан гэдэс аль нь болох нь зөрүүтэй байсан буюу нэхэмжлэгч нар хэдэн багц өлөн гэдэс хариуцагч нарт хүлээлгэж өгсөн, уг багцын нийт төлбөр хэдэн төгрөг болсон, үүнээс хэдэн төгрөгийг хүлээж авсан, хэдэн төгрөгийн үлдэгдлийг хариуцагч нар өгөөгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нар баримтаар нотлоогүй. Гэтэл шүүх хэрэгт цугларсан ямар баримтыг үндэслэн талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь тодорхойгүй, хэдэн ширхэг багцын төлбөрийг хариуцагч нар төлөөгүй, хариуцагч П.А-өөс гаргуулж шийдвэрлэсэн 14,000,000 төгрөг хэдэн багц улаан, цагаан гэдэсний төлбөр болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт тусгаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

9.3. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хариуцагч Б.О, Д.А нарт н.Ц, н.Ч нараас өлөн гэдэс зээлээр авч өгсөн гэдэг. Шүүх хуралдаанд үүнийг тодруулахдаа эхлээд хариуцагчаар Б.О-ийг татсан, дараа хамтран хариуцагчаар Д.А-ийг татан оролцуулсан гэх тайлбарыг үндэслээд шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтийн дагуу талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан бол уг гэрээний үүргийг гэрээнд оролцогч талууд хүлээх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, гэрээний оролцогч талууд буюу нэг талаас худалдагч Д.Ө , Г.Д, нөгөө талаас худалдан авагч буюу Д.А, Б.О нар гэрээний үүргийг хүлээх ёстой. Гэтэл шүүх талууд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг тогтоон тооцоо нийлж Ажлын гэрээ гэх хэлцлийг байгуулсан гэж дүгнэн, хариуцагч Д.А-өөс төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хэргийн 74 дүгээр талд авагдсан ажлын гэрээ гэх бичигт зөвшөөрсөн...Д.Ө , хүлээн зөвшөөрөв Алтантөгс гэжээ. Хэрэв Д.Ө, Г.Д, Д.А, Б.О нарын хооронд амаар байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд тооцож, тооцоо нийлсэн гэж үзвэл тухайн баримтад гэрээний тал Х.Д Б.О нар гарын үсгээ зурж, баталгаажуулсан байх ёстой. Эсвэл төлөөлж Б.Ө, Д.А нар гарын үсэг зурж баталгаажуулсан бол Х.Д Б.О нараас төлөөлж хэлцэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг авсан байх ёстой. Гэтэл энэ үйл баримттай холбоотой ямар ч нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Талууд тооцоо нийлсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Ажлын гэрээ гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтаар үнэлж, хариуцагч Д.А-өөс мөнгө гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнээгүй гэж үзэхээр байна. 

9.4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус зааснаар хуульд заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангаж байж хэлцэл хүчин төгөлдөр болно. Гэтэл хэрэгт авагдсан ажлын гэрээ гэх бичгийн агуулгаас харахад хэн, хэн ямар харилцааг зохицуулж хэлцэл хийж байгаа болон ямар эрх, үүрэг үүсгэж байгаа нь тодорхойгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг талууд тооцоо нийлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг хэлцэлд гарын үсэг зурсан хариуцагч Д.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь хүчээр түүний гарын үсгийг зуруулж мөрийг нь мулталсан, үүнтэй холбоотойгоор маргааш өглөө өөрийн эгч Д.А-ээр мултарсан мөрөө эмчлүүлсэн гэдгээ шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласан, уг үйл баримтыг нотлохын тулд Д.А-ийн Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд аврах бага эмчээр ажиллаж байсан шүүхийн шийдвэрийг өгсөн, тухайн үед хамтран амьдарч байсан хариуцагч Б.О тайлбарлаж нотолсон байдаг. Дээрх тайлбар баримтуудаар ажлын гэрээ гэх бичиг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байхад шүүх тухайн баримтад үндэслэж хариуцагч Д.Аөөс 14,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.А-ийн ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө ын гаргасан тайлбарын агуулга: 07 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 4 удаа өгч авсан талаарх яриа байгаа. Жишээлбэл, 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг гэж бичсэн. Цагдаагийн мэдүүлэгт ...15,000,000 төгрөг гээд байж байна. 51,000,000 төгрөгийг 41,000,000 төгрөг гэж яриад байна. Энэ чинь 500 багц дээш доош орсон асуудлыг энэ 3 сайн мэдэж байгаа. Ойлгохгүй мэтээр ярьж байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 7 удаагийн гүйлгээний 7 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд оруулсан 2 удаагийн мөнгө байгаа. 2,000,000 болон 1,360,000 төгрөгүүд байгаа. Бусад нь хэрэгт хамааралгүй мөнгөн дүнгүүд. Ажил нь үндсэндээ 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явагдсан. Зарим гүйлгээнүүд нь хамааралтай. Бид нарын нэхэмжилсэн мөнгөнд хамааралгүйг мэдэж байгаа мөртлөө мэдэхгүй байгаа юм шиг ярьж байна. 480 багц нь дээрээс үндэслэж хэлээд байх шиг байна. Банкнаас оруулж ирсэн дүнгүүд бүгд байгаа. Жишээ нь 520 багцын гүйлгээ орсон. Орсон мөнгөнөөс хэдийг нь бид нарт өгсөн, хэдийг өөрсдөө зарцуулсан нь тодорхой байгаа гэв.

 11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Д-ийн гаргасан тайлбарын агуулга: 14,000,000 төгрөгтэй холбоотой асуудалд цаг хугацааны хувьд 11 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан. 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох хугацааны асуудлыг цаг, минут, он, сар, өгсөн авсан бүх зүйлийг материалаа гаргаж өгсөн. 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш Б.Обид 2 хоорондоо хэлэлцэж тохиролцоод цехэд 20 сарын хугацаатай ажилласан. Хэрэглээний зардал тусдаа байгаа. Миний хувьд би Б.О-т гомдож байна. Б.О-ийн хувьд худал тайлбар байнга өгдөг. Бүтэн жилийн хугацаанд шүүхэд худал тайлбар хэлсэн. Энэ нь миний сэтгэл зүйд нөлөөлж байна. Би сэтгэл гутралд орсон. Эм бичүүлээд хэрэглэж байгаа. Хүнийг гүтгэж худал мэдүүлэг өгдөг. Би бүх баримтаа хуулийн дагуу гаргаж өгсөн гэв.

 12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.О-ийн гаргасан тайлбарын агуулга: Манай компани 7 дугаар сард амардаг тул нэхэмжлэгч талтай хамтарч ажиллаж байгаагүй. 8 дугаар сард цагаан гэдэс авч байсан гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхив.

 2. Нэхэмжлэгч Х.Д Б.Ө нар хариуцагч Д.А, Б.О нарт холбогдуулан 18,632,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 700,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

3.1. Хариуцагч Д.А, Б.О нар 2018 оны 08 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч Х.Д Д.Ө нараас өлөн гэдэс худалдан авч байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Д.А нар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар ажлын гэрээ гэх баримтыг үйлджээ. /1хх-74/

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулах тохиолдолд мөн хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өлөн гэдэсний үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар тохиролцсон гэх баримтгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг, үнийг нь дараа төлөхөөр тохиролцсон ердийн худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ. Иймд шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж буруу дүгнэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Д.Ө 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцагч нараас 15,500,000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргасан /1хх-43/ ба уг гомдлыг шалгах явцад нэхэмжлэгч Х.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө Тэгээд би нийт 15,500,000 төгрөг авах байснаас одоог хүртэл ямар ч мөнгө аваагүй байгаа ба 2018 оны 12 сард мөнгө өгөхгүй байгаад байхаар нь Д.А-өөр хоорондоо бичгээр гэрээ хийсэн байгаа гэсэн /1хх-45, 50-51/, гэрч П.Ц шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Энэ хоёр хэлэхдээ Д.Аөд гэдэс өгсөн ч мөнгөө өгөхгүй байна, чи өөрөө өг гэсэн гэжээ. /1хх-29/ Дээрх нотлох баримтуудыг хэргийн 74 дүгээр талд авагдсан ажлын гэрээ гэх баримттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нар нь гэрч Д.Ц-гээс өлөн гэдэс худалдан авч хариуцагч нарт худалддаг байсан бөгөөд нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Д.А нар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй талаар ажлын гэрээ гэх баримтыг үйлдсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх ажлын гэрээ гэх баримтаас үзэхэд хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Д.Ө т 14,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн агуулгатай байх тул шүүх уг баримтыг үндэслэн хариуцагч Д.Аөөс 14,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч Д.А хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэх үндэслэлээр дээрх ажлын гэрээ гэх баримтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч Д.А сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ажлын гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон атлаа шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7-д зааснаар тодорхойлсон нь ойлгомжгүй байх ба, уг хуульд заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

3.3. Нэхэмжлэгч өлөн гэдэсний үлдэгдэл төлбөрт 14,164,000 төгрөг нэхэмжилснээс шүүх 14,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 164,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 250,000 төгрөг, хэрэглээний зардал 1,916,000 төгрөг, ажлын хөлс 2,302,000 төгрөг, нийт 4,632,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.О-т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 578,500 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 122,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч Б.Отус тус гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг хариуцагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзсэн тул энэ талаар дүгнэлт хийхгүй.

 4. Хэрэгт авагдсан хариуцагч Д.А-ийн Х-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч Д.А 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг түрээс гэсэн гүйлгээний утгатай нэхэмжлэгч Х.Д-т, нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Д.А-д 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хоол гэсэн гүйлгээний утгатай 20,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 8 гэсэн гүйлгээний утгатай 10,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т-с гэсэн гүйлгээний утгатай 20,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ачаа гэсэн гүйлгээний утгатай 20,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр давс гэсэн гүйлгээний утгатай 60,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төгсөө давс гэсэн гүйлгээний утгатай 50,000 төгрөг тус тус шилжүүлжээ. /1хх 91-108/

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Д хариуцагч Д.А-д мөнгө шилжүүлсэн нь ажлын гэрээ гэх хэлцэлд заасан 14,000,000 төгрөгийн төлбөртэй хамааралгүй байх тул шүүх энэ талаар тодруулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 5. Шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Б.О-т холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалтыг тодорхой заагаагүй, нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй алдааг залруулах нь зүйтэй.

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/02644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Аөөс 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Д Д.Ө нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,632,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.О-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.7, 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ө-аас 578,500 төгрөг гаргуулан хариуцагч Б.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон 122,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтад ...56.1... гэснийг 56.2 гэж өөрчилж, 309,800 гэсний дараа төгрөгөөс 291,382 гэж, үлдээж гэсний дараа улсын орлогоос 19,618 төгрөг, гэж тус тус нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.БЯМБАСҮРЭН