Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01056

 

2023.05.22 210/МА2023/01056

Ц.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00143 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Ч ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Алдар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 дугаар албан бичгийг үндэслэн Ч ОНӨААТҮГ-н захирлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/202 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс намайг дуудаж асуугаагүй. Надтай холбоотой асуудал байхад бусад хүмүүсээс асууж тодруулалгүй гомдол гаргагчтай уулзсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 246 тушаалууд гаргасан. Энэ олон тушаал гарах бүрд менежер, хуулийн зөвлөхөөр хянуулж, захирлаар батлуулж, ерөнхий нягтлан бодогч цалинг олгодог. Миний бие удирдлагыг төөрөгдөлд оруулж, залилан мэхэлж тушаалуудыг батлуулах боломжгүй.

1.2 Миний хүү А.А нь хөгжлийн бэрхшээлтэй. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Миний эгчийн нөхөр Б.Б нь 2019-2022 онд цэвэрлэх байгууламжийн операторчноор амраагчаар ажилласан. Ээлжийн амралт, өвчтэй,чөлөөтэй үед амраагчаар ажилладаг.

Миний эгч Ц.Ц нь 2019-2022 онуудад тус байгууллагад ажиллаж байгаагүй. А.А , Ц.Ц , Б.Б нарын нэр дээр Р.Ц , Б.Н , Ө.С , С.З , Д.У нар нярав, орлогын байцаагч, ус түгээгч, галчаар ажиллаж цалинг өөрсдөө авч байсан. Эдгээр хүмүүс нь тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийг ажиллуулснаар байгууллагад хохирол учирсан, ажлын хариуцлага алдаж, ажил цалгардаж байгаагүй.

Засаг даргын дэргэдэх Дотоод аудит болон Тамгын газраар намайг шалгуулсан боловч зөрчил гараагүй учир Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгч ажлаас халуулсанд гомдолтой байна.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч нь ажил, албан тушаалын давуу байдлаа ашиглан төрсөн эгч Ц.Ц , төрсөн эгчийн нөхөр Б.Б , төрсөн хүү А.А , найзын нөхөр Г.Г , цалингийн нягтлан Ө.С ийн төрсөн эгч Ө.С нарыг байгууллагын ээлжийн амралт авсан ажилтны оронд ажиллаж байгаа мэтээр удирдах ажилтныг төөрүүлж хуурамчаар цагийн бүртгэл, ээлжийн график бусад материалуудыг гарган байгууллагад одоогоор нийтдээ 23,479,764 төгрөгийн цалин хөлс гаргаж, огт ажиллаагүй хүний нэрээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлсөн зэрэг үйл баримтуудыг эрх бүхий этгээдээр шалгуулахаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан.

2.2 Нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн ажилчдын хувийн байдал болох гэр бүлийн байдлаар нь ...гэр бүл салгагч, дагавар хүүхэдтэй биеэ үнэлэгч, бөгсөөрөө ажил хийдэг гэх мэт ёс бус үгээр удаа дараа хэлж байсан.

2.3 Нэхэмжлэгч нь албан үүргийн дагуу тушаал шийдвэрийн төсөл боловсруулахдаа холбогдох ажилтнуудаар хянуулахгүй шууд гаргадаг. Нэг ч удаа тушаалын төсөл гаргаж хянуулж байгаагүй.

2.4 Төрсөн хүү А.А ийг хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй, хийдэггүй гэж нэхэмжлэлийн үндэслэлд заасан атал түүний нэр дээр 2019 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад нийт 1,881,183 төгрөгийн цалин гаргуулсан, нийгмийн даатгал, бусад шимтгэл, суутгал төлөгдсөнөөр нотлогдоно.

2.5 Төрсөн эгчийн нөхөр Б.Б ийг байгууллагад ажилладаг мэтээр галчаар материал бүрдүүлж 2019-2022 оны хооронд нийт 13,652,018 цалин гаргасан бөгөөд ажилчид Б.Б гэх этгээдийг нэг ч удаа харж байгаагүй, ажиллаж байгаагүйг нотолдог.

2.6 Нэхэмжлэгчийн нөхөр П.А ын 2 хурууг таниулж, Б.Б болон өөрийнх нь хурууг бүртгүүлж байсныг IT инженер Д.Ц нотолдог. Өөрийн төрсөн эгч Ц.Ц гаар ажил үүрэг гүйцэтгүүлээгүй бөгөөд 2020 оны 1, 2, 3 дугаар саруудад нийт 1,727,009 төгрөгийн цалин олгосон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь баримтаар нотлогдоно.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр 08-ны өдрийн 06/15586 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн журам, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй байдлыг удаа дараа гаргасан нь тогтоогдсон.

Ц.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Мөн ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн, байгууллагын өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, байрнаас авч гарсан, өөр газар байлгасан, зохион байгуулалттайгаар эд хөрөнгөнд халдах оролдлого гаргасан, хамжиж, тусалсан, бусад ажиллагсад, хамт олонд зүй бусаар дарамт шахалт, доромжлох, гүтгэх, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчлүүдийг гаргасан. Иймд хариуцагч байгууллагын хөдөлмөрийн харилцааг цуцалсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******ийн ********ыг Ч ОНӨААТҮГ-т хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 5,140,653 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Б д олгож, олговор 5,140,653 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ч ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч талаас 171,720 төгрөгийг гаргуулан 101,520 төгрөгийг улсын төсөвт, 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулах, шинээр дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу гэрээг шинэчлэн байгуулах тухай 2022 оны 04 сарын 01-ний А/21 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь мэргэжлийн хяналтын байгууллагын 0001390 дугаар шийтгэлийн хуудас, гэрч Х.Х ийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

 

4.2 Нэхэмжлэгч нь 2019-2022 оны хооронд операторчин, галч, ус түгээгч, орлогын байцаагч, хэсгийн нярав гэсэн ажлын байруудад өөрийн төрсөн эгч Ц.Ц , төрсөн эгч Ц.Т гийн нөхөр Б.Б , төрсөн хүү А.А нарыг ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байгаа ажилтнуудын орон тоон дээр түр томилуулахдаа тэднийг ажил үүргээ гүйцэтгээгүй байхад ажилласан мэтээр цалин олгуулж, албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар удирдах албан тушаалтныг төөрөгдөлд оруулан залилан мэхлэх замаар тушаалуудыг батлуулсан, улмаар дээрх этгээдүүд нь ажлын байранд ажил үүрэг гүйцэтгээгүйн улмаас байгууллагад 23,479,764.95 төгрөгийн хохирол учруулсан нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 дугаар албан бичгээр тогтоогдсон.

 

Мөн хэрэгт авагдсан баримт болон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн зөрчил гаргасан нь нотлогдоно.

 

4.3 Нэхэмжлэгч нь албан хэрэгцээнд хэрэглэгддэг, өөрт нь данслан бүртгэж хариуцуулсан SNSV маркийн зөөврийн компьютерийг удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байрнаас авч явсан.

4.4 Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сард 4 цаг 27 минут ажлаас хоцорсон нь ноцтой зөрчилд хамаарна.

 

4.5 Нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн ажилчдын хувийн мэдээлэл болох гэр бүлийн байдлаар нь ...гэр бүл салгагч, дагавар хүүхэдтэй биеэ үнэлэгч гэх мэт ёс бус үгээр удаа дараа бусдыг хэлж байсан. Энэ нь гэрч Х.Х ийн мэдүүлгээр нотлогдоно.

 

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 Ч ОНӨААТҮГ-ыг 1,500,000 төгрөгөөр торгож, шийтгэсэн үйл баримтыг нэхэмжлэгч нь шүүх хурлын үеэр мэдсэн ба хариуцагч уг асуудлыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй.

5.2 Авлигатай тэмцэх газрын албан бичигтэй холбоотой Нийслэлийн Прокурорын газраас хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн.

5.3 Нэхэмжлэгч нь ээлжийн болон жирэмсний, амаржсаны амралттай байх үедээ гэрээсээ албаны зарим үүргээ гүйцэтгэхдээ албаны зөөврийн компьютерийг хэрэглэж байсан. Хэрэглэж дуусаад нярав н.Ариунтуяад өгч хадгалуулсан. Мөн ажлаас халагдах үед компьютер засварлуулахаар засварчинд өгсөн байсныг засуулаад буцаан өгсөн.

5.4 Хариуцагчаас гаргаж өгсөн цагийн тооцоолол үндэслэлгүй.

5.6 Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилсэн. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 12 дугаар сард хөдөлмөрийн дотоод журмаа шинэчилсэн. 2022 оны 04 дүгээр сард хөдөлмөрийн гэрээгээ баталсан.

Хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй гэрээний нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ч ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Ч ОНӨААТҮГ-ын захирлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 202 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 83 дугаар зүйлийн 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэн хүний нөөцийн менежер Ц.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /1хх 12-13/

3.1 Ажил олгогч Ч ОНӨААТҮГ нь дээрх тушаалын үндэслэлээ ажилтан Ц.Б ыг

3.1.1 хөдөлмөрийн гэрээнд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн,

3.1.2 байгууллагын өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, ажлын байрнаас авч гарсан, өөр газар байлгасан, зохион байгуулалттайгаар мөнгө болон эд хөрөнгөнд халдах оролдлого гаргасан, хамжиж, тусалсан,

3.1.3 ажлаас хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө ажлаас гарсан цаг нэг сард 3 цагт хүрсэн,

3.1.4 бусад ажиллагсад, хамт олонд зүй бусаар дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан,

3.1.5 албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 06/15586 дугаар албан бичгээр тогтоогдсон гэжээ.

4. Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэл болон үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Дээрх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхыг шаардана. Түүнчлэн, тушаалын үндэслэлээ хариуцагч нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

4.1.1 Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.3.1-д ажилтан нь албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, эсхүл хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндэслэлээ ...нэхэмжлэгч ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэж тайлбарласан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 0001390 дугаар шийтгэлийн хуудсаар Ч ОНӨААТҮГ-ыг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчилд 1500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулсан байна. /2хх 6/ Уг шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй гэм буруутайд тооцох боломжгүй.

4.1.2 Хөдөлмөрийн гэрээний 5.3.11-д байгууллагын өмч хөрөнгө, албаны бичиг баримт, өөрт нь хариуцуулсан хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, ажлын байрнаас авч гарсан, өөр газар байлгасан, зохион байгуулалттайгаар мөнгө болон эд хөрөнгөнд халдах оролдлого гаргасан, хамжиж, тусалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь дээрх үндэслэлийг ...ажил олгогчоос нэхэмжлэгчид албан хэрэгцээнд нь зориулан олгосон зөөврийн компьютерыг ажлын байрнаас авч гарсан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.11-д заасан зохицуулалт нь ажил олгогчоос ажилтны ажил үүрэгтэй нь холбоотой түүнд итгэмжлэн олгосон эд хөрөнгийг тэрээр зориулалтын бусаар ашиглах болон ашиглахтай холбоотой ажлын байрнаас авч гарсан, өөр газар байлгасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн зөөврийн компьютерыг зориулалтын бусаар ашигласан, ашиглахтай холбоотой ажлын байрнаас авч гарсан, өөр газар байлгасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд гэрээсээ албаны зарим үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн зөөврийн компьютерыг ашигласан үйл баримтыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, тухайн зөөврийн компьютерыг ажилтан нь зориулалтын бусаар ашигласан, ашиглахтай холбоотой үйл баримт тогтоогдоогүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээний 5.3.11-д заасан ...ажлын байрнаас авч гарсан, өөр газар байлгасан гэх үндэслэлээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай.

4.1.3 Хөдөлмөрийн гэрээний 5.3.17-д ажлаас хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө ажлаас гарсан цаг нэг сард 3 цагт хүрсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь дээрх үндэслэлийг ...нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сард 4 цаг 37 минут ажлаас хоцорсон, ажлын цаг дуусахаас өмнө ажлаас гарсан гэж тайлбарласан. Хэрэгт цагийн бүртгэл гэх баримт авагдсан /1хх 190/. Тухайн баримтаар нэхэмжлэгчийг дээрх хугацаанд 4 цаг 37 минут ажил тасалсан зөрчил гаргасан гэдгийг бүрэн нотолж чадахгүй байх тул анхан шатны шүүх уг баримтыг талуудын шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

4.1.4 Хөдөлмөрийн гэрээний 5.3.18-д бусад ажиллагсад, хамт олонд зүй бусаар дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь дээрх үндэслэлийг ...нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн ажилчдын хувийн байдал болох гэр бүлийн байдлаар нь гэр бүл салгагч, дагавар хүүхэдтэй биеэ үнэлэгч, бөгсөөрөө ажил хийдэг гэх мэт ёс бус үгээр удаа дараа хэлсэн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч дээрх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

4.1.5 Хөдөлмөрийн гэрээний 5.3.9-д албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон, ажил олгогчийн итгэлийг эвдэн залилан мэхэлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Хариуцагч нь дээрх үндэслэлийг ...албан тушаалаа урвуулан ашигласан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон гэж тайлбарласан.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 дугаар албан бичгээр хүний нөөцийн менежер Ц.Б нь хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.2, 5.3.9, хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын 1.5, 1.7, 1.9, 2.1, Ч ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул хариуцлага тооцож 2022 оны 12 сарын 18 өдрийн дотор хариу ирүүлэхийг хариуцагч байгууллагад мэдэгджээ. /1хх 10-11/

Анхан шатны шүүх дээрх албан бичиг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэх үндэслэлийг бүрэн нотлохгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь, тухайн албан бичигт дурдагдсан үйл баримт нь бусад баримтаар давхар нотлогдох учиртай. Өөрөөр хэлбэл, нэр бүхий иргэдийг хариуцагч байгууллагад түр хугацаагаар ажиллуулах шийдвэрийг нэхэмжлэгч гаргаагүй байхаас гадна тэдгээр нь албан үүргээ гүйцэтгэсэн эсэх нь нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул ажил олгогчийн тушаалыг мөн зүйлд нийцсэн гэж үзэхгүй.

5. Нэхэмжлэгчийн Б.Б тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчлийг хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн. Уг зөрчилд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Нөгөөтээгүүр, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй шийдвэр нь хууль зүйн үр дагавар агуулах тул ажилтны гаргасан зөрчил тус бүрийг болон шийтгэл ногдуулах үндэслэлийг шийдвэрт тухайлан заасан байхыг шаардана.

6.1 Хариуцагч нь тушаалдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасныг болон үндэслэлийг заагаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг тушаалын үндэслэлийг тодорхойлох нь тушаалын хууль зүйн үндэслэлийг зөвтгөхгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь дээрх тушаалдаа хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5 дахь хэсэгт заасныг баримталсан боловч зөрчлийг тухайлан заагаагүй нөхцөлд тухайн тушаалыг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэв.

7. Анхан шатны шүүх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,140,653 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийхгүй.

8. Шийдвэрийн тогтоох хэсэгт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг анхан шатны шүүх баримтлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгийг нэмсэн өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШШ2023/00143 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...127.1. гэсний дараа 43 дугаар зүйлийн 43.2.7 гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН