Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 93

 

 

Б.Билгүүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                     

          Прокурор Р.Энхтуяа,                                        

          Ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Л.Батаа,

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Билгүүнд холбогдох 2016 2601 2223 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Бархүүгийн Билгүүн, 1996 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24А гудамжны 31А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ96092497/,

Б.Билгүүн нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24а гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Д.Гансүхэд хүч хэрэглэн бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Билгүүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Билгүүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Билгүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Билгүүнд сануулж, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Б.Билгүүн нь 20 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эвлэрсэн гэж үзэх нотолгоо байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

3. Хохирогч Д.Гансүх нь хохирол, төлбөр 520.000 төгрөг нэхэмжилж авсан, одоо гомдол саналгүй, эвлэрсэн болохоо сайн дурын үндсэн дээр бичгээр хүсэлт гаргаж, нотариатаар баталгаажуулсан.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Билгүүнийг хохирогч Д.Гансүхэд хүч хэрэглэн бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс Б.Билгүүнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоогүй байна гэж үзэн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс Б.Билгүүнийг тохиолдлын шинжтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ял шийтгэл оногдуулсан байх тул прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Гэвч хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгчтэй эвлэрсэн талаар огт ярьдаггүй. Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт нь эргэлзээ бүхий байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Анхан шатны шүүхийн “…яллах цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь харьцуулан үнэлэхэд гэмт хэрэг болсон үйл явдалд холбогдох дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Билгүүнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоогүй харин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл, баримттай гэж шүүх дүгнэв…” гэх үндэслэлүүдийг дурдаж, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг ямар учраас үгүйсгэж, няцааж байгаагаа дүгнэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан анхан шатны шүүх ялтан Б.Билгүүний гэм буруутай нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байгаа болон гэм бурууд нь ял шийтгэл тохирч байгаа талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагын дагуу бүрэн гүйцэт дүгнэлтийг хийх нь зүйтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Тус шүүх хуралдаанаар ялтан Б.Билгүүний өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болно.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Билгүүнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол Б.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                              Ц.ОЧ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ