Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

                                       MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,  

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,

шүүгдэгч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бархүүгийн Билгүүнд холбогдох 201626012223 дугаартай, 188/2016/0012/Э индекстэй эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

            Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а-31а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Бархүүгийн Билгүүн /РД:УХ96092497/ 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Билгүүн нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24а гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Д.Гансүхэд хүч хэрэглэн бие махбодид “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчиж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 

Шүүгдэгч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед би гэрээсээ гараад өөрийн найз Алтаншагайтай уулзаад гудамжиндаа байрлах ногоон дэлгүүрийн гадаа очоод зогсож байхад манай найзууд болох Дөлгөөн, Баттулга хоёр ирсэн. Бид нар уулзаад юм ярьж зогсож байгаад Ханын материалд байрлах 58 дугаар байрны гадаа очиж сагсан бөмбөг тоглох гэж очоод уг талбай дээр сагсан бөмбөг 2 цаг гаруй тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад тоглохоо болиод гэртээ харих гээд Тоосгоны 24-а гудамжаар алхаж байхад цахилгааны под станцийн булангаас гэнэт урд өмнө зүс харж байсан манай гудамжны урд талын гудамжинд байдаг ах нилээд согтуу байдалтай, найгачихсан нэг гартаа том чулуу барьчихсан, нөгөө гартаа гар утсаа барьчихсан гарч ирээд бид нарыг харчихаад миний утас хаана байна гээд гартаа байсан чулуугаа шидэх гээд орилоод дайраад байхаар нь би нөгөө ахын гарыг нь барьж байгаад чулууг нь тавиулчихаад нүүрэн тус газар луу нь нэг удаа цохичихоод гэр лүүгээ зугтаасан, миний араас манай найзууд бас зугтаачихсан. Тэгээд Дөлгөөн, Баттулга хоёр гэр гэртээ ороод Алтаншагай бид хоёр Алтаншагайгийн гэрт ороод кино үзээд байж байхад манай ээж залгаад нэг согтуу юм орж ирээд аавд чинь хойд аав гэж хэлсэн гээд баахан юм яриад байна чи битгий орж ирээрэй гэж хэлэхээр нь би Алташагайгийн гэрт хоночихоод маргааш нь гэртээ орсон. ...Дөлгөөн, Баттулга, Алтаншагай бид нар хохирогч гэх ахтай Тоосгоны 24-а гудамжинд нэг удаа л таарсан, дахиж таараагүй, бид нар шууд гэр гэртээ харьсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Хохирогч Гансүх ах нилээд согтчихсон, найгачихсан явж байсан. Намайг хохирогч Гансүхтэй барьцалдаж авчихсан байхад ойролцоо ямар гэнэ хүн байгаа эсэхийг би мэдээгүй, анзаараагүй. ...Гансүх ах Гантөмөрийн хүү байна гэж хэлээгүй. Бид нарыг зугтааж байхад Билгүүнээ чамайг би аавд чинь хэлнэ дээ гэж орилж байсан, би хохирогчийг нэг удаа л цохьсон, дахиж цохиж зодоогүй...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Уг дүгнэлтэд тусгагдсан гэмтэлийг би хохирогчийн биед учруулсан...Дөлгөөн, Баттулга, Алтаншагай нар тухайн үед миний ард байсан, намайг цохиод авсан чинь бүгдээрээ зугтаачихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39, 47-48/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10 цагийн үед найз Алтаншагайтай хамт дэлгүүрт худалдан авалт хийгээд зогсож байхад араас Дөлгөөн, Баттулга хоёр орж ирээд бид 4 сагс тоглохоор болж, дэлгүүрээс гараад явцгаасан. Сагс тоглоод оройтсон байсан учир цагдаа ирээд одоо харь гэж хэлэхэд бид тоглохоо болиод гэр гэртээ харихаар явсан. Бид дөрөвийн урд нэг согтуу ах явж байснаа намайг ирээд мөрлөсөн. Би та яаж байна аа гээд тэр ахыг нэг цохисон, доошоо тонгойход нь толгой руу нь нэг цохисон, Дөлгөөн, Баттулга хоёр гэртээ харьсан. Алтаншагай манай гэрт кино үзье гэхээр нь би Алтаншагайгийн гэрт хонохоор явсан. Алтаншагайгийн гэрт байхад ээж залгаад би гэртээ харьсан. …” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч Д.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад ганцаараа гараад Ханын материалд байрлах хүнсний дэлгүүр ороод тамхи, нэгж аваад ...уг дэлгүүр хаахаар болоод би дэлгүүрээс гарсан. Гэртээ харих гээд алхаж байхад зүс таних нэг залуу архи баричихсан явж байсантай таараад уг архинаас 2-3 удаа уусан. Тэр залуугаас салаад гэртээ харих гээд Тоосгоны 24-а дугаартай гудамжинд явж байхад үл таних 4 залуу миний араас ирж байх шиг байсан. Уг залуучууд миний хажуу талаар зөрж өнгөрчихөөд буцаж эргэж хараад над руу нэг залуу нь түрүүлж ирээд ямар нэгэн зүйл хэлэхгүй шууд цохиод газар унасан чинь хөлнөөс татаад чирээд байсан, би босоод зугтаах гэхэд миний гар утас халаасанд байхгүй байх шиг байхаар нь би газраас тоосго аваад “миний гар утас хаана байна” гэж асуугаад тоосгоо далайгаад нөгөө залуучууд руу очиход намайг цохисон залуу нь над руу ирээд миний тоосготой гарнаас бариад авахаар нь би харсан чинь манай гудамжинд байдаг Гантөмөрийн хүү байхаар нь “чи Гантөмөрийн хүү байна шүү дээ” гэхэд тэр хойд эцэг чинь надад ямар хамаатай юм бэ гэж хэлчихээд МТ клонкын зүг бүгдээрээ гүйгээд явчихсан. Халааснаасаа өөрийнхөө гар утсыг олоод  цагдаа руу залгаж дуудсан чинь МТ клонкын орчим байж байгаарай гэж хэлэхээр нь би МТ клонк руу алхаж байхад нөгөө 4 залуу гудамжнаас дахин гарч ирээд нөгөөх чинь энэ явж байна гээд над руу ирээд намайг цохисон залуу бид хоёр түрүүлээд алхаж байхад бид нарт 5000 төгрөг байна бүгдээрээ ганц шил архи аваад уучих уу, та мөнгө байвал нэмчих гэхээр нь цагдаа иртэл нь саатуулж байх санаатай зөвшөөрөөд клонк руу алхаж байхад энэ санаатай гар байна бид нарыг цагдаад барьж өгөх гэж байна гэж хэлээд тэд нар зугтаагаад явсан....Би Билгүүн гэх хүүхдийн гэрт гэрт нь очоод аав, ээж хоёртой нь уулзсан...Миний уруул сэтэрсэн, толгойн орой хэсэгт зулгарсан зэрэг гэмтэл учирсан. Би тэр дөрвөн залуутай ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй би тэр дөрвөн залуугийн нэгийг нь буюу Билгүүн гэх хүүхдийг нь урд өмнө харж байсан. Бусдыг нь мэдэхгүй хүүхдүүд байсан. Би барилгын компанид засварчин ажилтай, нэг өдөр гараад хоёр өдөр амардаг. Тухайн гэмт хэрэг гарсанаас болж би 2016 оны 09-р сарын 07-ны өдрөөс 2016 оны 09-р сарын 23-ны өдөр хүртэл ажилдаа очоогүй эмчийн акт авсан. Энэ хугацаанд 5 гараа гарах ёстой байсан учир ажил хийгээгүй хоногийн цалин 400,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа, асууж тодруулах, санал хүсэлт байхгүй. Уг дүгнэлтэд дурдсан уруулын язарсан шархыг Билгүүн гэх залуу гараараа цохиж учруулсан, харин зулайд няцрал гэсэн гэмтлийг яаж учруулсан талаар мэдэхгүй байна, намайг газар унагаад хөлнөөс чирэх үед эсвэл газар унах үед үүссэн байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/,

Гэрч М.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-а гудамжинд байрлах дэлгүүрийн гадаа Билгүүн, Дөлгөөн, Алтаншагай бид дөрөв уулзаад 58 дугаар байрны гадаа байрлах сагсан бөмбөгийн талбай дээр тоглохоор очоод тэндээ бид нар нилээд удаан тоглож байгаад 00 цаг өнгөрч байхад тоглохоо болиод гэр гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 24-а гудамжинд байрлах нарын гудамжнаас гараад явж байхад манай гудамжинд байдаг ах нилээд согтуу байдалтай, нэг гартаа чулуу барьчихсан, нэг гартаа гар утсаа барьчихсан явж байгаа мөртлөө миний утас хаана байна гээд орилоод бид нар луу дайрсан чинь манай найз Билгүүн тэр ахтай барьцалдаад авах үед нь нөгөө ах чулуугаараа цохих гээд далайх үед Билгүүн гараараа нөгөө ахын нүүрэн тус газар луу нь нэг удаа цохьсон чинь нөгөө ах хойшоогоо унаж байх шиг байсан, бид нар бүгдээрээ нөгөө ахыг орхиод гэр гэртээ харих гээд гүйгээд Дөлгөөн бид хоёр гэр гэртээ ороод, Билгүүн, Алтаншагай хоёр гэртээ харилаа гээд салаад явсан. Гансүхийг яг газар унаж байгааг нь хараагүй. Билгүүн гараараа цохьсон, өөр юмаар цохих зүйл барьж яваагүй. Хохирогч Гансүх нь байнга л архи уучихсан согтуу явж байдаг ах. Бид нар тэр хүнийг бүлэглэж зодсон асуудал байхгүй, бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй, гэртээ харих гээд явж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Б.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-а гудамжинд байрлах ногоон дэлгүүрийн гадаа Билгүүн, Дөлгөөн, Баттулга бид дөрөв тааралдаад юм ярьж зогсож байгаад 58 дугаар байрны гадаа байрлах сагсан бөмбөгийн талбай дээр очиж тоглохоор очсон. Тэндээ бид нар нилээд удаан тоглож байгаад 00 цаг дөнгөж өнгөрч байхад тоглохоо болиод гэр гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 24-а гудамжинд явж байхад манай найз Билгүүн нь Баттулга, Дөлгөөн бид гурваас бага зэрэг урд талд алхаж байхад миний урд өмнө харж байсан манай гудамжинд байдаг ах нилээд согтуу байдалтай, нэг гартаа чулуу барьчихсан, нэг гартаа гар утсаа барьчихсан явж байгаа мөртлөө миний утас хаана байна гээд орилоод бид нар луу дайрсан чинь манай найз Билгүүн нөгөө ахын гартаа барьж байсан чулууг нь газар унагаачихаад нөгөө ахын нүүрэн тус газар луу нь нэг удаа цохьсон чинь нөгөө ах газар уналгүй хойшоогоо найгаж байсан, бид нар дөрвүүлээ гүйгээд хажуу талаар нь өнгөрөөд Дөлгөөн, Баттулга хоёр гэр гэртээ ороод, Билгүүн бид хоёр манай гэрт ороод кино үзээд сууж байхад Билгүүний ээж нь залгаад юу болсон юм бэ? нэг соггуу юм орж ирчихээд аавыгаа хойд эцэг гэсэн гэнэ үү? гэж асуухад нь Билгүүн би тэгж хэлээгүй шүү дээ гэхэд Билгүүний ээж нь наанаа хоночих аав чинь уурлаад байна гэж хэлсэн учир Билгүүн манайд хоносон. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр би хохирогч Гансүх ахын гэрт ороод бид нар таныг бөөнөөрөө зодоогүй шүү дээ, та яагаад худлаа яриад байгаа юм бэ, тэр зодсон Билгүүнээтэйгээ учраа олооч гэж хэлэхэд та нар ч хамаагүй л дээ за за гэж хэлж байсан. Гэхдээ эмчилгээний зардал өгнө шүү гэж байсан. Тэгтэл цагдаа дээр ирсэн чинь дөрвүүлээ зодсон болчихсон байсан. Тэр хохирогч Гансүх ахыг Билгүүн нэг удаа цохьсон, тэрнээс бусад нь цохиж зодсон зүйл байхгүй. Билгүүн, Дөлгөөн, Баттулга бид дөрөв хохирогч Гансүх гэх хүнтэй тухайн орой 1 удаа л таарсан. Бид нар МТ клонк ороогүй, бид нар 58-р байрнаас сагсан бөмбөг тоглож байгаад шууд хойшоо алхаад нарын гудамжаар гараад явчихдаг юмаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 х/

Г.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой би өөрийн оршин зуух Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-28-а тоот хашаанд байрлах гэртээ байж байгаад орой 22 цаг өнгөрч байхад гараад өөрийхөө гудамжинд байрлах ногоон дэлгүүр орчихоод гараад явж байхад манай найзууд болох Билгүүн, Баттулга, Алтаншагай явж байсан. Тэгээд бид нар уулзаад Ханын материалын 58 дугаар байрны гадаа очиж сагсан бөмбөг тоглох уу гээд бид дөрөв 58-р байрны гадаа очоод тоглож байгаад ойролцоогоор 00 цагийн үед тоглохоо болиод гэртээ харих гээд явж байхад Тоосгоны 24-а гудамжинд байрлах цахилгааны под станцын байрны булангаас нэг гартаа гар утсаа барьчихсан, нөгөө гартаа тоосго барьчихсан үл таних согтуу ах ганцаараа найгачихсан гарч ирээд гар утас хаана байна гээд орилоод дайрахаар нь манай найз Билгүүн тоосгыг нь гарнаас нь салгаж газар унагачихаад гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж байсан. Тэгээд бид нар зугтаагаад гудамж руугаа ороод гэр гэртээ харьсан. Тэр ах өөрөө орилоод тоосго бариад гараад ирэхээр нь манай найз Билгүүн гараараа нэг удаа цохьсон. Тэрнээс биш Алтаншагай, Баттулга бид гурав тэр хохирогч гэх ахыг цохиж зодоогүй, биед нь ч хүрээгүй. Тэр ах өөрөө худлаа ярьж байгаа байх. Эсвэл санахгүй байгаа байх, тухайн үед  өөрөө нилээн согтуу явж байсан. МТ шатахуун түгээх газрын орчим дахиж таараагүй, бид нар шууд гэртээ харисан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

            Шинжээчийн дүгнэлт ; 1.Д.Гансүх-н биед доод уруулд шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 23 /,

Шинжээч эмч О.Болороо-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гансүхийн биед доод уруулд шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уруул руу нь цохиод хойшоо савж унах үед зулайн хуйхан дахь гэмтэл үүсэх боломжтой, уруулын гэмтлийг гараар цохих үед үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдсан гэмтлээс өөр гэмтэл байгаагүй, уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой юм. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,  

Гэрч Ц.Долгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 07-ны орой манай нөхөр Гансүх нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-а-16-а тоот хашаанд байрлах гэртээ байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гарч нэгж, тамхи аваад ирнэ гээд ганцаараа гарсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Гансүх нь гаднаас орж ирэхдээ уруулнаас нь цус гарчихсан нүүр нь цус болчихсон орж ирэхээр нь би юу болсон бэ гэхэд гэртээ харих гээд Тоосгоны 24-а дугаар гудамжинд явж байхад үл таних 4 залуу архины мөнгө нэхээд зодсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө 4 залуу явах гэхээр нь би тоосго аваад араас нь хөөж байгаад нэг залууг нь хараад чи хойд талын Гантөмөрийн хүү байна шүү дээ гэхэд нөгөө хүүхэд нь “миний хойд аав ямар хамаатай юм бэ” гэж байсан гэж хэлсэн. Манай нөхөр Гансүх нь гэрээсээ гарахдаа ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гэхдээ буцаж гэртээ орж ирэхдээ зодуулчихсан архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн орж ирсэн. Гэхдээ их хэмжээгээр хэрэглээгүй болсон үйл явдлыг санахтайгаа байсан. Маргааш нь болсон зүйлийг тод санаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч О.Бархүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү Билгүүн нь 1996 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод 2 дугаар төрөхөд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид 2002 онд элсэн орсон. Тэгээд уг сургуульдаа суралцаж байгаад 11 дүгээр анги 2013 онд төгсөөд Монгол Үндэсний дээд сургуулийн Инженерийн ангид оюутан болж суралцаж эхэлсэн. Тэгээд 1 дүгээр күрст явж байгаад 2 дугаар күрст суралцах үед нь төлбөрийг нь төлж чадахгүй, ар гэрийн байдлаас болоод сургуулиас нь гаргачихсан. Тэрнээс хойш сургуульд суралцахгүй, надад болон гэртээ тус нэмэр болох гээд ямар ажил байна бүгдийг нь хийгээд надад тус дэм болдог хүүхэд байгаа юм...манай гэрийн ойролцоо байдаг Гансүх гэх залуу тухайн орой нь манай гэрт орж ирсэн. Гэхдээ орж ирэхдээ ямар нэгэн бэртсэн гэмтсэн зүйл байгаагүй, нилээд согтуу байдалтай орж ирж байсан, гэхдээ би бага насны хүүхэдтэй байсан учир айлгах байх гэж бодоод өөрийн нөхөр Гантөмөрийг очиж уулз гэж хэлэхэд Гантөмөрт чамайг танай хүү Билгүүн чинь хойд эцэг гэж байна лээ гэж мэтээр ярьж байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Гэрч Х.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09-р сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад манай урдхан талд оршин суудаг Гансүх гэх залуу согтуу манай гэрт ганцаараа орж ирээд мэндлээд хоёулаа гарах уу гэхээр нь бид хоёр манай гэрээс гарсан чинь Гансүх манайхаас гарчихаад хэлэхдээ “найз нь өнөөдөр жаахан архи уучихлаа хоёулаа уух уу” гэхээр нь би архи уудаггүй шүү дээ чи мэднэ биз дээ гэж хэлсэн чинь Гансүх ганцаараа гараад явчихсан. ...Гансүх нь манай гэрт орж ирэхдээ согтуу хүн толгойгоо найгуулаад дохиод явж байдаг, тэрэн шиг явж байсан, нилээд согтуу байна гэж би харсан. Тухайн үед манай гэрт орж ирэхдээ нүүр аманд нь ямар нэгэн гэмтэл учирсан зүйл анзаарагдаагүй, цус нөж болсон зүйл байгаагүй. Гансүх манай гэрт ирчихээд Билгүүний талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 54 /, Монголын Үндэсний их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 62/,

- Хохирол төлбөр хүлээн авсан баримт /хх-ийн 87/, зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-88-91 х/ гэх зэрэг болно.

 

Нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэхэд :   

Шүүгдэгч Б.Билгүүнийг танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд үндэслэл, нотолгооны хувьд “эргэлзээ”-тэй байна. Тухайлбал :

1. Шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй,  

2. Мөрдөн байцаалтын шатанд “хохирогчийн согтуурал, зүй бус харьцаа, авирлал”-ын тухай гэрч М.Баттулгын мэдүүлэг, Б.Алтаншагай, Г.Дөлгөөн нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Б.Билгүүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг бүхэлд нь “худал” гэж үзэх, үгүйсгэх үндэслэлгүй.     

3. Хохирогч нь шөнийн цагаар “зүс таних залуу”-тай тааралдан архи уусан, зарим нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд хохирогч бага бус хэмжээний согтолттой байсан байх ба уг согтуурсан байдал, энэ үед гаргасан зохисгүй үйлдэл, ааш авир нь хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон болохыг үгүйсгэх боломжгүй.

4. Нотлох баримтыг үнэлэх, хэргийг зүйлчлэх явцад үүссэн эргэлзээ, нөхөн гүйцэтгэхэд ач холбогдлоо алдсан дутуу ажиллагааг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэл болгох ёсгүй.

Яллах, цагаатгах талын нотлох баримтын аль алиныг нь харьцуулан үнэлэхэд гэмт хэрэг болсон үйл явдалд холбогдох дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Билгүүнийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотолгоогүй харин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл, баримттай гэж шүүх дүгнэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нийт 400.000 төгрөг хүлээн авч, гомдол саналгүй болохоо /х-87/ илэрхийлжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Тус хэрэгт шүүгдэгч, хохирогч нар сайн дураар эвлэрсэн гэж үзэх нотолгоо байхгүйгээс гадна Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон заалт биш тул шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч хохирогчтой эвлэрсэн гэж үзэх эсэхээс үл хамааран шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.         

            Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :   

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Билгүүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билгүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Билгүүнд сануулсугай.   

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Билгүүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

                       

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР