Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00744

 

“Говьтранс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 686 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Говьтранс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Уламбаяр, С.Одхүү, Н.Цэвэгмид, О.Чулуунбаатар, Л.Чинбаатар, М.Эрдэнэгэрэл, Б.Ганболд, Т.Лхагвадорж, С.Лхагвадорж, Б.Ганболд, Л.Мөнхтүвшин, Б.Ганбаатар, Г.Энхбаяр, Л.Мөнхболд, Ч.Мөнхтөр, О.Лхагвасүрэн, Г.Намнан, Д.Цэнгэл, Г.Лхагвасүрэн, О.Наранбат нарт холбогдох,

Хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Говьтранс ложистикс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагаан хад гэдэг газарт нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд компанийн жолооч нар ажил хаях нэрийдлээр ажилдаа гараагүй. Үүнээс шалтгаалан компанид орох ёстой байсан тээврийн орлого 61 908 000 төгрөг, сул зогсолтоос болж 6 958 400 төгрөгийн бодит зардал гарч, компани нийт 68 860 400 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Нэр бүхий ажилчид 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Говьтранс ложистикс” ХХК-ийн удирдлагад нийт жолооч нарын зүгээс тавьж буй шаардлага гэсэн бичгийг өгөөд гурав хоног ажилдаа гараагүй. Өмнө нь энэ талаар хэлж ярьж сануулсан зүйл байхгүй. Үүний улмаас “Эрдэнэс таван толгой” ХК-тай байгуулсан гэрээний дагуу ачигдах ёстой нүүрс тээвэрлэлт гэнэт зогсож компани гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д зааснаар ажил хаях тухай шийдвэрийг ажлын 5, түүнээс дээш өдрийн өмнө компанийн удирдлагад мэдэгдэх ёстой байсан. Хамгийн гол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан ажил хаях эрхээ хэрэгжүүлэх үндэслэл байхгүй байхад хууль бусаар, гэнэт ажилдаа гараагүй. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.8 дахь хэсэгт заасны дагуу ажилчдын зүгээс “Эрдэнэс таван толгой” ХК-д ажил хаях тухайгаа ажлын 3, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан ч тэгээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120, 121, 122, 123 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасны дагуу хууль бус ажил хаялтад тооцогдоно.Иймд нэр бүхий 20 ажилтан 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Энэхүү ажил хаялт гээд байгаа 3 хоног нь ажил хаялт биш юм. 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан учир “Эрдэнэс таван толгой” ХК ачилт хийдэггүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу 1 дэх өдрийн өглөө 10 цагт бүх машин компанийн хашаанаас хөдөлсөн бүх жолооч нар гэрчилнэ. Энэхүү ажил хаялт гэж нэрлээд байгаа зүйл нь юунаас эхлэлтэйг тайлбарлавал 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Хятадын нутагт хоолны мөнгөгүй, мөн хонох газаргүй, өвлийн хүйтэнд кабиндаа 5 хоносон жолооч нар Хятадаас Монгол руу орж ирээд ийм нөхцөлд бид ажил хийж чадахгүй гэж хэлэхэд гүйцэтгэх захирал Д.Ядамсүрэн учир мэдэх хүн байтал чадахгүй нь машинаа өгөөд явж болно гэж жолооч нарыг тавласнаар үл ойлголцол үүссэн болно. Энэхүү үл ойлголцлыг намжаахын тулд жолооч бид нар шаардахад та нар бичгээр харьц гэчихээд гараад явсан. Жолооч нар шаардлагатай зүйлээ бичээд бүгд гарын үсгээ зураад оруулж өгөхөд хариуг 3 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Энэ хүн хэлсэн үгээрээ 3 хоног ажилд гараагүй гэж бодоод байх шиг байна. Энэ нь том гүтгэлэг гэжээ.

Хариуцагч С.Одхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил хаялт зохион байгуулсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Учир нь 2013 оны 11 дүгээр сарын эхээр БНХАУ-ын нутаг дэвсгэр Ганц модны боомтод нүүрсээ буулгачихаад буцаж, Монгол Улс руу хил гарч, орж ирэх гээд манай жолооч нар бүгд дараалал хүлээж байсан. Тэр үед хилийн дараалал дугаар их байсан, жолооч нар хил гарч Монгол руу орж ирэхийн тулд 5-10 хоног зарцуулж байсан. Гэтэл энэ хугацаанд бид БНХАУ-ын нутаг дэвсгэрт өвлийн хүйтэнд хоол ундгүй, орон байргүй, машиндаа хоноглож байсан. Байгууллагаас 22 000 төгрөгийн замын зардал өгдөг, үүгээр нь нэг удаа хоол авч идээд дуусдаг байсан. Энэ байдлыг жолооч бид нар ярилцаад 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн. Компанийн зүгээс шийдвэр гаргах ерөнхий захирал байхгүй байна, хүлээж бай гэсэн хариу өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор “Эрдэнэс таван толгой” ХК ажиллаагүй, амарч байсан. Тэр үед ерөнхийдөө ажил багатай, “Эрдэнэс таван толгой” ХК байнга зогсонги байдалтай байсан. Бидний зүгээс ажил хаясан зүйл огт байхгүй ба эдгээр өдрүүдэд хүлээлтийн байдалтай, компанийн зүгээс ямар хариу өгөхийг, ажилдаа хэзээ гар гэхийг хүлээж байсан.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Цэнгэл шүүхэд гаргасан тайлбартаа:Тэр өдөр компанийн удирдлагад цалин нэмэх талаар ярилцаад л ажилдаа гарсан. Миний хувьд ажил хаясан зүйл байхгүй. Энэ ажил хаясан талаар зөвшөөрөхгүй. Ийм ажил хаялт болсныг мэдэхгүй. Компани сүүлийн үед хоол унд эрс муудаж, цалингаа цагтаа олгохгүй, ажил муудсан талаар ярьсан гэжээ.

Хариуцагч Г.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Тэр өдөр компанийн удирдлагад цалин, хоолны мөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан нь үнэн. Учир нь бид Хятадад гараад 6-7 хоногоор хил гаргахгүй саатахад орон байр, хоол ундгүй, хүйтэн кабиндаа хонодог. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-д очоод ачилт хийхэд дараалалд зогсож, 2-3 хоног хонодог. 1 capын турш 5 рейс хийдэг байсан. Ачилтанд явж байхад ажил хаясан асуудал байхгүй, тээвэртээ явж л байсан.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа:Жолооч бид нар Хятад Улс руу орохоор хоол унд, амрах байр байхгүй олон хонодог. Тэр өдрүүд нь ажлын бус цаг байсан. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болох 5 дахь өдөр урд хилээс орой гарч ирсэн. Хагас сайн өдөр нь ачилт хийдэггүй, бүтэн сайн өдөр нь хил амардаг. Бид бүгд 1 дэх өдөр ажилдаа гарсан гэжээ.

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:Бидний ажиллах амьдрах нөхцөл байдлыг сайжруулах талаар компанид шаардлага тавьсан нь үнэн. Хятад руу ороод 2-3 хоног кабиндаа даарч, хөрч, хоол унд муутай, үндсэн цалин байхгүй, рейсээр тооцож цалингаа авдаг байсан. Эдгээр нөхцлийг сайжруулах талаар шаардлага тавих хугацаанд уурхай ачилт хийдэггүй, амралтын өдөр байсан. Мөн энэ хугацаанд машин тэргэндээ засвар үйлчилгээгээ хийгээд ажилд гарч явсан болохоос олон хоног зогсож, компанид хохирол учруулсан явдал болоогүй гэжээ.

Хариуцагч Г.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:Жолооч нар компанийн ажиллах нөхцөл, тээвэр хийх үед уурхайд болон БНХАУ руу ороод буулгах үед дугаарлаж олон хонох, машин эвдрэх зэрэг олон хүндрэл байдаг учраас тэдгээр асуудлууд мөн үйлдвэрчний эвлэлтэй болох, үндсэн цалинтай болох зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага тавьсан. Энэ хугацаанд уурхай ачилт хийдэггүй, амралтын үе байсан. Дээрх хугацаанд засвар үйлчилгээгээ хийгээд ажилдаа гарсан гэжээ.

Хариуцагч Ч.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баасан гаригт манай жолооч нар хилээс нүүрсээ буулгаад орж ирсэн. Хил дээр 4-5 хоног хоол ундгүй, орон байргүй, машиныхаа кабинд өлсөж, даарч хоноглож байсан жолооч нар ядраад ирсэн өдрөө амарсан. 2013 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүд амралтын өдөр байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой жолооч нар захирал Д.Ядамсүрэнд байр хоолны энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч амаар хэлсэн. Гэтэл Д.Ядамсүрэн захирал ажил хийж чадахгүй нь түлхүүрээ өгөөд яв гээд хүлээж аваагүй болохоор жолооч нар бухимдсан. Эцэст нь энэ асуудлаа бичгээр өг гэсэн. Бичгээр асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Хариуг нь 3 хоногийн дараа ав гэсэн. Ингээд жолооч нар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа гарч уурхайд дараалан дугаарлаж хоноод 12-нд ачилт хийлгээд 13-нд хилээр гарсан гэжээ.

Хариуцагч О.Чулуунбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хаяагүй. Ажиллах нөхцөл байдал хүнд, БНХАУ-ын нутагт 5 хоног хөлдүү кабинд мөнгөгүй, даарч зутруу байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн. Тус өдөр бямба rapиг байсан. Д.Ядамсүрэн захиралд ажлын нөхцөл байдлын талаар хэлэхэд та нар бичгээр өг гэсэн. Бичгээр хүсэлт өгөхөд 3 хоногийн дараа хариу өгнө гэсэн. Ням гаригт амарсан. Даваа гариг буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрт гарсан. Бид нар 3 хоног сул зогсоогүй, үүнийг ажил хаялт гэж үзэхгүй байна гэжээ.

Хариуцагч Н.Цэвэгмид шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хаяагүй. Ажиллах нөхцөл байдал хүнд, БНХАУ-ын нутагт 5 хоног хөлдүү кабинд мөнгөгүй, даарч зутруу байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн. Тус өдөр бямба rapиг байсан. Д.Ядамсүрэн захиралд ажлын нөхцөл байдлын талаар хэлэхэд та нар бичгээр өг гэсэн. Бичгээр хүсэлт өгөхөд 3 хоногийн дараа хариу өгнө гэсэн. Ням гаригт амарсан. Даваа гариг буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрт гарсан. Бид нар 3 хоног сул зогсоогүй, үүнийг ажил хаялт гэж үзэхгүй гэжээ.

Хариуцагч Б.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хэвийн явагдаж байсан. Энэ хугацаанд ажил хаясан, зогссон асуудал огт гараагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа:2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын Ганц модонд машинаа үзлэгт оруулаад 2013 оны 11 дүгээр сарын 08-ны орой Цагаан хадны кемпэд ирсэн. Машин засвартай байсан болохоор 2013 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд засвартай байсан. Компанийн жолооч нар зарим нэг асуудлыг компанийн захиргаанд танилцуулсан байсныг дэмжсэн. Миний хувьд ажил хаясан явдал байхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь заалтыг тус тус баримтлан “Говьтранс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Одхүү, О.Чулуунбаатар, Д.Уламбаяр, Н.Цэвэгмид, Л.Чинбаатар, М.Эрдэнэгэрэл, Б.Ганболд, Т.Лхагвадорж, С.Лхагвадорж, Б.Ганболд, Л.Мөнхтүвшин, Б.Ганбаатар, Г.Энхбаяр, Л.Мөнхболд, Ч.Мөнхтөр, О.Лхагвасүрэн, Г.Намнан, Д.Цэнгэл, Г.Лхагвасүрэн, О.Наранбат нарт холбогдох 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 686 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Ажилтнуудын ирцийн талаарх дээрх тэмдэглэл болон 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амралтын өдөр байсан зэрэг нөхцөл байдлыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч нарыг ажил хаялт зарлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэжээ. Хариуцагч нарын эрхэлж байгаа нүүрс тээвэрлэлтийн ажил нь улирлын чанартай ажил юм. Өөрөөр хэлбэл газар хөлдөхөөс өмнө дулааны улиралд явагддаг. Ажил эхэлсэн үед ажилчид 30 хоног ажиллаад дараа нь 14 хоног амардаг. Энэ тохиолдолд долоо хоногийн амралтын өдөр хамаарахгүй тухайн ажиллах хугацаандаа өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэх ёстой, өөрөөр хэлбэл 10, 11, 12-нд ажлын өдрүүд байсан.Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Иймд хариуцагч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно...”  гэжээ. “Говьтранс ложистикс” ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зогссон, өөрөөр хэлбэл жолооч нар ажилдаа гараагүй. Энэ талаар хоёр шатны шүүх зөв үнэлэлт хийсэн. Хариуцагч нар 10, 11, 12-ны өдрүүдэд ажилдаа гараагүй, гэхдээ бид нар ажил хаяагүй гэдэг. Бодит байдал дээр жолооч нар сайн дураараа ажилдаа гарахгүй байх, хууль бусаар ажил хаях гэдэг нь нэг ойлголт байсан боловч шүүх бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.Эдгээрийг харгалзан үзэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Говь транс ложистикс” ХХК нь нэр бүхий 20 хүнд холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хаялт зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажилчдын зүгээс компанийн удирдлагад тухайн үед тавьж байсан шаардлага нь ажил хаялтын шинжийг агуулаагүй гэж дүгнэжээ. Улмаар ажил хаялт зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд түүнийг хууль ёсных эсхүл хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.

Ажилчдын цагийн бүртгэл, ирцийн тэмдэглэл зэрэгт ажилд гарвал зохих нийт 39 жолоочоос өвчтэй, чөлөөтэй, амралттай, ажил тасалсан, ажилд гарсан хүмүүсийн тоог гаргаж, тухайн өдрүүд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүх нийтээр амрах өдөр, эсхүл ажлын өдөр байсан зэргийг шүүх судлан, харьцуулан үзэж, ажил хаялт болоогүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болно.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хэргийн оролцогч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа шалтгаанаа шүүхэд тайлбарлаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх эсрэг талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2., 100.3.-т нийцнэ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 686 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН