Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 686

 

 “Говьтранс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Говьтранс ложистикс” ХХК-ийн хариуцагч Д.Уламбаяр, С.Одхүү, Н.Цэвэгмид, О.Чулуунбаатар, Л.Чинбаатар, М.Эрдэнэгэрэл, Б.Ганболд, Т.Лхагвадорж, С.Лхагвадорж, Б.Ганболд, Л.Мөнхтүвшин, Б.Ганбаатар, Г.Энхбаяр, Л.Мөнхболд, Ч.Мөнхтөр, О.Лхагвасүрэн, Г.Намнан, Д.Цэнгэл, Г.Лхагвасүрэн, О.Наранбат нарт холбогдуулан гаргасан хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Говьтранс ложистикс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Говьтранс ложистикс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагаан хад гэдэг газарт нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд компанийн жолооч нар ажил хаях нэрийдлээр ажилдаа гараагүй. Үүнээс шалтгаалан компанид орох ёстой байсан тээврийн орлого 61 908 000 төгрөг, сул зогсолтоос болж 6 958 400 төгрөгийн бодит зардал гарч, компани нийт 68 860 400 төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэр бүхий ажилчид 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Говьтранс ложистикс” ХХК-ийн удирдлагад нийт жолооч нарын зүгээс тавьж буй шаардлага гэсэн бичгийг өгөөд гурав хоног ажилдаа гараагүй. Өмнө нь энэ талаар хэлж ярьж сануулсан зүйл байхгүй. Үүний улмаас "Эрдэнэс таван толгой" ХК-тай байгуулсан гэрээний дагуу ачигдах ёстой нүүрс тээвэрлэлт гэнэт зогсож компани гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 120.5-д зааснаар ажил хаях тухай шийдвэрийг ажлын 5, түүнээс дээш өдрийн өмнө компанийн удирдлагад мэдэгдэх ёстой байсан. Хамгийн гол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан ажил хаях эрхээ хэрэгжүүлэх үндэслэл байхгүй байхад хууль бусаар, гэнэт ажилдаа гараагүй. Мөн хуулийн 120.8 дахь хэсэгт заасны дагуу ажилчдын зүгээс "Эрдэнэс таван толгой" ХК-д ажил хаях тухайгаа ажлын 3, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан ч тэгээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 119, 120, 121, 122, 123 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасны дагуу хууль бус ажил хаялтад тооцогдоно. Иймд нэр бүхий 20 ажилтан 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Уламбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Энэхүү ажил хаялт гээд байгаа 3 хоног нь ажил хаялт биш юм. 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан учир “Эрдэнэс таван толгой” ХК ачилт хийдэггүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу 1 дэх өдрийн өглөө 10 цагт бүх машин компанийн хашаанаас хөдөлсөн бүх жолооч нар гэрчилнэ. Мөн "Говийн зам" ХХК-ийн архивт ч байдаг болов уу. Энэхүү ажил хаялт гэж нэрлээд байгаа зүйл нь юунаас эхлэлтэйг тайлбарлавал 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Хятадын нутагт хоолны мөнгөгүй, мөн хонох газаргүй, өвлийн хүйтэнд кабиндаа 5 хоносон жолооч нар Хятадаас Монгол руу орж ирээд ийм нөхцөлд бид ажил хийж чадахгүй гэж хэлэхэд гүйцэтгэх захирал Д.Ядамсүрэн учир мэдэх хүн байтал чадахгүй нь машинаа өгөөд явж болно гэж жолооч нарыг тавласнаар үл ойлголцол үүссэн болно. Энэхүү үл ойлголцлыг намжаахын тулд жолооч бид нар шаардахад та нар бичгээр харьц гэчихээд гараад явсан. Жолооч нар шаардлагатай зүйлээ бичээд бүгд гарын үсгээ зураад оруулж өгөхөд хариуг 3 хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Энэ хүн хэлсэн үгээрээ 3 хоног ажилд гараагүй гэж бодоод байх шиг байна. Энэ нь том гүтгэлэг гэжээ.

 

Хариуцагч С.Одхүүгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил хаялт зохион байгуулсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Учир нь 2013 оны 11 дүгээр сарын эхээр БНХАУ-ын нутаг дэвсгэр Ганц модны боомтод нүүрсээ буулгачихаад буцаж, Монгол Улс руу хил гарч, орж ирэх гээд манай жолооч нар бүгд дараалал хүлээж байсан. Тэр үед хилийн дараалал дугаар их байсан, жолооч нар хил гарч Монгол руу орж ирэхийн тулд 5-10 хоног зарцуулж байсан. Гэтэл энэ хугацаанд бид БНХАУ-ын нутаг дэвсгэрт өвлийн хүйтэнд хоол ундгүй, орон байргүй, машиндаа хоноглож байсан. Байгууллагаас 22 000 төгрөгийн замын зардал өгдөг, үүгээр нь нэг удаа хоол авч идээд дуусдаг байсан. Энэ байдлыг жолооч бид нар ярилцаад 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн. Компанийн зүгээс шийдвэр гаргах ерөнхий захирал байхгүй байна, хүлээж бай гэсэн хариу өгсөн. 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор “Эрдэнэс таван толгой” ХК ажиллаагүй, амарч байсан. Тэр үед ерөнхийдөө ажил багатай, “Эрдэнэс таван толгой” ХК байнга зогсонги байдалтай байсан. Бидний зүгээс ажил хаясан зүйл огт байхгүй ба эдгээр өдрүүдэд хүлээлтийн байдалтай, компанийн зүгээс ямар хариу өгөхийг, ажилдаа хэзээ гар гэхийг хүлээж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Цэнгэлийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тэр өдөр компанийн удирдлагад цалин нэмэх талаар ярилцаад л ажилдаа гарсан. Миний хувьд ажил хаясан зүйл байхгүй. Энэ ажил хаясан талаар зөвшөөрөхгүй. Ийм ажил хаялт болсныг мэдэхгүй. Компани сүүлийн үед хоол унд эрс муудаж, цалингаа цагтаа олгохгүй, ажил муудсан талаар ярьсан гэжээ.

 

Хариуцагч Г.Энхбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Тэр өдөр компанийн удирдлагад цалин, хоолны мөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавьсан нь үнэн. Учир нь бид Хятадад гараад 6-7 хоногоор хил гаргахгүй саатахад орон байр, хоол ундгүй, хүйтэн кабиндаа хонодог. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-д очоод ачилт хийхэд дараалалд зогсож, 2-3 хоног хонодог. 1 capын турш 5 рейс хийдэг байсан. Ачилт явж байхад ажил хаясан асуудал байхгүй, тээвэртээ явж л байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Мөнхболдын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Жолооч бид нар Хятад Улс руу орохоор хоол унд, амрах байр байхгүй олон хонодог. Тэр өдрүүд нь ажлын бус цаг байсан. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болох 5 дахь өдөр урд хилээс орой гарч ирсэн. Хагас сайн өдөр нь ачилт хийдэггүй, бүтэн сайн өдөр нь хил амардаг. Бид бүгд 1 дэх өдөр ажилдаа гарсан гэжээ.

 

Хариуцагч Б.Ганбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бидний ажиллах амьдрах нөхцөл байдлыг сайжруулах талаар компанид шаардлага тавьсан нь үнэн. Хятад руу ороод 2-3 хоног кабиндаа даарч, хөрч, хоол унд муутай, үндсэн цалин байхгүй, рейсээр тооцож цалингаа авдаг байсан. Эдгээр нөхцөлийг сайжруулах талаар шаардлага тавих хугацаанд уурхай ачилт хийдэггүй, амралтын өдөр байсан. Мөн энэ хугацаанд машин тэргэндээ засвар үйлчилгээгээ хийгээд ажилд гарч явсан болохоос олон хоног зогсож, компанид хохирол учруулсан явдал болоогүй гэжээ.

 

Хариуцагч Г.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Жолооч нар компанийн ажиллах нөхцөл, тээвэр хийх үед уурхайд болон БНХАУ руу ороод буулгах үед дугаарлаж олон хонох, машин эвдрэх зэрэг олон хүндрэл байдаг учраас тэдгээр асуудлууд мөн үйлдвэрчний эвлэлтэй болох, үндсэн цалинтай болох зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр шаардлага тавьсан. Энэ хугацаанд уурхай ачилт хийдэггүй, амралтын үе байсан. Дээрх хугацаанд засвар үйлчилгээгээ хийгээд ажилдаа гарсан гэжээ.

 

Хариуцагч Ч.Мөнхтөрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баасан гаригт манай жолооч нар хилээс нүүрсээ буулгаад орж ирсэн. Хил дээр 4-5 хоног хоол ундгүй, орон байргүй, машиныхаа кабинд өлсөж, даарч хоноглож байсан жолооч нар ядраад ирсэн өдрөө амарсан. 2013 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүд амралтын өдөр байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн орой жолооч нар захирал Д.Ядамсүрэнд байр хоолны энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч амаар хэлсэн. Гэтэл Д.Ядамсүрэн захирал ажил хийж чадахгүй нь түлхүүрээ өгөөд яв гээд хүлээж аваагүй болохоор жолооч нар бухимдсан. Эцэст нь энэ асуудлаа бичгээр өг гэсэн. Бичгээр асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Хариуг нь 3 хоногийн дараа ав гэсэн. Ингээд жолооч нар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа гарч уурхайд дараалан дугаарлаж хоноод 12-нд ачилт хийлгээд 13 нд хилээр гарсан гэжээ.

 

Хариуцагч О.Чулуунбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хаяагүй. Ажиллах нөхцөл байдал хүнд, БНХАУ-ын нутагт 5 хоног хөлдүү кабинд мөнгөгүй, даарч зутруу байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн. Тус өдөр бямба rapиг байсан. Д.Ядамсүрэн захиралд ажлын нөхцөл байдлын талаар хэлэхэд та нар бичгээр өг гэсэн. Бичгээр хүсэлт өгөхөд 3 хоногийн дараа хариу өгнө гэсэн. Ням гаригт амарсан. Даваа гариг буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрт гарсан. Бид нар 3 хоног сул зогсоогүй, үүнийг ажил хаялт гэж үзэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Цэвэгмидийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хаяагүй. Ажиллах нөхцөл байдал хүнд, БНХАУ-ын нутагт 5 хоног хөлдүү кабинд мөнгөгүй, даарч зутруу байсан. 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-аас орж ирсэн. Тус өдөр бямба rapиг байсан. Д.Ядамсүрэн захиралд ажлын нөхцөл байдлын талаар хэлэхэд та нар бичгээр өг гэсэн. Бичгээр хүсэлт өгөхөд 3 хоногийн дараа хариу өгнө гэсэн. Ням гаригт амарсан. Даваа гариг буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээвэрт гарсан. Бид нар 3 хоног сул зогсоогүй, үүнийг ажил хаялт гэж үзэхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Ганболдын шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажил хэвийн явагдаж байсан. Энэ хугацаанд ажил хаясан, зогссон асуудал огт гараагүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч С.Лхагвадоржийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын Ганц модонд машинаа үзлэгт оруулаад 2013 оны 11 дүгээр сарын 08-ны орой Цагаан хадны кемпэд ирсэн. Машин засвартай байсан болохоор 2013 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд засвартай байсан. Компанийн жолооч нар зарим нэг асуудлыг компанийн захиргаанд танилцуулсан байсныг дэмжсэн. Миний хувьд ажил хаясан явдал байхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь заалтыг тус тус баримтлан “Говьтранс ложистикс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Одхүү, О.Чулуунбаатар, Д.Уламбаяр, Н.Цэвэгмид, Л.Чинбаатар, М.Эрдэнэгэрэл, Б.Ганболд, Т.Лхагвадорж, С.Лхагвадорж, Б.Ганболд, Л.Мөнхтүвшин, Б.Ганбаатар, Г.Энхбаяр, Л.Мөнхболд, Ч.Мөнхтөр, О.Лхагвасүрэн, Г.Намнан, Д.Цэнгэл, Г.Лхагвасүрэн, О.Наранбат нарт холбогдох 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2, 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талын хувьд шүүхээс нотлогдсон гэж үзсэн нөхцөл байдал нь бодит байдал дээр тогтоогдоогүй, шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хуульд хамтын гэрээг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтын бүтцэд хамаарах нэгж, хэсэгтэй холбоотой бус харин тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулагдсан тохиролцоо гэж хуульчилсан байх тул “Говьтранс ложистикс” ХХК-ийн нэр бүхий жолооч нарын зүгээс компанийн удирдлагад тавьсан шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4 дэх заалтад заасан аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон "хамтын ирээ"-тэй холбоотой шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. “Говьтранс ложистикс” ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зогссон. Өөрөөр хэлбэл жолооч нар ажилдаа гараагүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв үнэлэлт хийсэн. Харин шалтгааныг нь буруу тодорхойлсон. Хариуцагч нар 2013 оны 11 дүгээр сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ажилдаа гараагүй. Гэхдээ бид нар ажил хаяагүй гэдэг. Бодит байдал дээр жолооч нар сайн дураараа ажилдаа гарахгүй байх, хууль бусаар ажил хаях гэдэг нь нэг ойлголт байсан боловч анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор мэдэгдээгүй атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Говьтранс ложистикс” ХХК нь хариуцагч Д.Уламбаяр, С.Одхүү, Н.Цэвэгмид, О.Чулуунбаатар, Л.Чинбаатар, М.Эрдэнэгэрэл, Б.Ганболд, Т.Лхагвадорж, С.Лхагвадорж, Б.Ганболд, Л.Мөнхтүвшин, Б.Ганбаатар, Г.Энхбаяр, Л.Мөнхболд, Ч.Мөнхтөр, О.Лхагвасүрэн, Г.Намнан, Д.Цэнгэл, Г.Лхагвасүрэн, О.Наранбат нарт холбогдуулан хууль бус ажил хаялт зохион байгуулсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажил хаялт зохион байгуулаагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нарыг 2013 оны 11 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд ажил хаях нэрийдлээр ажилдаа гараагүйн улмаас буюу байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн, Хөдөдмөрийн тухай хуулийн 120.5 дахь хэсэгт заасны дагуу ажил хаях тухай шийдвэрийг ажлын 5, түүнээс дээш өдрийн өмнө компанийн удирдлагад мэдэгдэх шаардлагыг биелүүлээгүй, мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасан ажил хаях эрхээ хэрэгжүүлэх үндэслэлгүй байхад ажилдаа гараагүй, хуулийн 120.8 дахь хэсэгт заасны дагуу ажилчдын зүгээс “Эрдэнэс таван толгой” ХК-д ажил хаях тухайгаа ажлын 3, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйтэй холбон тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил хаялт зохион байгуулсныг хууль бус гэдгийг шүүх тогтоосноор хуулийн 123.4 дэх хэсэгт зааснаар уг үйл ажиллагааг нэн даруй зогсоох үр дагавартай.

 

Хэргийн 9-10 дугаар талд “Говьтранс ложистикс” ХХК-ийн удирдлагад бичгээр гаргасан нэр бүхий 33 ажилтны шаардлага байх ба уг шаардлагад "Барьцаа мөнгөний эцсийн үлдэгдэл 500 000 төгрөгийг үлдээж, зөрүү мөнгийг энэ сардаа багтааж буцааж олгох, үндсэн цалингийн 300 000 төгрөгийг нөхөж олгох, рейсний үнэлгээг 250 000 төгрөг болгох, Хятад Улсын нутагт 1 хоногоос дээш хоносон тохиолдолд өдөрт 70 юань бодож олгох, рейсний түлшийг 360 литр болгох, өвлийн нэмэгдэл 20 литр түлш олгох, кабинд дулаан тухтай байх нөхцлийг судалж шийдвэрлэх, цалин хөлсийг цаг тухайд нь олгох, даатгалын асуудлыг тодорхой болгох, энэ асуудлыг шийдвэрлэтэл ажилд гарах боломжгүй” гэжээ. Уг баримтад ажилтнуудын зүгээс ажил олгогчид хандан шаардлага гаргасан байх боловч уг баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан ажил хаях тухай шийдвэр гэж үзэхгүй.

 

“Говьтранс ложистикс” ХХК-ийн тээврийн жолооч нарын цагийн бүртгэл /хэргийн 12, 13 дугаар тал/-ээс үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдөр нийт 39 жолоочоос В.Пүрэв, Б.Пүрэвсүрэн, Д.Цэнгэл, О.Мөнхбат нарын 4 жолооч ажилласан, 1 жолооч өвчтэй, 2 жолооч чөлөөтэй, бусад жолооч нар ажил тасалсан гэж, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б.Батдорж өвчтэй, С.Найрамдал чөлөөтэй, С.Лхагвадорж амралттай, бусад жолооч нар ажилласан гэж бүртгэсэн баримт авагдсан байна.

 

Ажилтнуудын ирцийн талаарх дээрх тэмдэглэл болон 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр амралтын өдөр байсан зэрэг нөхцөл байдлыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч нарыг ажил хаялт зарлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн байх ба зарим хариуцагч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй. Мөн энэ талаар хариуцагч талаас гомдол гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. Шүүх хуралдаанд ирсэн 4 хариуцагч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                  ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

   

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ