Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01092

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01092

 

 

О.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2023/00152 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.А

Хариуцагч: ********т холбогдох

Гуравдагч этгээд: *** ББСБ ХХК, Д.Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: ********сийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцгээ, Ж.Цэцгээ, гуравдагч этгээд *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа *** дугаар байр, ** тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 97,080,000 төгрөгөөр Л.Т аас худалдаж авахаар тохирч нотариатаар батлуулан 60,000,000 төгрөгийг бэлнээр урьдчилгаанд төлсөн. Уг орон сууцанд 3 жил гаруй хугацаанд амьдарч байна. Уг байрыг би хууль бусаар эзэмшээгүй, байрнаас нүүлгэн гаргах нэхэмжлэл гаргаагүй, байрыг чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гараагүй.

1.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *** ББСБ ХХК болон 290 дугаар нотариатч Б.З д холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, хохирол 69,000,000 төгрөг нэхэмжилсэн хэрэг хянагдаж байгаа бөгөөд *** ББСБ ХХК нь зээлдэгч Л.Т т маргаан бүхий байрыг зарахыг зөвшөөрч, нотариатчид зөвшөөрлөө хүргүүлсэн эсэх маргаан хянагдаж дуусахаас нааш Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсох учиртай.

1.3. Өмч хөрөнгө худалдаж авсантай холбоотой маргаан шийдүүлж байгаа миний бие ********, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт хандан тухайн орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн ********сийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Эрх бүхий этгээдүүд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3-2/1794 дугаартай албан бичиг, ********сээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 02/856 дугаартай хариу мэдэгдэх хуудас илгээснийг Монгол шуудангаас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдлоо гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх хөрөнгө худалдан авагч миний өмчлөх эрх хөндөгдсөнийг хүндэтгэн үзэж шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг зааж өгсөн учир нэхэмжлэл гаргасан.

Иймд ********сийн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллагаас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/928 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1234 дугаар албан бичгээр *** ББСБ ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05 өдрийн зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн.

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр ********т төлбөр авагч *** ББСБ ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр холбогдох гүйцэтгэх бичиг ирүүлснийг тухайн өдөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар барагдуулахыг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Төлбөр төлөгчийн нэр дээрх барьцаа хөрөнгө болох Хан-уул дүүргийн 5 дугаар хороо буянт ухаа *** дугаар байр ** тоот хаягт байрлах улсын Ү-2206059194 дугаартай 69,35 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаар тогтоолоор хөрөнгө хураах тогтоолоор хураасан.

2.2 Талуудаас үнийн санал авахад талууд үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Мөнх оргил трейд ХХК-иар үнэлүүлэхэд 131,192,800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан тоотоор талуудад үнэлгээг мэдэгдсэн.

2.3. О.А нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэж байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд *** ББСБ ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 О.А нь дуудлага худалдаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүх процесс зэргийг анхнаасаа мэдэж байсан. Дуудлага худалдаанд 2 болон түүнээс дээш хүн оролцож болно.

Нэхэмжлэлийн шаардлага нь дуудлага худалдааг хүчингүй болгуулах гээд байна уу, эсхүл 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах гээд байгаа эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Д.Н ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Миний бие маргаан бүхий орон сууцыг 2021 оны 6 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан дуудлага худалдаагаар 76,000,000 төгрөгөөр худалдаж авсан. *** ББСБ ХХК-тай ямар нэг нь хамааралгүй. Уг орон сууцыг авахын тулд зээл авч төлбөрийг төлсөн. Гэтэл одоо тухайн орон сууцанд орж чадаагүй хохирч, түрээсийн байранд амьдарч байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар О.А ын нэхэмжлэлтэй, ********т холбогдох, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 О.А , Л.Т нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа *** дугаар байр ** тоот 69.35 м.кв 2 өрөө байрыг 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 69,000,000 төгрөгийг Л.Т т хүлээлгэн өгч, байрыг хүлээн аваад 4 жил амьдарсан. Шүүх энэхүү худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй бөгөөд гэрч Л.Т ын эрүүгийн хууль сануулсан баримтанд гарын үсэг зурсны дараа мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгт бас дүгнэлт хийсэнгүй.

6.2 Анхны дуудлага худалдаа болон 2 дахь дуудлага худалдаа хуульд заасан үндэслэлээр явагдаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч биш гэж шүүх үзсэнд гомдолтой байна.

6.3 Төлбөр авагч *** ББСБ ХХК нь барьцаанд байгаа байраа зарах зөвшөөрөл Л.Т т олгосон байсан гэж хууль зөрчсөн нотариатын үйлдлийг эрхлэн үйлдсэн Б.З нотариатч эрүүгийн хууль сануулсан баримтанд гарын үсэг зурсны дараа мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг дүгнэж үзвэл *** ББСБ ХХК нь төлбөр авагчаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, О.А ын нэхэмжлэлтэй Б.З нотариатч, *** ББСБ ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн, эрх хязгаарласан гэж үзэж байна.

6.4 Хариуцагч нь төлбөр авагч *** ББСБ ХХК, дуудлага худалдааны ялагч болсон Д.Н нартай хуйвалдан 130,000,000 төгрөгийн үнэ цэнтэй байрыг 76,000,000 төгрөгөнд шилжүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагад шударга явагддаггүй тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, *** ББСБ ХХК-ийн ажилтан Д.Н дуудлага худалдаанд оролцож ялагч болсон байх ба тэд цугтаа машинаар ирж очиж байснаас тодорхой харагддаг.

6.5 Дуудлага худалдаа хуульд нийцэж явагдсан эсэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой эсхүл нотлох баримт шаардлагатай үндэслэлээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заагдсанаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2020/00265 дугаар захирамжаар Л.Т зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 89,642,037.39 төгрөгийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа *** дугаар байрны ** тоот, 69.35 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2206059194 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн шийдвэр гарсан.

7.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 91,834,960 төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй, оролцогч оролцоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 65,596,400 төгрөгөөр зарлахад 3 оролцогч оролцож н.Намнангарав нь 76,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон. Дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэхээр албан бичиг үйлдэн хүргүүлж, төлбөр төлөгчид худалдан борлогдсон хөрөнгийг чөлөөлөхийг мэдэгдсэн.

7.3 Барьцаа хөрөнгө болох орон сууц 100 хувь Л.Т ын өмч бөгөөд тус хөрөнгийг *** ББСБ ХХК-д үүргийн гүйцэтгэлээр барьцаалсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, тэргүүн ээлжинд барьцаалагчийн төлбөрийг барагдуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд *** ББСБ ХХК-ийн хариу тайлбарын агуулга:

8.1 *** ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хуулийн дагуу барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж холбогдох гэрээ, дүрэм, журмын дагуу зээл олгосон. Төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн дагуу өр төлбөрийг барагдуулах тухай хүсэлт гаргаж, энэ дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Дуудлага худалдаатай холбоотой гомдол, саналгүй бөгөөд барьцаалагч тэргүүн ээлжинд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хүрээнд шүүхийн шийдвэр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Уг ажиллагаанд хэн оролцох нь нээлттэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарласан зар, холбогдох мэдээллийн дагуу тус ажиллагааг хөндлөнгөөс ажиглаж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр авагчийн талаас дээрх ажиллагаанд гомдолгүй байна. Манай тал одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг төлбөр төлөгчөөс аваагүй. Хөрөнгө барьцаанд байх хугацаанд О.А тай эрх зүйн харилцаанд ороогүй, энэ талаар анхан шатны шүүхэд түүний нөхөр гэрчилсэн. Төлбөр төлөгч буюу хөрөнгийн эзэн Л.Т нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн хөрөнгийг О.А д худалдаагүй гэдгээ хэлдэг. Шийдвэр гүйцэтгэх газартай адил байр суурьтай байна гэжээ.

 

9. Гуравдагч этгээд Д.Н давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч ********т холбогдуулан ********сийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104/ШШ2020/00265 дугаар захирамжаар хариуцагч Л.Т зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 89,642,037.39 төгрөгөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 79,642,037.39 төгрөгийг нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206059194 дугаартай, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа *** дугаар байр, ** тоот 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 00-00 ххх улсын дугаартай, ** арлын дугаартай, BMW X5 O маркийн хар өнгөтэй авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 36-40/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

 

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20310310 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 41/, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/03 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 44-45/, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20310310/07 дугаар тогтоолоор хураан авсан /хх.46-47/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцжээ.

 

4.2 Талууд шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр М ХХК-ийг томилсон. /хх 102/

 

4.3 Шинжээч М ХХК нь улсын бүртгэлийн Ү-2206059194 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа *** дугаар байр, ** тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 131,192,800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 51-52/

 

Улмаар хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2/686 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Л.Т т мэдэгдсэн боловч тэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрөө худалдан борлуулах хүсэлтэй байх тул нэг сарын хугацаа олгох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргажээ. /хх 53-54/

 

4.4 Төлбөр төлөгч Л.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дугаар анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарч, төлбөр төлөгч Л.Т т 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/641 дугаар, төлбөр авагч *** ББСБ ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/639 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /хх 59-60/

 

4.5 Үүний дараа анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 06/03 дугаар хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол гарсан байх ба төлбөр төлөгч Л.Т т 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/697 дугаар, төлбөр авагч *** ББСБ ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/696 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /хх 63-64/

 

4.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 131,192,800 төгрөгийн 50 хувь болох 65,596,400 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулж, 76,000,000 төгрөгийн үнээр худалдан авахаар Д.Н ялагчаар тодорсон тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20310310/07/01 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр дээр шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын анхны болон хоёр дахь дуудлага худалдаа хуульд заасан үндэслэлээр явагдаагүй, хариуцагч байгууллага нь төлбөр авагч *** ББСБ ХХК болон дуудлага худалдааны ялагч Д.Н нартай хуйвалдаж байрыг 76,000,000 төгрөгөөр шилжүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шударга явагдаагүй, дуудлага худалдаа хуульд нийцэж явагдсан эсэх нотлох баримт шүүхэд ирээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.А ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж үзэхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар мэдэж байсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. О.А нь Б.З д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, хохиролд 69,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрх болон гэрч Л.Т ын гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Л.Т тай 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дээрх орон сууцыг худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирсон, гэрээний үүрэгт тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлсөн гэх /хх 4-5/ тайлбар нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2023/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН