Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0242

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0242

    Улаанбаатар хот

 

 

 

Т.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Ог, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.М нарыг оролцуулан хийж,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0129 дүгээр шийдвэртэй, Т.А-ын нэхэмжлэлтэй, НЗД, СХДЗД  тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Т.А-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0129 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дүгээр, НЗд-ын2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжуудын Н.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Т.А-ын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг С дүүргийн З д-д даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.А давж заалдах гомдолдоо: “ ... Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 сарын 23-ны өдрийн 214 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хээрийн газрын үзлэг хийгээгүй нь манай буруу гэдгийг удаа дараа хүлээн зөвшөөрч байхад шүүх хариуцагчийн зөвшөөрлийг анхаарч үзээгүй.

Хариуцагч тал нь гуравдагч этгээд Н.М-д газар эзэмших эрх олгохдоо хээрийн үзлэг хийгээгүй шийдвэр гаргаснаас уг газрыг 2013 оны сүүлч, 2014 оны эхээс одоог хүртэл уг газрыг ашиглаж буй нэхэмжлэгчийн эрх ашиг хамгаалах боломжгүй байдалд хүрсэн бодит байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Бодит амьдрал дээр гуравдагч этгээд нь одоог хүртэл газар эзэмших эрх олгосон газартаа амьдарч, газраа эзэмшиж, ашигладаггүй, газрын ченж хийдэг.

Нэхэмжлэгч тал уг газрыг ашиглаж, худаг гаргаж, үйлдвэрийн объект барихаар зэхэж байсан, уг газрыг хашаалсанг мэдсээр байж гуравдагч этгээд нь 1,5 сая төгрөг өгвөд газрын чинь зөвшөөрлийг гаргаж өгье гэж нэхэмжлэгч талд хэлж, нэхэмжлэгч тал гуравдагч этгээдийн уг саналыг зөвшөөрөөгүй байхад гуравдагч этгээд түрүүлж газар эзэмших хүсэлт гаргаж эзэмших эрх авсан газрын зарим хэсэг давхцаж байгаа. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга дээрх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг үндэслэн талуудыг байлцуулж газрын эрх олгосонг эргэж шийдвэрлэх, маргааныг дахин нягталж үзэх талаар мэргэжилтэнд анхааруулж байсан талаарх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэж, шийдвэрийн биелэлтийг түдгэлдүүлж болох байлаа.

2014 оны 4, 5, 6 сарын агаарын зураг, тухайн үеийн кадастрын зураг, газрын мэдээллийн санд нэхэмжлэгч тал газар эзэмших хүсэлт гаргасан, тухайн үед гуравдагч этгээдийн газар эзэмших эрх олгогдоогүй байсан зэргийг шүүх анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгч тал 2014 оны 07 сарын 04-ний өдөр газар эзэмших эрх олгохыг хүссэн байхад одоог хүртэл хариуцагч тал уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхад  хариуцагчийн илт хууль бус үйлдлийг тогтоолгох, газар эзэмших эрх олгох, хүсэлтийг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн хэсгийг үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0129 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

          Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 214 дүгээр захирамжаар Н.М-д тус дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-162 тоот 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/652 дугаар захирамжаар уг газрыг Н.М-д өмчлүүлсэн байна.

          Нэхэмжлэгч Т.А нь Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан боловч эзэмшихийг хүссэн газрын зарим хэсэг нь дээрх захирамжуудаар Н.М-д эзэмшүүлж өмчлүүлсэн газартай давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

          Мөн нэхэмжлэгч нь тухайн газар дээр худаг гаргаж, үйлдвэрийн барилга барьж бодит байдалд Н.М-аас өмнө эзэмшиж байсан гэх боловч газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй тул түүний эзэмшиж байсан газарт Н.М давхцуулан газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг зөв үнэлж, нэхэмжлэгч Т.А-ынэзэмшихийг хүссэн газар нь бусдын газартай давхцсан тул нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар үндэслэлтэй дүгнэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, дээрх захирамжуудыг хүчингүй болгуулж, уг давхцсан газрыг эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Харин Т.А-ын үйлдвэрийн барилга байрлаж байгаа газар нь Н.М болон бусдын эзэмшил газартай давхцаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, газрын алба нь түүний тухайн газрыг эзэмших хүсэлтэд амаар хариу өгсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй  эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хүсэлтийг хүлээн авч нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол үндэслэлийг хүсэлт гаргагчид өгч өргөдлийг бүртгэлээс хасах, шаардлага хангасан бол Газрын тухай хуулийн 33.1-д зааснаар шийдвэрлэхээр заасныг зөрчсөн байх тул уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх тухайн давхцаагүй 289 м.кв газрыг эзэмших хүсэлтээ дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой талаар дурдсан боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан тухайн газрыг эзэмшихээр 2014 онд гаргасан өргөдлийн он, сар, өдөр буюу хугацааг үгүйсгэх буюу тухайн бүртгэлд авагдсанаар бусдын газартай давхцаагүй хэсгийг эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж болзошгүйг шүүх анхаараагүй байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй.