Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/0142

 

“М...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн

удирдлагын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг       

            Шүүгчид:                            М.Батсуурь

            Х.Батсүрэн

                                                       П.Соёл-Эрдэнэ                                                                 

            Илтгэгч шүүгч:                   Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0263 дугаар шийдвэр,          

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 256 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гуравдагч этгээд “Ч...” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч “М...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд  “Ч...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.        

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож, “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах”

            Хэргийн нөхцөл байдал:

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/60 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар магадлалыг тус тус үндэслэн, 1 дэх заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын хавсралтын 1 дэх заалтын “Ч...” ХХК-д хамаарах 3 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын хавсралтын 13 дахь заалтын “М...” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/12 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, “М...” ХХК-д 2.13 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд олгох-оор шийдвэрлэжээ.

3. Маргаан бүхий актын үндэслэлд дурдагдсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор “Ч...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалын “М...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээд “М...” ХХК-ийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагатай захиргааныг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 490 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “М...” ХХК-ийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар магадлалаар “... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “М...” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн 3 га газартай давхцуулан олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож”, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна.

4. Нэхэмжлэгч “М...” ХХК-ийн захирал Г.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... анх “Ч...” ХХК-д 2007 оны 497 дугаар гэрчилгээгээр А Б С гэсэн 3 тусдаа байршилд нэг, нэг га-гаар ашиглах эрх олгосон, энэ талаар гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа, гэтэл Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э  нь 497 дугаар гэрчилгээгээр олгосон 3 өөр талбай бүхий газрын давхцалыг арилгах нэрийдлээр өөрт олгогдоогүй эрх эдэлж А Б С байршлыг нэгтгэж гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулсан, гэрчилгээний хугацааг сунгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бус үйл ажиллагаа ...,  энэ илт хууль бус үйл ажиллагааны дагуу гарсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус.., ... /үүний улмаас/ “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх зөрчигдсөн...” гэж,  хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй, ... шүүхийн шийдвэрийг биелүүлж А/60 дугаар тушаалыг гаргасан гэж,  гуравдагч этгээд “Ч...” ХХК-иас ... А/60 дугаар тушаалын 1 дэх заалт илт хууль бус шинжийг агуулаагүй, ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын асуудлаар дахин маргаж байгаа нь үндэслэлгүй ... гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас шийдвэр гараагүй байхад тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ээс “Ч...” ХХК-д олгосон 3 тусдаа байршил бүхий 1,0 га газруудыг нэгтгэсэн болон тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан үйл ажиллагаа нь бүхэлдээ илт хууль бус. ... Маргаан бүхий захиргааны акт болох Сайдын тушаал нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан боловч илт хууль бус захиргааны үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах эрхгүй этгээд болох Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн илт хууль бус үйл ажиллагаагаар “Ч...” ХХК-ийн газрын байршлыг нэгтгэсэн хэмжээгээр сэргээсэн байх тул уг тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлтэй. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан, түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр “Ч...” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3 өөр байршил бүхий газрыг нэгтгэсэн болон гэрчилгээний хугацааг сунгасан хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоосноор “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу хууль ёсоор эзэмшиж байсан газрын эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэх дүгнэлтүүд хийж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М...” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... нэхэмжлэгч “М...” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох 2 га газрын эрхийг сэргээсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааны 2 га газарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5,2 га талбай бүхий газар ашиглах эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Ч...” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

7. “... “Ч...” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БОНХАЖ-ын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаалын “М...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа.

8. “Ч...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОНХАЖ-ийн сайдад холбогдох урьд нь шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч “М...” ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон атлаа тухайн хэргийг хянан шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримттай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд итгэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй...” гэснийг зөрчсөн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

9. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “Ч...” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Зуун модны аманд 3 га талбай бүхий газар ашиглах эрхийн талаар солбилцлоор нь шүүн үзвэл тухайн 3 газрын 1 газар нь Туул голын гольдрол дотор, 1 газар нь Хүрхрээгийн аманд, үлдэх 1 га газар нь маргаан бүхий байршилд байрлаж байна. БОАЖ-ын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э  2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Ч...” ХХК-д олгосон 3 тусдаа бүхий газрыг нэгтгэж тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг ... сугасан байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

10. Гуравдагч этгээд “Ч...” ХХК нь “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд байршилтай Зуун модны ам нэртэй газарт хэдэн га газар ашигладаг байсан” эсэх болон “БОАЖ-ын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э  “Ч...” ХХК-д олгосон 3 тусдаа бүхий газрыг нэгтгэж тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгасан нь хуульд нийцэж байсан” эсэх зэрэг үйл баримтын талаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 490 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 665 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 502 дугаар тогтоолтой захиргааны хэргийн явцад тухайн хэргийн оролцогчид маргасан бөгөөд тус маргаантай холбоотой асуудлаар шат шатны шүүхүүд өөр, өөрийн дүгнэлтийг өгсөн болох нь дараах байдлаар нотлогдож байгаа. Үүнд:

11. Тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ч...” ХХК “... манай “Ч...” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгуулсан болно...”, “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/160 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийг хүчингүй болгож байсан боловч мөн оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/212 дугаар тушаалаар буцаан 3 га газар эзэмших эрхийг сэргээсэн байдаг...”гэж; хариуцагч БОАЖЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /Л.Гансүх/-ын 2010 оны ... дугаар сарын 27-ны өдрийн А/160 тоот тушаалаар цуцлагдахдаа 3.0 га ... байсан. Мөн оныхоо 7 дугаар сарын 06-ны өдрийн А/212 тоот тушаалаар сэргээлгэхдээ 3.0 га хэвээр сэргээгдсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дээрх 3.0 га талбарын газар ашиглах эрхийг цуцалсан...” гэж; гуравдагч этгээдээр оролцож байсан “М...” ХХК “... хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 311 тоот “Газар ашиглах гэрчилгээ олгох тухай” тушаалаар нэхэмжлэгч “Ч...” ХХК-д ... 1 га газрын ашиглах эрхийг олгосон атал 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 497 дугаартай 3 га газрын гэрчилгээ олгосон, мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэргүйгээр 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр солбилцлын нэг буюу газрын байршлыг өөрчилж 497 тоот гэрчилгээний хугацааг сунгаж бичилт хийсэн...”, “... “Ч...” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хууль тогтоомжийн хүрээнд, сайдын 311 тоот тушаалаар 1 га газрыг ашиглах эрх авсан атал... нэгж талбарын гурван өөр газарт тус бүр нэг нэг га газар буюу нийт 3 га газрын хэмжээгээр 1 /нэг/ “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар гаргуулан авсан, мөн 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дээр дурдсан хууль бус гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын 3 өөр газар дахь нийт 3 га газрыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэгж, талбар буюу газруудын байршлуудыг өөрчлөн маргаан бүхий газарт буюу одоогийн “М...” ХХК-ийн ашиглаж байгаа газарт шилжүүлж, мөн гэрчилгээний хугацааг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр 5 жилийн хугацаагаар сунгасан бичилтийг хууль бусаар хийлгэсний улмаас энэхүү маргаан гарах үндэслэл болсон. ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зуйлийн 36.1-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нь бусдад газар ашиглуулах тухай шийдвэрийг буюу тушаал гаргадаг...” гэж тус тус маргасан.

12. Тухайн хэргийн талууд оролцогчийн дээрх маргааны талаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: ...хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч компанид Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Зуунмодны ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар 2007 оны 11 дугээр сарын 07-ны өдрийн 497 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгогдсон байх бөгөөд тухайн олгогдсон газар нь гэрчилгээн дээр 3 га 1 байршилд олгогдсон боловч бодит байдалд 3 өөр/1-рх.х-ийн 234 дэх талд авагдсан газрын байршлыг харуулсан зураг/ А. Б. В гэсэн байршилд тус бүр 1 га-р олгогдсон болох нь тогтоогдож байх ба энэ талаар хариуцагчаас маргаагүй байна. Улмаар нэхэмжлэгчээс ашиглуулахаар олгосон газраа давхцлыг нь арилгуулж, нийлүүлж, нэг байршилд олгож өгөхийг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргаснаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилгээгээр олгогдсон талбайн солбилцолд өөрчлөлт оруулж, давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан болох нь нотлогдож байна. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь шүүхэд ирүүлсэн баримтуудыг судлаж үзэхэд “...”Ч...” ХХК-аас манай яаманд хандаж байсан 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 тоот албан бичиг, 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 56-13 тоот албан бичиг зэрэг баримтууд... 3.0 га газрыг 3 өөр компанид олгосон байдаг. Гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан ... байна... ” гэсэн тайлбараар нэхэмжлэгчийг буруутгаж буй Газрын тухай хуулийн ...40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна...” гэсэн;

13. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд: “...нэхэмжлэгч “Ч...” XXК нь Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай Зуун модны ам нэртэй газарт 3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон бөгөөд газрын давхцлыг арилгуулж, гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хусэлт гаргасны дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгаснаар газар ашиглах эрхтэй болжээ. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын баримталсан хуулийн зохицуулалтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул гуравдагч этгээд “М...” ХХК-ийн төлөөлөгчийн “...нэгж талбарын 3 өөр газарт тус бүр 1 га газар буюу нийт 3 га газрын хэмжээгээр 1”, “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар гаргуулан авсан, ...2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дээрх хууль бус гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын 3 өөр газар дахь нийт 3 га газрыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэгж талбар буюу газруудын байршлыг өөрчлөн маргаан бүхий газарт... шилжүүлж, гэрчилгээний хугацааг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр 5 жилийн хугацаагаар сунгасан бичилтийг хууль бусаар хийлгэсэн...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, “...Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э  2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, “Ч...” ХХК-д олгогдсон 3 тусдаа байршил бүхий 1.0 га газруудыг байршлын хувьд нэгтгэсэн болон “Ч...” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан үйл ажиллагааны...” талаар тодорхой үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

14. Дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ““Ч...” ХХК-ийн ашиглалтад байгаа 3 га газар нь 3 өөр байршилд байсныг нэг байршилд болгон өөрчилсөн”, “БОАЖ-ын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э  “Ч...” ХХК-д олгосон 3 тусдаа бүхий газрыг нэгтгэж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан” зэрэг үйл баримтыг хэлэлцэж, шийдвэрлэгдсэн.

15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтыг дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэснийг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн “...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй... ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсгийн “... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй... ” гэснийг тус тус ноцтой зөрчсөн.    

16. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “М...” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах захиргааны акт нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гарсан болох нь тогтоогдож байгаа ба энэ асуудлаар хэргийн оролцогчид маргадаггүй.

17. Нэхэмжлэгч 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн маргаан бүхий газартай холбоотой асуудлаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол байсан талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй, анхан шатны шүүх ч энэ үйл баримтыг тогтоогоогүй.

18. “Ч...” ХХК-ийн ашиглалтад байсан маргаан бүхий газрыг ашиглах эрхийг цуцалсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаал гарснаар тухайн байршилд хэн нэгэн өөр этгээд газар ашиглах эрх хүсэх хууль зүйн үр дагавар үүссэн.

19. Энэхүү хууль зүйн үр дагавар үүссэн учир “М...” ХХК тухайн газарт газар ашиглах хүсэлт гаргаснаар БОНХАЖ Сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар тус компанид “Ч...” ХХК-ийн ашиглалтад байсан газраас 2 га газрыг нь тус компанид давхардуулан олгосон байдаг.

20. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон дээрх үйл баримтаар маргаан бүхий газарт “М...” ХХК газар ашиглах хүсэлт гаргах эрх үүсэхээс 2 жил орчмын өмнө гарсан захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байгаа.

21. Гэтэл нэхэмжлэгч өөрт эрх үүсээгүй байх үед гарсан захиргааны актын талаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн “...энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна: ... 52.5.1. захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн...” гэсэн заалтын “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн” гэх нөхцөл байдал маргаан бүхий захиргааны актын хувьд үүсээгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий хийгээгүй.      

22. Анхан шатны шүүх “М...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “... Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлагуудыг хангасан үндэслэлээ “... илт хууль бус захиргааны үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах эрхгүй этгээд болох Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн илт хууль бус үйл ажиллагаагаар “Ч...” ХХК-ийн газрын байршлыг нэгтгэсэн хэмжээгээр сэргээсэн байх тул уг тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох тухай хууль зүйн үндэслэлтэй...” гэж тайлбарласан.

23. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн энэ хоёр шаардлагыг хангах болсон үндэслэл нь “...Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон Газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох ...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбон тайлбарласан байна.

24. Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэг нь 1.1-1.3-д заасан үндэслэлүүдийн хүрээнд хянагдаж, тухайн асуудалд хамаарах шийдвэр нь хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

25. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлийн тухайд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар, анхан шатны шүүх БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон газрын давхцлыг арилгаж гэрчилгээний хугацааг сунгасан захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч “М...” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй.

26. Энэ асуудлаар миний бие давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч өөрт эрх үүсээгүй байх үед гарсан захиргааны актын талаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийн “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна: ... 52.5.1. захиргааны акт ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол хэрхэн зөрчигдсөн... ” гэж дурдсан.

27. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гомдлын энэ хэсэгтэй холбогдуулан тодорхой дүгнэлт хийж, үүндээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг үндэслэл болгосныг тухайн асуудлаар анхан шатны шүүхээс өөр буюу зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.

28. Анхан шатны шүүх “М...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох...”, “...”М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах...” шаардлагуудыг хангасан үндэслэлээ “...Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон Газрын давхцлыг арилгаж, гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбон тайлбарлаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг болгон заасан.

29. Түүнчлэн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, шийдвэрлэсэн.

30. Гэтэл давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг, заалтыг анхан шатны шүүхийн тайлбарласнаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн.

31. Дээр дурдсан хоёр үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсгийн “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн...” гэсэн үндэслэлд хамаарч байгаа болно.

32. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн талаар, анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт бүхий нэхэмжлэлийг дахин хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-ын Б заалтын “...Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ...” гэснийг зөрчсөн.

33. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд тайлбарласнаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн нь мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэгт заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

34. Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргах хүсэлт, дээр дурдсан тайлбарын хүрээнд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0263 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “М...” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

35. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “М...” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож, “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

36. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 665 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн “Ч...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, гуравдагч этгээдээр “М...” ХХК оролцсон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, анх “Ч...” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Зуунмодны ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн  2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 497 дугаар “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” олгогдсон, тухайн 3 га газар нь гэрчилгээн дээрх солбицлоор 3 өөр байршилд тус бүр 1 га-р тэмдэглэгдсэн болох нь; “Ч...” ХХК-иас “... газрын давхцалыг нь арилгуулж, нийлүүлж, нэг байршилд олгож өгөхийг хүссэн” хүсэлтийг гаргаснаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талбайн солбицолд өөрчлөлт оруулж, 3 га газрыг нэг байршилд болгож, 497 дугаар гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан нь; Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар “Ч...” ХХК-ийн 3 га газар ашиглах эрхийн 497 дугаар гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, мөн сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаар тушаалаар “М...” ХХК-д 3.6 га газар олгосон болон  “Ч...” ХХК, “М...” ХХК-ийн маргаж буй газар нь бүхэлдээ давхцалтай болох үйл баримтууд тус тус тогтоогджээ.

 37. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, газар ашиглах тухай гэрээг цуцалсан нь холбогдох хуулийн заалттай нийцээгүй байна”,... нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг ашиглах эрхийг “М...” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаал хууль бус”, “… гуравдагч этгээд “М...” ХХК-ийн төлөөлөгчийн “... “Ч...” ХХК нь “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар гаргуулан авсан, ... 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дээрх хууль бус гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын гурван өөр газар дахь нийт 3 га газрыг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэгж талбар буюу газруудын байршлыг өөрчлөн маргаан бүхий газарт ... шилжүүлж, гэрчилгээний хугацааг ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр 5 жилийн хугацаагаар сунгасан бичилтийг хууль бусаар хийлгэсэн...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх дүгнэлтүүд хийж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг газрыг гуравдагч этгээд “М...” ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын “М...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

38. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан, энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай А/60 дугаар тушаалын 1 дэх заалтаар ... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтын 1 дэх заалтын “Ч...” ХХК-д хамаарах 3 га газрын эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын хавсралтын 13 дахь заалтын “М...” ХХК-д холбогдох хэсэг ...-ийг хүчингүй болгосон-ыг илт хууль бус гэж үзэхгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “М...” ХХК мөн адил биелүүлэх үүрэгтэй, уг асуудлаар дахин  маргах эрхгүй байна.

39. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзана гэж заасан, тухайн тохиолдолд, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Ч...” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж, уг газрыг “М...” ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон байхад “М...” ХХК-иас дахин уг асуудлаар маргаж, ... газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

40. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон “2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр талбайн солбицолд өөрчлөлт оруулж, 3 га газрыг нэг байршилд болгож, 497 дугаар гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан” захиргааны үйл ажиллагааны үр дүнд маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй гэж маргасан “Ч...” ХХК-ийн 3 га газар эзэмших эрхийг шүүх  “хууль ёсны” гэж, түүнийг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байхад “... “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагаа илт хууль бус эсэх”-ийг шүүх дахин хянах үндэслэлгүй.

41. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан, энэ тохиолдолд, газар ашиглах эрхийн 497 дугаар гэрчилгээ нь дангаараа захиргааны акт, түүнийг олгосон эсхүл хугацааг сунгасан үйл ажиллагаа нь тусдаа захиргааны акт гэж үзэхгүй.

42. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчиййн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4008 дугаар захирамжаар “М...” ХХК-ийн гаргасан “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 497 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “... шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ... нэхэмжлэгч “М...” ХХК нь тухайн газрын хувьд ашиглах эрхгүй этгээд болсон ... /тул/ ... “М...” ХХК нь уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ”, “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 509 дүгээр тогтоолд /”Ч...” ХХК-ийн/ ашиглаж байсан газрын хэмжээг маргаж буй 497 дугаар гэрчилгээнд заасан 3 га газар гэдгийг нэгэнт тогтоосон, энэ талаар дүгнэсэн” гэх үндэслэлээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байхад “М...” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “... “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж /497 дугаар/ гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6356 дугаар захирамжаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй” гэж дүгнэн, захиргааны хэрэг үүсгэсэн нь  мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

43. Иймд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримттай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэснийг зөрчсөн байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 44. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0263 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 442 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “М...” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/60 дугаар тушаалын нэг дэх заалтын “Ч...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Г.Э ийн “Ч...” ХХК-д олгосон газрын давхцалыг арилгаж гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан захиргааны үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож, “М...” ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2015/560 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу эзэмшиж байсан 5.2 га талбай бүхий газар ашиглах эрх сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                      Ч.ТУНГАЛАГ    

ШҮҮГЧИД                                                                         М.БАТСУУРЬ

                                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                          Д.МӨНХТУЯА