Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

 

                                   

 

 

 

 

 

 

 

Б.Дашнямд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Хүрэлбаатар, Б.Эрдэнэбаяр

Нарийн бичгийн дарга                 Д.Даваасүрэн  нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор Б.Дашнямд холбогдох эрүүгийн 2016 1900 0368 дугаартай 1 хавтас 252 хуудас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ уулын 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бавуудоржийн Дашням, /РД:НС68082070/.

Шүүгдэгч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны 360 дугаар шийтгэх тогтоолоор:  Боржигон овогт Бавуудоржийн Дашнямыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямд оногдуулсан

 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямын цагдан хоригдсон 27 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Б.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй заазуурыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дашням нь хохирогч С.Гүррагчаад эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч С.Гүррагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Дашнямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “...Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн 2016.11.23-ний өдрийн 360 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давах өргөдөл гаргаж байна. Шүүгдэгч Б.Дашням нь 2016.05.31-ний өдрийн 22 цагийн орчимд С.Гүррагчаагийн хэвлийн тус газар заазуурдаж түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс шүүгдэгчийг танхайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцон ял шийтгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Шүүгдэгч хохирогч хоёр уулзалдаад машин барьж ирсэн эсэх, мал ахуйн талаар маргалдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан байдаг. Тэнд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй танхайрсан үйлдэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгч Б.Дашнямын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-ээр зүйлчилснийг 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилж ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: “...Юуны өмнө, Улсын дээд шүүх “танхайн сэдэлт” гэдэг ойлголтыг 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 14 тогтоолоороо тайлбарласан бөгөөд уг тогтоолын 5.3-т “Танхайн сэдэлт” гэж нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдсан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эхсүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг хэлнэ” гээд “Танхайн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн журмыг ноцтой зөрчих зэрэг хэлбэрээр илэрнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдэх үед тухайн этгээд нь нийгмийн тогтсон хэм хэмжээг үл тоомсорлосон, бусдыг анхаарлын төвд байх гэсэн субъектив санаа бодолтой байдаг бол ялтан хохирогч хоёр хоёулхнаа байсан, өөр гуравдагч этгээд дэргэд нь байхгүй байхад бусдын анхаарлын төвд байхыг эрмэлзсэн байх боломжгүй тул танхайн сэдэлттэй гэж тайлбарлах нь учир дутагдалтай.

Ялтан, хохирогч хоёр хэрэлдэж, маргаагүй, ямар нэгэн хувийн өс хонзонгүй “хуурай ах дүү”-гийн хэмжээнд хүртэл нутгийнхан нь хүлээн зөвшөөрдөг, “бараг төрсөн ах дүү шиг байнга хамт явдаг хүмүүс, сална гэсэн ойлголт байхгүй, цагаан сараар хүртэл Гүррагчаа өөрийн төрсөн ах эгчээсээ илүү Дашням дээр ирж золгож байдаг” урт удаан хугацаанд ингэж нөхөрлөсөн хүмүүсийн хооронд ийм танхайн сэдэлт яригдахгүй болов уу. Магадгүй, өөр хэн нэгэн этгээд дэргэд нь байсан бол нэгнээсээ илүүгээ харуулах гэж танхайрч, догшин авирласан байхыг үгүйсгэхгүй.

Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд “Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тайлбар гаргасан байдаг. Уг тайлбарт “танхайрах гэмт хэрэг нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, мөн үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагддана” гээд “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдсан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ”

Цааш нь уг тайлбарт “харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа..., хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие мах бодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Хохирогчийн мэдүүлэгт “Дашням ах намайг цай уу гэхээр нь би халуун цай уухгүй гээд ус уучихаад аягаа тавих гэтэл ногоон иштэй заазуураар намайг хатгачихсан” гэснээс үзэхэд ялтан хохирогчийн халуун цай уух саналаас татгалзаж, хар ус уусан, өөрөөр хэлбэл, монголчууд айлд ороход цагаан идээ, цайгаар дайлдаг байтал үл тоомсорлож байгаа мэт татгалзаж, ус уусан тухайн айлыг үл тоосон, дорд үзсэн үйлдэл гэж тооцогддог тул “ах хүний үгийг үл тоомсорлосон хүмүүжилгүй дүүг айлгах санаатай” согтуудаа хутгаар чичсэн нь ийм харамсалтай байдалд хүргэсэн байна. Дээд шүүхийн тайлбарт “танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино” гэжээ.

Дээд шүүхийн тайлбарыг баримтлавал, хэрэв ялтан үнэхээр танхайн сэдэлтээр энэ гэмт хэргийг үйлдсэн бол хутгаар хатгачихаад зогсохгүй, араас нь хөөж гарч ирэх, хайх, нэрээр нь дуудах зэргээр үргэлжлүүлэн танхайрсан, эмх замбараагүй байх ёстой болов уу.

Гэтэл түүний үйлдэл цааш үргэлжлээгүй нь “согтуу ч гэсэн сохор ухаантай” гэгчээр “үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоосон” шинжтэй байгаа тул энэхүү үйлдлийг танхайн сэдэлттэй бус харин хүний амь бие, эрүүл мэндэд хүнд хайхрамжгүй хандсаны улмаас хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, эсхүл хүнд гэмтэл шууд бус санаатай учруулсан байх магадлалтай байна.

Түүнээс гадна, анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дугаар зүйлийг журамласан боловч хуулийн уг заалтыг буруу тооцож хэрэглэсэн нь ялтанд 4 жил 9 сарын хорих ял оногдуулж ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлсэн байна.

Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа материалыг үндэслэн энэхүү давж заалдах гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж” Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, оногдуулсан ял нь шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэргийн хүнд хөнгөнд тохироогүй болохыг тогтоож”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлд даасны дагуу өөрчилж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокуророос: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1, 308.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан Б.Дашнямд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны лшүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

           Аймгийн прокурорын газраас яллагдагч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны № 292 дугаар шинжээчийн дүгнэлтэнд ... С.Гүррагчаагийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг урсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр  үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гэжээ.

            Шинжээчийн дээрх дүгнэлтэд ... болсон хэргийн товч: 2015.05.31-ны орой танил нэг эрэгтэй согтуу үедээ заазуураар хэвлийд нэг удаа, зүүн гарт нэг удаа зүсч дүрж гэмтээсэн, цус их алдсан гэнэ

            Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 3 см, хэвлийн гол шугамаар аюулхайгаас хүйсний дээд хэсэг хүрсэн 13 см мэс заслын оёдол бүхий шарх.. гэжээ.

Шүүх хуралдаанд “зүүн бугалганд үүссэн шарх”-ны талаар асуусан улсын яллагчийн асуултанд “намайг хойшоо эргээд харахад заазуураар хатгасан” гэж  хохирогч С.Гүррагчаа хариулсан байх ба хэн, хэзээ, юунаас болж, яаж хатгасан талаар тодорхой мэдүүлээгүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хохирогч С.Гүррагчаагийн биед хэвлийн хөндий болон зүүн бугалганд  гэмтэл үүссэн, энэ нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой нь тогтоогдсон байхад прокуророос яллагдагч Б.Дашнямыг согтуугаар, танхайн сэдэлтээр хохирогч С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлснээр анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хохирогчийн зүүн бугалганд үүссэн шарх бүхий гэмтлийг хэн, хэзээ, ямар үйлдлээр учруулсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй, энэ талаар прокурор болон шүүхийн шатанд ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн талаар нотолбол зохих асуудлыг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болно.

           Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Эрдэнэбаяр нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.       

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Эрдэнэбаяр нарын  давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Т.ЭНХМАА

                                                                                  Г.БОЛОРМАА