Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

иргэдийн төлөөлөгч С.Цэцэгээ

хохирогч С.Гүррагчаа,

хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2202/, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0695/, 

-шүүгдэгч Б.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дашнямд холбогдох 201619000368 тоот Эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ уулын 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бавуудоржийн Дашням /РД:НС68082070/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч Б.Дашням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өглөө эрт С.Гүррагчаа манайд ирээд аймаг оруулаад өгөөч гээд гуйхаар нь би хамт явж байсан хүнтэй нь аймаг хүргэж өгчихөө буцаж явах замдаа Гүррагчаа бид 2 нэг шил архи аваад тэрнээсээ хоёр хоёр татсан. Би гэрийнхээ янданг гагнуулах гээд Батаа гэдэг хүн дээр яндангаа гагнуулсан тэгсэн Гүррагчаа гэртээ харилаа гээд явсан. Тэгээд Солонгосоос ирсэн гээд нэг дүү хүү 1 шил архи авч өгсөн тэрийг уучихаад би согтсон байна лээ тэгсэн Гүррагчаа миний машиныг бариад намайг гэрт хүргэж өгсөн. Эхнэр үхрээ саах гээд гараад ороод ирэх хооронд Гүррагчаа “намайг ийм болгочихлоо” гээд зогсож байсан гэсэн тэгээд диван дээр дээшээ харуулаад хэвтүүлээд нойтон салфиткаар цусыг нь арчаад эмнэлэг болон ах дүү нарыг нь дуудсан” гэв.

 

Хохирогч С.Гүррагчаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 5 сарын 31-ний өглөө Дашням ахыг гуйгаад найзыгаа аймаг хүргэж өгчихөөд бид 2 замдаа 1 шил архи авчихаад замдаа хувааж уусан. Тэгээд би Дашням ахыг хүргэж өгчихөөд гэртээ хариад жаал юм хийж байгаад үдээс хойш гарсан чинь Жагаа эгч чи Дашнямыг өглөө аваад явсан биз дээ ирээгүй байна гэсэн. Тэгээд шар байшингийн тэнд Дашням ахын машин харагдахаар нь би очсон чинь 0.5-ын ерөөл хуваагаад ууж байсан тэрнээс нь би 2 татсан тэгээд Дашням ахыг гэрт нь хүргэж өгчихөөд Дашням ах намайг цай уу гэхээр нь би халуун цай уухгүй гээд ус уучихаад аягаа тавих гэтэл ногоон иштэй заазуураар миний цээж хэсэг рүү хатгачихсан. Тэгээд би Жагаа эгчээ Дашням ах намайг хатгачихлаа гэсэн чинь гэрт ор, харъя гэсэн. Тэгээд намайг гэрт оруулаад диван дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн, тэгээд яаснаа мэдэхгүй байгаа. Хагалгаанд орсоноо ч мэдээгүй, одоо бол гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ”  гэв.

 

Гэрч С.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед манай ах Ганбаатар манайд орж ирээд Гүррагчааг хүнд хутгалуулсан байна солих хувцас нь хаана байгаа юм бэ гэж орж ирсэн. Тэгээд би гэр лүү нь ороод солих хувцасыг нь аваад Гүррагчаагийн байгаа газарт нь очсон. Намайг хутгалуулсан гэх газарт очих үед Эрдэнэ-Уул 2-3 тоотод байх байшингийн том өрөөнд диваан дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Би гэрт нь ороод шууд хувцасыг нь солиод Төв аймаг луу эмч нар авч явахаар болоод би араас нь өөрийнхөө машинтай дагаж явсан...Би Дашням ахыг багаасаа мэднэ. Манай нутгийн ах байгаа юм. Зан аашийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавиад хүмүүстэй муудалцах гээд байдаг. Эрүүл бол бусадтай эелдэг энгийн харилцаатай байдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Гэрч С.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад Мөнхжаргал утсаар залгаад чи манай гэрт яваад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очсон чинь манай дүү Гүррагчааг том өрөөнийхөө диван дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Гүррагчаагийн цээжний өрцний хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Намайг Дашнямын гэрт ирэхэд Ууганаа эмч, Оюунсүрэн сувилагч хоёр ирсэн байсан. Эмч нар үзээд шууд яаралтай Төв аймаг луу авч явах шаардлагатай байна гээд авч явсан... Тухайн үед би архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Учир нь Гүррагчаа ухаан алдсан байдалтай байсан. Харин Дашням нилээн согтсон байсан. Намайг Дашнямын гэрт ороход үүдний өрөөний босгон дээр ногоон өнгийн бариултай цустай заазуур хэвтэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 тал/,

 

Гэрч О.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 7 цаг болж байхад Гүррагчаа ганцаараа ирээд манай нөхөр болох Дашнямыг Төв аймгийн төв хүргээд өгөөч гээд гуйхаар нь би дургүйцээд чи машинтай хамаатнаараа хүргүүл гэж хэлээд уурласан. Тэгсэн Гүррагчаа гэр лүү ороод манай нөхөртэй уулзаад ярилцаад Төв аймгийн төв хүргүүлэхээр болсон байсан... орой 22 цаг болж байхад би гэртээ ирсэн. Намайг байшин луу орох гэж байхад Дашнямын машиныг Гүррагчаа барчихсан. Дашням хажууд нь суугаад ирсэн. Дашням машинаас бууж ирэхэд нилээн согтсон гуйвж алхсаар байгаад эхэлж байшин руу ороод араас нь Гүррагчаа орсон.... Намайг гарсанаас хойш 15 минут гаруй болсоны дараа Гүррагчаа байшингаас над руу алхаад ирсэн. Би тэр үед хашааны хаалган дээр зогсож байсан. Над руу ирээд Гүррагчаа Дашням ах намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхөж харуулсан би сандраад буцаагаад дагуулаад гэрт орсон чинь үүдний өрөөнд цустай ногоон өнгийн бариултай заазуур хэвтэж байсан харин цаад талд нь зочны өрөөнөөс үүдний өрөө хүртэл шалан дээр цус дусалсан мөр гарсан байсан... Гүррагчаа архи уучихсан байсан хэл ам нь ээдрээд нэг ярьсан зүйлээ олон дахин яриад байсан. Харин Дашням нилээн согтсон байсан.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

 

Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Б.Дашням архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан согтуу тавьдаг, ар гэрийнхэндээ болон ойр орчмын хүмүүстэйгээ архи уусан үедээ дээрэнгүй харицаж агсан согтуу тавьж байдаг... Гүррагчаа бас архи уудаг. Архи уусан үедээ элдэв төрлийн ааш зан гаргаж байгаагүй. Манай сумын архаг архичдын нэг байгаа юм. Б.Дашнямтай байнгын хамт архи уудаг өөрсдийгөө хуурай ах дүү гээд л хамт яваад архи уугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Гэрч Б.Одсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Дашням, Гүррагчаа хоёр Төв аймаг орчихоод ирлээ гээд ирсэн. Ирэхдээ тал шил архитай ирээд тэрийг нь манай хашааны үүдэнд хувааж уучихаад ...Архи уусан үедээ ер нь их авиргүй бодог. Архи бол сайн уудаг. Тэр 2 бараг л төрсөн ах дүү шиг байнга хамт явдаг хүмүүс нэг нэгнээсээ сална гэсэн ойлголт байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Гэрч Б.Нармандах мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дашням Гүррагчаа хоёрын хувьд мөнгөний ажил олдох юм бол хоёулаа хамт хийгээд л яваад байдаг. Цагаан сараар хүртэл Гүррагчаа өөрийн төрсөн ах эгч гэхээсээ илүү Дашням дээр ирж золгож байдаг. Тэр хоёрын хувьд харилцаа бол их сайн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

 

Гэрч Д.Оюунсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016.05.31-ний орой 22 цаг 19 минутанд О.Мөнхжаргал эгчээс дуудлага ирсэн... Бид хоёрыг гэрт ороход Гүррагчаа орон дээр дээшээ хараад хэвтсэн нилээн согтуу байсан.. хоёулаа нилээн согтуу байсан. Гүррагчаа зүгээр л унтмаар байна гээд байсан. Харин Дашням юм ярихгүй сууж байсан... цустай заазуур үүдэнд нь байсан. Өөр хутга байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Гэрч С.Оюунсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “.... Дашням, Гүррагчаа нар манай сумын архины хамаарал бүхий хүмүүсийн нэг байгаа юм.. Б.Дашням архи уусан үедээ давтиргүй, агсан согтуу тавиад баймаар юм шиг харагддаг... Гүррагчаагийн хувьд мөн адил архи уух дуртай. Архи уусан үедээ элдэв ааш гаргадаггүй. Ер нь бол өдөр алгасахгүй архи уугаад л байдаг. Дашням, Гүррагчаа хоёр сумын төвд хамт архи уугаад л явдаг бараг л төрсөн ах дүү шиг л байдаг.. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

 

Гэрч Т.Ууганбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “ 2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад сувилагч Оюунсүрэн манай гэрт ирээд Гүррагчаа айлд цус алдаад байна гэж ирсэн. Тэгээд бид хоёр манайхаас гараад Дашнямын гэр лүү явсан. Тэдний гэрт ороход том өрөөний диван дээр Гүррагчаа дээшээ хараад хэвтэж байсан. Өмсөж явсан жинсэн өмд нь урд хэсгээрээ цусандаа нэвчиж хатсан байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

 

Гэрч Л.Дондогоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дашням ахтай худаг дээр таараад цааш шар байшин луу явсан. Тийшээ явахын өмнө дэлгүүрээс Дашням ахад 0,75 литрийн ерөөл архи авч өгсөн. Тэгээд шар байшин луу очоод Дашням ах, Гүррагчаа, би, Очко, Ганбаа ахын хамт хувааж уусан. Тэгээд Мөнхсүх дахиж нэг шил архи авчирч өгөөд бид нар хувааж уучихаад салаад явцгаасан. Анх худаг дээр Дашням ахтай таарахад архи уучихсан согтолттой байсан. Цааш шар байшин луу очиж архи уухад нилээн согтсон... .” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

 

Гэрч О.Очирбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой шар байшингийн ойролцоо Түмээ, Ганбаа ах бид гурав явж байгаад Дашням ахтай бас нэг залуутай хамт тааралдсан. Дашням ахтай хамт явж байсан хүн 0,75 литрийн ерөөл архи авч өгөөд бид нар хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

 

Гэрч О.Мөнхсүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хашаандаа грашны хана босгож байсан чинь яндан гагнуулсан гээд машиныхаа тэвшин дээр ачсан байсан. Надаас 3000 төгрөг асуучихаад явсан. Дашням манайхаас яваад 2-3 цагийн дараа гараад харсан чинь шар байшингийн урд Дашням, Очко, Түмүү, Ганбаа, Дондог хүмүүс архи ууж байсан. Тэгээд очсон чинь Очко гэх залуу надад Дашням ахын машины түлхүүр гээд өгсөн. Намайг ирсэний дараа Гүррагчаа ирээд байсан архийг нь тойруулж уучихаад надаас Дашням ахын машины түлхүүрийг аваад хүргэж өгнө гэж байсан. Тэгээд би түлхүүрийг нь өгчихөөд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,

 

Гэрч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15-16 цагийн орчим манай гэрийн гадна би Дашням, Очко, Түмэнхүү нартай тааралдсан бид нар дээр нэмээд Дондог ирсэн. Дондог дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи аваад шар байшин луу очоод ууж байтал Мөнхсүх ирээд араас Гүррагчаа ирсэн. Бид нар архиа ууж дуусаад салаад явцгаасан... Дашням нилээн согтсон байсан. Гүррагчаа эрүүл байсан. Бид нарын өгсөн архинаас 2 удаа л уусан..  Орой 21 цаг 50 минут орчимд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

 

Гэрч Ц.Рэгзэдмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед манай хүлээн авах өрөөнд хэвлий тус газраа хутгалуулсан байдалтай 30 орчим насны ухаан нь бүдэг, ёолох байдалтай байсан. Асуумж асуухаар хариулж чадахгүй ярих чадваргүй байсан. Тухайн хүнд үзлэг хийж байхад өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. С.Гүррагчаагийн хувьд орчинтойгоо харьцах чадвар муу, арьс салст цонхийсон, артерийн даралт 80/50, зүрхний цохилт 90, хүчилтөрөгчийн хангамж нь 89 болсон байсан. Хүчилтөрөгчийн хангамж эрүүл хүний хувьд 98-100 байдаг, гэхдээ гүйсэн амьсгаадсан үед 96-аас доош ордоггүй. Хэвлий  гол хэсэгт 2,5-3 см урт зүсэгдэж хатгагдсан шархтай байсан. Шархнаас цус гарсан хэвлий эмзэглэлтэй, хэвлийг эход харахад дотор шингэн ихтэй, дэлүү орчим цусны бүлгэм үүссэн байсан. Тэгээд бид нар яаралтай арга хэмжээ аваад шингэн хийж цусыг тогтоож, хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 292 тоот дүгнэлт “С.Гүррагчаагийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг урсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4980 тоот дүгнэлт “Шар эрээн иштэй 2 ш хутга, хар өнгийн иштэй 1 ш хутга дээрээс цус илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4979 тоот дүгнэлт “Ногоон өнгийн иштэй заазуур дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъялалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 73 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4981 тоот дүгнэлт “Хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн даавуун өмд, ногоон өнгийн подволк, хүрэн өнгийн тэлээ дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъялалтай байна. Хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн даавуун өмд, ногоон өнгийн подволк, хүрэн өнгийн тэлээ дээр биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3756 тоот дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. Хар ногоон цамцанд гарсан 450мм, 21 мм, 479 мм, 20 мм уранхайнууд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан зүссэн уранхайнууд байна. Хар ногоон цамцанд гарсан 2х3мм цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан цоорхой байна. Саарал дотуур өмдөнд гарсан 162 мм, 25 мм уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан ханзарсан уранхайнууд байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Цагаан металл аралтай хүрэн тэлээнд гарсан 8мм, 16 мм уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус сэтэрч тасарсан байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Хар хөх жинсэн өмдөнд гарсан 20х16 мм, 4х5мм, 7х2мм, 4х3мм, 13х18мм уранхайнууд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр тус тус гарсан сэмэрсэн уранхайнууд байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 77-81 тал/,

 

Шинжээч эмч М.Өнөржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг заазуур нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэрийг цус мөнг эсэхийг шалгахад цус байсан. Хуурай цусны бүлгийн харъялал тогтоох ляттес урвал тавихад А, В улаан бөөмтэй наалдаж өгсөн тул 1 дүгээр бүлгийн харъялалтай гэж үзсэн...”  гэх мэдүүлэг /хх-84-85 тал/,

 

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 190 тоот дүгнэлт “Хохирогч С.Гүррагчаа нь ABO системээр Oαβ I бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /хх-173 тал/,

 

Бусад баримт

-шүүгдэгч Б.Дашнямыг 2016 оны 06 сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-100-101 тал/, 2016 оны 06 сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-102-107 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

- Б.Дашнямын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-114 тал/,

 - Төрийн банкны 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 150 тоот албан бичиг /хх-120 тал/,

   - Төв аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 2/749 тоот албан бичиг /хх-123 тал/,

- Автотээврийн төвийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 81 тоот лавлагаа /хх-125-126 тал/,

  • Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-127-130 тал/,
  • Амьсгалын аппараттай үйлчлүүлэгчийн дунд уушигны хатгалгааг тандах хуудас /хх-131 тал/,
  • Шээлгүүртэй үйлчлүүлэгчдийн дунд бөөр, шээсний замын халдварыг тандах хуудас /хх-132 тал/,
  • С.Гүррагчаагийн өвчний түүх /хх-133-160 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дашням нь согтуугаар Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Эрдэнэ уулын 2-3 тоотод 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Гүррагчаагийн хэвлийн тус газар нь заазуурдаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Гүррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Зоригтбаатар, С.Ганбаатар, О.Мөнхжаргал, Б.Энхбат, Б.Одсүрэн, Б.Нармандах, Д.Оюунсүрэн, С.Оюунсүрэн, Т.Ууганбаяр, Л.Дондогоо, О.Очирбат, О.Мөнхсүх, Д.Ганбаатар, Ц.Рэгзэдмаа, Шинжээч эмч М.Өнөржаргал нарын мэдүүлгүүд, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 292 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4979 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4981 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3756 тоот дүгнэлт, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 190 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч С.Гүррагчаагийн “...Дашням ахыг гэрт нь хүргэж өгчихөөд Дашням ах намайг цай уу гэхээр нь би халуун цай уухгүй гээд ус уучихаад аягаа тавих гэтэл ногоон иштэй заазуураар миний цээж хэсэг рүү хатгачихсан. Тэгээд би Жагаа эгчээ Дашням ах намайг хатгачихлаа гэсэн чинь гэрт ор, харъя гэсэн. Тэгээд намайг гэрт оруулаад диван дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн тэгээд яаснаа мэдэхгүй байгаа. Хагалгаанд орсноо ч мэдээгүй...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Дашнямын “...Эхнэр үхрээ саах гээд гараад ороод ирэх хооронд Гүррагчаа намайг ийм болгочихлоо гээд зогсож байсан гэсэн тэгээд диван дээр дээшээ харуулаад хэвтүүлээд нойтон салфиткаар цусын арчаад эмнэлэг болон ах дүү нарыг дуудсан” гэх мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Б.Дашнямд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Танхайрсан үйлдэл огт байхгүй...Заавал танхайгаар оруулж ирэх хуулийн үндэслэл байхгүй” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим хохирогч С.Гүррагчаа шүүгдэгч Б.Дашнямын хооронд ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд хохирогч С.Гүррагчаа нь шүүгдэгч Б.Дашнямын гэрт орж үүдэнд байсан усны савнаас аягаар ус уугаад эргэтэл шүүгдэгч Б.Дашням нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч С.Гүррагчаагийн хэвлийн тус газар өөрийн гэрт байсан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн заазуураар заазуурдаж хохирогч С.Гүррагчаагийн бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч С.Гүррагчаагийн “...Дашням ахыг гэрт нь хүргэж өгчихөөд Дашням ах намайг цай уу гэхээр нь би халуун цай уухгүй гээд ус уучихаад аягаа тавих гэтэл ногоон иштэй заазуураар миний цээж хэсэг рүү хатгачихсан.... Хуурай ах дүү хоёр байсан. Бид хоёр маргаж муудаагүй ...Заазуураар хатгах шалтгаан байгаагүй... ” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Дашнямын “...Эхнэр гараад 5 минут болоод орж ирээд намайг чи Гүррагчааг хатгасан байна гэж хэлсэн би нилээн согтуу байсан болохоор Гүррагчааг хатгасанаа бол санахгүй, мэдэхгүй байна... тухайн өдөр бид хоёр маргалдсан зүйл байхгүй...өөрийгөө буруутай гэж бодож байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.Зоригтбаатарын “..Гүррагчаагийн байгаа газарт нь очсон. Намайг хутгалуулсан гэх газарт очих үед Эрдэнэ-Уул 2-3 тоотод байх байшингийн том өрөөнд диваан дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Би гэрт нь ороод шууд хувцасыг нь солиод Төв аймаг руу эмч нар авч явахаар болоод би араас нь өөрийнхөө машинтай дагаж явсан...Би Дашням ахыг багаасаа мэднэ. Манай нутгийн ах байгаа юм. Зан аашийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавиад хүмүүстэй муудалцах гээд байдаг...” гэх мэдүүлэг,   С.Ганбаатарын  “2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад Мөнхжаргал утсаар залгаад чи манай гэрт яваад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очсон чинь манай дүү Гүррагчааг том өрөөнийхөө диван дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн байсан. Гүррагчаагийн цээжний өрцний хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Намайг Дашнямын гэрт ирэхэд Ууганаа эмч, Оюунсүрэн сувилагч хоёр ирсэн байсан. Эмч нар үзээд шууд яаралтай Төв аймаг авч явах шаардлагатай байна гээд авч явсан...” гэх мэдүүлэг, О.Мөнхжаргалын “орой 22 цаг болж байхад би гэртээ ирсэн. Намайг байшиннд орох гэж байхад Дашнямын машиныг Гүррагчаа барчихсан. Дашням хажууд нь суугаад ирсэн. Дашням машинаас бууж ирэхэд нилээн согтсон гуйвж алхсаар байгаад эхэлж байшин руу ороод араас нь Гүррагчаа орсон.... Намайг гарсанаас хойш 15 минут гаруй болсоны дараа Гүррагчаа байшингаас над руу алхаад ирсэн. Би тэр үед хашааны хаалган дээр зогсож байсан. Над руу ирээд Гүррагчаа Дашням ах намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхөж харуулсан би сандраад буцаагаад дагуулаад гэрт орсон...” гэх мэдүүлэг, Б.Одсүрэнгийн “...Б.Дашням архи уусан үедээ ер нь их авиргүй бодог. Архи бол сайн уудаг. Тэр 2 бараг л төрсөн ах дүү шиг байнга хамт явдаг хүмүүс нэг нэгнээсээ сална гэсэн ойлголт байхгүй... ” гэх мэдүүлэг, Д.Оюунсүрэнгийн “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг 19 минутанд О.Мөнхжаргал эгчээс дуудлага ирсэн... Бид хоёрыг гэрт ороход Гүррагчаа орон дээр дээшээ хараад хэвтсэн нилээн согтуу байсан.. хоёулаа нилээн согтуу байсан. Гүррагчаа зүгээр л унтмаар байна гээд байсан. Харин Дашням юм ярихгүй сууж байсан... цустай заазуур үүдэнд нь байсан. өөр хутга байгаагүй...” гэх мэдүүлэг, Т.Ууганбаярын “...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад сувилагч Оюунсүрэн манай гэрт ирээд Гүррагчаа айлд цус алдаад байна гэж ирсэн. Тэгээд бид хоёр манайхаас гараад Дашнямын гэр рүү явсан. Тэдний гэрт ороход том өрөөний диван дээр Гүррагчаа дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Ц.Рэгзэдмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн үед манай хүлээн авах өрөөнд хэвлий тус газраа хутгалуулсан байдалтай 30 орчим насны ухаан нь бүдэг, ёолох байдалтай байсан. Асуумж асуухаар хариулж чадахгүй ярих чадваргүй байсан. Тухайн хүнд үзлэг хийж байхад өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. С.Гүррагчаагийн хувьд орчинтойгоо харьцах чадвар муу, арьс салст цонхийсон, артерийн даралт 80/50, зүрхний цохилт 90, хүчилтөрөгчийн хангамж нь 89 болсон байсан. Хүчилтөрөгчийн хангамж эрүүл хүний хувьд 98-100 байдаг, гэхдээ гүйсэн амьсгаадсан үед 96-аас доош ордоггүй. Хэвлий  гол хэсэгт 2,5-3 см урт зүсэгдэж хатгагдсан шархтай байсан. Шархнаас цус гарсан хэвлий эмзэглэлтэй, хэвлийг эход харахад дотор шингэн ихтэй, дэлүү орчим цусны бүлгэм үүссэн байсан. Тэгээд бид нар яаралтай арга хэмжээ аваад шингэн хийж цусыг тогтоож, хагалгаанд оруулсан” гэх мэдүүлэг, Шинжээч эмч М.Өнөржаргалын “..Уг заазуур нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Тэрийг цус мөн эсэхийг шалгахад цус байсан. Хуурай цусны бүлгийн харъялал тогтоох ляттес урвал тавихад А, В улаан бөөмтэй наалдаж өгсөн тул 1 дүгээр бүлгийн харъялалтай гэж үзсэн...” гэх мэдүүлгүүд, мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, заазуурыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 292 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4979 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4981 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3756 тоот дүгнэлт, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 190 тоот дүгнэлт зэргүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Дашнямд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.Дашням нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч С.Гүррагчаад учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчын гомдол санал гаргаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Б.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирлын талаар

Хохирогч С.Гүррагчаа нь эмчилгээний зардалд 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас шүүгдэгч Б.Дашням нь хохирогч С.Гүррагчаад 4.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гүррагчаа нь “эмчийн хяналтанд байдаг цаашид хагалгаанд орох шаардлагатай” гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй заазуурыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Дашням нь 27 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

1. Боржигон овогт Бавуудоржийн Дашнямыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямыг 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямд оногдуулсан 4 /дөрөв/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Дашнямын цагдан хоригдсон 27 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Б.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй заазуурыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дашням нь хохирогч С.Гүррагчаад эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч С.Гүррагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Дашнямд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА 

 

                                          ШҮҮГЧИД                                Ж.МӨНХТУЯА

 

                                                                                           Д.БУЯНТОГТОХ