Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/ХТ2021/0138

 

“М д” ХХК-ийн гомдолтой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын байцаагч Х.О-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Даргалагч, шүүгч:                                       П.Соёл-Эрдэнэ        

            Танхимын тэргүүн:                            Ч.Тунгалаг   

          Шүүгчид:                                              Д.Мөнхтуяа

                                                                    Ц.Цогт

          Илтгэгч шүүгч:                                 М.Батсуурь

          Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 312 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 437 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 257 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Л.З, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага:

  1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай;

Хэргийн нөхцөл байдал:

  1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарын хамтарсан 2020 оны 01/53 дугаар удирдамжийн дагуу ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро худалдааны төвийн нэг давхарт байрлах “М д-112” салбарт хяналт шалгалтыг хийж, үхрийн махыг зах зээлийн дундаж үнээс дээгүүр худалдаалсан гэж үзээд 12500 төгрөгөөр худалдан борлуулах шаардлага тавьсан. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсаар “М д-112” салбар дэлгүүр нь махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
  1. Гомдол гаргагчаас “... тухайн үед манай компани махны үнийг хөөрөгдөж нэмээгүй, гэрээт нийлүүлэгчээс үнэ өсөж ирсэн, шалгалтын үеэр худалдаалагдаж байсан үнэ нь манайхтай ижил төстэй сүлжээ дэлгүүр дунд хамгийн хямд байсан, ... улсын байцаагч харъяаллын бус зөрчлийг шалган шийдвэрлэсэн, ... бид бусдын хууль ёсны ашиг сонирхолд харшлах, өрсөлдөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргаагүй, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэлийн хуудсыг зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ...” гэж;
  1. Хариуцагчаас “... Бид шууд торгохоос илүүтэйгээр тухайн өдөр нь махны үнээ буулгах боломжийг олгосон, зах зээлийн ханш дээр байгаа дундаж үнээр хэрэглэгчдэд хүргээч гэсэн шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй, ... үнэ нэмэгдүүлсэн асуудалтай холбоотойгоор галын байцаагч арга хэмжээ авах шаардлага байхгүй, ... бид өрсөлдөөн, хэрэглэгчийн хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан, ... холбогдогчийн эрх үүрэгтэй танилцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Биднийг шалгалтаар очиход тухайн байгууллагын махны үнэ бусад ижил түвшний байгууллагын үнээс өндөр байсан, ... үнэ нэмсэн байсан учраас зөрчлийг тодорхой гэж үзсэн ...” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

  1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т заасныг үндэслэн ...Шударга өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О-ы 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий М д ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 312 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0059286 дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

  1. ... Хяналт шалгалтаар тус дэлгүүр нь үхрийн махыг нийлүүлэгч “Нона даш” ХХК-иас 1 кг-ыг 9800 төгрөгөөр авч, зах зээлийн дундаж ханш (Нийслэлийн статистикийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрийн зах, худалдааны төв, супермаркетуудын үхрийн махны дундаж ханш үхрийн ястай мах 10889-10973, үхрийн цул мах 12486-12533)-аас дээгүүр үнээр буюу үхрийн цул махыг 1 кг-ыг 14400 төгрөг, үхрийн ястай махыг 1 кг-ыг 13400 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн. Мөн махны үнийг өсгөж худалдан борлуулсныг нийлүүлэгчийн зарлагын баримт, тус дэлгүүрийн кассын баримт, зарлагын падаан, тэмдэглэл, фото зураг зэргээр баталгаажуулсан.
  1. Уг зөрчлийг тодруулах зорилгоор “М дХХК-ийн Худалдаа эрхэлсэн захирал Н.О, “Шимт-Трейд ЧейнХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, нягтлан бодогч Б.А нарыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдүүлгийн өрөөнд дуудан ирүүлж, “М д -112” саппоро салбарт хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар болон уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авагдах үндэслэл болж байгаа талаар танилцуулж, зөрчлийг тодруулах мэдүүлэг авахаар Зөрчлийн тухай хуулийн 3.1-д заасан холбогдогчийн эрх үүрэгтэй танилцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “М д” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулсан.
  1. Нэхэмжлэгч талаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх явцад эрх бүхий албан тушаалтанд болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ижил түвшний супермаркетуудын үхрийн цул махны үнийн мэдээлэл, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхээс “М д” ХХК-ийг бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрөөс эхлэн үхрийн цул махны үнийг хөөрөгдүүлсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаар магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтад өөрчлөлт оруулан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна.
  1. “М д” ХХК нь үхрийн махны жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсоор байтал дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа зааж өгсөн нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой. зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
  1. Бүх нийтийн бэлэн байдал зарласан дээрх цаг хугацаанд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэд, хэрэглэгчдийг гэрийн ойр хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, супермаркетаар үйлчлүүлэхийг мэдэгдсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 20 дугаар тушаалаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж, шийдвэрлэж ажиллах үүргийн дагуу зохих арга хэмжээг авч хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж ажилласан.
  1. Иймд, дээрх нөхцөл байдлыг судлан үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 437 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангах үндэслэлгүй байна. 
  1. Учир нь, аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог бөгөөд энэхүү тодорхойлж олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллага, албан тушаалтан ажиллах нь “төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйт ёсны буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ...” гэснээс үүдэлтэй.
  1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, мөн зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж “хууль ёсны”; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлжээ.
  1. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг тодорхойлсны зэрэгцээ мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гээд мөн зүйлийн 6-д эрх бүхий албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн ямар зүйлд заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулахыг нарийвчлан заажээ. 
  1. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангаж гэмээ нь зөрчилд тооцогдох бөгөөд уг хуулийг төсөөтэй хэрэглэхгүй; мөн тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэлийг аль эрх бүхий этгээд оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан байна.
  1. Энэхүү хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолыг баталсны 10-т “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Б), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Ц), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Л) нарт үүрэг болгосугай” гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/53 дугаар Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийг хамтран баталсан; уг удирдамжийн хүрээнд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О “М д” ХХК-д хяналт шалгалт хийн “махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн” зөрчил тогтоогдсон гэж үзэж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0059349 дугаар шийтгэлийн хуудсаар “М д” ХХК-д хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан; гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, “харъяалал зөрчсөн” талаар маргасан[1] бөгөөд дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас тодорхойлж тогтоосон “зөрчил” (факт) болон хууль (абстракт эрх зүйн харилцаа) - ийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээргүй байна.  
  1. Тодруулбал, хариуцагчийн хяналт шалгалтын үндэслэл болсон Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын 10 дахь заалт нь “Бэлэн байдал”-д шилжсэнтэй холбоотой буюу Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж гамшгийн үед хуулийн этгээдийг үүрэгжүүлсэн зохицуулалтаас үүдэлтэй; хэрэв уг үүргээ хуулийн этгээд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-т “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчил болох бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-д “гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6,  ... дахь хэсэгт заасан зөрчил;” гэж зааснаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч уг зөрчлийг тогтоож, хариуцлага оногдуулахаар байна.  
  1. Түүнчлэн, хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зохицуулалтын урьдач нөхцөлийг хууль тогтоогч Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан тул энэхүү нөхцөл бүрдсэн эсэхийг эрх бүхий этгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох учиртай; энэ тохиолдолд шийтгэлийн хуудаст “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчил болон “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн” байдлыг тогтоогоогүй; “махны үнийг зохиомлоор хөөрөгдсөн” гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй юм.
  1. Дээр  дурдсаныг  нэгтгэн  дүгнэхэд, хариуцагчийн  шийтгэлийн  хуудаст дурдсан зөрчил нь нэг талаас өөр эрх бүхий этгээдийн зөрчил шалган шийдвэрлэх эрх хэмжээнд харъяалагдаж байгаа бол нөгөө талаас, шийтгэлийн хуудаст баримталсан хуулийн заалтад хамаарах зөрчлийг тогтоох ажиллагаа хийгээгүй, энэ зөрчлийг журмын дагуу тогтоож, шийтгэлийг зөв оногдуулсан гэж үзэх нь эргэлзээтэй; шүүх улсын байцаагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тул уг маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
  1. Анхан шатны шүүх эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байхын зэрэгцээ шийтгэлийн хуудас, хариуцагчийн тайлбарт үндэслэл болоогүй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтыг дурдаж, “... баримтаар тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан шүүх Өрсөлдөөний тухай 20 дугаар зүйлийн 20.3.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг харьяалал зөрчиж шалгах ажиллагаа явуулсан хэмээн үзэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
  1. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 20 дугаар тушаалаар хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж, шийдвэрлэж ажиллах үүргийн дагуу зохих арга хэмжээг авч хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж ажилласан ...” гэх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд уг гомдлоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй.
  1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.7.5, 25.7.5.а, 25.7.5.б-д заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дүгээр тогтоолд дурдсан үндэслэлийг харгалзах нь зүйтэй.
  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын Тогтоох хэсэгт маргаан бүхий шийтгэлийн хуудсыг буруу бичснийг дурдав.
  1. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Халиунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18ы өдрийн 437 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                    Д.МӨНХТУЯА

         Ц.ЦОГТ

                                                                                     М.БАТСУУРЬ

 

 

 

[1] (I хавтаст хэргийн 176-177, 215 дахь тал)