Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 07

 

 Ё.Анхбаярт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        М.Алтанцэцэг, Ц.Раашзэвэг

Нарийн бичгийн дарга                                         Д.Даваасүрэн нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Ё.Анхбаярт холбогдох эрүүгийн 2016 1900 0427 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг, 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрсүүд овогт Ёндонсамбуугийн Анхбаяр, /РД:ФЖ82060912/.

 

Шүүгдэгч Ё.Анхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Шиндий амны Мухдагийн адаг гэх газарт иргэн Г.Долгорсүрэнгийн гэрийн гадаа Ц.Өнөрбаяртай маргалдан зодолдож, түүний зүй бус үйлдлийн улмаас уурлаж, Ц.Өнөрбаярын хэвлийн зүүн хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 367 дугаар шийтгэх тогтоолоор:

Бэрсүүд овогт Ёндонсамбуугийн Анхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Анхбаярыг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Анхбаярт оногдуулсан 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Анхбаярын цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Ё.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,

Ялтан Ё.Анхбаяр нь хохирогч Ц.Өнөрбаярт нийт 2.100.000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ё.Анхбаярын эзэмшлийн Киа Оптима маркийн 28-30 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл /1 ширхэг/–ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,5 см ажлын урттай хутга /1 ширхэг/-ыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ё.Анхбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: “... Ё.Анхбаяр хохирогч Ц.Өнөрбаяр түүний төрсөн дүү Ц.Өнөрбат нарын цохиж зодож хоолойг нь боосон хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидан, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур орж, сэтгэл санааны хэвийн байдал нь алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсноос уг хэрэг үйлдэгдсэн нь хавтаст хэргээс тодорхой ойлгогддог юм. Энэ хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой бөгөөд Ё.Анхбаяр нь Ц.Өнөрбаярыг хутгалах санаа хоромхон зуур төрснөөс уг хэрэг үйлдэгдсэн нь Ё.Анхбаярын мөрдөн байцаалтад болон шүүх хурал дээр Ц.Өнөрбаярыг хутгалсан, хутгаа машинаас авсан хутгаа гартаа атгаатай газарт унасан зэргээ огт мэдэхгүй гэж мэдүүлж байгаа нь түүний маш хүчтэй цочрон давчидсанийг баталж байна. Өнөрбаяр, Өнөрбат нарын үйлдлийг Сарангэрэл, Бямбажаргал нар салгаагүй бол Ё.Анхбаяр боогдон амь насаа алдах байсан байж болохоор баримт нотолгоо хавтаст хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанд өгсөн Сарангэрэл, Бямбажаргал нарын мэдүүлгээр давхар тогтоогдоно. Тухайн этгээд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь хууль эрх зүйн ойлголт юм. Өөрөөр хэлбэл энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр бус ЭБШ хуулийн 95 дугаар зүйлд зааснаар мөрдөн байцаагч, прокурор, шүүх, шүүгчийн өөрийн хууль болон эрх зүйн ухамсараа удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлдэг билээ. Мөн энэ ойлголтонд Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 14-р тоот тогтоолын 1.6-ын заалт ч хамаарна. Алтанцэцэг өмгөөлөгч бид хоёр мэргэжлийн хуульчийн хувьд Ё.Анхбаярын сэдэлт, гэм буруугийн хэлбэр гэмт хэрэг гарсан байдал, түүний хувийн байдал, энэ хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, зэргээс дүгнэлт хийхэд цочрон давчидаж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсноос уг хэрэг үйлдэгдсэн нь тодорхой байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх “зодооны явцад хутгалагдсан тохиолдолд сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан талаар яригдах боломжтой харин зодоон болоод дууссаны дараа хутгалж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм” гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Ё.Анхбаяр нь Өнөрбаяр, Өнөрбат нарт зодуулж, боогдсон үед нь Сарангэрэл, Бямбажаргал нар салгасан боловч түүний сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь арилаагүй байхад хохирогч Ц.Өнөрбаяр дахин зууралдаж, уг хэрэг үйлдэгдсэн нь тов тодорхой байхад зодоон болоод дууссаны дараа хутгалж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл юм гэж шүүх дүгнэснийг буруу ташаа дүгнэлт гэж ойлгож байна. Ё.Анхбаяр үнэхээр цочрон давчидсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хурал дээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Үүнд:

  1. Хохирогч Ц.Өнөрбаяр “Сарангэрэлийн нөхөр намайг банди гэхлээр нь барилцаж аваад гэрийн хойгуур ороод газар доогуур орсон. Намайг дээр нь гарах үед тэр залуу доороос хутгалсан” /хх-7/, 2. Гэрч Н.Сарангэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...тэнд нэг хүн багшийн нөхрийг зодоод аллаа шүү дээ гэхлээр нь гүйгээд очиход Өнөрбаяр манай нөхрийг гэрийн ард боож унагаад дээр нь гарчихсан хөдөлгөөнгүй болгочихсон майкаар нь боогоод байсан хажуу талаас нь нэг үл таних хүн хөшиглөөд дэвсэж байсан. Өнөрбаярыг татаад гарыг нь тавиулсан тэгээд би хүүхдээ машинд суулгах гээд явсан. Гэтэл нэг эмэгтэй хүн яанаа хүн хутгалчихлаа гэж хашгирсан тэгээд эргээд гэр лүү очиход Батжаргал эгч ирчихсэн яанаа миний хүүг хутгалчихлаа гэж байсан. Манай нөхөр газар тэрийгээд уначихсан байсан. Манай нөхөр уурласан үедээ өөрийн үйлдлээ барьж чаддаггүй. Манай нөхөр ааш зангийн хувьд олон нийтэч, төлөв даруу хүн. Тухайн үед тэр хүнтэй муудалцсанаас болсон байх” / хх-19/ 3. Гэрч Б.Бямбажаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...салгах гээд очиход Анхбаяр доор нь орчихсон Өнөрбаяр дээр нь гарчихсан, Өнөрбат хажуу талаас нь өшиглөөд байсан тэгэхлээр нь би тэднийг салгасны   дараа гэрийн урд гараад дахин зодолдсон Анхбаяраас хутгыг аваач гэж улсууд хашгиралдахад нь гүйж очиход Анхбаяр газар уначихсан зүүн гартаа шар өнгөтэй хутга барьчихсан хэвтэж байсан. Тэгээд би гараас нь хутгыг нь аваад араас ирсэн эмэгтэй хүнд өгсөн. Анхбаяр уурандаа хутга авч хутгалсан байхаа гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-15/, 4. Гэрч С.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... гадаа зодоон болоод нэг хүүхэд багшийн нөхрийг аллаа гэсэн ба би гараад харахад Анхбаяр газар хэвтсэн түүний гараас нь Бямбажаргал хутга авах гээд ноцолдож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 39 тал/, 5. Ё.Анхбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Машины хөгжим тохируулаад байж байтал нэг залуу чи намайг банди гэлүү гээд бариад авсан. Тэгээд миний нүүр лүү нэг удаа цохьсон би хэсэг ухаангүй байж байгаад сэргэсэн тэгээд машинд суугаад явж байтал Бямбажаргал Өнөрбаярыг чи л хутгалчихлаа гэсэн тухайн үед юу болснийг огт санахгүй байгаа юм. Ямар ч байсан гэрийн урд талд намайг цохисон би гэрийн зүүн талд сэргэсэн, миний малгай гэрийн хойд талд байсан. ... намайг зүгээр байхад ирж цохьсон би Өнөрбаярыг хутгалсан эсэхээ мэдэхгүй байна. Намайг тэр залуу ирээд боогоод цохьсоныг л санаж байна. Нэг мэдэхэд ухаан орсон үйл явдлыг мэдэхгүй байна. Уурлахаараа биеэ барьж чаддаггүй юм. Уурандаа багтарч байсан юм. Миний өвдөг нугарахад бага зэрэг хэцүү байна, мөн хүзүү баруун мөрний хэсэгт арьс зулгарсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хх-12 тал/, 6. Ё.Анхбаяр хэрэг бүртгэлт ба мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Машиныхаа хөгжмийг тохируулж байтал Өнөрбаяр ирээд чи намайг банди гэж хэлсэн үү гээд намайг заамдаад авсан. Би юу ч яриагүй гэхэд намайг заамдаад цохьсон тэгэхэд нь би газарт унаж, ухаан алдсан. Нэг мэдэхэд өөрийнхөө машинд байсан шар иштэй хутгыг гартаа барьсан байдалтай байсан. Өнөрбаяр хэвлийн тус газартаа хутгалуулсан байдалтай байсан. Би хутга аваад ийм зүйл болсон байх гэж бодож байна. /хх-70 тал/, 7. Гэрч Н.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Багшийн нөхрийг аллаа ш дээ гэхээр нь би гэрийн ард яваад очсон чинь Ё.Анхбаярын нүүр царай нь аймар хачин болчихсон хохирогч дээр нь гараад суучихсан. Өнөрбат гэх залуу толгой руу нь өшиглөөд зодож байсан. Тэгэхээр нь би хохирогчийг татаад арай хийж буулгасан. Би нөхрийгөө үхчихлээ л гэж бодсон. ... Намайг би охиноо аваад ирж байсан чинь хүмүүс орилолдоод байхаар нь яваад очсон чинь Анхбаяр дээшээ хараад хэвтчихсэн гарт нь хутга байсан” гэв, 8. Гэрч Б.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн өдөр би эхлээд тэр хоёрыг барилдаж байгаа юм байх гэж бодсон. Тэр 2 бие биенээ авч шидээд байсан. Тэгсэн барилдаагүй, зодолдоод байхаар нь би очиж салгасан чинь Анхбаярын хүзүү нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би тэр 2-г салгачихаад машиндаа суух гэж байтал хүмүүс хашгирсан тэгэхээр нь би яваад очсон чинь Анхбаяр гартаа хутга барьчихсан тэрийгээд хэвтэж байсан”, 9. Анхбаяр 0.79 хувийн согтолттой гэж дүгнэлт гарсан /хх 10-11/ энэ нь уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлөх зүйл биш. Өнөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Анхбаяр хутга бариад Өнөрбаярыг гэр тойруулан хөөж байсан” гэх утгатай мэдүүлэг өгсөн нь тэнд байсан буюу энэ хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдсан. 10. Гэрч Н.Сарангэрэл, Б.Бямбажаргал нар салгасны дараа Анхбаярын араас Өнөрбаяр очиж дахин зууралдаж дээр нь гарсны дараа түүний дор нь байсан Анхбаяр хутгалсан нь Өнөрбаярын дээр дурдсан мэдүүлгээр нотлогдож Анхбаярын цочрон давчидал арилаагүй сэтгэцийн хэвийн байдал алдагдсан нь хэвээр байсан нь Өнөрбаярын миний дороос хутгалсан, Анхбаяр хутгалсан үйлдлээ огт мэдэхгүй байна гэж удаа дараа өгсөн мэдүүлэг зэргээр батлагдаж байна. 11. Шүүх хуралдааны тэмдэглэлд Ё.Анхбаяр, Н.Сарангэрэл, Б.Бямбажаргал нарын мэдүүлэг тэдний асуултанд хариулсан хариултууд нь шүүгдэгч Ё.Анхбаяр цочрон давчидаж уг хэргийг үйлдсэн нь давхар нотлогдоно. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-7 хуудас/

Иймд Ё.Анхбаярын үйлдэл нь цочрон давчидсан үедээ үйлдэгдсэн нь ийнхүү нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул одоогийн дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуульд цочрон давчдаж хүнд гэмтэл учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдоггүй тул Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.30-нд гаргасан 367 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ё.Анхбаярын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ...хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй...мөрдөн байцаалтын явцад Анхбаярыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа туйлын хайхрамжгүй хандаж, хэт нэг талыг барьж шалгасан, ...гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн болон бусад байдлыг шалгаж тогтоогоогүй хэргийн бүрдэл дутуу, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт явуулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

... Шүүх дүгнэхдээ: шүүхийн хэлэлцүүлгийн шат болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Өнөрбаярын ...тэгэхэд Анхбаярын эхнэр Сарангэрэл болон хэсэг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан ба би машиныхаа хажууд байж байхад Анхбаяр миний хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан, гэрч Сарангэрэлийн ...манай нөхөр газарт тэрийгээд хэвтчихсэн гарт нь хутга байсан гэх мэдүүлгүүдээр хохирогч шүүгдэгч нарын хооронд зодоон болсон, зодоон дууссаны дараа хутгалуулсан талаар тодорхой мэдүүлсэн байна зодооны явцад хутгаллагдсан тохиолдолд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан. Учир нь зодооны явцад хутгалагдсан тохиолдолд аргагүй хамгаалалтын асуудал яригдах боломжтой бөгөөд харин санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидах нь шууд буюу хэсэг хугацааны дараа үүсэж болдог юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль бус үйлдлээс үүссэн санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрол давчидал нь хохирогчийн хууль бус үйлдлийн хариу үйлчлэл болон үүсдэг бөгөөд энэ нь гэнэт буюу шууд, эсхүл хэсэг хугацааны дараа ч үүсэж болдог.

... Ё.Анхбаяр нь ... иргэн Өнөрбаяраар толгой руугаа цохиулаад Өнөрбатаар өшиглүүлээд боолтонд орж өөрөөр хэлбэл хохирогч болон түүний дүү Өнөрбат нарт хүчээр дарлагдан гэнэт санаа сэтгэл нь хүчтэй цочролд орж, сэтгэхүйн хэвийн байдал өөрчлөгдөн, өөрийгөө удирдан жолоодох, өөрийн үйл ажиллагааны нийгмийн хор аюулыг ухамсарлах чадваргүй болсны улмаас Өнөрбаярын хэвлийн зүүн хэсэгт хутгалан бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь хавтас хэргийн 7-р хуудаст хохирогч Өнөрбаярын анх цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарт ... бид хоёр гэрийн хойгуур ороод газарт дээр доороо орж ноцолдсон би дээр нь гарах үед тэр залуу намайг доороос хутгалсан 27-р хуудас хохирогч Өнөрбаярын “Анхбаяр бид 2 нэг нэгнийгээ боогоод дээр доороо ороод ноцолдоод байсан”,

хавтас хэргийн 29-р хуудас гэрч  Сарангэрэлийн ... “хэн нэгэн хүүхэд ... багшийн нөхрийг аллаа гэж орилсон, очтол Өнөрбаяр манай нөхрийн дээр нь гараад 2 гарыг нь хөлөөрөө дараад майкаар боож байсан, хажууд нь Өнөрбаярын дүү Өнөрбат толгой руу нь цохиж, өшиглөж байсан”,

хавтас хэргийн 32-р хуудас гэрч Бямбажаргалын ... Анхбаяр, Өнөрбаяр нар юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй зодолдож байхад нь Сарангэрэл бид 2 очиж салгасан. Өнөрбат Анхбаярын толгой хэсэгт 2-3 удаа өшиглөж байсан, дахин муудалцсан гэрийн урд Нандинцэцэг Анхбаярын хутгыг аваарай гэж орилсон, би Анхбаярын зүүн гараас нь хутгыг авсан,

хавтас хэргийн 39-р хуудас Гэрч Нандинцэцэгийн ... гэрт байхад нэг хүүхэд багшийн нөхрийг аллаа гэж хашгирсан, гараад харахад Анхбаяр газарт хэвтсэн, түүний гараас Бямбажаргал хутга авах гэж ноцолдож байсан, би тэд нарын хөлөнд бүдэрч унахдаа хутганд гараа зүссэн, тэгээд би Бямбажаргал ахаас хутгыг нь аваад гэрийн хаяанд хаяад гэрт орсон,

хавтас хэргийн 32-р хуудас Сэжигтэн Анхбаярын “машины хөгжим солиод байж байтал Өнөрбаяр ирээд ...чи муу банди гэж яриад байна уу гээд шууд боогоод гэрийн хажуу руу чирээд зүүн нүдний дээд талд нэг удаа цохиод боосон ухаан алдсан нэг мэдэхэд миний гарт хутга байсан,

       хавтас хэргийн 72 хуудас яллагдагч Анхбаярын тэр намайг шууд боогоод нүүр рүү нэг удаа цохиод гэрийн зүг татаж газарт унахад би ... ухаан алдсан нэг мэдэхэд миний гарт хутга байсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Сарангэрэл, Бямбажаргал нар нь Анхбаярыг Өнөрбаяр боосон гэж мэдүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад тухайн үед ялтан Анхбаярын санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байдал үүссэн эсэхийг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

-Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Өнөрбаяр, Өнөрбат  нар нь согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, бүлэглэн Анхбаярыг зодсон үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад Өнөрбаяр, Өнөрбат нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, хохирогчийн хувийн байдлыг тогтоогоогүй хэргийг хэт нэг талыг барьж дутуу шалгасан байдаг. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд энэ асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн атлаа ямар учраас хүлээн авах боломжгүй байгаа талаараа шийтгэх тогтоолдоо тусгаагүй, энэ асуудалд дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй байна.

-Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн буюу ялтан Анхбаярт Эрүүгийн хуульд байхгүй гэмт хэргээр ял сонсгож яллагдагчаар татсан, уг зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Ё.Анхбаярыг ял сонсгон яллагдагчаар татахдаа Өнөрбаярын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж сонсгосон нь эрүүгийн хуульд байхгүй ял сонсгож эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хууль бусад бүх хуулиас өвөрмөц онцлогтой хууль бөгөөд төсөөтэй хэрэглэж болдоггүй. Иймээс гэм буруугийн хэлбэрийг зааж ял сонсгоогүй тул Анхбаярыг Өнөрбаярын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах үндэслэлгүй болгож байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдын биед болгоомжгүйгээр эсхүл санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нөхцөлд түүнд ял халдаахаар заасан байдаг.

Гэтэл шүүх Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ял сонсгон яллагдагчаар байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2, мөн хуулийн 199 дүгээр 199.1, 199.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Иймд дээр дурдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг засуулах, дутуу шалгасан зүйлсийг шалгуулах, шүүх сэтгэц гэм судлалын шинжээч томилон Анхбаярт тухайн үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байдал үүссэн эсэхийг тогтоолгохоор ...анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү? гэжээ.

3.Шүүгдэгч Ё.Анхбаяр давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие урьд өмнө үл таних Өнөрбаярын хэвлий рүү хутгалж хүнд гэмтэл учруулсан явдалдаа туйлийн ихээр харамсаж байна... Би машин барьж явсан тул архи пиво уухаас болгоомжилж амсах төдий байсан тул согтож барьсан зүйл байхгүй. Би машиныхаа хөгжмийг оролдож байтал гэнэт нэг залуу ирээд чи намайг банди гэлээ гээд хэл ам болоход нь би юу ч хэлээгүй байтал намайг ирж зууралдаад гэрийн хойно очиж толгой руу цохиод миний хоолойг боосон. Түүнээс хойш юу болснийг би огт санахгүй байгаа юм. Машинд суугаад явж байхад Бямбажаргал чи Өнөрбаярыг хутгалсан байх чиний гарт хутга байсан гэж хэлсэн. Тэгээд л би хүн хутгалсан байна гэдгээ мэдэж маш их харамссан миний бие нилээд өвчтэй зүүн өвдөг хавдсан, зүүн хацар, нүд дух хавдаад зулгарсан. Толгой зүүн талдаа хоёр хагарч хавдсан. Хүзүү зулгарч улаан болсон байсан. Би хүн хутгалчихсан байсан болохоор өөрийгөө эмнэлэгт үзүүлэх ямар ч хүсэл төрөөгүй... Би хүний биед хүнд гэмтэл учруулсан болохоор эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлээгүй юм. Би Өнөрбаяртай уулзаж уучлалт гуйгаад эмчлүүлэхэд нь хоёр сая гару төгрөгийн туслалцаа үзүүлсэн... бид хоёр хэн хэндээ гомдолгүй сайн найзууд болсон... Одоо Өнөрбаярт гомдох ямар ч зүйл байхгүй... Шүүх миний хэргийн байдал шалтаг, шалтгаан болон хохирогч Өнөрбаярын хүсэлт зэргийг харгалзан надад хамгийн хөнгөн ял ноогдуулсанд миний бие их баярласан билээ. ...Өнөрбаярыг хутгалсан үйлдлээ үнэхээр санахгүй байгаа тул үнэхээр ял хүлээхэд хэцүү байна. Би гэртээ эхнэр 8 настай охиныхоо хамт амьдардаг, эхнэр минь 6 сартай жирэмсэн. Миний ар гэрийн байдал үнэхээр хүнд байна. ... ийм үйлдэл болсонд туйлийн ихээр харамсаж байна. Би ядаж зориуд санаатай хутгалсан бол шүүх ийм хөнгөн ял оногдуулсанд хэзээ ч гомдохгүй билээ. Гагцхүү Өнөрбаяр, Өнөрбат нарын үйлдлээс ухаан санаа минь алдагдаж ийм байдалд орсонд маш их харамсаж байна...шүүхээс ноогдуулсан ялыг хэлтрүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо:

“...1. Миний үйлчлүүлэгч Ё.Анхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд байгаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... намайг боогоод тэр айлын гэрийн ар талд намайг чирч авч ороод миний хоолойг боосон. Тэгээд би юу болсонг сайн санахгүй байна гэж мэдүүлсэн байхад хохирогч Ц.Өнөрбаяр, гэрч Ц.Өнөрбат нарын эрс зөрүүтэй байна. Хохирогч Ц.Өнөрбаяр, Ё.Анхбаяр цагдаагийн байгууллагад 2016 оны 06 сарын 04-ны өдөр өгсөн тайлбартаа “банди энэ тэр гэхээр нь уурлаад барьцалдаж аваад гэрий хойгуур ороод дээр доороо орсон, тэгээд би дээр нь гарах үед тэр үедээ доороос хутгалсан” гэх мэдүүлэг /хх 7 дахь тал/ гэрч Ц.Өнөрбат /хх 90-91/ гэрийн урд очоод өөрийнхөө мотоцикл дээр суугаад байж байтал нэг эмэгтэй хүн энэ хүн үхлээ шдээ гэсэн. Тэгэхээр нь буугаад Ц.Өнөрбаяр дээр гүйгээд очиход гэдсэндээ хутгалуулчихсан байсан... гэх мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч хохирогчийг яагаад хутгалах болсон сэрэлт, зорилго, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Гэрч С.Нандинцэцэгийн өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 13/-г  “би гэрээс гарахад гэрийн баруун талд зодолдож байгаад гэрийн зүүн тал руу очсон” гэрч Б.Бямбажаргалын өгсөн /хх 15/ тайлбарт "Өнөрб“яр, Анхбаяр нар гэрийн хойд талд зодолдож байхаар нь салгасан” гэх мэдүүлгээс харахад зодоон анх яг хаана болсон, зодоон хаанаас эхлээд хаана дууссан Ё.Анхбаяр хохирогч Ц.Өнөрбаярыг гэрийн аль талд хутгалсан зэрэг гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна.

3. Шийтгэх тогтоолд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уурлаж гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн боловч хохирогч Ц.Өнөрбаяр, Ц.Өнөрбат нарын танхайн шинжтэй үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд анх шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Хавтаст хэргээс харахад хохирогч Ц.Өнөрбаяр, Ц.Өнөрбат үргэлжилсэн үйлдэлтэй танхайн гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлаас харахад Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн учраас ... анхан шатны шүүхийн .. 367 тоот тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцалтанд буцааж өгнө үү гэжээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэргийн оролцогчдын давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан буюу гүйцэт биш хийсэн, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ё.Анхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Шиндий амны Мухдагийн адаг гэх газарт хохирогч Ц.Өнөрбаяртай маргалдан зодолдож,улмаар түүний хэвлийн зүүн хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3-д заасан гэмт хэргийн  талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал:

            1. Хохирогч Ц.Өнөрбаяр 2016.06.04-ний өдөр “...багш Сарангэрэлийн нөхөр архи хамт архи ууж байгаад намайг банди энэ тэр гэхээр нь уурлаад барьцалдаж аваад гэрийн хойгуур ороод газар дээр доороо орсон тэгээд би дээр нь гарах үед тэр залуу дороос хутгалсан” /хх-7/ гэж,

            -2016.07.06-ны өдөр “...Анхбаяр агсам тавиад орилоод байсан. Тэгээд би Анхбаярын хажууд очоод ...боль гэхэд тэрээр ...намайг бариад авахаар нь бид хоёр барилцаад бид хоёр нэг нэгнийгээ боогоод дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхэд Анхбаярын эхнэр Сарангэрэл болон хэсэг хүмүүс ирээд ...салгасан ба би машиныхаа хажууд ирээд байж байхад Анхбаяр ирээд миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан. ...Анхбаяр эхлээд миний хоолойг боосон. Харин дараа нь ирээд миний хэвлийн зүүн хэсэгт нэг удаа хутгалсан” /хх-28/ гэж гэмт хэрэг хаана, яаж үйлдсэн нөхцөл байдлын талаар өөр өөр тайлбар, мэдүүлэг өгчээ.  

      Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ё.Анхбаярын “..намайг боогоод тэр айлын гэрийн ар талд намайг чирч авч ороод миний хоолойг боосон. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болон хохирогч Ц.Өнөрбаярыг шүүгдэгч Ё.Анхбаяр хутгалах болсон шалтгаан, хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой эсэх эсхүл гэм буруугүйгээр хор уршиг учруулсан эсэхийг  бүрэн гүйцэт тогтоогоогүй байхаас гадна Ё.Анхбаяр хохирогч Ц.Өнөрбаярыг хутгалсан үйлдэл нь түүний хоолойг бооход эсрэг хийсэн  үйлдэл эсэх,  эсхүл зодоон болсны дараа үйлдэгдсэн эсэх нь тодорхой биш байна.    

            2. Гэрч Б.Бямбажаргал 2016.06.05-ны өдөр “...Тэр үед Өнөрбат ирсэн. Өнөрбатыг ирснээс хойш Анхбаяр, Өнөрбаяр нар хоорондоо зодоон хийсэн. Тэгэхээр нь би салгах гээд очиход Анхбаяр доор нь орчихсон Өнөрбаяр дээр нь гарчихсан, Өнөрбат хажуу талаас нь өшиглөөд байсан” гэж /хх-15/,

 -2016.07.06-ны өдөр “...Анхбаяр, Өнөрбаяр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй хоорондоо гэрийн гадаа зодолцож ноцолдоод байхаар нь би Өнөрбат, Сарангэрэлийн хамт очиход тэнд Улаанаа байсан ба бид нар Анхбаяр, Өнөрбаяр нарыг салгасан. Салгах үед Өнөрбат  Анхбаярын толгой хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн...Тэгээд тэд нарыг салгаад явцгаая гээд машин руу явахад гэрийн урьд дахин муудалцсан ба Нандинцэцэг Анхбаяраас хутгыг нь аваарай гэж орилсон” /хх-32/ гэж,

Гэрч Н.Сарангэрэл 2016.06.05-ны өдөр “...гүйгээд очиход Өнөрбаяр манай нөхрийг гэрийн ард боож унагаад дээр нь гарчихсан мордоод хөдөлгөөнгүй болгочихсон майкаар нь боогоод байсан... хажуу талаас нь нэг үл таних хүн өшиглөөд дэвсэж байсан...би Өнөрбаярыг татаад гарыг нь тавиулсан... нэг эмэгтэй хүн яанаа хүн хутгалчихлаа гэж хашгирсан тэгээд эргээд гэр лүү очиход Батжаргал эгч ирчихсэн яанаа миний хүүг хутгалчихлаа гэж байсан” / хх-19/ гэж,

-2016.06.20-ны өдөр “... гүйгээд очиход Өнөрбаяр манай нөхрийн дээр  гараад хоёр гарыг нь хөлөөрөө дараад майкаар нь боож байсан ба хажууд нь Өнөрбаярын дүү гэх нэг  танихгүй залуу манай нөхрийн толгой руу нь цохиж, хөлөөрөө өшиглөөд  байсан”, /хх-29/  гэж мэдүүлсэн байна.

Дээрхи гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл гэрч нар  гэмт хэрэг гарсан байдал болон бусад нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч давтагдсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргах  шаардлагатай байна.   

            3.Гэрч нарын дээрх мэдүүлэгтэй холбогдуулан Ё.Анхбаярыг Ц.Өнөрбаяр, Ц.Өнөрбат нар нийлж зодсон гэх үйлдлийн талаар шалгаагүй, тэдгээрээс тайлбар мэдүүлэг аваагүй байна.

           

        Мөн Ё.Анхбаярыг ял сонсгон яллагдагчаар татахдаа гэм буруугийн хэлбэрийг заалгүйгээр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Дээрх ажиллагааг шалгахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ё.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 318 дугаар зүйлийн 318.1.1., 322 дугаар зүйлийн 322.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 367 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ё.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

2.Хэрэг прокурорт очтол Ё.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                            ШҮҮГЧИД                            Г.БОЛОРМАА

                                                                                  Т.ЭНХМАА