Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00783

 

Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 384 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох,

Гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Чулуунбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Баян-Өлгий аймгийн Б.Каров гэгч хүнд 250 000 төгрөгийн өглөгтэй байсан. Гэтэл Б.Каровийн танил цагдаа намайг баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьсон. Энэ хугацаанд манай гэрт очиж, гэр бүлийн хүмүүсийг минь айлгаж, хашаанаас ганц орлого залгуулж байсан хувийн 37-03 БӨА улсын дугаартай фургон автомашиныг эд хөрөнгө хураах шийдвэргүйгээр хураан авч өрх гэрийн орлогыг хааж, бусдад хууль бусаар дамжуулсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан Айбек, Текей нар 2004 оны 09 дүгээр сард миний фургон автомашиныг хураан авч улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэн, хураасан байгаа юм.Хууль бусаар авсан машиныг надад буцааж өгөхийг шат, шатны прокурор шаардаж, албан тоотод илгээж байхад ч өгөөгүй. Автомашинаа буцаан авч чадаагүй. Гэтэл 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нар хуурамч бичиг баримт үйлдэж, үлдээсэн. Бид гэр бүлээрээ хууль бус үйлдлийн золиос болж олон cap жилээр мөнгө санхүүгийн хямралд орж, нэр, төр, эд хөрөнгөөрөө бүрэн хохирч байна. Энэ бүхнээс болж хүүхэд маань нас барсан. Миний хувьд энэ хууль бус ажиллагааны улмаас хохирч байгаа талаар цагдаа, прокурор, шүүх зэрэг газруудад 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хөөцөлдөж явна. Хамгийн сүүлд өөрт учруулсан хохирлыг Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүйн яамнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар машиныг хураан авсан байх тул Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам хариуцах ёсгүй гэж үзсэн. Нэгэнт шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад 8 жил өнгөрсөн гэсэн шалтгаанаар миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Би цагдаагийн болон прокурорын байгууллагаар гомдлоо гаргаж явсаар хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэр гомдол гаргах хугацааны тухайд дурдаагүй байгаа нь хохирлоо нэхэх хөөн хэлэлцэх хугацаа надад нээлттэй болохыг харуулж байна.Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлд хохирлын үнийн дүнгийн жагсаалтыг гаргаж, хавсаргаж өгсөн. Хохирол нэхэх цаг хугацааны хувьд 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирсон хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 194 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар Б.Чулуунбаатараас 309 750 төгрөгийг гаргуулж иргэн Б.Каровт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байхад 2005 онд Б.Чулуунбаатар “УАЗ-452” Фургон маркийн автомашин, олох байсан орлого гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Б.Кароваас фургон авто машиныг гаргуулж, Б.Чулуунбаатарт олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдэн хураагдан хадгалагдаж байсан 37-03 БӨА улсын дугаартай фургон авто машиныг Б.Чулуунбаатарт 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байна. Б.Каров нь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалаар 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.Б.Чулуунбаатар нь давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Б.Чулуунбаатарын гомдлыг хангахгүй орхисон. Б.Чулуунбаатар нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Б.Чулуунбаатарын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгсөн. Үүний дараа Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж, Б.Чулуунбаатарт хүлээлгэн өгсөн байсан 37-03 БӨА улсын дугаартай фургон авто машиныг буцаан авсан. 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот эд хөрөнгө битүүмжлэх актаар тухайн фургон автомашиныг битүүмжилсэн байна.2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Чулуунбаатар нь төлбөрөө төлөөгүйн улмаас төлбөрт хураагдсан фургон автомашиныг төлбөр авагч Б.Каровт шилжүүлсэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байна. Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 87 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Шийдвэр гүйцэтгэгчийг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар хохирол нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.Чулуунбаатар нь 2003 оны 11 дүгээр сард 37-03 БӨА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машиныг барьцаалж, Б.Каровоос 600 000 төгрөгийн зээл авсан байдаг. Б.Чулуунбаатар нь зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй учир иргэн Б.Каров Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд Иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 тоот захирамжаар иргэн Б Чулуунбаатараас 309 750 төгрөгийг гаргуулж Б.Каровт олгуулахаар шийдвэрлэжээ. Дээрх 214 дүгээр захирамжийн дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбек нь 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тогтоол үйлдэж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот актаар Б.Чулуунбаатарын эзэмшлийн фургон маркийн 37-03 БӨА улсын дугаартай авто машиныг битүүмжилж, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот актаар 37-03 БӨА улсын дугаартай машиныг хураан авч шүүхийн шийдвэр гүйцэттэх албаны хашаанд түр хадгалсан хэрэгт баримт байдаг....Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Б.Чулуунбаатар нь Улсын дээд шүүхийн 2006 оны 82 дугаар тогтоолыг хянуулахаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байдаг ба гомдолтой танилцаад, Б.Чулуунбаатарын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгснөөр 214 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот актаар дээрх автомашиныг хураан авч иргэн Б.Каровт хүлээлгэн өгсөн байна. Б.Чулуунбаатарыг автомашиныг цагдаагийн алба хаагчид хураан аваагүй, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авч, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. Цагдаагийн ажилтан Айбек, Текей нарыг хууль бусаар машин хураан авч хохирол учруулсан гэж гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Д.Айбек, С.Текөй нар баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьж, хууль бусаар автомашин хураан авч хохирол учруулсан” гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Мөн Д.Айбек, С.Текей нар нь Б.Чулуунбаатарыг танихгүй, 37-03 БӨА улсын дугаартай автомашиныг хураасан, хохирол учруулсан талаар мэдэх зүйлгүй гэх тайлбарыг өгдөг. Д.Айбект эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол хэрэгт байгаа.Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь Цагдаагийн Еренхий газарт холбогдуулан цагдаагийн албан хаагч Д.Айбек, С.Текей нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/ч шийдвэрээр цагдаагийн албан хаагч Д.Айбек, С.Текей нарын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Чулуунбаатар нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох 194 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарыг улсын тэмдэгтийн хураамж 1 127 950 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 384 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.Иймд анхан болон давж заалдах шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.Гомдолдоо нэмэлт болгон тайлбарлахад шаардлагаа 4 дахин багасгаж, 48,5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Нотлох баримт дутуу бол анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь Б.Каровт 300 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх шүүгчийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар баталж, Б.Каровын нэхэмжлэлтэй, Б.Чулуунбаатарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Б.Чулуунбаатарын эзэмшлийн бор өнгийн 37-03 БӨА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг төлбөр авагч Б.Каровын төлбөрт тооцон шилжүүлэн өгч, гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор эхлүүлэн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр автомашиныг Б.Каровоос Б.Чулуунбаатарт олгохоор шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн шүүх 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын Дээд шүүх 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна.  

Фургон маркийн автомашиныг Шийдвэр гүйцэтгэх алба 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Чулуунбаатарт хүлээлгэн өгсөн ба давж заалдах шатны шүүхийн магадлал   гарсны дараа 2005 оны 12 дугаар  сарын 13-ны өдөр дахин битүүмжилж, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул автомашиныг хураан авч, төлбөр төлөгчид шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул уг газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тухайн хариуцагчид холбогдох шийдлийг орхигдуулсан нь алдаатай болжээ.

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийг Б.Чулуунбаатар урьд өмнө шүүхэд гаргаж байсан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136\ч шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан тул давж заалдах шатны шүүх Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох одоогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6., 117 дугаар зүйлийн 117.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх шийдвэрийн он болон  шийдвэрлэсэн шүүхийн нэрийг ташаа бичсэнийг тэмдэглэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 384 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дараахь байдлаар өөрчилсүгэй:

“1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 194 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдох Б.Чулуунбаатарын  нэхэмжлэлийг бүхэлд нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт зааснаар Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй”

2.Магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

3.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2017/03615 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН