Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 384

 

 

Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар,

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Б.Каров гэгч хүнд 250 000 төгрөгийн өглөгтэй байсан. Гэтэл Б.Каровийн танил цагдаа намайг баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьсон. Энэ хугацаанд манай гэрт очиж, гэр бүлийн хүмүүсийг минь айлгаж, хашаанаас ганц орлого залгуулж байсан хувийн 37-03 БӨА улсын дугаартай фургон автомашиныг эд хөрөнгө хураах шийдвэргүйгээр хураан авч өрх гэрийн орлогыг хааж, бусдад хууль бусаар дамжуулсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтан Айбек, Текей нар 2004 оны 9 дүгээр сард миний фургон автомашиныг хураан авч улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэн, хураасан байгаа юм. Хууль бусаар авсан машиныг надад буцааж өгөхийг шат, шатны прокурор шаардаж, албан тоотод илгээж байхад ч өгөөгүй. Автомашинаа буцаан авч чадаагүй. Гэтэл 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нар хуурамч бичиг баримт үйлдэж, үлдээсэн. Бид гэр бүлээрээ хууль бус үйлдлийн золиос болж олон cap жилээр мөнгө санхүүгийн хямралд орж, нэр, төр, эд хөрөнгөөрөө бүрэн хохирч байна. Энэ бүхнээс болж хүүхэд маань нас барсан. Миний хувьд энэ хууль бус ажиллагааны улмаас хохирч байгаа талаар цагдаа, прокурор, шүүх зэрэг газруудад 2004 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй хөөцөлдөж явна. Хамгийн сүүлд өөрт учруулсан хохирлыг Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүйн яамнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа шийдвэр гүйцэтгэлийн журмаар машиныг хураан авсан байх тул Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам хариуцах ёсгүй гэж үзсэн. Нэгэнт шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад 8 жил өнгөрсөн гэсэн шалтгаанаар миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Би цагдаагийн болон прокурорын байгууллагаар гомдлоо гаргаж явсаар хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэр гомдол гаргах хугацааны тухайд дурдаагүй байгаа нь хохирлоо нэхэх хөөн хэлэлцэх хугацаа надад нээлттэй болохыг харуулж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлд хохирлын үнийн дүнгийн жагсаалтыг гаргаж, хавсаргаж өгсөн. Хохирол нэхэх цаг хугацааны хувьд 2004 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 10 гаруй жил хохирсон хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 194 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зая шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжаар Б.Чулуунбаатараас 309 750 төгрөгийг гаргуулж иргэн Б.Каровт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байхад 2005 онд Б.Чулуунбаатар "УАЗ-452" Фургон маркийн автомашин, олох байсан орлого гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Б.Кароваас фургон авто машиныг гаргуулж, Б.Чулуунбаатарт олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдэн хураагдан хадгалагдаж байсан 37-03 БӨА улсын дугаартай фургон авто машиныг Б.Чулуунбаатарт 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан байна. Б.Каров нь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалаар 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Б.Чулуунбатар нь давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Б.Чулуунбаатарын гомдлыг хангахгүй орхисон. Б.Чулуунбаатар нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Б.Чулуунбаатарын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгсөн. Үүний дараа Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж, Б.Чулуунбаатарт хүлээлгэн өгсөн байсан 37-03 БӨА улсын дугаартай фургон авто машиныг буцаан авсан. 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот эд хөрөнгө битүүмжлэх актаар тухайн фургон автомашиныг битүүмжилсэн байна.

2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Чулуунбаатар нь төлбөрөө төлөөгүйн улмаас төлбөрт хураагдсан фургон автомашиныг төлбөр авагч Б.Каровт шилжүүлсэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байна. Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр захирамжийг гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 87 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан. Шийдвэр гүйцэтгэгчийг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д зааснаар хохирол нэхэмжлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.Чулуунбаатар нь 2003 оны 11 дүгээр сард 37-03 БӨА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машиныг барьцаалж, Б.Каровоос 600 000 төгрөгийн зээл авсан байдаг. Б.Чулуунбаатар нь зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй учир иргэн Б.Каров Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд Иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 тоот захирамжаар иргэн Б Чулуунбаатараас 309 750 төгрөгийг гаргуулж Б.Каровт олгуулахаар шийдвэрлэжээ. Дээрх 214 дүгээр захирамжийн дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбек нь 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тогтоол үйлдэж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот актаар Б.Чулуунбаатарын эзэмшлийн фургон маркийн 37-03 БӨА улсын дугаартай авто машиныг битүүмжилж, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот актаар 37-03 БӨА улсын дугаартай машиныг хураан авч шүүхийн шийдвэр гүйцэттэх албаны хашаанд түр хадгалсан хэрэгт баримт байдаг. Б.Чулуунбаатар нь Б.Кароваас фургон автомашин гаргуулах, олох байсан орлого 485 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 тоот шийдвэрээр Б.Чулуунбаатарын эзэмшлийн фургон машиныг өөрт нь буцаан олгох, харин автомашинаар олох байсан орлогын 485 000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Аймгийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шүүгчийн 214 дүгээр захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шийдвэр гүйцэтгэгч С.Мейрамбек нь 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл үйлдэн, эд хөрөнгө битүүмжлэх 10 тоот актаар 37-03 БӨА улсын дугаартай автомашиныг дахин битүүмжилсэн байдаг.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Б.Чулуунбаатар нь Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тогтоолыг хянуулахаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байдаг ба гомдолтой танилцаад, Б.Чулуунбаатарын гомдолд дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаж, хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 6/1422 дугаар албан бичгээр хариу өгснөөр 214 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот актаар дээрх автомашиныг хураан авч иргэн Б.Каровт хүлээлгэн өгсөн байна. Б.Чулуунбаатарыг автомашиныг цагдаагийн алба хаагчид хураан аваагүй, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан авч, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. Цагдаагийн ажилтан Айбек, Текей нарыг хууль бусаар машин хураан авч хохирол учруулсан гэж гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "Д.Айбек, С.Текөй нар баривчлан 3 хоног шалтгаангүй цагдан хорьж, хууль бусаар автомашин хураан авч хохирол учруулсан" гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Мөн Д.Айбек, С.Текей нар нь Б.Чулуунбаатарыг танихгүй, 37-03 БӨА улсын дугаартай автомашиныг хураасан, хохирол учруулсан талаар мэдэх зүйлгүй гэх тайлбарыг өгдөг. Д.Айбект эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай прокурорын тогтоол хэрэгт байгаа.

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь Цагдаагийн Еренхий газарт холбогдуулан цагдаагийн албан хаагч Д.Айбек, С.Текей нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10 000 000 тегрөг гаргуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/ч шийдвэрээр цагдаагийн албан хаагч Д.Айбек, С.Текей нарын хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Чулуунбаатар нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох 194 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Чулуунбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чулуунбаатарыг улсын тэмдэгтийн хураамж 1 127 950 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Миний бие хууль бусаар олон жил хохирч байгаа тул хохирлыг дахин хянан хэлэлцэж зохих хувийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Чулуунбаатар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг Б.Каровт 250 000 төгрөгийн өглөгтэй байсан, түүний танил цагдаа Айбек, Алтай нар намайг 3 хоног баривчилж хорьсон, шүүхийн шийдвэргүй автомашиныг хураан авч, бусдад хууль бусаар дамжуулсан, шат шатны прокурор уг автомашиныг буцаан өгөхийг шаардсан, гэтэл өгөөгүй, шийдвэр гүйцэтгэгч хуурамч баримт үйлдсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 20 дугаар талд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 214 дүгээр Шүүгчийн захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжид хариуцагч Б.Чулуунбаатар нь 300 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Каровт төлж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгч Б.Чулуунбаатарын эзэмшлийн бор өнгийн 37-03 БӨА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг төлбөр авагч Б.Каровын төлбөрт нь тооцож шилжүүлэн өгсөн талаарх 45 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шүүх үзлэг хийжээ.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2005 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Б.Чулуунбаатарыг оролцуулан 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот хөрөнгө битүүмжлэх актаар түүний эзэмшлийн бор өнгийн 37-03 БӨА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг битүүмжилж, 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот актаар хураан авсан боловч 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 350 дугаар Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр уг автомашиныг Б.Каровоос гаргуулан Б.Чулуунбаатар олгохоор шийдвэрлэсэн тул уг автомашиныг Шийдвэр гүйцэтгэх алба нь 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Чулуунбаатарт хүлээлгэн өгсөн байна.

 

Гэвч дээрх шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймгийн шүүхийн Иргэний хэргийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 72 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй Б.Каровоос фургон автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаар тогтоолоор уг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Б.Чулуунбаатарыг оролцуулан тэмдэглэл үйлдэж, түүний эзэмшлийн дээрх автомашиныг 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот актаар битүүмжилж, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлаж, дээрх автомашиныг 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот актаар уг автомашиныг хураан авч, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот актаар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт үйлдэж, 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 19 тоот тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ.

 

Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийг зөрчөөгүй, хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар нэхэмжлэгч Б.Чулуунбаатар гомдол гаргасныг 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 319 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар түүний гомдолд хариу өгсөн үеэс эрх зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасны дагуу гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 5 жил бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэргийн үйл баримтаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас төлбөр төлөгч Б.Чулуунбаатарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хууль бус үйлдлийн улмаас Б.Чулуунбаатарын эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Ийнхүү хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын гэм буруутай, хууль бус үйлдэл тогтоогдоогүй тохиолдолд нэхэмжлэгч Б.Чулуунбаатарт хохирол учирсан гэх шалтгаант холбоо үгүй тул түүний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хэрэгт маргааны зүйл болох фургон автомашиныг цагдаагийн ажилтнууд хураан авснаас учирсан хохиролыг гаргуулахаар нэхэмжлэгч Б.Чулуунбаатар хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар, Хууль зүйн яам, Сангийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2136/Ч дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байтал шүүх хэргийг бус харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хууль буруу хэрэглэснийг зөвтгөж, Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/01081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох гэм хорын хохиролд 194 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ