Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01265

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 26 210/МА2023/01265

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01299 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *.**

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвахүү, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* нь ********* " ХХК-ийн өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу *.** д шилжүүлсэн. Хувьцаа нэг бүрийн үнийг 41,176,000 төгрөг, бүгд 10 хувь хувьцааны нийт үнэ 411,760,000 төгрөгөөр худалдсан.

*.** нь худалдан авсан 10 хувийн хувьцааны нийт 411,760,000 төгрөгөөс 170,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 241,760,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас 241,760,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *.** нь ********* ХХК-ийн 10 хувийн хувьцааг нийт 170,000,000 төгрөгөөр худалдан авахаар *.* тай тохиролцож, 170,000,000 төгрөгийг *.* т шилжүүлж, төлбөр тооцоог дуусгавар болгосон.

Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 241,760,000 төгрөг шаардаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *.* ийн хариуцагч *.** д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241 760 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 366 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүхээс хариуцагчийн хаягаар зарлан дуудах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд тухайн хаягт хариуцагч *.** нь байдаггүй, оршин суудаггүй болохыг тэмдэглэсэн шуудангийн илгээмжийг гардуулаагүй. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн магадалгааг шүүхэд ирүүлсэн байдаг. Тийм байхад шүүх хариуцагч *.** гийн хаягийг тогтоох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

4.2 Шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл-д бүртгэгдсэн Хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийн талаарх баримтуудыг дутуу бүрдүүлсэн.

*.** гийн нэр дээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн 100 хувьцааны эрх шилжүүлсэн баримт, Ч Х , *.* нарын нэр дээр 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн 50, 10 хувийн хувьцааны эрх шилжүүлсэн баримт, М.Б гийн нэр дээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн 10 хувийн хувьцааны эрх шилжүүлсэн баримтыг тус тус дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.3 *.* аас өөрийн эзэмшлийн хувьцаа нэг бүрийн үнийг 41,176,000 төгрөгөөр худалдахаар тохирч ** ХХК-ийн захирал Ч.Х д худалдсан 14 хувийн хувьцааны төлбөрийн баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. *.* аас ** ХХК, Т Ч нарт худалдсан 14, 10 хувийн хувьцааг худалдсан Худалдах, худалдан авах гэрээ-үүд нотлох баримтаар хэргийн материалд авагдсан байхад шүүх цугларсан баримтуудад үнэн зөв дүгнэлт хийхгүй, хууль зөрчин хэт нэг талыг барьж, шударга бус шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгчийн тодорхойлсон Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо *** дугаар байр * тоот хаягт *.** амьдардаг бөгөөд энэ нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогддог. Мөн тус орон сууц нь *.** гийн өмчлөлийнх. Дээрх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд гэрт ээж нь байсан тул мэдэгдэх хуудас шүүх рүү буцсан. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд очиж нэхэмжлэлийн хувийг гардан авсан. Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа хаягийг тодорхойлж өгөх үүрэгтэй.

5.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн газраас нотлох баримт гаргуулах ажиллагаа хийгдсэн. Шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын дагуу ажиллагаа хийсэн.

5.3 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд маргааны эрх зүйн баримт бичиг болох хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу хувьцаа нэг бүрийн үнийг 41,176,000 төгрөгөөр үнэлж, нийт хувьцааг 411,760,000 төгрөг болсон гэх тайлбараа нотлоогүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. *.* болон *.** нарын хооронд хувьцааны нэг бүрийн үнийг тохиролцсон үйл баримтгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.** д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээнд худалдагч *.* нь ********* ХХК-ийн 200,000 төгрөгийн үнэ бүхий 10 хувийн хувьцаа /нэг бүр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа/-г худалдан авагч *.** д худалдахаар заасан байна. /хх 3/

Улмаар мөн өдөр талууд Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, эрх шилжүүлэгч *.* нь ********* ХХК-ийн 200,000 төгрөгийн үнэ бүхий 10 хувийн хувьцаа /нэг бүр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа/-г эрх хүлээн авагч *.** д шилжүүлжээ. /хх 4/ Уг гэрээний дагуу 10 хувийн хувьцааг *.** д шилжүүлсэн. Түүнчлэн, хариуцагчаас гэрээний төлбөрт 170,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үнийг гэрээнд зааснаас өөрөөр буюу хувьцаа нэг бүрийн үнийг 41,176,000 төгрөг, бүгд 10 хувь хувьцааны нийт үнийг 411,760,000 төгрөгөөр тогтоосон буюу гэрээний гол нөхцлийг өөрөөр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өөр бусад этгээдтэй хийсэн гэрээний үнээр *.** тэй хийсэн гэрээний үнийг тодорхойлж буй тайлбар нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас ********* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргээс холбогдох баримтыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн. /хх 56-166/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх бөгөөд дээрх нотлох баримттай холбоотой хүсэлтийг шүүхэд дахин гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...баримт дутуу бүрдүүлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, 11-р хороо, *** байр, * тоот гэж тодорхойлсон, мөн хэрэгт авагдсан хариуцагч *.** гийн иргэний үнэмлэхний хуулбарт дээрх хаягийг заасан /хх 18/ байх тул анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/01299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,366,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН