Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 0007

 

    Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Орхон сумын иргэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Бат-Эрдэний нэхэмжлэлтэй

    Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин, хамтран хариуцагч Ц.Даваадорж нарт холбогдох

    Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0001/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваа, хариуцагч Орхон сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин, гуравдагч этгээд Ж.Ундрах, түүний болон хариуцагч Ц.Даваадорж нарын өмгөөлөгч Ц.Бат Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулиар байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирвэл зохих 18 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч /Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтаар арга хэмжээ тооцсон/ хуралдаж тухайн өдрийн 06 тоот тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Амартүвшинг томилж, 01/05 тоот тогтоолоор сумын Засаг даргад намайг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан. Энэ нь хуулийн дагуу явагдсан бөгөөд энэ асуудлаар хэн ч хууль бус болсон гэж маргаагүй юм. Гэтэл Орхон сумын МАН-ын төлөөлөгчид нэрсийн жагсаалтаас хасагдаж түр үнэмлэх нь хүчингүй болсон гурван хүн /Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг/-ий бүрэлдэхүүнтэйгээр анхдугаар хуралдаан гэх нэртэй илт хууль бус хурлыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга томилж, сумын Засаг даргад Ж.Ундрахын нэрийг дэвшүүлж томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан байна.

     2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 23.13-т ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж, Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэсэн заалтуудыг илт зөрчиж ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 58 дахь хоногт хуралдсан байна.

    Иймд Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 тоот захирамж /Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилох тухай/ мөн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн бүх тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралд төлөөлөгчөөс нэр нь хасагдаж түр үнэмлэх нь хүчингүй болсон хүмүүсийг оролцуулж, хуульд заасан 50 хоног буюу хурал тарах хугацаа өнгөрсөн хойно, хурлаа хууль ёсоор зарлалгүй, бусад төлөөлөгч нарт мэдэгдээгүй хуралдсан байдаг. Ийм хууль бус хуралдаанаас сумын Засаг даргад Ж.Ундрахын нэрийг дэвшүүлснийг аймгийн Засаг дарга хүлээн авч, ямар ч тамга, тэмдэггүй тогтоолд үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан шаардлага хангаагүй Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилсон нь хууль бус байна.

     Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Н.Амартүвшинг сонгож, сумын Засаг даргад С.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсан. Энэ хуралдаан хууль ёсны дагуу явагдсан, үүнтэй хэн ч маргаагүй байна.

    Ардчилсан намын бүлэгт мэдэгдэлгүйгээр Ж.Ундрах нь Засаг даргад нэр дэвшиж, хурал хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхийг нь зөрчсөн асуудал юм. С.Бат-Эрдэний хувьд хөндлөнгийн хүн биш нэр дэвших эрхтэй төлөөлөгч юм. Нэхэмжлэгч нь харуицагчийг сонгох эрхийнхээ дагуу тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрх нь Н.Амартүвшинд байгаа учир иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хурлын дарга Н.Амартүвшинг хариуцагчаар татсан.

    Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хангаж, шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

     Хариуцагч Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулиар байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, тухайн өдрийн хуралдааны 06 тоот тогтоолоор миний бие сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон. Ийнхүү анхдугаар хуралдаан тухайн өдөр хуралдаагүй бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т зааснаар хурал тарах хүртэл үр дагавартай байсан болно.

     2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бус болсон гэж хэн ч маргаан гаргаагүй, хүчин төгөлдөр болсон, одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд нэгэнт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас даргаар сонгогдсон тогтоол нь хүчин төгөлдөр болсон тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд сумын тухайн хуралтай холбоотой аливаа асуудалд хуульд зааснаар төлөөлөх эрхтэй гэж үзэж байна. Тийм ч учраас энэ маргаанд намайг хариуцагчаар татсан гэж бодож байна.

     Харин С.Бат-Эрдэний нэхэмжлэлд дурдсан Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гарсан гэх 07 дугаартай тогтоол нь илт хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан хугацаа өнгөрсөн хойно Анхдугаар гэх нэртэй хуралдаан хийсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, сонгогчдын нэрсийн жагсаалтаас нэр нь хасагдсан, хуралд оролцож санал өгөх эрхгүй, хуулийн дагуу нэр дэвшээгүй Ц.Даваадорж, Б.Буянхишиг, Ж.Оюунгэрэл нарыг оролцуулсан, тамга тэмдэг дарж баталгаажаагүй шийдвэр бөгөөд манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны байр суурь биш юм. Ийм байтал Булган аймгийн Засаг дарга энэхүү хууль бус 07 дугаартай тогтоолыг үндэслэн захирамж гаргасан нь мөн л хууль зүйн алдаатай болсон гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлындийлэнх төлөөлөгчид  үзэж байна.

    Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хурал зарлаагүй, хуралдаагүй тул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2 дахь хуралдаанаас Ж.Ундрахын нэрийг дэвшүүлснийг хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

     Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

    Хариуцагч Булган аймгийн Засаг дарга /З.Батзориг/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Бат-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь МАН-аас нэр дэвшигч нэр бүхий 3 төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон сумын Сонгуулийн хорооны тогтоолыг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн учир тэднийг сумын анхдугаар чуулганд оролцох бүрэн эрх хэвээр хадгалагдана гэж үзэж байна.

    Иймд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 18 биш 21 төлөөлөгчөөр ирцээ тооцох ёстой бөгөөд анхдугаар хуралдаан гэх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны хурал нь төлөөлөгчдийн олонхи нь хуралдаагүй буюу 10 төлөөлөгч хуралдсан байна. Иймд дахин хуралдсан хуралдаанаас сумын Засаг даргад Ж.Ундрахыг нэр дэвшүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг хүчинтэйд тооцож, түүнийг сумын Засаг даргаар батламжилсан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хишигдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эхний удаа хуралдаан хийгээд С.Бат-Эрдэний нэрийг сумын Засаг даргад уламжлахад аймгийн Засаг дарга ямар үндэслэлээр буцаасан бэ? гэвэл сумын Сонгуулийн хорооны тогтоолыг шүүхээс түдгэлзүүлсэн байна. Хурлаа дахин бүрэн бүрэлдэхүүнээр хийгээд Засаг даргаа уламжилж ир гэсэн.

    Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь хуралдаанаас сумын Засаг даргад Ж.Ундрахын нэрийг дэвшүүлж ирүүлснийг аймгийн Засаг дарга хүлээн авч, тухайн үед орон даяар мал тооллого, жилийн эцсийн ажил дүгнэх гэх мэт ажлын шаардлагаар сумыг эзэнтэй байлгая гэсэн үүднээс батламжилсан гэв.

   Хамтран хариуцагчаар татагдсан Ц.Даваадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэл түүний шаардлага үндэслэлгүй тул доорхи байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 1. Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулиар нэр бүхий 21 хүн сонгогчдын олонхийн санал авч ялалт байгуулсан тул сумын Сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргаж, баталгаажуулан хурлын төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулснаар дээрх нэр бүхий 21 төлөөлөгчид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх үүссэн болно.

     Гэтэл тус сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 04 тогтоол гаргаж, Ардын намаас нэр дэвшиж олонхийн санал авч ялалт байгуулсан Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг, бид 3-ыг тус сумын Мандал багийн Далт хороонд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан хүүхдийн тоглоомын талбайг 98 сая төгрөгөөр гүйцэтгэсэн гэх илт хуурамч мэдээллийг сонгогчдод тараасан гэж Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтуудыг үндэслэн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас нэрийг хасч түр үнэмлэхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь илт хууль бусаас гадна бидний 3 төлөөлөгчийн эрхийг хөндсөн нь тодорхой тул бид уг тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулж, эрхээ сэргээлгэхээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг үүсч улмаар шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 тоот захирамжаар Сонгуулийн хорооны 04 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр Сонгуулийн хорооны шийдвэр, түүний биелэлт шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзэж, бидний 3 төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрх хэвээр хадгалагдаж үлдсэн ба одоо ч энэ эрх статус хэвээр байгааг дурдаж байна.

    Анхдугаар хуралдаан зохих журмын дагуу товлогдож, сонгуульд ялсан 21 төлөөлөгчийн дийлэнх олонхи болох нэр бүхий 11 төлөөлөгчийн ирцтэйгээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Ц.Даваадорж намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталж, нэр бүхий хүмүүсийг хурлын тэргүүлэгчдээр сонгож, Ж.Ундрахыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, аймгийн Засаг даргад уламжилж, 100 хувийн саналаар батлан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрүүд гэж үзнэ.

     Тус хурлын 07 тоот тогтоолд үндэслэж, Булган аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 тоот захирамжаар Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилсон нь хууль зөрчөөгүй, Ж.Ундрахад сумын Засаг даргын бүрэн эрх үүссэнийг дурдаж байна.

    2. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Н.Амартүвшин нарын хэсэг төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 төлөөлөгчийн ирцтэйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан гэгчийг зохион байгуулж, Н.Амартүвшинг хурлын даргаар томилж, сумын Засаг даргад С.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм. Түүнчлэн эдгээр хүмүүс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын тамга, тэмдэг, ажлын байрыг хууль ёсоор байгуулагдаж томилогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хүлээлгэн өгөхгүй, засаг төрийн үйл ажиллагаанд саад хийж гацаасаар байна.

     Эдгээр төлөөлөгчийн зохион байгуулсан хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх байгууллага нь хууль бус учраас хуулийн этгээдийн чадвар чадамжгүй, түүнээс гаргасан шийдвэрийг Захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм. Эдгээр хүмүүсийн хуралдсан үйл ажиллагаа гаргасан шийдвэр өнөөг хүртэл дээд шатны хуралд хүлээн зөвшөөрөгдөөгүй, аймгийн Засаг дарга ч С.Бат-Эрдэнийг Засаг даргад нэр дэвшүүлснийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

    3. Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь хариуцагчийг сонгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшинг сонгож татсан нь үндэслэлгүй байна. Н.Амартүвшин нарын 10 хүний зохион байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаас байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэх байгууллага түүнээс гаргасан 06, 09 дугаартай тогтоолууд гэх баримт зэрэг нь эрх зүйн чадамжгүй, захиргааны актын хэв шинжгүй болохыг өмнө дурдсан. Нөгөө талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тогтоол, мөн өдөр гаргасан хурлын тэргүүлэгчдийг сонгож баталсан шийдвэр үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Амартүвшин ирээгүй, оролцоогүй тул энэ шийдвэр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хариуцагч биш гэдэг нь тодорхой байна. Иймд Н.Амартүвшинг хариуцагчаар татсан шүүхийн ажиллагааг хүчингүй болгож, хариуцагчаас хасаж өгөхийг хүсэлт болгож байна.

     4. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Б/133 захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлдээ тогтоолд нутгийн удирдах байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчсөн тогтоолыг үндэслэж захирамж гаргасан нь хууль зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна.

    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралд суманд сонгогдсон нийт 21 төлөөлөгчийн дийлэнх олонх болох 11 төлөөлөгч оролцож тэдний 100 хувийн саналаар Ж.Ундрахыг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад нийцэж байна.

     Мөн хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана, оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална, хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоолд дарга, тэргүүлэгчид гарын үсэг зурна гэж заасан бөгөөд тамга тэмдгээр баталгаажуулах заалтгүй байна. Иймээс нэхэмжлэлд дурдсан дээрх хэсэг үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Гуравдагч этгээд Ж.Ундрах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11-н төлөөлөгчийг оролцуулан хуралдаж, 100 хувийн саналаар Хурлын даргаар Ц.Даваадоржийг, намайг сумын Засаг даргад нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцэж байгаа тул 07 дугаартай тогтоол хууль зөрчөөгүй. Мөн аймгийн Засаг дарга нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 захирамжаар Ж.Ундрах намайг Орхон сумын Засаг даргаар томилсон нь хууль зөрчөөгүй.

     Дээрх байгууллага намайг дэвшүүлж, томилсон нь нэхэмжлэгч С.Бат-Эрдэний эрх ашгийг хөндөөгүй тул түүнд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй гэж харж байна.

    Нэхэмжлэгч өөрийгөө Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон 10 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаас гаргасан 06 тоот тогтоолоор өөрийг нь сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тул сумын Засаг дарга болох нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолыг хөндөж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 21 төлөөлөгч сонгогдож Сонгуулийн хороогоор баталгаажин нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. Эдгээр хүмүүсийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс хассан, сонгогдсоныг нь хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй.

     Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар олонхийн санал авч ялалт байгуулсан байхад тус сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тогтоол гаргаж хассан нь үндэслэлгүй, улс төржсөн шийдвэр болсон. Сонгуулийн хорооны тогтоолын биелэлтийг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. Ийм учраас дээрх нэр бүхий 3 төлөөлөгчийн хувьд хуульд заасан эрх нь хэвээр хадгалагдаж, энэ эрх статусаараа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тогтоол гаргах үйл ажиллагаанд оролцсон.

      Харин тус суманд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Н.Амартүвшин нарын 10 хүн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж Н.Амартүвшинг хурлын даргаар сонгож, С.Бат-Эрдэнийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болно. Ирвэл зохих 21 төлөөлөгчийн 10 нь буюу цөөнх оролцож, гаргасан энэ шийдвэр хүчин төгөлдөр биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Иймд иргэн С.Бат-Эрдэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     Хамтран хариуцагч Ц.Даваадорж болон гуравдагч этгээд Ж.Ундрах нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллага өнөөдөр хүчин төгөлдөр оршиж байна. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хууль бус, хүчингүй гэсэн шүүх, захиргааны байгууллагын шийдвэр байхгүй учир тус тогтоол нь дээд шатны байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж байна.

     Иргэн С.Бат-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Үүнийг үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна.

     Захиргааны акт гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд тодорхойлоод заасан байгаа. Захиргааны актын бүрэлдэхүүн бүхэлдээ байвал захиргааны акт болно.

     Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний Б/133 захирамжууд нь доод шатны байгууллагаа зохион байгуулж, даргаа томилж байгаа дотогш чиглэсэн захиргааны акт юм.

Дотогш чиглэсэн захиргааны актыг захиргааны шүүх хянаж үзэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Дээрх актууд нь иргэн С.Бат-Эрдэний эрх ашиг сонирхолыг хөндөөгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар харъяаллын бус маргаан, тус хуулийн 54.1.5 нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна.

    Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д нутгийн өөрөө удирдах байгууллага нь захиргааны байгууллага мөн гэхдээ түүнээс гаргасан тогтоол шийдвэрт гомдол хэнд гаргах талаар заагаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө буруугаа засаж болохоор заасан байгаа.

     Нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна. Энэ хурлын шийдвэр нь гадагш чиглэсэн акт биш дотоод зохион байгуулалтаа хийж байгаа дотогш чиглэсэн, нийтийн ашиг сонирхолыг зохицуулаагүй акт юм. Ийм учир С.Бат-Эрдэнэд нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот тогтоол нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй. Мөн аймгийн Засаг даргын Б/133 захирамж нь хууль зөрчөөгүй, уг акт нь дотогш чиглэсэн хэм хэмжээ байна.

     Нэхэмжлэл гаргах эрх буюу шаардах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулагддаг. Эрх нь зөрчигдсөн этгээд захиргааны тухайн шатны буюу дээд шатны байгууллагад хандахыг зохицуулсан байгаа. Харин захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг зохицуулаагүй байгаа. Салбар хуулинд тусгайлан заасан байдаг. Жишээ нь: Сонгуулийн хороо буруу шийдвэр гаргавал шүүхэд хандана гэж заасан байдаг. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, тус хуулийн 54.1.1-д заасныг давхар журамлаж хэрэгсэхгүй болгох үндэстэй харагдаж байна.

      Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

    Мөн тус хэрэгт Н.Амартүвшинг хариуцагчаар оруулж ирсэн асуудал нь тодорхойгүй. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот тогтоол гарахад оролцсон этгээд биш учир Н.Амартүвшин энэ хэргийн хариуцагч биш гэв.

      Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч Орхон сумын иргэн, Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь Булган аймгийн Засаг дарга болон Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдууланОрхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

    Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн анхдугаар гэх хуралдааны тогтоолуудыг илт хууль бусад тооцуулж хүчингүй болгох шаардлагын тухайд:

    Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн санал хураалт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 21 төлөөлөгч сонгогдон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн /сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 19 хоногийн дараа/ 45 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орхон сумын төвд хуралдуулахаар товлон зарлаж, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлан хуралдаанд оролцох эрх бүхий хүмүүстээ мэдэгдсэн болох нь 45 дугаар тогтоол[1], нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Орхон сумын МАН-ын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 39 тоот албан бичиг[2] зэргээр тогтоогдож байна.

      Анхдугаар хуралдаан зарлагдсаны дараа Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолоор МАН-аас Мандал багт нэр дэвшиж сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон байх ба хуралдаан товлон зарласан 11 дүгээр сарын 25-ны өдрийг МУЗГ-ын шийдвэрээр бүх нийтээр амрах өдөр болгож, 26-27-ны өдөр нь хуанлигаар амралтын өдөр байсан тул анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Даваа гарагт /сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 39 хоногийн дараа/ хуралдаж, Орхон сумын Монгол ардын намын хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...дээрх 3 нэр дэвшигчийн эрхийг сэргээх шүүхийн шийдвэр гартал МАН-аас сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаанд суух боломжгүй тул анхдугаар хуралдааныг холбогдох хуулийн заалтын дагуу хойшлуулж өгнө үү гэсэн 39 дугаарын албан бичгийг сумын Сонгуулийн хороонд хүргүүлээд, Орхон сумын МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчид анхдугаар хуралдаандаа оролцоогүй нь мөн хэргийн оролцогчдын тайлбар, Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тогтоол[3], МАН-ын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаарын албан бичиг[4], гэрч Орхон сумын МАН-ын хорооны дарга Ц.Энх-Амгалангийн бид намаараа хэлэлцээд анхдугаар хуралдаанд төлөөлөгчдөө оролцохгүй талаар албан бичиг хүргүүлсэн гэсэн мэдүүлэг[5] зэрэг баримтуудаар нотлогдож байна.

    Ингээд Орхон сумын Ардчилсан намаас 11 төлөөлөгч, МАН-аас 10 төлөөлөгч сонгогдсоны 3 нь Сонгуулийн хорооны 04 тогтоолоор нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдаж, түр үнэмлэх нь хүчингүй болсон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 төлөөлөгч хуралдаанд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох байснаас Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанд 10 төлөөлөгч оролцож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно. гэсний дагуу/ 18 төлөөлөгчөөс тооцоход 55,6%-ийн ирцтэй хуралдан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар төлөөлөгч Н.Амартүвшинг сонгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ... аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасны дагуу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100%-ийн саналаар сумын Засаг даргад С.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан, энэхүү анхдугаар хуралдааны талаар хэн нэгэн маргаан гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин нарын хуралдаанд 18 төлөөлөгч оролцохоос 10 төлөөлөгч оролцсон гэсэн тайлбар, хариуцагч Булган аймгийн Засаг даргын ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурал нь төлөөлөгчдийн олонх нь хуралдаагүй буюу 10 төлөөлөгч хуралдсан байна гэх тайлбар[6], Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын хуралдааны тэмдэглэл[7], холбогдох тогтоолуудаар нотлогдож байна.

       Гэтэл ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 55 хоногийн дараа Орхон сумын МАН-ын хороо 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 36 тоот Сонгуулийн хороо нь хууль бус шийдвэр гаргаж Ц.Даваадорж, Б.Буянхишиг, Ж.Оюунгэрэл нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байсныг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар захирамжаар сумын Сонгуулийн хорооны 04 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 цагт хуралдуулахыг шаардаж байна... гэсэн утга бүхий албан бичгийг[8] Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн,

     уг бичгийн хариуд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот албан бичгээр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцээд миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож, сумын Засаг даргад С.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлж, дээд шатны Засаг даргад уламжилсан боловч батламжлахаас татгалзсан байна. Иймд уг асуудлаар дахин хуралдаан зарлаж та бүхэнд мэдэгдэх болно гэсэн хариу[9] өгсөөр атал,

      иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуралдаан зарлаагүй байхад 11 төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. гэснийг зөрчиж анхдугаар хуралдаан гэгчийг ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 57 хоногийн дараа хуралдсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна.,

      26 дугаар зүйлийн 26.4-д Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.,

     22 дугаар зүйлийн 22.1.1-д Хурлын дарга нь тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;,

   22.1.2-т тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;бүрэн  эрхтэй гэж тус тус заасныг зөрчсөн байх тул уг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг бүхэлдээ хууль бус гэж дүгнэлээ.

     /Орхон сумын МАН-ын хороо Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар захирамжаар Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 04 тогтоолын биелэлтийг хэрэг шийдвэрлэгдтэл түдгэлзүүлснийг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон гэсэн хуурамч мэдээлэл болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлахыг хууль бусаар шаардсан байна/

    Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.13, 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтуулыг зөрчсөн бүхэлдээ хууль бус байх тул түүнээс гаргасан тогтоолуудад нэг бүрчлэн дүгнэлт өгөх шаардлагагүйгээр хууль бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ.

    Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

    Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад С.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан 01/05 дугаарын тогтоол гаргаж, Хурлын дарга Н.Амартүвшин гарын үсэг зурж, Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэсэн тамга дарж баталгаажуулсан тогтоолыг Булган аймгийн Засаг даргад хүргүүлснийг аймгийн Засаг дарга хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1261 дугаарын албан бичгээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын биелэлтийг Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байна. Танай анхдугаар хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг хангаагүй байх тул тогтоолыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн болох нь 01/05 дугаарын тогтоол[10], аймгийн Засаг даргын 01/1261 дугаарын албан бичиг[11], хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

      Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1261 дугаарын албан бичигт дурдагдсан Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын биелэлтийг Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 118 дугаар захирамж нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдсанаас хойш, сонгуулийн санал хураалт явагдсанаас хойш 50 хоног өнгөрсний дараа гарсан байхад эдгээр төлөөлөгчдийг оролцуулж хуралдааны ирцыг тооцох ёстой гэж С.Бат-Эрдэнийг томилохоос хууль бусаар татгалзсан,

     Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хурлаа зарлаагүй байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч анхдугаар хуралдаан гэгчийг зохион байгуулж, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Амартүвшин гарын үсэг зураагүй, тамга дарж баталгаажуулаагүй, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас Сонгуулын хорооны 04 тоот тогтоолоор нэр нь хасагдаж түр үнэмлэх нь хүчингүй болсон Ц.Даваадорж даргалагчаар мөн бусад төлөөлөгчид гарын үсэг зурсан, 07 тоот тогтоолоор[12] сумын Засаг даргад Ж.Ундрахын нэрийг дэвшүүлсэн-ийг Булган аймгийн Засаг дарга хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 дугаар захирамжаар Жамбын Ундрахыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс Орхон сумын Засаг даргаар томилж, цалин хөлс нэмэгдлийг олгохыг зөвшөөрсөн[13] болох нь 07 дугаарын тогтоол, захирамж болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

     Дээрх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг зохион байгуулсан 11 төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд зориудаар оролцоогүй, уг анхдугаар хуралдаанаар Хурлын даргаа сонгож, Засаг даргад С.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлснийг мэдсээр байж, өөрсдөө хурал зарлан хуралдуулж, дахин Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг ажиллагаа явуулж, тамга тэмдэггүй, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гарын үсгээр баталгаажуулаагүй, зөвхөн хуралдаан даргалагч болон оролцсон төлөөлөгчид гарын үсэг зурсан тогтоолууд гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 25 дугаар зүйлийн 25.2-т Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна. гэж тус тус заасныг зөрчсөн үйл ажиллагаа явуулж хууль бус тогтоол гаргасан байхад Булган аймгийн Засаг дарга нь уг хуралдааны /Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын/ албан бичгийн хэвлэмэл хуудсанд бичигдээгүй, тамга, тэмдэг, Хурлын дарга Н.Амартүвшингийн гарын үсгээр баталгаажаагүй, /өмнө нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/05 дугаарын С.Бат-Эрдэний нэрийг Орхон сумын Засаг даргад дэвшүүлж, томилуулахаар уламжилсан тогтоолд Хурлын дарга Н.Амартүвшин гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байсан/ 07 тоот тогтоолд үндэслэн Орхон сумын Засаг даргаар Ж.Ундрахыг батламжилсан нь хууль бус болсон байна.

     Орхон сумын Засаг даргаар томилогдсон Ж.Ундрах нь 1989 онд Санхүү эдийн засгийн техникумыг Хөдөө аж ахуйн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн /диплом байхгүй/ тухай Санхүү эдийн засгийн их сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/3081 дугаарын албан бичиг, 2015 онд Шинэ эрин боловсрол удирдлагын академийн Төрийн удирдлага мэргэжлээр мэргэшүүлэх сургалт дүүргэсэн диплом /40 кредит/ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд түүнийг томилсон аймгийн Засаг даргын 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 дугаарын захирамж гарах үед Санхүү эдийн засгийн их сургуулийн 1/3081 дугаарын албан бичиг бичигдэж гараагүй байсан нь уг албан бичиг болон захирамжийн огнооноос харагдаж байх тул аймгийн Засаг дарга нь Ж.Ундрахыг томилох Б/133 тоот захирамж гаргахдаа тухайн нэр дэвшигч нь хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалгалгүй мөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

       Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/133 дугаарын захирамж нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор зарлаагүй байхад, ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 57 хоногийн дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч хуралдаж гаргасан хууль бус тогтоолд үндэслэж, сумын Засаг даргад нэр дэвшигч Ж.Ундрах нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан сумын Засаг даргад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгалгүйгээр Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилсон байх тул уг захирамжийг хууль бусад тооцож хүчингүй болгох нь зүйтэй байна.

      Өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хариуцагч Н.Амартүвшин хариуцагч биш тул хариуцагчаас хасуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь дотогш чиглэсэн акт гэх тайлбарын тухайд:

      Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь 2012-2016 оны хугацаанд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан, 2016 оны Орон нутгийн сонгуулиар Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас Орхон сумын Засаг даргад түүний нэрийг дэвшүүлж, аймгийн Засаг даргад уламжилсан байх бөгөөд энэ асуудлаар хэн ч шүүхэд маргаан үүсгээгүй байдаг ба нэхэмжлэгч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан /асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох; хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах... гэх зэрэг/ эрхтэй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. гэсний дагуу С.Бат-Эрдэнэ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй хурлын Тэргүүлэгчдийн дарга байсны хувьд анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зарлаж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдуулсан байхад Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынанхдугаар хуралдаан гэгчийг зарлалгүйгээр хуралдуулж, дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн нь нэхэмжлэгчийн дээрх эрхүүдийг зөрчсөн, мөн аймгийн Засаг даргын Б/133 дугаарын захирамжаар Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилсон нь хууль ёсоор зарлан хуралдуулсан Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаас Орхон сумын Засаг даргад нэр дэвшиж тухайн хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжигдэж, аймгийн Засаг даргад уламжлагдсан байхад түүний Засаг даргаар сонгогдох эрхийг зөрчсөн гэж 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг хууль бусад тооцуулж, тогтоолуудыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын 2016 оны Б/133 захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх боломжгүй байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэлзахиргааны байгууллага болох Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч анхдугаар хуралдаан гэгчийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хууль бусаар хуралдуулж, хууль бус тогтоолууд гаргасан уг тогтоолд үндэслэж, Булган аймгийн Засаг дарга Б/133 захирамж гаргасан үйлдэл нь эрх зүйн үр дагавар шууд бий болгодог захирамжилсан үйл ажиллагаа буюу захиргааны акт мөн байна.

     Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд холбогдох шаардлагын хариуцагч нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал биш болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухай этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна гэж заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг даргалагч Ц.Даваадоржийг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

     Хамтран хариуцагч болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хариуцагчийг хасуулах хүсэлт гаргаж шаардах эрх хэмжээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй байна.

     Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 00041400941 дугаарын дансанд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг дарга болон Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.4 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.13, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг бүхэлд нь хууль бусад тооцож, түүний тогтоолууд болон Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ж.Ундрахыг Орхон сумын Засаг даргаар томилох тухай Б/133 дугаарын захирамж хууль бус болох нь тогтоогдсон тул тус тус хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаарулсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Бат-Эрдэнээс Булган төрийн сангийн 0041400995 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн материалын 6 дугаар хуудас

[2] Хэргийн материалын 13 дугаар хуудас

[3] Хэргийн материалын 7-р хуудас

[4] Хэргийн материалын 13-р хуудас

[5] Хэргийн материалын 61-р хуудас

[6] Хэргийн материалын 29-р хуудас

[7] Хэргийн материалын 132-141-р хуудас

[8] Хэргийн материалын 14-р хуудас

[9] Хэргийн материалын 14-р хуудас

[10] Хэргийн материалын 10-р хуудаст

[11] Хэргийн материалын 11-р хуудас

[12] Хэргийн материалын 45-р хуудас

[13] Хэргийн материалын 12-р хуудас