Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0064/З |
Дугаар | 221/МА2019/0280 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0280
2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2019/0268 | Улаанбаатар хот |
Ө.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0197 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ө.О-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0197 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ө.О-ийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Ө.О-ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ө.О-д жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө ...сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн...” байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж үзсэн нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан ба шимтгэл төлөх хугацааг сараар тооцохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 2018 оны 3, 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад сайн дурын даатгалын шимтгэлээ төлсөн нь тухайн сарын шимтгэлийг төлсөнд тооцогдох бөгөөд тухайн сарын шимтгэлийг төлсөнд тооцогдох бөгөөд тухай сарын ямар ч өдөр шимтгэл төлснөөс үл хамааран тухайн сарын шимтгэл төлсөнд тооцогдож байна.
Шүүхээс “...жирэмсний чөлөө эхлэх хугацаа хүртэл 5 сар 9 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлж, жирэмсний чөлөө авсан байх тул жирэмсний чөлөө авахаас өмнөх 6 сард нв шимтгэлийг тасралтгүй төлсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн Байгаль орчин, аялал жуучлалын сайд 5 сар 9 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгийг ямар эрх зүйн эрх сурвалж, хууль, хэм хэмжээ тогтоосон актыг үндэслэж тогтоосон нь тодорхой бус, энэ талаарх эрх зүйн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгаагүй.
Нэхэмжлэгч Ө.О нь жирэмсний чөлөө авсан хугацаа буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өмнө 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын даатгалын шимтгэлээ төлсөн ба 08 дугаар сард төлсөн шимтгэл нь тухайн сарын дурын даатгалын шимтгэлээ төлсөнд тооцогдож байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө ... сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн...” байх хуулийн шаардлагыг хангаж байгааг шүүх анхаарч үзээгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ө.О-аас “Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуулийн дагуу бодож олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2018 оны 03 дугаар сараас тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлсөн бөгөөд жирэмсний чөлөө авахаас өмнө тасралтгүй 6 сар шимтгэлээ төлсөн байсан тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хууль ёсны эрхтэй гэж үзэж байна”, хариуцагч татгалзлаа “...Ө.О нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэх заалтыг хангахгүй тул жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг авах эрх үүсэхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэнд эмнэлгийн хуудас олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “Жирэмсний тэтгэмжийг эмнэлгийн хуудас авахын өмнөх сараас урагш 12 сарын цалин хөлсний дундажыг ....бодож олгоно” гэж хуульчилжээ. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь шимтгэлийг чөлөө авахаас өмнө...сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн байх хуулийг шаардлагыг хангаагүй, тэтгэмж авах эрх үүсээгүй гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь хууль болон журамд заасан дээрх зохицуулалтаас үзэхэд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнөх 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах шаардлагыг тавьжээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 01, 02 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байх бөгөөд 2018 оны 03-08 дугаар саруудад сайн дурын даатгалын шимтгэл төлж, 2018 оны 08 дугаар сард жирэмсний чөлөө авсан гэдэг нь тогтоогдож байна. Талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Нэхэмжлэгч Ө.О нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 2018 оны 08 дугаар сарын шимтгэлээ төлж, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жирэмсний чөлөө авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн 2018 оны 08 дугаар сард төлсөн шимтгэл 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх хуулийн хугацаанд хамаарахгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч нь хуульд заасан “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Ө.Оюунтуяад жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Ө.О нь жирэмсний чөлөө авсан хугацаа буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өмнө 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын даатгалын шимтгэлээ төлсөн ба 08 дугаар сард төлсөн шимтгэл нь тухайн сарын сайн дурын даатгалын шимтгэлээ төлсөнд тооцогдож байгаа....” гэх гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйл “Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх” 41.1-д “Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0197 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ