Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 06

 

 

                                   

 

 

 

 

 

 

Г.Баярдэлгэрт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                          Г.Энхмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Отгонсүрэн

Нарийн бичгийн дарга                  Д.Даваасүрэн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан гомдлоор Г.Баярдэлгэрт холбогдох эрүүгийн 2016 1900 0503 дугаартай 1 хавтас 145 хуудас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн 2 дугаар Хонхорын 2-4 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Баярдэлгэр, /РД:НИ92122211/.

 

            Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Тахиан хошуу гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, бусдын эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 514.998 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Баярдэлгэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярдэлгэрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Баярдэлгэрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 20 ширхэг нойтон нарс мод мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын орлого болгож,

Энэ хэрэгт ялтан Г.Баярдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн 016659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Хьюндэй портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д.Ганбаатарт буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баярдэлгэрийн нэр хөрөнгөнөөс 1.544.994 төгрөг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 20 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар нарс модыг улсын орлого болгомогц дээрх битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,

Ялтан Г.Баярдэлгэрийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Баярдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч Г.Баярдэлгэр нь ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, аав нь 2000 оноос харвалт өгч хэвтэрт байж байнгын асрамжинд байдаг. Ээж нь аавыг нь сахидаг учир ажил хийж чаддаггүй. Г.Баярдэлгэр нь гэр орон 2 дүүгээ тэжээхийн тулд янз бүрийн ажил хийн амьдрахын төлөө зүтгэж ирсэн.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.544.994 төгрөгийг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэр бүлийг нь тэжээн тэтгэх хүнгүй, зан байдлын хувьд төлөв даруу, томоотой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 61.1-д зааснаар тэнсэн харгалзахаар тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон Прокуророос: “... Шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Тахиан хошуу гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, бусдын эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 514.998 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Шүүгдэгч Г.Баярдэлгэрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...”2016.06.25-нд Тахиан хошуу гэх газраас ах Ганбаатарын Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж, өөрийн цахилгаан хөрөөгөөр  ургаа 3 ширхэг нойтон нарс модыг унагаад 2 метрээр тайраад, 20 ширхэг болгож, машины тэвшин дээр ачаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Зоригтсайханы гэрт очсон.Тэндээсээ сумын төв орж яваад цагдаа нарт баригдсан. Хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байна. Хашааны шон хийх гэж мод бэлтгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-57,134/,

Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярын ... “Гэм буруутай этгээд ойн санд 514.998 төгрөгний хохирлыг” Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дах хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи- эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж, 1.544.994 төгрөгийг орон  нутгийн төсөвт оруулах шаардлагатай. Төв аймгийн Жаргалан сумын иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/,

Гэрч Б.Хонгорзулын... “Жаргалант сумын 1 баг Рам гэх газар шөнийн 02 цагийн үед 12-85 ТӨВ улсын дугаартай, цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хүмүүс хууль бусаар, зохих зөвшөөрлийн бичиггүй нойтон нарс мод ачсан сумын төв рүү орж ирснийг саатуулсан. Машины тэвш дүүрэн шинээр тайрсан, нойтон мод ачсан байсан ба машинд мод бэлтгэсэн цагаан өнгийн дружба хөрөө байсан гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

Сэжигтэн Г.Зоригтсайханы... “Баярдэлгэр над руу утсаар яриад аавтай чинь ярьсан, Портер машины түлхүүр хаана байгаа юм” гэхээр нь ... “цонхны төмөр тавцан дор байгаа” гэж хэлсэн... Баярдэлгэр орой 21 цагийн орчим Портер машинтай ирээд Тахиан хошуу гэх газар явсан. Шөнийн 00 цагийн  орчим машины тэвшин дээрээ 20 орчим тооны мод ачсан ирсэн, нойтон мод байсан ба машины ард цахилгаан хөрөө байсан...Сумын төв орох гэж яваад цагдаад саатуулагдсан /хх-59/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд, схем зураг /хх-5,6-9,10-12,35/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх/9/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, модыг бэлтгэхэд хэрэглэсэн хөрөөг тус тус хураан авсан тухай тэмдэглэл /хх-16, 18/, эд зүйлийн үнэлгээ /хх-20, 34/, хууль бусаар бэлтгэсэн 20 ширхэг тайрсан нойтон нарс мод болон Х.Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-32/, Төв аймгийн МХГ-ын дүгнэлт /хх-37/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгасан байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэн ялтан Г.Баярдэлгэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос нойтон нарс модыг хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь  хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан ял шийтгэл оногдуулж,  гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод,  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн цахилгаан хөрөөг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэсэн  тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан байхад ялтан Г.Баярдэлгэрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Ганбаатарт буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа уг тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулаагүй орхигдуулсан байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг заалгүй орхигдуулснаас гадна байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ илүү нарийвчилсан зохицуулалттай “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй байх тул шийтгэх тогтоолд  зохих нэмэлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Ялтан Г.Баярдэлгэр анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд буюу 2016 оны 12 сарын 22-ны өдөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол  1.544.994 төгрөгийг төлсөн, түүнчлэн ялтны хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Иймд өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн “…ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзахыг” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Г.Баярдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай…” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бэлтгэсэн...” гэсний дараа “...тээвэрлэснээс бага бус хэмжээний хохирол учирсан...” гэж,

         - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “зэргийг хурааж” гэсний дараа “Г.Баярдэлгэрээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай автомашины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус гаргуулж” гэж,

        - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг...” гэсний дараа “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт...” гэж тус тус нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т зааснаар ялтан Г.Баярдэлгэрийг нэн даруй сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж  үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

     ШҮҮГЧИД                                        Т.ЭНХМАА

   Г.БОЛОРМАА