Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа

иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн             

шүүгдэгч Г.Баярдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Баярдэлгэрт холбогдох 201619000503 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн 2 дугаар Хонхорын 2-4 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Баярдэлгэр, /РД:НИ92122211/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Тахиа хошуу” гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, бусдын эзэмшлийн “Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 514.998 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Баярдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Зөвшөөрөл авч амжилгүйгээр хашааны шон хийх гэж мод бэлтгэсэн нь үнэн. Хохирлыг амьдралын боломжгүйгээс төлж чадаагүй гэв.

 

             Иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Г.Баярдэлгэр нь миний төрсөн ахын хүүхэд юм. Элс хайрга татна гэж хэлээд надаас машин гуйж авсан. Миний эзэмшлийн машинаар мод бэлтгэсэн талаар мэдээгүй. Одоо би машинаа авмаар байна гэв.

          Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08 дугаар хуудас/

 

          Модонд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10 дугаар хуудас/

 

          Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/

 

          Орон нутгийн үнэлгээний комиссын дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

          Мэргэжлийн хяналтын газрын 19-04-337/24 дугаартай дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

 

          Иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруутай этгээдүүд ойн санд учруулсан экологи, эдийн засгийн хохирлоо нөхөн төлөх юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэм буруутай этгээд ойн санд 514.998 төгрөгний хохирлыг “Байгаль орчны хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.544.994 төгрөгийг манай орон нутгийн төсөвт оруулах шаардлагатай. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

          Гэрч Б.Хонгорзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Рам гэх газар хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Эрдэнийн хамтаар хяналт шалтгалт хийж ажиллаж байхад шөнийн 02 цагийн үед 12-85 ТӨВ улсын дугаартай, цэнхэр өнгийн Х.Портер маркийн машинтай хүмүүс хууль бусаар зохих зөвшөөрлийн бичиггүй нойтон нарс мод ачсаар сумын төв рүү орж ирснийг саатуулан шалгуулахаар хэсгийн төлөөлөгчид шилжүүлсэн. Тухайн машинд Ганболдын Баярдэлгэр, Баяржаргал, Баатарын Зоригтсайхан гэсэн 3 хүн явж байсан бөгөөд тэд нарт мод бэлтгэх бичиг байгаагүй, мөн машины бичиг баримт байгаагүй. Тэд нар хамт явж уулнаас мод хийсэн гэж ярьж байсан, яг хаанаас бэлтгэсэн талаараа тодорхой зүйл яриагүй. Х.Портер машины тэвш дүүрэн мод ачсан байсан бөгөөд тэр моднууд нь шинээр тайрсан нойтон мод байсан бөгөөд машинд нь мод бэлтгэсэн цагаан өнгийн дружба хөрөө байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

          Гэрч Т.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Рам гэх газар зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Хонгорзулын хамтаар хяналт шалгалт хийж ажиллаж байгаад шөнө Портер машинтай хүмүүс уулнаас нойтон мод бэлтгээд сумын төв рүү орж ирснийг бид хоёр зогсоож бичиг баримтыг нь шалгахад ямар нэгэн бичиг баримт байгаагүй, маргааш нь модонд үзлэг хийхэд 20 ширхэг мод байсан. Тухайн машинд Ганболдын Баярдэлгэр, Баяржаргал, Ганбаатарын Зоригтсайхан гэсэн 3 хүн явж байсан бөгөөд тэд нарт мод бэлтгэх бичиг баримт байгаагүй. Тэд нар 12-85 ТӨВ гэсэн цэнхэр өнгийн Портер машинтай явж байсан. Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг Тахиан хошуу гэх газраас 3 ширхэг ургаа мод тайрсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн нутаг “Тахиа хошуу” гэх газраас 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 ширхэг нойтон нарс мод бэлтгэн, бусдын эзэмшлийн “Хьюндэй Портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 514.998 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, иргэний нэхэмжлэгч Л.Ууганбаярын... Гэм буруутай этгээд “Байгаль орчны хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1.544.994 төгрөгийг манай орон нутгийн төсөвт оруулах шаардлагатай. Төв аймгийн Жаргалант сумын иргэдэд нойтон мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Б.Хонгорзулын... хяналт шалтгалт хийж ажиллаж байхад шөнийн 02 цагийн үед 12-85 ТӨВ улсын дугаартай, цэнхэр өнгийн Х.Портер маркийн машинтай хүмүүс хууль бусаар зохих зөвшөөрлийн бичиггүй нойтон нарс мод ачсаар сумын төв рүү орж ирснийг саатуулан шалгуулахаар хэсгийн төлөөлөгчид шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч Т.Бат-Эрдэнийн... хяналт шалгалт хийж ажиллаж байгаад шөнө Портер машинтай хүмүүс уулнаас нойтон мод бэлтгээд сумын төв рүү орж ирснийг бид хоёр зогсоож бичиг баримтыг нь шалгахад ямар нэгэн бичиг баримт байгаагүй, маргааш нь модонд үзлэг хийхэд 20 ширхэг мод байсан. Тухайн машинд Ганболдын Баярдэлгэр, Баяржаргал, Ганбаатарын Зоригтсайхан гэсэн 3 хүн явж байсан бөгөөд тэд нарт мод бэлтгэх бичиг баримт байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 29/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Баярдэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

             

Шүүгдэгч Г.Баярдэлгэрийн Ойн санд учруулсан экологи эдийн засгийн шууд хохирол 514.998 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гурав дахин нэмэгдүүлж нийт 1.544.994 төгрөгийг гаргуулахаар тогтоосон Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №19-04-337/24 дугаартай дүгнэлтийн дагуу хохирлыг тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211  дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна. 

 

            Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр  зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнд хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ. 

           

            Шүүгдэгч Г.Баярдэлгэрт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.9 дэх хэсэгт зааснаар “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 1.544.994 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.  

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Мөрдөн байцаалтанд мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 20 ширхэг, нойтон нарс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох, шүүгдэгч Г.Баярдэлгэрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндэй портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болох нь  №016659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт “модыг хууль бусаар бэлтгэхийн мэдээгүй, элс хайрга татна гэж хэлэхээр нь машинаа өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Хьюндэй портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн №016659  дугаартай гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Д.Ганбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан 1 ширхэг цагаан өнгийн цахилгаан хөрөө  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Г.Баярдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Баярдэлгэрийг зохих зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярдэлгэрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Баярдэлгэрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 20 ширхэг нойтон нарс мод мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг хурааж улсын орлого болгосугай.

5. Энэ хэрэгт ялтан Г.Баярдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №016659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Хьюндэй портер маркийн 12-85 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч Д.Ганбаатарт буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Баярдэлгэрийн нэр хөрөнгөнөөс 1.544.994 төгрөг гаргуулж Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7.   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 20 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын орлого болготол хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар нарс модыг улсын орлого болгомогц дээрхи битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Ялтан Г.Баярдэлгэрийг  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Баярдэлгэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ