Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 52

 

Э.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1380 дугаар магадлалтай, Э.Дд холбогдох 1906058710810 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2019 оны 05 дугаар сарын 03-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээсэн, Боржигон овогт Э.Д нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Дыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж,

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Э.Дын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Э.Дд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Э.Дыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах, хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Д нь “Энержи ресурс” ХХК-д ажилладаг бөгөөд хохирогч Б.Уийн “Ажилд оруулаад өгөөч” гэх гуйлтын дагуу түүнд ажлын үнэмлэхээ үзүүлэн, тухайн байгууллагын тээврийн мастер, зохион байгуулагч Мт хэлж өгнө гэдгээ илэрхийлсэн, түүнчлэн сургалтанд суух, ажлын хувцас, таних тэмдгийн мөнгө шилжүүлээрэй хэмээн Хаан банкны 5023196670, 5429397899 дугаартай дансаар 340.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж бодит байдалд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй, хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн 1906058710810 дугаартай хэрэгт сургалт зарлагдсан талаар шалгаагүй орхигдуулсан, тухайн үед хохирогч удаа дараа хүсэл зорилгоо түүнд илэрхийлсэн асуудал, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлүүлэх эрхийг зөрчиж мэдүүлэг авсан, эрхийг нь хязгаарласан зэргийг анхаараагүй шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч маш их дарамтлан эрүү шүүлт тулгасан, энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан байх ба ар гэрийн хүндхэн, бага насны хүүхэд нь өвчтэй байгаа байдал зэрэг бусад нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх түүний үйлдэгдсэн гэх хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг анхаараагүй орхигдуулсанд гомдолтой байна.

Э.Д нь 2019          оны        09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн В.Уээс 340.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад шүүх түүнийг худал амлалт өгч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэж, эрх зүйн байдлыг нь дордуулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсвэл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Дд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Уийг “Өмнөговь аймагт “Энержи ресурс” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, нийт 340.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Э.Дд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн зүйл хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, улмаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Э.Дд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гаргасан “Хэргийн талаар шүүхийн хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, Э.Дын иргэн Б.Уээс 340.000 төгрөг авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын дагуу гэмт хэрэг нотлогдсон байдлыг судалж үзэхэд Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу нэг машинд хамт зорчсон, урьд нь танихгүй Б.У, П.Б нарт “Би Энержи ресурс ХХК-д ажилладаг, та хоёрыг ажилд оруулж өгье” гэж амлан, улмаар Б.Уээс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хувцас, таних тэмдэгний төлбөр гэж 100.000 төгрөг, мөн сургалтанд суух төлбөр нэрээр 240.000 төгрөг тус тус дансаар шилжүүлэн авч, уг мөнгийг өөрийн хэрэгцээнд захиран зарцуулсан талаар шүүхийн тогтоосон үйл баримт, түүний үндэслэл болсон хохирогч Б.У, гэрч П.Б нарын мэдүүлэг, бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч Э.Дын хувьд бусдыг Энержи ресурс ХХК-д ажилд оруулах бодит боломж, эрх хэмжээ байхгүй атлаа ажилд оруулж өгнө гэж хохирогч Б.Уийг хуурч мэхлэн, ажлын хувцас болон сургалтын төлбөр нэрээр авсан мөнгийг өөртөө захиран зарцуулж, улмаар хохирогч Б.Уийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу түүнийг эрэн сурвалжилж олох хүртэл буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал /хх-71/ гаргах хүртэл хохирогч Б.Утэй уулзахаас зайлсхийсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1  дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1502 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1380 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                 ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                               

                                                                                   С.БАТДЭЛГЭР           

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН