Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 18 210/МА2023/01623

 

 

*********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01700 дугаар шийдвэртэй

*********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О, И.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.О-, хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *********** ББСБ ХХК болон хариуцагч Б.О- нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ0701180964 тоот зээлийн гэрээ байгуулан 95,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн, сард 2,5 хувийн хүүтэй, барилгын засварын ажил гүйцэтгэх зориулалтаар зээл авсан. 

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож мөн өдөр Б.О-, И.М- нартай барьцааны гэрээ байгуулан, хариуцагч нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Анкарагийн гудамж, 31/1 дүгээр байр, 3 давхарт тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, *********** ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэсэн.

1.3. Хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу үндсэн зээлээс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 47,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 47,500,000 төгрөг тус тус төлж барагдуулах байсан. Гэвч уг үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөөгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

1.4. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус байгууллагаас зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээлээ төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч Б.О- зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Иймд үндсэн зээл 95,000,000 төгрөг, зээлийн хүүд 113,063,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,139,041 төгрөг, нотариатын төлбөрт 15,500 төгрөг нийт 225,217,555 төгрөгийг гаргуулна.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 75,217,555 төгрөгөөр багасган, үлдэх зээлийн төлбөрт 150,000,000 төгрөгийг хариуцагч Б.О-ээс гаргуулж, хариуцагч И.М-гаас зээлийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.О-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би *********** ББСБ ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 95,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, мөнгийг өөрийн дансанд шилжүүлж авсан.

2.2. *********** ББСБ ХХК-ийн зүгээс намайг удаа дараа зээл, хүүгээ төлөхийг шаардаж байсан боловч зээл, зээлийн хүүг төлж чадаагүй. Учир нь ковид-19 цар тахлын улмаас ажил зогссон. Би зээлийг авч өөрийн эгчдээ өгсөн. Нэхэмжлэгчээс зээлийн хүүг журмын дагуу тооцсон боловч би зээлээ төлөх үүрэгтээ хариуцлагагүй хандсан.

2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 75,217,555 төгрөгөөр багасгасан тул үлдэх 150,000,000 төгрөгийг би төлж барагдуулах болно. Харин зээлийг төлөөгүй тохиолдолд Б.О, И.М бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.М-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч И.М нь нэхэмжлэгч байгууллагаас зээлийн төлбөрийг хүлээн аваагүй, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр зээлийн төлбөр төлөх үүрэггүй байх тул барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5.-д баримтлан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч И.М-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.О- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Б.О, И.М нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020262** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол /15140/, Анкарагийн гудамж 31/1 дүгээр байрны * дугаар давхарт байрлах, 180 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,728 төгрөгөөс 1,354,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,490 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.О-ээс 943,150 төгрөг, хариуцагч И.М-гаас 35,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Б.О-, И.М- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22020262** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, 06 дугаар хороолол /15140/, Анкарагийн гудамж, 31/1 дүгээр байр, * дугаарт давхарт байрлах, 180 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч И.М-гийн хувьд дээрх зээлийн гэрээний дагуу зээлж авсан төлбөрөөс нэг ч төгрөг зарцуулаагүй тул зээлийн гэрээний үүргийг өмчлөлийн орон сууцаар хангуулах нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, И.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Б.О-, И.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Б.О, И.М нарт холбогдуулан шүүхэд анх үндсэн зээл 95,000,000 төгрөг, зээлийн хүү 113,063,014 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,139,041 төгрөг, нотариатын төлбөрт 15,500 төгрөг, нийт 225,217,555 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа 75,225,555 төгрөгөөр багасгаж, хариуцагч И.М-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

4. *********** ББСБ ХХК нь Б.О-тэй 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 95,000,000 төгрөгийг барилгын засварын ажил гүйцэтгэх зориулалтаар жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хугацаа хоцроосон тохиолдолд сарын хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хх13-/

 

4.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр *********** ББСБ ХХК, Б.О, И.М нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-22020262** дугаарт бүртгэлтэй, Б.О, И.М нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, /15140/ Анкарагийн гудамж, 31/1 байр, * дугаар давхар хаягт байрлалтай, 180 м.кв талбайтай, орон сууцыг барьцаалсан байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 16-18/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

 

4.б. *********** ББСБ ХХК  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Б.О-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 405067251 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хх20/

 

4.в. Зээлдэгч Б.О нь *********** ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарьт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 47,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 47,500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон боловч дээрх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй  нь зээлийн гэрээний 4.2.1-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг гүйцэтгээгүйгээс гадна зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байна.

 

4.г. Иймд нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.О-ээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Шүүх хариуцагч Б.О нь үндсэн зээл 95,000,000 төгрөг, үндсэн хүү 84,641,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,139,041 төгрөг, нийт 196,780,137 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 75,217,555 төгрөгөөр багасган, 150,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн тул дээрх хэмжээгээр тооцон, хариуцагч Б.О-ээс 150,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч И.М-д холбогдох зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

6. Хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...зээл авсан мөнгөн хөрөнгөөс хариуцагч И.М нэг ч төгрөг авч зарцуулаагүй тул түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.а. Барьцааны гэрээг талууд хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд уг гэрээ хуулийн шаардлага хангасан, гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн, хариуцагч И.М нь зээлийн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн аваагүйн түүнийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч Б.О нь сайн дураараа төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч И.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ