Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2016/0032/З |
Дугаар | 14 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Баянхүүгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох
Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг Архангай аймгийн Засаг даргад уламжлахыг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг хүчингүйд тооцуулж, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баянхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагч Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, гуравдагч этгээд Ч.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баянхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Булган сумын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар Засаг даргад нэр дэвших асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал хураалт явагдаж Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Давааням 10 төлөөлөгчийн санал буюу цөөнх, Монгол Ардын намын бүлгээс Б.Баянхүү миний биеийг нэр дэвшүүлж 11 төлөөлөгч буюу олонхийн санал авч тооллогын комиссын тогтоол болон шийдвэр боловсруулах комиссын тогтоолоор Б.Баянхүү намайг Булган сумын Засаг даргад уламжлахаар иргэдийн төлөөлөгчдийн зуун хувийн саналаар баталж, шийдвэрлэсэн.
Гэтэл Булган сумын Засаг даргад нэр дэвшиж ялалт байгуулсан Б.Баянхүү намайг томилсон тогтоолыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлэхгүй, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг зөрчиж байна.
Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хууль зөрчиж хурал хийж улмаар 07 дугаар тогтоол гарган Булган сумын Засаг даргад Ч.Насанжаргалыг нэр дэвшүүлсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү 07 дугаар тогтоол гарснаар Б.Баянхүү миний тус сумын Засаг даргад нэр дэвшиж байгаа эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.
Иймд Б.Баянхүү намайг Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг Архангай аймгийн Засаг даргад уламжлахыг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлыг хүчингүйд тооцуулж, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байдаг. Нэг асуудал нь Булган сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж Ардчилсан нам болон Монгол ардын намын зүгээс нэг нэг хүн нэр дэвшүүлснээс Баянхүү нь олонхийн санал авсан байхад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хурлын дарга нь ёсчлон баталгаажуулах үүргээ биелүүлээгүй, томилох эрх бүхий этгээдэд уламжлаагүй.
Гэтэл тус хурлаас 3 өдрийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг хуралдуулахгүйгээр Ардчилсан намын бүлгийн хурлыг хуралдуулж үүнийгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан гэж шийдвэр гаргасан байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, зохих шийдвэрийг гаргах үүрэгтэй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүлгийн хуралдаан хийгээд түүнийгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан болгоод шийдвэр гаргасан байгаа. Энэ нь хууль тогтоомж зөрчиж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хурлыг хуралдуулахаас 15 хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдуулахаас өмнө хэлэлцэх асуудлыг баталж холбогдох тогтоол шийдвэрийг тооцоо судалгаатай нь хамт төлөөлөгч нарт хурлын зарыг хүргүүлсэн байх ёстой. Гэтэл иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарт зарыг нь мэдэгдэхгүй хуралдаа оруулахгүйгээр Ардчилсан намынхаа бүлгийн хурлыг хуралдуулж энэ хуралдаан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болж хувирсан.
Энэ хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22, 23, 25, 26 гэх заалтуудийн холбогдох хэсгүүдийг ноцтой зөрчсөн нь харагдаж байна. Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэдийн Төлөөлөгчид Хуралдаанаар Засаг даргад нэр дэвшихдээ Б.Баянхүү нь холбогдох шаардлагатай материал танилцуулаагүй, өгөөгүй байна гэх үндэслэлээр сумын Засаг даргад нэр дэвшүүлж баталсан тогтоолоо ёслоогүй байж түүнийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хүчингүй болгож шийдвэр гаргадаг. Мөн Баянхүүг төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй байна гэдэг. Баянхүү сумын Засаг даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангаж байгаа. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд инженерээр ажиллаж байсан. Үүнээс өмнө Баянзүрх дүүргийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох заалт дээр төрийн албанд ажиллаж байсан жилд оруулан тооцно гэж заасан байдаг. Иймээс Баянхүүгийн зөрчигдсөн эрхийг нь хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Б.Баянхүү олонхийн санал авсан боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3 жил ажилласан байх тухай заалтыг зөрчсөн байсан тул тухайн тогтоолыг гаргах боломжгүй гэж үзэн хурал хуульд заасан эрхийн дагуу уг тогтоолыг гаргах шаардлагагүй гэж үзсэн. Тухайн тогтоол ёсчлон батлагдаагүй учир Засаг даргад уламжлах хууль эрх зүйн үндэс байхгүй.
2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлын хувьд Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төлөөлөгчдийн 2/3 –оос доошгүйн шаардснаар, эсхүл хурлын тэгүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хурлыг зохин байгуулж болно гэсэн заалтын дагуу төлөөлөгчдийн 2/3 буюу 14 төлөөлөгч гарын үсэг зурсан баримтыг ирүүлсэн. Тийм учраас хурлын даргын хувьд тэргүүлэгчдээр хэлэлцэж ээлжит бус хурлыг зарласан. Ээлжит бус болон ээлжит хурлыг 15 хоногийн дотор зарлах ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Мөн засаг даргатай холбоотой асуудлаар 15 хоногийн дотор зарлаж болохоор заасан, бусад хуралдаанууд бол 15 хоногийн дараа хуралдах ёстой гэсэн хуулийн заалтаа баримтлаад хурлаа зарлаж хуралдуулсан. Хурлынхаа тогтоолыг гаргачихаад тогтоолыг нь өгөх гэж хөөцөлдсөн боловч утсаа салгачихаад алга болсон. Төлөөлөгч Ариунбаярт утсаар хэлсэн боловч Улаанбаатар явж байна гэсэн. Төлөөлөгч Мөнгөнцэцэг өө би мэдэхгүйшдээ нөгөө хэдрүүгээ ярья гэж хэлээд эргэж хуралд оролцоогүй.
Б.Баянхүүг Монгол Ардын намын хороонд ажиллаж байсан эсэхийг би үгүйсгэж чадахгүй. Ээлжит бус хуралдааныг хүн болгонд мэдэгдэх ёсгүй. Бүлгийн дарга нарт мэдэгдэх ёстой. Засаг даргад тавигдах шаардлага хангасан эсэх талаарх баримтаа Баянхүү өөрөө авчирч өгөх ёстой. Хуралд дээр Засаг даргад тавигдах шаардлагын талаар яригдаагүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны шөнө мэдсэн. Баянхүү аймгийн Засаг даргад уламжлуулах талаар асуухад дахин хуралдуулах учир хариу өгөх боломжгүй байна гэж хэлсэн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах хууль, эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал бол хуульд заасны дагуу тэргүүлэгчдийн шаардлагаар хийгдсэн. Өмнөх хурал дээр Б.Баянхүү зуун хувийн санал авч, засаг даргад нэр дэвшихээр болсон боловч Б.Баянхүүгийн хувьд төрийн албанд 3 жил ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон учир тухайн хурлын тогтоолыг ёсчлон батлаагүй. Тухайн хурал дээр заалнаас хувь хүн бие даан нэр дэвших боломжтой учраас урьдчилан нэр дэвшигч нарын материалыг судлах боломжгүй байдаг. Энэ талаар хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй. Харин хурлаар нэр дэвшээд гарч ирсэн тохиолдолд холбогдох материалыг хүргүүлэх ёстой. Ирсэн материалыг судлаад шаардлага хангаж байгаа бол ёсчлон батлаад уламжилна. Энэ процессын дагуу тухайн ажиллагаа хийгддэг. Б.Баянхүүгийн хувьд төрийн албанд 3 жил ажиллаагүй гэх үндэслэл гарч ирсэн. Одоо болохоор Монгол Ардын намын хороонд ажиллаж байсан гэсэн зүйлийг гаргаж ирж байна.
Б.Баянхүүгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль, эрх зүйгээс давсан байна. Үүнийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь уг нэхэмжлэлд намайг Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж өгнө үү гэжээ. Тэгэхээр шаардлага хангаагүй гэх асуудлыг тэргүүлэгчдээс хурлын даргад тавьж, хурлын дарга түүнийг судлаж үзээд тогтоолыг ёсчлон батлаагүй байдаг. Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан зүйлийг даалгахыг шүүхээс хүсээд байна. Хурал өөрийнхөө тогтоол шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Энэ эрхээ эдлээд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаа хийсэн байдаг. Тухайн хурлын даргад өнөөдөр шууд энэ хүнийг Засаг даргад уламжлах тогтоол гаргах эрх байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 19-ний хуралд Насанжаргалын нэрийг дэвшүүлж, материал нь ямар ч зөрчилгүй ирж байсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д зааснаар эрхийнхээ хүрээнд хянан шалгах эрхийнхээ дагуу шалгаад засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолоо ёсчилж батлаад хүргүүлсэн. Бүрэн эрхийнхээ дагуу дараагийн хурлаа хийсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гурадвагч этгээд Ч.Насанжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгээс ардчилсан намын гишүүн Ч.Насанжаргал миний биеийг Архангай аймгийн Булган сумын засаг даргад нэр дэвшүүлсэн. Тухайн үед нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан аймаг нийслэл сум дүүргийн засаг даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангасан эсэх талаарх холбогдох материалуудыг судалж тухайн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61.9 хувийн ирцтэй хийгдсэн Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлж зуун хувийн саналаар иргэн Ч.Насанжаргал миний биеийг засаг даргаар сонгосон.
Тухайн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан сум дүүргийн засаг даргад тухайн хурал дахь нам эвслийн бүлэг эсхүл хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэхээр заасны дагуу миний биеийг нэр дэвшүүлсэн байдаг.
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Монгол Ардын Намын бүлгээс Б.Баянхүүг сумын засаг даргад нэр дэвшүүлж сонгосон боловч Б.Баянхүү нь тухайн хуралд өөрийн хувийн мэдээлэл, баримтыг хүргүүлээгүй улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргад нэр дэвшигчийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож Б.Баянхүүг сонгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж тухайн хурлын тогтоолын төслийг хурлын тэргүүлэгчид нь хуулинд заасан эрхийнхээ дагуу хүчингүй болгож дахин бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдааныг зарласан нь хууль тогтоомжын дагуу хийгдсэн хурал байсан. Тухайн хүчин төгөлдөр хурлаар сонгогдож Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар сонгогдсон миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа.
Иймд Б.Баянхүүгийн гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Баянхүү нь Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “ Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг Архангай аймгийн Засаг даргад уламжлахыг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж, Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг хүчингүйд тооцуулж, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Уг нэхэмжлэл нь тус аймгийн Булган сумын засаг даргаар томилуулах тогтоолыг /санал/ уламжлахгүй байгаа эс үйлдэхүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэрэг юм. Хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан маргаан байна.
Иймд Захиргааны хэргийн шүүхийн харьяалалын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Уг маргааны үйл баримтаас дүгнэхэд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “...Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна...” 23.4-д “...Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна...” гэж зааснаар Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлаж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшигч Г.Даваанямыг уламжилсан боловч Архангай аймгийн Засаг дарга томилохоос татгалзжээ. /х.х-н 55-56, 155/
Үүний улмаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1200 цагт хуралдуулахаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоол гаргасан байна. /х.х-н 3/
Улмаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралд ирвэл зохих 21 төлөөлөгчид мэдэгдэж, 21 төлөөлөгч хуралдаанд оролцож тухайн сумын Засаг даргад Г.Давааням, Б.Баянхүү нарын нэрийг дэвшүүлэн нууц санал хураалт явуулж нэр дэвшигч Г.Давааням 10, Б.Баянхүү 11 төлөөлөгчийн санал авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно..” гэж зааснаар сумын Засаг даргад Б.Баянхүүг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгож “Сумын Засаг даргад нэр дэвшигчийг уламжлах тухай” 13 дугаар тогтоолын төсөл гаргасныг Аймгийн Засаг даргад уламжлаагүйн улмаас уг маргаан үүсжээ. /х.х-н 59/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын “Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг /санал/ Архангай аймгийн Засаг даргад уламжлахыг Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах” тухайд:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “....Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх .. үүрэгтэй...” гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1200 цагт хуралдуулахаар товлож, уг хуралдааны 15 дахь хэлэлцэх асуудлаар Булган сумын Засаг даргад нэр дэвшигчийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уг хуралдааны төлөөлөгчид сумын Засаг даргад нэр дэвшигчдийг нууцаар санал хураалт явуулж, нэр дэвшигч Г.Давааням, Б.Баянхүү нарын нэрийг дэвшүүлжээ. Нэр дэвшигч Б.Баянхүү нь 11 төлөөлөгчийн санал авчээ.
Улмаар Б.Баянхүүг сумын Засаг даргад нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчийн 16 буюу 80,9 хувийн саналаар дэмжиж, хуралдаанаас гаргасан тогтоолын төслийг баталжээ. /х.х-н 57, 59/
Архангай аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн /г/, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.8 дахь заалтын дагуу Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ёсчилж баталгаажуулаагүй, хуралдаанаас гаргасан шийдвэрээ аймгийн Засаг даргад уламжлах үүргээ биелүүлээгүй, хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна. Энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагч, нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. /х.х-н 3-7, 36-60, 126-141/
Иймд тус аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаан хуулийн дагуу явагдсан байх тул уг хуралдаанаас нэр дэвшигдсэн нэхэмжлэгч Б.Баянхүүг Булган сумын Засаг даргаар томилуулах тогтоолыг /санал/ аймгийн Засаг даргад уламжлахыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгах нь зүйтэй. /х.х-н 59/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар Булган сумын Засаг даргад нэр дэвшигч нэхэмжлэгч Б.Баянхүү нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Усны барилга байгууламж мэргэжлээр барилгын инженерийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн D200301163 дугаар бакалаврын диплом, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтын №1357 дугаар сертификат олгожээ. /х.х-н 227-230/
Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 жил 7 сар 12 хоног, Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хороонд 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 1 жил 8 сар 23 хоног улс төрийн ажилтанаар ажилласан байна. /х.х-н 92, 237-238/
Б.Баянхүүд нь Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын 0006950 дугаар тодорхойлолтоор ялгүй, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 0004467 дугаар тодорхойлолтоор иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3304966 дугаар татварын тодорхойлолтоор татварын өргүй болохыг тодорхойлжээ. /х.х-н 233-235/
Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл. “...Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Баянхүүгийн Монгол Ардын намд Улс төрийн ажилтанаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох хуулийн зохицуулалттай байна.
Түүнчлэн тус аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар тус сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Баянхүүгийн талаар шаардлага хангасан эсэхэд ямар нэгэн санал, гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын “Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг хүчингүйд тооцуулж, 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..хууль дээдлэх нь.. төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “.. нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр.. үйл ажиллагаандаа .. хууль дээдлэх үндсэн зарчим баримтална” гэж заасны дагуу тус аймгийн Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гагцхүү хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд дээрхи үндсэн зарчмийг зөрчсөн байна.
Архангай аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус дөрөвдүгээр хуралдааныг хуралдуулахаар болжээ. Уг хуралдаанаар “1. Сумын ИТХ-ын 2016.12.16-ны өдрийн гуравдугаар хуралдааны 13 дугаартай тогтоолын төслийг хүчингүй болгох тухай.
2. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн засаг даргад уламжлах тухай” хэлэлцэхээр болж хуралдааныг хуралдуулсан нь хууль бус болжээ. /х.х-н 83,86/
Учир нь тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан ...тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх; мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д .... тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх,.. тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах гэсний дагуу төлөөлөгчдийн саналыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 22.1.4-д “...эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж заасан хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн тул 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн гуравдагч этгээд Ч.Насанжаргалыг тус сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн хуралдаан нь хууль бус байх тул уг хуралдаанаас гарсан 07 дугаар тогтоол хүчингүй болох хууль зүйн үндэслэлтэй.
Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай 14 төлөөлөгчөөс гаргасан шаардлагыг нийт төлөөлөгч нарт танилцуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Уг хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдах болсноо сумын төлөөлөгч бүрт нэг бүрчлэн мэдэгдээгүй, Ардчилсан намын бүлгээс шаардлага гаргасан гэж байгаа боловч уг шаардлагаа Булган сумын Иргэдийн төлөөлөгч /нэр бүхий найман төлөөлөгч/ нарт албан ёсоор танилцуулаагүй болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хариуцагчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. /х.х-н 73, 126-141/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшигдсэн Г.Даваанямыг уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар аймгийн Засаг дарга томилохоос татгалзсаныг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан Б.Баянхүүг Засаг даргаар томилуулахаар засаг даргад дахин нэр дэвшүүлэх үүрэгтэй бөгөөд уг хуралдаанаас 13 дугаар тогтоолын төсөл гарсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин гуравдахь удаагаа ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан зарлан хуралдуулах эрх зүйн зохицуулалтгүй байхад мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар сумын Засаг даргад Ч.Насанжаргалыг нэр дэвшүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хууль бус болжээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдийг татан оролцуулсан ба гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна гэсэн хуулийн заалтын дагуу хэрэг хянан шийвэрлэх ажиллагааг явуулсан болно. /х.х.-н 149-154, 188-191, 2016-210/
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Баянхүү нь тус аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хоёр, гуравдагч этгээдийн хүсэлтээр хоёр удаа тус хойшлуулсан болохыг тэмдэглэв. /х.х-н 171, 185, 202, 217/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.4 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.(г), 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, тус аймгийн Булган сумын засаг даргаар томилуулах тогтоолыг уламжлахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдож байх тул, Б.Баянхүүг Архангай аймгийн Булган сумын Засаг даргад томилуулах тогтоолыг /саналыг/ аймгийн Засаг даргад уламжлахыг Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан нь хууль бус байх тул Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурал, 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянхүүд олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА