Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 57

 

Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Д.Эд холбогдох 2039000000107 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Сартуул овогт Д.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 139 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 7.743.000 төгрөгийн нэхэмжлэлээс 5.930.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, өмгөөллийн хөлстэй холбоотой 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 72 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэхдээ хэт нэг талыг барьж, өөр хооронд нь бодитой харьцуулж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Ялангуяа нотлох баримтын нэг төрөл болох Хэнтий аймгийн Биндэр сумын эмнэлгийн өвчний түүхийг /хохирогч Ж, хх-98/ судалж, шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үнэлээгүй болно. Уг өвчний түүхэнд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12:10-15:00 цагт хийсэн эмчийн үзлэгээр мөчдөд саа, саажилт үүсээгүй байж байгаад 15-16 цагт саа саажилт үүссэн нь тогтоогджээ.

Энэ нь юуг хэлээд байгаа, ямар эмгэг процесс тархинд явагдсаны шинж вэ гэдгийг анагаах ухааны үүднээс авч үзвэл: Хохирогчийн тархины хөндий дэх цусан хураа 12-15 цагт маш бага хэмжээгээр нэмэгдэх процесс явагдаж, 15-16 цагт их хэмжээнд хүрч, “тархи дарагдах” шинж болох саа саажилт үүссэн гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл судас хагарах, цус гадагшлах процесс 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой эхлээгүй гэдгийг нотолсон шинж юм. Хэрэв 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой тархины судас хагарч цус алдах процесс болоод явсан бол тэр шөнөдөө, эсхүл өглөө гэхэд л тархи дарагдаж саа саажилт үүсч явах боломжгүй, хэл ам ээдрэх, ухаан алдах гэх мэт шинж илрэх байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” эргэлзээгүй тогтоогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 22-23 цагийн үед хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Жы хамарт нэг удаа цохиж, хамраас бага хэмжээний цус гарч тогтсон болох нь түүний  мэдүүлэг болон гэрч Бын мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл хохирогч Жыг явснаас хойш 2020 оны 03 дугаар сарын 21-ний 03:30 цагаас өмнө гэрээсээ гарч явж /гэрч Бын мэдүүлгээр/ 04:00 цагийн үед Өын гэрт  согтуугаар, хөл нүцгэн ирж тэдний гэрт унтаж амраад өглөө 09:00 цагийн үед гэр лүүгээ явсан болох нь нотлогдсон. Хохирогч согтуу ирсэн, ирэхдээ баруун хацар нь халцраад шалбарч зулгарсан байсан, шургаж унаад гэдгээ хэлж мэдүүлсэн нь гэрч Өийн мэдүүлгээр нотлогдсон. /...юм мөргөөд унасан гэж/ Гэтэл шүүх хохирогч тархины доргилтын улмаас тархины хатуу хальсан доорхи судас хагарч, цус нөж үүсч, тархи дарсан шалтгааныг хэт нэг талыг барьж Эд ял шийтгэл оногдуулсан.

Хохирогч Жы 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой 22-23 цагт тархины судас хагарч, тархинд цус алдалт явагдаж эхэлж, аажим нэмэгдсэн гэж үзвэл тархи дарагдах шинж өглөө үүссэн байх бүрэн боломжтой бөгөөд саа саажилт үүсч, босож явах идэвхтэй үйлдэл хийх боломжгүй байдалд хүргэсэн хэмжээний нөж тархины хөндийд үүссэн байх боломжтой хугацаа өнгөрсөн байна. Гэтэл гэрч Өын гэрээс өглөө 09:00 цагийн үед өөрөө гарч явж, гэртээ ирээд мод түлээ хагалаад сууж байсан, ухаан санаа хэвийн, саа саажилтгүй байсан нь цус харвалт үүсээгүй байсан гэж үзэх хангалттай хэвийн шинжтэй байжээ. Хавтаст хэргийн 97, 98-112 дугаар хуудсанд авагдсан эмнэлгийн бичиг баримтанд эмнэлэгт ирэх үед саа саажилтгүй гэсэн нь уг цус харвалт 2020 оны 03 дугаар сарын 21-ний 12 цагийн үед эхэлсэн даруйд эмнэлэгт хүргэгдсэнийг нотолж байна.

ШШҮХ-ийн Хэнтий аймаг дахь албаны шинжээчийн 29 дугаартай дүгнэлт бүрэн гүйцэт биш, эргэлзээтэй гарсныг шүүх зөв үнэлж чадаагүй, зөвхөн биед нь /хацар зулгарсан, нүдний зовхи хөхөрсөн/ ил гэмтэл үүссэн тул гэмтлийн шалтгаантай гэж үзсэн. Тархины цус харвалт нь байрлал, шинж чанар, илрэх шинж тэмдэг зэргээрээ олон янз төрөл байдаг. Энэ тохиолдолд хохирогчийн тархины хатуу хальсан доор, зөөлөн хальсны дээрх судаснаас цус гарч нөж болон тархи дарагдсан. Ийм байрлалтай цусан хураа (нөж) нь гэмтлийн болон судас хагарахад хүргэх өвчин эмгэгийн гэсэн 2 шалтгааны аль алинд үүснэ. Гэтэл шинжээч тархи хагарсан судсыг олж тогтоож, бүтцийг нь /хананы/ тогтоож шинжлээгүй, цусан бүлэнгээс авч хугацаа тогтоох шинжилгээнд илгээгээгүй тул цус харвалт хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй болсон.

Шинжээч Өнөрборгил мэдүүлэхдээ ...би цусан хураанаас дээж аваагүй боловч уг цусан хураа задлан шинжилгээ хийхээс 48-72 цагийн өмнө үүссэн гэж мэдүүлсэн. Шүүх эмнэлэгт тархины цусан хураа үүссэн хугацааг задлан шинжилгээ хийсэн цагаар тооцож тогтоодоггүй, нас барсан хугацаанаас урагш тоолж тооцдог. Өөрөөр хэлбэл, нас барсны дараа цусан хураанд өөрчлөлт ордоггүй хадгалагдана. Шинжээч эмчийн хувьд ажлын туршлага, мэдлэг дутмаг байгаа нь анх удаа ийм гэмтлээр нас барсан тохиолдолд шинжээчээр дүгнэлт гаргаж буйгаа мэдүүлсэн. Иймд дахин гавал тархины гэмтэл, мэдрэл судлал, шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн оролцуулсан дүгнэлт гаргуулах шаардлагатай тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн тархинд үүссэн цусан хураа нь талийгаач нүүрэндээ цохигдсоноос буюу гэмтлийн гаралтай үүссэн гэсэн. Гэрч Б шүүгдэгч, талийгаач хоёр хоорондоо “чи овгор, би овгор” гэж маргаж, зодолдсон талаар мэдүүлсэн. Шүүгдэгчийн үйлдэл талийгаачид учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч, талийгаачтай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хоорондоо марган, талийгаачийг цохиж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг, Яргуй хорооны 4-4040 тоотод хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Жтай маргалдан, түүний нүүрэнд цохисны улмаас хохирогчийн баруун нүдний дээд зовхинд цус хуралт, тархинд цус харвалт бүхий хүнд гэмтэл учирч, улмаар тархины дагз, баруун чамархай, их тархины баруун тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал гэмтлийн улмаас Д.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эмнэлэгт нас барсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн гэмт хэрэг нотлогдсон байдлыг судалж үзэхэд амь хохирогч Д.Жы биед учирсан гэмтэл, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Өнөрборгилын 29 дугаартай дүгнэлт, гэрч Ч.Бын өгсөн “…23 цагийн үе л байсан байх гэж бодож байна. Ж, Э бид гурав үлдсэн. Тэгээд байж байхад Ж, Э нар нь би овгор, чи овгор энэ тэр гээд хоорондоо маргалдаж, муудалцаад эхэлсэн. Тэгээд хоорондоо зодолдсон… Тэр хоёр хоёулаа согтуу байсан… Э нь Жы нүүр, ам, нүд рүү цохиж байсан. Тэгэхэд Жы хамар, амнаас нь бага зэрэг цус гарч байсан… Би тухайн үедээ бол Жы биед яг ямар гэмтэл шарх учирсан болохыг анзаарч сайн хараагүй, маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өглөө Жыг гэртээ хүрээд ирснийх нь дараа харахад нүд нь хөхөрчихсөн, нүүр ам нь шалбарч халзарчихсан л байсан…” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүйгээс гадна хохирогч Д.Ж нь Д.Эд цохиулснаас өөр шалтгаанаар нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу шинжээчээр томилогдсон Б.Өнөрборгилын тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтэд хохирогч Д.Жы биед учирсан гэмтэл, нас барсан шалтгааны талаар эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байхгүй, мөн хохирогч Д.Ж нь Д.Эд зодуулж, нүүрэнд ил харагдах гэмтэл авсны дараа Ж.Өын гэрт очиж унтсан, улмаар маргааш өглөө нь гэртээ ирээд бие нь зовиуртай байсаар 11 цаг 15 минутад эмнэлгийн түргэн тусламж дуудсан болох нь гэрч Б.Л, Ж.Ө, Б.Ө, Э.Э нарын өгсөн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “дахин гавал тархины гэмтэл, мэдрэл судлал, шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн оролцуулсан дүгнэлт гаргуулах шаардлагатай тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж дахин шалгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН