Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01667

 

 

 

 

 

 

2023 08 25 210/МА2023/01667

 

 

Л.И-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/01860 дугаар шийдвэртэй,

Л.И-гийн нэхэмжлэлтэй, ********* ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,747,073 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг, нийт 18,948,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1072 хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтэн, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Терминал логистикийн албаны мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

1.2. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох хүрээнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу ажилтанд 30 доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх байсан боловч мэдэгдээгүй чөлөөлсөн. Терминал логистикийн алба татан буугдсантай холбогдуулан ажлаас чөлөөлөхдөө ижил төрлийн ажлын байрыг санал болгоогүй. Уг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь зохих журмын дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй зөвхөн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

1.3. ******* *********ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* *********ХК-ийн нийт ажилтнуудад ******* *********ХК-ийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 дүгээр улиралд олгоно гэж заасны дагуу компанийн дундаж цалин 2,712,745.40 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулал олгосон байна. Иймд компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулна.

1.4. Мөн өдрөө 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг ******* *********ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан цалин хөлс олгох журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон. Иймд ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 18,747,073 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөгийг гаргуулж өгнө үгэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Л.И нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр ******* *********ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдөлд үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлгүй талаар дурдаагүй болно. ******* *********ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс Л.И-гийн гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад тэрээр тус комисст 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдлөөсөө татгалзаж байгааг илэрхийлж, өргөдөл дээрээ гарын үсэг зурж өгснөөр хуралдаан дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1461 тоот тушаалыг үндэслэлгүй талаарх гомдол ирүүлснийг комиссын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23/07 тоотоор хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн. Өөрөөр хэлбэл Л.И- нь өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн боловч хуульд заасан хугацааг хэтрүүлж 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар гомдол гаргах хугацааг шүүхийн журмаар сэргээлгээгүй, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Л.И-гийн нэхэмжлэлтэй, ******* *********ХК-д холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-т заасныг баримтлан хариуцагч ******* *********ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ******* *********ХК-ийн Терминал логистикийн албаны мэргэжилтэн ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18,747,073 төгрөг гаргуулах, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулал 2,671,680 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Л.И-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч хариу тайлбартаа 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалыг тус тус нотлох баримтаар өгсөн. Ингэхдээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр, тушаалын хавсралтаа өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардагдах нотлох баримтыг гаргаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй болно. Хариуцагч хариу тайлбарт тусгагдсан тушаал зэрэг баримт нь хэрэгт бүрэн авагдаагүй атал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит үнэнийг тогтоох зарчим, мэтгэлцэх зарчмыг хангаагүй.

4.2. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий бус гэж үздэг. Иймд хэрэгт ач холбогдолтой буюу тухайн халсан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасан талаар талууд маргаагүй атал шүүх хүсэлтийг хэлэлцээгүй нь хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч Л.И-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар цуцлахад 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхөөр заасан. Иймд дээрх мэдэгдлийг өгөөгүй талаар үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.4. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажиллах журмыг бодитоор үнэлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажиллах журам нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/42 тоот тушаалаар батлагджээ. Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан хариуцагчийн хариу тайлбарт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад гаргасан өргөдлөөсөө татгалзаж байгааг илэрхийлж гарын үсэг зурсан гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын видео бичлэг авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан өргөдлөө өөрчилсөн болох нь авагддаг. Иймд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь өөрчилсөн өргөдлийг хүлээн аваагүй болох нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж заасан тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй.

4.5. ******* *********ХК-ийн А/752 дугаар тушаалаар батлагдсан ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалын хавсралтуудад урамшууллыг хэнд, хэрхэн олгосон талаар дэлгэрэнгүй тусгасан. Өөрөөр хэлбэл, ажил үүрэг гүйцэтгээгүй хүмүүс, мөн ажилд ороод 20 хоноогүй ажилтанд хүртэл олгосон, ажилласан хугацааг хэрхэн тогтоосон нь дээрх нотлох баримтад тусгагддаг. Гэтэл дээрх тушаалын хавсралтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Нэхэмжлэгч нь ******* *********ХК-ийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1, Компанийн ажилтны ажил дугнэх, шагнал урамшуулал олгох журмын 4.1, 4.1.2 дахь хэсэгт зааснаар урамшуулал авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн харилцааны хувьд бүрэн эрхт төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг авсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж үзнэ. Иймд шаардах эрхийг тодорхойлох гол нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд урамшуулал цалин, нэмэгдэл цалингууд орсон байгаа болно. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, бүрэлдэхүүн баталсан тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй. ******* *********ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай тушаалыг гаргажээ. Тус тушаалын тушаах хэсгийн нэг дэх заалтад ******* *********ХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажил бүрэлдэхүүнийг хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай гэжээ. Тус тушаалын хавсралтад комиссын дарга Э.У, нарийн бичгийн дарга О.Б нар гаргажээ. Тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү төлөөллөөс бүрдэнэ, 156.4 дэх хэсэгт энэ хуулийн 156.3-т тооны заасан төлөөлөгч нь аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны бүрэлдэхүүнд хамаарах албан тушаалтан байхыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах коммисын дүрмийг батлах тухай 153 дугаар тогтоолоор батлагдсан. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5. дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрчний эвлэлгүй, эсхүл үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тоо нь тухайн байгууллагын нийт ажилтны 30 хувьд хүрэхгүй бол комиссын бүрэлдэхүүнд орох ажилтны төлөөлөгчийг сонгохдоо нийт ажилтны хурлыг зохион байгуулж, нууц санал хураалт явуулж олонхын саналаар сонгоно. Комиссын бүрэлдэхүүнд орохыг хүссэн ажилтан нэрээ дэвшүүлэх эрхтэй, 2.13 дахь хэсэгт комиссын анхны хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална. Тус хуралдаанаас комиссын дарга болон нарийн бичгийн даргыг гишүүд зөвшилцөж сонгоно. Комиссын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй гэж заасныг тус тус зөрчсөн болохыг шүүх дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт, нотлох баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг хууль зүйн хувьд хэрэглэхтэй холбоотой нотлох баримтыг үнэлээгүй гэж байна.

4.6. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино. Мөн хуулийн 2.1.1-д үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох, Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид томилох эрх хэмжээг олгосон. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь 2022 оны 12 дагаар сарын 09-ны өдрийн А/737 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна. Л.И-г ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт Засгийн газраас ******* *********ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, нөгөө талаар эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж буй нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно. Монгол улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт шударга бус үйлдлийг хориглох гэж заасан. Хэнийг хуулиас гадуур ажлаас халж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгг Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй, 3.2 дахь хэсэгт тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ, 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасныг баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг. Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаварыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдорлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд ****** ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд ...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр тусад нь онцгой дэглэмж тогтоож харъялал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тушаал гэж үзэхээр байна гэжээ. БНМАУБХурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталж, 1991 онд өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг гэснийг зөрчсөн. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь ажилтныг ямар ч үндэслэлгүйгээр халах, хөдөлмөрийн тухай хууль, бусад хуулийг баримтлахгүйгээр, ганцхан дээрх хуулийг баримтлан ажлаас халах давуу байдал тогтоож, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд дараах байдлаар нийцэхгүй байна. Үүнд: БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан нь ажилтан, хөдөлмөр эрхлэгчийг ямар ч үндэслэл шалтгаан, хуульд заасан журам баримтлахгүйгээр хоморголон халах, ялгаварлан гадуурах, хэлмэгдүүлэх цаашлаад ажилтан, ажил олгогч нарын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, хүнийг гэм буруутай эсэх, ажлын хариуцлага алдсан нь эсэхийг урьдчилж тогтоохгүйгээр хуулиас давсан эрх мэдлийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид олгожээ.

Монгол улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан. Аливаа хуулийн зорилго нь талуудыг тэгш байдлыг хангахад оршдог бөгөөд ажилтны хууль ёсны эрхийг хязгаарласан нь мөн адил тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* Тавантолгой ХК-ийн талаар арга хэмжээний тухай 385 дугаар тогтоол батлагдаж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон болно. Засгийн газарт бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрх нь 1992 оноос хойш батлагдсан бүхий л хууль, мөн Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөхгүйгээр, хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт суурь зарчмууд, 1992 оны Үндсэн хуулийн тунхаглал болох Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тоггнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжталыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн үндсэн хуулийнхаа суурь зарчмуудыг тунхагласан билээ. Гэвч дээрх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийтлэг хуулийг хэрэглэхгүй байхаар заасан нь Монгол улсын иргэд бидний зарлан тунхаглаж, цогцлоон бүрдүүлэх нийгмийн суурь зарчмуудыг алдагдуулж, орчин үеийн хэлмэгдүүлэлтийн эхлэлийг бий болгож буйг мэдээлэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг зөрчсөн. Түүнчлэн, Монгол улсын нийтлэг баримталдаг хууль тоггоомжийг хэрэглэхгүй байхаар томьёологдсон нь үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай зөрчилдөж байна. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээж байхад БНМАУ-ын Засгайн газарт эрх олгох тухай хуулиар сахилгын зөрчил гаргаагүй байсан ч ажлаас халах, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулмйн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа, мөн ажилтнаас тайлбар авах, ажилтны гэм бурууг урьдчилж тогтоох ззрэг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ажлаас халах боломжийг олгож байна. Ажил олгогч нь бүтэц зохион байгуулалт өөрчлөөгүй байж хүнийг дээрх хуулийн заалтаар шууд чөлөөлж байгаа нөхцөлд хууль тогтоомжид заасан тэтгэмж авах, хуульд заасан хугацааны өмнө мэдэх зэрэг хуулиар тоггоосон эрх нь хязгаарлагдаж, ажил олгогчийн хуулиар тогтоосон үүргийг хэрэгсэхгүй байх, дураар аашлах боломжийг олгож байгаа нь дээрх зарчмуудад нийцэхгүй. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь төрийн үндсэн үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг иргэний өмнө хариуцах үүргийг умартах, цаашлаад хүний эрхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр хязгаарлах нөхцөл боломжийг бүрдүүлж, Үндсэн хууль болон бусад хуульд заасан хууль зүйн баталгааг үгүйсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, зрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө гэж заасан байдаг. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тухайн нөхцөл байдалд тохирсон хязгаарлалтыг хийх талаар огтоос тусгаагүй, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаар тогтоолд ч мөн адил үндсэн хуулийн хязгаарлалтын хязгаарлалт зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрх зүйт ёсны үндсэн зарчмыг хөндөхгүй байх төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ёстой Үндсэн хуульт ёсны бас нэг шаардлага бол эрх зүйт ёсны үндсэн зарчмуудыг хүндэтгэх явдал билээ. Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцах, хууль зүйн туслалцаа авах гэх мэт. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шударга шүүхээр шүүлгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хууль тогтоомжийн эрэмбийн хувьд өмнө батлагдсан, дараа нь батлагдсан хуулийн дараа нь батлагдсан хуулийг баримтлах, эрх зүйн харилцааг ерөнхий зохицуулсан зохицуулалт, нарийвчлан зохицуулсан зохицуулалтын нарийвчилсан зохицуулалт буюу тухайн харилцааг нарйивчлан зохицуулсан органик хуулийг хэрэглэх, үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх зэрэг зарчмуудыг зөрчиж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй гэж заажээ. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулиар нийтлэг хууль баримтлахгүй нь тухайн онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газарт ажиллаж буй ажилтнуудын хуулиар адилхан хамгаалуулах эрх нь зөрчигдөхөд хүрч байна. Тухайлбал, ***********, ******* Тавантолгой зэрэг онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газраас ажлаас халагдсан ажилтнуудад Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Олон улсын гэрээг хэрэглээгүй шүүхээр шийдвэрлэж байгаа нь хуулиар адилхан хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрхийнхээ хувьд адил тэгш байх зарчмыг алдагдахад хүргэж байна. Угтаа шүүх нь Үндсэн хуулийн үзэл санаа зөрчсөн ямар ч хуулийг хэрэглэхгүй байх үүрэгтэй боловч Үндсэн хуулийн цэцэд хандалгүй эс үйлдэхүй гаргасан, нөгөө талаар Үндсэн хуулийн цэцээс дээрх хуулийн 1 дүгээр зүйлийг хүчингүй болгоогүй гэх шалтгаанаар онцгой дэглэм тогтоосон ажилтны хуулиар хамгаалуулах эрхийг бусад энгийн дэглэмтэй ажилтнуудаас ялгаатай авч үзсэн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол улс зөрчихөд хүргэж байна. Иймд эрх зүйт төрийн үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргийн өмнө Үндсэн хуульд харш хуулийг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн практикт Хууль болон Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэл гаргахад БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар нийтлэг хууль баримтлахгүй гэсэн шалтгаанаар хууль болон Үндсэн хуульд заасан хөндөгдсөн эрхийг сэргээхгүй, ямар ч үндэслэлгүйгзэр зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслээд хэрэглэсэн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа нь Монгол улсын эрх зүйт төр, хууль дээдлэх ёсноос татгалзаж буйн шинж юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж заажээ. Гэвч Засгийн газрын тогтоол нь шударга, аятай нөхцөлөөр хангах эрхийг хязгаарлах, дур зорго бий болгох, хүнийг ялгаварлах, хуульд заасан илүү цаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартууд, бусад хууль тогтоомжийн хүлээлгэсэн ажил олгогчийн үүргийг онцгой дэглэм нэрийдлээр нийтлэг хуулийг барммтлахгүй байх зарчмаар шийдвэрлэх нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шударга, аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн зохицуулалт болно. Олон улсын гэрээг соёрхон батална гэдэг бол Монгол улсын эрх бүхий субъект гадаад улстай буюу олон улсын байгууллагуудтай тохиролцож гарын үсэг зурсан гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч Улсын их хурлаас хууль гарган баталж хүчин төгөлдөр болдог. Энэ утгаараа Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөгүй Монгол улсын нэгдэн орсон гэрээ нь дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс 13 дахь сарын цалин болон жилийн үр дүнгийн урамшуулалттай холбоотой шаардлагын хүрээнд 2022 оны А/752, А/753 дугаар тушаалуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хавсралтад 1000 гаруй ажилтнуудын хувийн мэдээлэл агуулагдаж байгаа учраас гаргаж өгөөгүй болно. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан дээр 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг гаргуулах хүсэпт гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх үүднээс тухайн баримтыг шүүх авах шаардлагатай гэж үзвэл өгөхөд татгалзах зүйлгүй гээд шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн болох нь хавтаст хэргийн 165-170 дугаар талд авагдсан болно. Бусдаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар А/753 дугаар тушаалын хавсралтыг гаргуулах хүсэлт гаргаагүй атлаа тушаалын хавсралтуудыг хэрэгт аваагүй гэх гомдол үндэслэлгүй. Мөн шүүгчийн хэзээ гарсан ямар захирамжийн биелэлт хангагдаагүй талаар гомдлын үндэслэлд тодорхой дурдагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс А/752, А/753 дугаар тушаалуудын хавсралтуудыг хариуцагчаас гаргуулах талаар захирамж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй тул захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

5.2. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар талууд маргаагүй атал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хэлэлцээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн талаар Л.И-гийн нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэргийн хувьд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх асуудал яригдаагүй. Гагцхүү бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагын хүрээнд ТУЗ-өөс баталсан бүтцээс гадуур байгуулсан, мөн чиг үүргийн давхцалтай алба, нэгжийг татан буулгасан. Тухайн алба, нэгжийн ажилтныг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр чөлөөлсөн талаар маргаан болно. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэхүү маргааны үйл баримт болоод хэрэгт авагдсан баримтыг бүрэн судалж, танилцаагүй бөгөөд ямар ч хамааралгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яригдаагүй асуудлыг гомдолдоо дурдаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

5.3. Шүүх нэхэмжлэгч Л.И-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэх, үр дүнгийн урамшуулал 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалин 2,671,680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэ ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэлийн хүрээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотойгоор бүхэлд нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болох нь үндэслэх хэсгийн 9 болон 10-15 дахь хэсгээс харагдана. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шаардлага тус бүрийг дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.5. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч компанийн үйл ажиллагаатай танилцаж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой шаардлагын хүрээнд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны №27 дугаар тогтоолоор батлагдсан бүтцээс гадуур, газар, хэлтсийн чиг үүрэгтэй давхцуулж гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан Алба, Нэгж, Төв-ийг 2022 оны А/737 дугаар тушаалаар татан буулгаж, холбогдох ажилтнуудыг чөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат ******* *********ХК дээр он гарснаас хойш 2023 оны 02 дугаар сард бүтэц хийсэн, энэ талаарх тушаал шийдвэрийг гаргуулья гэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, энэ талаарх баримтыг хариуцагчаас шаардсаны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/539 тоот албан бичгийг шүүхэд хүргүүлсэн. Энэ нь зөвхөн 2023 оны 2 дугаар сард бүтэц зохион байгуулалт хийгдсэн эсэх талаар хүсэлт, түүний дагуу хүргүүлсэн лавлагаа байхад тэрхүү албан бичгийг илт мушгин гуйвуулж, ******* *********ХК-д бүтэц хийгээгүй мэтээр тайлбарлаж, нотлох баримтаар үнэлэхийг шаардаж, шүүхийг буруутгах боломжгүй. Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2022 оны А/737 дугаар тушаалаар алба нэгж, төвийг татан буулгасан үйл баримттай маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй атлаа 2023 онд бүтэц хийгдээгүй гэх албан бичгийг нотлох баримтаар үнэлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

5.6. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор ******* **********" ХК- д 6 сарын хугацаатай тусад нь онцгой дэглэм тогтоож, Засгийн газар өөрийн шууд хяналтад авч, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, Засгийн газарт эрх олгох тухай хууль /1991 оны/, Засгийн газрын тогтоолд заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн талаар дээр дурдсан. Энэ хүрээнд нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй гэж заасан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Нөгөөтээгүүр мэдэгдээгүй нь чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

5.7. Нэхэмжлэгч Л.И-гийн хувьд ажлаас чөлөөлсөн тушаалыг бус, зөвхөн тэтгэмжийн хэмжээний талаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдол гаргасан бөгөөд уг комиссоос уг гомдлыг хэлэлцэхээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдахад бичгээр гаргасан гомдлоос өөр агуулга бүхий тайлбарыг гаргасан. Комисс бичгээр гаргасан гомдлын хүрээнд хэлэлцэх, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх асуудлаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн талаар тайлбарлахад өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдөл дээрээ гомдлоосоо татгалзаж байна гэдэг хүсэл зоригоо илэрхийлж бичиж өгснөөр хуралдаан дууссан. Комиссийн зүгээс дарамталсан, шахаж хүчээр бичүүлсэн зүйл байхгүй. Гэтэл Л.И комиссын хурлаас гараад ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй гэх гомдлыг бичиг хэрэгт өгснийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхийн журмаар сэргээлгээгүй тохиолдолд хүлээн авах, шийдвэрлэх боломжгүй гэж албан бичгээр хариу өгсөн. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч шаардлага гаргаж маргаагүй атлаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаан болон гомдлыг хүлээж авсан, хариу өгсөн үйл ажиллагаа нь эрх зүйн үнэслэлгүй гэх гомдол нь энэхүү маргааны үйл баримт, маргаж буй үндэслэлд хамааралгүй гэж үзэж байна.

5.8. А/752, А/753 дугаар тушаалын хавсралтыг нотлох баримтаар гаргуулаагүй талаар тодорхойл тайлбарласан. Нэгэнт нэхэмжлэгч талаас дээрх тушаалын хавсралт гаргуулах хүсэлт гаргаагүй, авах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүй. Гагцхүү А/752 дугаар тушаалын 2-р хавсралтыг гаргуулах хүсэлт гаргасан нь хангагдсан. Энэхүү тушаал болоод хавсралтад нэхэмжлэгч Л.И 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн тул олгогдоогүй. Энэхүү тушаалтай холбоотой шаардлагын хувьд үндсэн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэхтэй шууд хамааралтай бөгөөд тусдаа бие даасан шаардлага гэж үзэх, үнэлж дүгнэх боломжгүй. Энэ талаар ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд дурдсан байна. Тушаалд Хөдөлмөрийн болон компанийн тухай хуулийг баримталсан энэ нь хөдөлмөрийн харилцаа тул ач холбогдол бүхий гол нотлох баримт болох хамтын гэрээ, ажил дүгнэх, шагнал урамшуулал олгох журмыг нотлох баримтаар үнэлээгүй гэх үндэслэлийн тухайд энэхүү онцгой дэглэм тогтоосон харилцаа нь ердийн компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай адилтгах боломжгүй, тусдаа хууль, тогтоомжоор зохицуулсан харилцаа бөгөөд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ЗГ-ын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнийг үгүйсгэж маргаагүй. Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 1-д ...нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй.... гэж заасан. Энэ хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд нийтлэг баримтлагддаг хууль тогтоомж буюу Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ зэргийг тушаалд үндэслээгүй тул тэдгээр хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлаагүй, нотлох баримтаар үнэлээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Гагцхүү бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагын хүрээнд Терминал ложистикийн алба-ыг татан буулгасантай холбоотойгоор тэтгэмжийг олгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримталсан.

5.9. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа боловч байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг томилсон тушаал шийдвэр болон бүрэлдэхүүний асуудлаар нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ болгон маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, комиссын бүрэлдэхүүнд Хууль, эрх зүйн газрын төлөөлөл томилогдсон нь Л.И-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Нөгөөтээгүүр Хууль, эрх зүйн газар болон ажилтныг байгууллагын захиргааны бүрэлдэхүүн гэж үзэхгүй бөгөөд Захиргааны бүрэлдэхүүн гэдэгт байгууллагын захиргаа, удирдлагын газар болон хүний нөөцийн нэгжийн төлөөлөл оролцохгүй гэж ойлгоно. Иймд комиссын бүрэлдэхүүн томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэх асуудал нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тохиолдолд энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй.

5.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй... Үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн... гэх үндэслэлийг дурджээ. Хэрэглэх ёстой хуулийн талаар ******* *********ХК дээр онцгой дэглэм тогтоогдож, Засгийн газрын шууд хяналтдаа авч, Ж.Г нь ЗГ-ын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан хүрээнд Засгийн газрыг бүрэн эрхтэйгээр төлөөлж, үйл ажиллагааг хариуцан Засгийн газар цаашлаад Монгол Улсын эдийн засаг, хүн амын нийтлэг эрх ашгийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа талаар энэхүү тайлбарын эхэнд тодорхой дурдсан. Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг зохицуулсан. Гагцхүү хуулиар тусад нь онцгой дэглэм тогтоох эрхийг Засгийн газарт олгосон. Энэ хүрээнд Засгийн газрын онцгой журам буюу 385 дугаар тогтоолыг гаргаж, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан бөгөөд Засгийн газарт эрх олгох хуульд томилох эрхийг л олгосон болохоос чөлөөлөх эрхийг олгоогүй, мөн шаардлагатай бол гэдэг нь зөвхөн бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулах гэж тайлбарлах нь өргөөсгөл бөгөөд чөлөөлөх агуулга ч багтсан. Энэ тохиолдолд Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн ямар нэгэн шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж хууль тогтоомжийг хэрэглэж, хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй. Монгол Улсын Засгийн газар ******* *********ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтдаа авч, Засгийн газрыг бүрэн эрхтэй төлөөлөх этгээдээр Ж.Г-г томилсон бөгөөд Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг түүнд даалгасан. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон даруйд Засгийн газрын 385 дугаар тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, шуурхай ажиллах шаардлагын хүрээнд зарим удирдах ажилтныг томилох, чөлөөлөх асуудлыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасны дагуу нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд богино хугацаанд Монгол Улсын эдийн засгийн байдал тогтворжиж, болзошгүй /дефолт/ сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж чадсан. Энэ нь нэг иргэний хөдөлмөрлөх эрх гэхээс илүүтэйгээр улс эх орны нийтлэг эрх ашгийн асуудалтай шууд хамааралтай бөгөөд нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан эрхийг хөндөөгүй, өөр бусад газарт хөдөлмөрлөх, шүүхэд хандах гэх мэт эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй болно. ******* *********ХК дээр онцгой дэглэм тогтоогдсон энэхүү харилцааг зохицуулах, хэрэглэх ёстой нарийвчилсан хууль тогтоомж нь Засгийн газарт эрх олгосон хуулиар эрх олгосны дагуу Засгийн газраас гарсан 2022 оны 385 дугаар тогтоол мөн бөгөөд нийтлэг баримтлагддаг Хөдөлмөрийн тухай хуулийн томилох, чөлөөлөх зохицуулалт хэрэглэхгүй. Энэ талаар эрх олгосон хуульд тодорхой заасан бөгөөд энэ нь хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцэх юм. Түүнчлэн, Монгол Улсад онцгой дэглэмийг анх удаа *********** ТӨҮГ-т 2019 онд тогтоосон бөгөөд удаах нь ******* *********ХК-д тогтоогдсон. Энэхүү онцгой дэглэм тогтоосон харилцаанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх замаар тайлбарлаж, эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаанд Хөдөлмөрийн хууль хэрэглэх ёстой. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5.11. Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2-т заасан асуудлаар хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргахаар заасан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд ямар нэгэн шийдвэр гараагүй. Мөн өмгөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан мэдээллийг Үндсэн хуулийн цэц хүлээж аваагүй. Энэ тохиолдолд шүүх Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэх үүрэгтэй. Энэ хүрээнд шүүх эрх олгох тухай хуулийг баримталж маргааныг шийдвэрлэснийг буруутгаж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарласан гэх агуулгаар шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Гомдлын энэ хэсэгт дурдсан үндэслэл нь бүхэлдээ энэхүү хэрэг маргаан үйл баримтад хамааралгүй. Өөрөөр хэлбэл Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх хэсэг нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенцид нийцээгүй, Үндсэн хуульд харшилсан хуулийг шүүх хэрэглэж байгаа нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн хуулийг хүчингүй болгож өгнө үү гэх зэргээр хууль болоод шүүхийг буруутгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бус, хуулийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан нь иргэний шүүхийн буюу Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн хянах харьяалал болоод хэлэлцэх асуудалд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Л.И- нь хариуцагч ******* *********ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,747,073 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг, нийт 18,948,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1461 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, ******* *********ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаарт тушаалыг тус тус үндэслэн Засгийн газраас ******* *********ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн албан мэргэжилтэн Л.И-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 7/

 

3.а. 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор тус хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн ******* *********ХК-д 6 сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.

 

3.б. Уг тогтоолын 3.1 дэх заалтаар ******* *********ХК-ийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад олгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн, уг хуулийн агуулгад харшилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь тушаал гаргаж Л.И-г ******* *********ХК-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Терминал логистикийн албаны мэргэжилтэн албан тушаалаас чөлөөлснийг дээрх хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгосон эрхийг хэрэгжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгч талын ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль үндэслээгүй, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүр тавьж хууль зөрчсөн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

3.в. Хэрэгт авагдсан баримтаар *******-*********ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор ******* *********ХК-ийн нийт орон тооны хязгаарыг 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар шинэчлэн баталсан боловч уг зохион байгуулалтын бүтцэд Терминал логистикийн алба гэж бичигдээгүй байна. Улмаар *******-*********ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/526 тоот тушаалаар төв оффисын нэр орон тооны жагсаалтад хавсралтад заасан нэмэлт, өөрчлөлтөөр Терминал логистикийн алба-ыг нэмж байгуулсан байна. /хх 63, 139-140/

 

3.г. Харин Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газраас ******* *********ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулж, татан буулгах алба, нэгжийн нэр, орон тооны жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, шилжүүлэх ажлын байрны нэрсийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, төв оффисын ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад орсон өөрчлөлттэй холбоотойгоор газар, нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийг уялдуулан, зарим ажилтнуудыг чөлөөлөх, шилжүүлэн томилсон байх ба нэгдүгээр хавсралтаар татан буулгасан алба, нэгжийн нэрс, орон тооны жагсаалтын 6 дугаарт Терминал логистикийн алба, Терминал логистикийн албаны дарга 1, Терминал логистикийн албаны мэргэжилтэн 2, гэх байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Терминал логистикийн алба-ыг татан буулгасан болох нь тогтоогдож байна. /хх 36-37/

 

Иймд анхан шатны шүүх ******* *********ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,747,073 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 2,671,680 төгрөг, нийт 18,948,152 төгрөг гаргуулах тухай Л.И-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 дугаар тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргахдаа дээрх тушаалын хавсралтыг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардагдах нотлох баримтыг гаргаагүй, захирамжийн биелэлт хангагдаагүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

4.а. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нандин-*******эс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 тоот тушаалын 2 дугаар хавсралтыг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд хариуцагч талаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр уг тушаалын 2 дугаар хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Харин анхан шатны шүүх нэгэнт хариуцагч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж захирамж гаргаагүйг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар талууд маргаагүй атал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хэлэлцээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

5.а. Хэрэгт авагдсан баримтаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч Л.И-г ажлаас халсан тушаалтай хамааралгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогч цуцлахад 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөхөөр заасан боловч анхан шатны шүүх уг мэдэгдлийн талаар дүгнэлт хийгээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.а. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч компанид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр онцгой дэглэм тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэх боловч нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

7.а. Нэхэмжлэгч Л.И- нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* *********ХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан ...5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах талаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлоосоо татгалзсан болох нь түүний гаргасан гомдол, ******* *********ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл болон үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогджээ. Үүний дараа нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус комисст дахин хандан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 тоот тушаал үндэслэлгүй талаарх гомдлыг гаргасан бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №23/07 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдол хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэх хариуг хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй . /хх30-34, 78-89/,

 

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...******* *********ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/539 тоот албан бичиг, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажиллах журам, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, бүрэлдэхүүн баталсан тушаал, ******* *********ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалын хавсралт зэрэг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

8.а. Нэхэмжлэгч Л.И-г ердийн журмаар сахилгын зөрчил гаргаж ажлаас халаагүй, харин Засгийн газраас ******* *********ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлсөн учир ******* *********ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/539 тоот албан бичиг, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажиллах журам, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм, бүрэлдэхүүн баталсан тушаал, ******* *********ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалын хавсралт зэрэг баримтууд маргааны үйл баримттай хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

8.б. Түүнчлэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/01860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Тогтоох хэсэгт: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

1-рт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2022.12.20-ны өдрийн А/752 тоот тушаалын хавсралтыг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг гаргаж өгсөн байна. Энэ талаар шүүгчийн захирамж гараагүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

2-рт: Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудлыг дүгнээгүй гэж гомдол гаргасан. Хэрэгт тухайн эрүүгийн журмаар шалгаж байгаа асуудал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалтай хамааралгүй байна. Гомдол үндэслэлгүй.

3-рт: Хөдөлмөрийн маргаан таслах комиссын талаар гомдол гаргасан. ЗГ-т эрх олгох тухай хуулиар Хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл нийтлэг зохицуулалттай хууль үйлчлэхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4, 80.5 хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

4-рт: 2023 оны 02 дугаар сард бүтэц хийгээгүй гэх ирсэн албан бичигт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэх гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2022.12 сард ажлаас чөлөөлсөн асуудалд энэ гомдол хамааралгүй тул гомдлыг хангахгүй.

5-рт: Хөдөлмөрийн маргаан таслах комисст нэхэмжлэгч тэтгэмжийн асуудлаар гомдол гаргаж уг гомдлоосоо татгалзсан тул энэ талаар гомдлыг хүлээн аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

6-рт: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь ЗГ-т эрх олгох хуулиар нийтлэг зохицуулалттай хуулийг хэрэглэхгүй гэсэн тул хуулийг эрэмбийн дагуу хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.