Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

            Улсын яллагч: В.Төгсбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх

            Шүүгдэгч: С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох 1829001200091 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл болон алт, мөнгөн эдлэл хулгайлж, бусдад 2 740 000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 5-15 тоотоос хөөрөг, даалинг орон байранд нэвтэрч, мөн хашаанаас иргэн О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан авч, бусдад 2 160 000 төгрөгийн хохирол учруулсан гэх,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн замын 61 дэх километрт байх иргэн Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 523 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүдээ үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Ж.Отгонбаярт учруулсан  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа гэв.

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Наранбаясахын мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ө.Батнасанийн мэдүүлэг /хх-ийн 74-76-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бүдхандын мэдүүлэг /хх-ийн 83-83-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Тунгалагын мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 87-89-р хуудас/,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13, 14, 15-р хуудас/,

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1717-28-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /30-37, 44, 48-р хуудас/,

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-41, 45, 49-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-32-р хуудас/,

- Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн №ӨМА 208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-112-р хуудас/,

- Вендо ХХК-ийн 2018 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн №Ц18-18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-122-р хуудас/

- Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 05 сарын 25-ны өдрийн №102/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/,

            - Шүүгдэгч С.Нямлхагвын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 158-182-р хуудас/,

            - Шүүгдэгч С.Нямлхагвын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хавтас, 61-67-р хуудас/,

          - Хохирогч Т.Наранбаясахад хохирол төлбөр барагдуулах тухай гэрээ: “...үлдэгдэл 1 670 000 төгрөгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн болно.” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 2-р хавтас 132-хуудас/

            - Шүүгдэгч С.Нямлхагвын “Хохирогч Ж.Отгонбаярын хохирол болох 535 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.” гэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 2-р хавтас 131-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Шүүгдэгч С.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Цагаан толгойн бууцанд нутаглаж байсан малчин Г.Наранбаясахын гэрээс мотоцикл болон алт, мөнгөн эдлэл хулгайлж, бусдад 2 740 000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 5-15 тоотоос хөөрөг, даалинг орон байранд нэвтэрч, мөн хашаанаас иргэн О.Даваасүрэнгийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикл зэргийг хулгайлан авч, бусдад 2 160 000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн нутаг нүүрс тээврийн замын 61 дэх километрт байх иргэн Ж.Отгонбаярын гэрээс гар утас, тамхи зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 523 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Наранбаясахын: ”...хадам ээж залгаад Н байдаггүй ээ гэхээр нь юмыг яаж мэдэх бэ гээд “гэрийн хананд зүүлттэй байгаа хазаар ташуур байна уу гэхэд “байна” гэсэн гэрийн баруун авдар дотор мөнгөн аяганууд байна уу гэсэн чинь “байхгүй байна” гэсэн зүүн авдар дотор сүүжин алтан ээмэг, хүзүүний мөнгөн гинж, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж байна уу гэхэд хүзүүний гинж, сүүжин алтан ээмэг 2 алга гэсэн тэгээд Нямлхагвыг 2 хоног ийш тийшээ хайгаад сураг гараагүй тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

-Хохирогч О.Даваасүрэнгийн: ”...Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өглөө манай эгч надруу залгаад “чиний мотоцикл алдагдсан байна” гэж хэлсэн. ...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой эгчийн урд талд байрлах айлд ортол нэг өвгөн болон үл таних 2 залуугийн хамт архи ууж байхаар нь би тухайн архинаас нь хувааж ууж дуусгасан нэг танихгүй залуу хүзүүндээ байсан гинжээ би энэ гинжийг 50 000 төгрөгөөр зарна гэхээр нь би гинжийг авахаар болоод маргааш мөнгийг нь өгөхөөр наймаа хийсэн. Миний мотоциклыг тэр залуу эгчийн гадаа байхад нь хулгайлсан байсан. Манай эгчийн гэрийн хаалгыг эвдээд хөөрөг хулгайлж аваад явсан байсан. Миний мотоциклыг унаж яваад нэг өвгөний гадаа үлдээгээд гэрээс гар утсыг хулгайлж аваад “Марал” буудлын ресепшинд зарсан байсан. Өвгөн араас нь хөөж байгаад утсаа олж аваад миний мотоциклыг буудлын хүмүүст өгсөн байсан. Би мотоциклоо буудлын хүмүүсээс хүлээгээд авсан. Би мотоциклоо хулгайд алдсан ч эргүүлээд олсон учраас миний хохирол бүрэн барагдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59, 60-62-р хуудас/

-Хохирогч О.Лхагвасүрэнгийн: ”... Манай гэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр хороололд Өгөөмөрийн 5а-10 тоот хашаанд байдаг. Өнгөрсөн 05 дугаар сарын эхээр би хөдөө гэр рүүгээ гэрийн хаалгыг гаднаас нь түгжчихээд 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн үед гэртээ иртэл  гэрийн хаалганы цоожны цүүг сугалж эвдээд цоожлолгүй зүүгээд орхисон байсан. Мөн манай дүү Даваасүрэн аймаг явахдаа үлдээсэн Даюун маркийн мотоцикл нь байхгүй байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн. ”...дараа нь юмаа бүртгэж байтал авдарт байсан дунд гарын чүнчигноров хөөрөг даалинтайгаа алга байсан. Түүнийг цагдаад хэлж тэмдэглүүлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

-Хохирогч Ж.Отгонбаярын: ”... 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой Баян-Овоо суманд байрлах гэрт нөхөртэйгөө байж байтал 21 цагийн үед гаднаас танихгүй 30 орчим насны залуу эм сураад орж ирэхээр нь яасан талаар асуухад шаланзны жолооч, миний машин Жавхлант бригадад засвартай байгаа бие өвдөөд айл бараадаад ирлээ гэж хэлээд манайд 3 хоног, хажуу айлд 3 хоноод явахдаа манай гэрээс I PHONE-4 гар утас 1 ширхэг, мөнгөн ээмэг том жижиг 2 ширхэг, бөгж 3 ширхэг, зүүлт кулонтой, кулонгүй 2 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 2 ширхэг, зарж байсан парламент нэртэй тамхи 1 ширхэг, эссэ тамхи 20 ширхэг, саарал LD тамхи 20 ширхэг, улаан шонхор 20 ширхэг, Глаб LD 10 ширхэг, улаан вест 10 ширхэг, өгөөж вафли  3 ширхэг, алфен голд шоколад 2 ширхэг, кимчитэй бэлэн хоол 2 ширхэг, 5 литрийн савтай ус 1 ширхгийг тус тус авсан байхаар нь цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-72-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Ө.Батнасангийн: “...Би Цогтцэций сумын төвд Марал гэх буудалд рэсепшинээр ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн өглөө өндөр нуруутай, 35 орчим насны өөрийгөө Лхагваа гэж танилцуулсан дээл өмссөн бакаль гуталтай залуу ирж 40 000 төгрөгийн өрөө аваад хонолгүй тэр өдрийнхөө 14 цагийн үед өрөөгөө хүлээлгэж өгсөн. Тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн. Түүнээс 2-3 хоногийн дараа залуу буцаж ирээд “мөнгөний хэрэг гарчихлаа энэ утсыг 30 000 мянгад авчхаач гээд самсунг нөөт 2 маркийн хуучин утас бариад ирсэн. Утас хэвийн ажиллаж байсан болохоор 30 000 төгрөгийг залууд өгөөд утсыг авсан. Дахиад 2,3 хоногийн дараа өвгөжөөр насны хүн ирээд миний утсыг чамд зарсан байна. Утсаа буцааж авах гээд ирсэн. Би тэр хүнд мөнгөөр худалдаж авснаа хэлэхэд “надад нэг мотоцикл барьцаанд тавьсан байгаа тэрийг авчраад би утсаа авъя гэж хэлээд удалгүй “ногоон өнгийн банктай хуучин мотоцикл авчрахаар нь би утсыг нь өгөөд мотоциклыг нь аваад үлдсэн. Түүнээс хойш арваад хоногийн дараа нэг хүн ирээд мотоциклыг хулгайд алдсан манай мотоцикл гэсэн. Тэр талаар сумын цагдаад мэдэгдсэн. Мотоциклыг эзэн нь гэх хүн аваад явсан. Надад утас зарсан хүн дахиж ирээгүй. Би 30 000 төгрөгөөр хохирсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76-р хуудас/

 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний “...208 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ нь хуучин цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг-350.000 төгрөг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг-250.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6ш-720.000 төгрөг, даюун-150 яав 1 ширхэг-800.000 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг-20.000 төгрөг, 2 цэнгийн алтан хос сүүжин ээмэг 2 ширхэг-600.000 төгрөг нийт 2.740.000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон” гэх дүгнэлт /хх-ийн 110-112 дугаар хуудас/

 “Вендо” ХХК-ийн 2018 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн Ц-18-18 дугаартай “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн DAYUN маркийн 2016 онд худалдаж авсан гэх мотоцикл 930 000 төгрөг, чинчигноров дунд гарын хөөрөг нь 1 200 000 төгрөг, хуучин хэрэглэж байсан даалин 30 000 төгрөг нийт  2 160 000  төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 115-122-р хуудас/

 “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 05 сарын 25-ны өдрийн №102/01 дугаартай “...iphone-4 гар утас 1 ширхэг-140 000 төгрөг, парламент 10 ширхэг-48 000 төгрөг, Эссэ 20 ширхэг- 59 000 төгрөг, Саарал LD 20 ширхэг-47 000 төгрөг, Улаан шонхор 20 ширхэг-35 000 төгрөг, Голоб LD 10 ширхэг-27 000 төгрөг, Улаан вест 10 ширхэг-23 000 төгрөг, Өгөөж вафль 3 ширхэг-6 000 төгрөг, Алфен голд шоколад 2 ширхэг-4 000 төгрөг, Кимчитэй бэлэн хоол 2 ширхэг-6 000 төгрөг, цэвэр ус 5 литр 1 ширхэг-2 500 төгрөг, мөнгөн бөгж эрэгтэй 2 ширхэг-40 000 төгрөг, мөнгөн бөгж эмэгтэй 2 ширхэг-36 000 төгрөг, Мөнгөн гинж 2 ширхэг-50. 00 төгрөг нийт 523 500 төгрөгөөр тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч С.Нд холбогдуулан түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь шүүгдэгч С.Нямлхагвын хулгайн гэмт хэрэг үйлдсэн дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүй болон “бусдын орон байранд нэвтэрсэн” хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгайн гэмт хэргийн шинж тус тус агуулагдаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн ерөнхий зарчмыг удирдлага болгон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс зөвхөн хүндрүүлэх нөхцөлтэй гэмт хэрэгт нь ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Н нь “хохирогч Т.Наранбаясахад 1 670 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулах гэрээ, хохирогч Ж.Отгонбаярт 535 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хүсэлт” байх тул түүнийг Т.Наранбаясахад 1 670 000 төгрөгийн, Ж.Отгонбаярт 535 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ө.Батнасанд 30 000 төгрөгийн тус тус хохирол төлбөртэй гэж үзлээ.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэх нөхцөл байдлуудад хамаарууллаа.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хариуцлагын хамгийн доод хэмжээнд буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулбал зохино гэж үзлээ.

Харин өмгөөлөгчөөс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар хүсэлт гаргасан боловч уг заалтад “хохирлыг нөхөн төлсөн” гэх үндсэн нөхцөл хамаарагддаг тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч С.Н нь 222 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Дамдин овогт Сугирсүрэнгийн Нямлхагвыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан С.Нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямлхагвын цагдан хоригдсон 222 /хоёр зуун хорин хоёр/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нас 523 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Отгонбаярт, 1 670 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Наранбаясахад,  30 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ө.Батнасанд тус тус олгосугай.

7. С.Н нь энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас тус тус гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА