Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2023/00067

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

      Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/000674 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,735,209.46 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,975,344.36 төгрөг, хуримтлагдсан хүү 135,470.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,190,593.67 төгрөг, нотариатын хөлс 6500 төгрөг нийт 17,043,118.04 гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“******* болон *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 21/3-1 дугаартай Барьцаат зээлийн гэрээний *******т холбогдох хэсэг буюу гэрээний оролцогч болж гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек, М.Серкболд, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:


           Иргэн *******, ******* нар “*******” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-21/3-1 дугаартай цалингийн зээлийн гэрээг 30 сарын хугацаатай жилийн 14.4 хувийн хүүтэйгээр байгуулан 14,191,000 төгрөгийг авсан.

Зээлдэгч нар нь авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчсөн нөхцөл байдал үүссэн, зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 572 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч тал *******г нас барсны дараа түүний ар гэрийнхэнтэй уулзахад байгууллагаасаа тэтгэмжээ аваад бүх төлбөрийг төлнө, тэр хүртэл хүлээж байгаач гэсний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан. Гэтэл зээлийн төлбөр төлөгдөхгүй байсан тул банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй байна. Иймд нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч ******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр нас барсан тул хариуцагчаас татгалзаж, хамтран зээлдэгч *******оос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шаардаж байна.

Үндсэн зээл 13,735,209.46 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,975,344.36 төгрөг, хуримтлагдсан хүү 135,470.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,593.67 төгрөг, нотариатын хөлс 6500 төгрөг, нийт 17,043,118.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч 85 настай ******* нь өөрийн зээ охины нөхөр болох талийгаач ******* төрийн банкнаас зээл авах гэж байна. Та зээл авахад гарын үсэг зурах шаардлагатай байна гэсний дагуу очиж, зээлийн гэрээнд хамтран хариуцагч зээлдэгчээр гарын үсэг зурсан байдаг.

Хариуцагч ******* нь тухайн зээлээс ямар нэгэн мөнгөн хөрөнгө аваагүй бөгөөд талийгаач *******тэй өмнөөс чинь би зээлийг төлнө төлөхгүй талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зөвхөн зээл авахад хэрэгтэй байна гэсний дагуу очиж гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч ******* нь 2021 оны 03 сарын 03-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд зээлийн гэрээ нь 2021 оны 03 сарын 03-ны өдрөөр тасалбар болон дуусгавар болсон тул мөн хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй.

Нөгөө талаас банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцалсан бөгөөд 30 сарын цалингаа барьцаалан цалингаасаа төлөхөөр зээл авсан зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон.

Иймд талийгаачийг нас барснаас хойш гэрээ дуусгавар болоогүй юм шиг хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ ердийн журмаар биш зээлдэгч нас барснаар дуусгавар болсон тул 85 настай төлбөрийн чадваргүй хариуцагч ******* нь зээлийг хамтран зээлдэгчийн хувьд хамтран хариуцах үүрэггүй бөгөөд гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой гэж үзэж байна. Иймд *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...******* *******ыг өөрийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгчээр тодорхойлон, гэрээний оролцогч болгосон байдаг ч бодит нөхцөл байдал дээр ******* нь *******ны зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээнд заасан хамтран зээлдэгчийн эрх зүйн статусгүй, хамтран зээлдэгч биш юм.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ч хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн зээлийн гэрээний оролцогчид нь өөр, тусдаа субъект шүү гэдгийг тодорхойлсон. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа, этгээдийг хамтран зээлдэгч гэнэ, 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус тодорхойлсон.

...Мөн *******ны Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.2-д зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа Зээлдэгчийн зөвшөөрлийг загвар маягтын дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээр баталгаажуулсан зээлийн хувийн хэрэгт хавсаргана гэж заасан байх бөгөөд нотлох баримтаар ирсэн зээлийн хувийн хэрэгт хамтран зээлдэгч *******ын зөвшөөрлийн маягт байдаггүй. Эндээс *******ыг журмын дагуу хамтран зээлдэгчээр оролцуулаагүй буюу зөвхөн тухайн зээлийн гэрээг олгохын тулд *******оор гарын үсэг зуруулсан болох нь тодорхой харагдана.

*******т эрх эдлүүлээгүй мөртлөө үүрэг хүлээлгэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. ******* агуулгын хувьд хамтран зээлдэгч биш байна. Иймд уг гэрээний *******ын гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Зээлийн үйл ажиллагааны журмын 25 дугаар хэсэгт цалингийн зээлийг тусгасан байдаг. Уг журмын 25.6-д банк хамтран зээлдэгч авч болно хамтран зээлдэгчид дараах шаардлага тавигдана гэж заасан. Банк 10,000,000 төгрөгийн зээл дээр хамтран зээлдэгч авна. Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан санхүүгийн чадвар бүхий хүн байна гэж заасан. ******* гэдэг хүнийг санхүүгийн чадвартай, 360,000 төгрөгийн тэтгэврийг сар болгон авдаг болох нь түүний гаргаж өгсөн тэтгэврийн дансны хуулга болон зээлдэгчийн мэдүүлгээр нотлогдоно. Дээрх журам нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн журам. ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус баримтлан хариуцагч *******оос нийт 17,043,118.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, барьцаат зээлийн гэрээний хариуцагч *******т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,166 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 234,166 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдолдоо:

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй тул эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

6.1. Шүүх *******, *******, ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээ нь зээлдэгч ******* нас барснаар дуусгавар болсонтой холбоотойгоор үүссэн зээлийн гэрээний үүргийн хууль зүйн үр дагаврын талаар алдаатай буруу дүгнэлт хийсэн. Учир нь ******* зээлдэгч *******гийн 30 сарын цалинг барьцаалж буюу цалингийн зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл, үүргийн гүйцэтгэл нь ******* гэж хүний хувийн байдалтай салшгүй холбоотой юм. Тэрнээс ******* гэж хүн цалингаасаа төлөх гэрээ байхгүй, зээлийг төлөх орлого байхгүй, зээл авах хэрэгцээ шаардлагагүй хүн юм. Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” гэж заасны дагуу цалингийн барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч *******оос шаардах эрхгүй юм.

6.2. *******ыг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэх эрх зүйн статустай оролцогч болгож, гэрээнд гарын үсэг зуруулсан мөртлөө, огт хамтран зээлдэгчийн эрхийг эдлүүлэхгүйгээр, зөвхөн зээлийн гэрээний үүргийг хариуцах эрх зүйн статустай этгээд гэж тодорхойлон үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй юм.

6.3. ******* нь хамтран зээлдэгчээр гэрээнд оролцсон өдөр ******* *******наас 10,000,000 төгрөг зээлсэн байдаг бөгөөд гэвч тухайн өдөр аваагүй зээл болох 4,191,000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч болгосон байдаг. Хууль болон *******ны зээлийн үйл ажиллагааны журам, стандарт нөхцөл бүхий *******ны зээлийн гэрээнд тус тус хамтран зээлдэгч гэж зээлдэгчтэй адилхан эрх эдэлж, үүрэг хүлээсэн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон. Эндээс зээлдэгчтэй адилхан эрх эдлүүлэх нь битгий хэл, ******* нь огт аваагүй 4,191,000 төгрөгийн зээлтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:


           1. Давж заалдах шатны шүүх ******* ХХК-ий нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлоор  хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэн ******* ******* ХХК-ий салбар Дархан-Уул аймгийн Шарын гол сум дахь Тооцооны төвтэй 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-21/3-1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 14.191.000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 14.4 хувийн хүүтэй цалин барьцаалсан зээл авсан байна.

Тус зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр өндөр настан ******* оролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

3. Үндсэн зээлдэгч ******* 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд ...” гэж заасныг болон Зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг зөрчсөн, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчиж, 572 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон хамтран хариуцагч *******оос үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 13.735.209,46 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.975.344,36 төгрөг, хуримтлагдсан хүү 135.470,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү190.593,67 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6.500 төгрөг нийт 17.043.118,04 төгрөг гаргуулахаар шаарджээ.

4. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө. Энхтайван хариуцагч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгөөс ямар нэгэн мөнгө, хөрөнгө аваагүй, талийгаач *******гийн өмнөөс зээл төлөх ямар нэгэн тохиролцоо хийгээгүй, зээл авахад хамт нэг хүний гарын үсэг хэрэгтэй байна гэсэн шаардлагын дагуу зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, 30 сарын цалингаасаа төлөхөөр авсан зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул 85 настай төлбөрийн чадваргүй өндөр настан хамтран хариуцах үүрэггүй, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

5. Мөн ******* ХХК-ий “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 17.2.2-т зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулахдаа “Зээлдэгчийн зөвшөөрөл”-ийг загвар маягтын дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээр баталгаажуулсан зээлийн хувийн хэрэгт хавсаргана” гэж заасан бөгөөд хэрэгт нотлох баримтаар ирсэн зээлийн хувийн хэрэгт зээлдэгч *******ын зөвшөөрөл байдаггүй, зөвхөн зээлийг олгохын тулд *******оор гарын үсэг зуруулж, зээлдэгчийн эрх эдлүүлээгүй атлаа үүрэг хүлээлгэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг зээлийн гэрээний *******ын гарын үсэг зурсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

7. Хэрэгт авагдсан баримтаар Зээлдэгч ******* өмнө нь цалин барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шинээр 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 4.191.000 төгрөг дээр нэмж 14.191.000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулжээ. Эдгээр 2 удаагийн зээлийн гэрээний барьцаалбар нь зээлдэгчийн цалин байх бөгөөд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус зааснаар түүний хөдөлмөрлөж олж байгаа орлого мөн бөгөөд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг гэж үзнэ.

Иймд Зээлдэгч ******* 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барснаар ******* зээлдэгч ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

8. Талийгаач *******тэй байгуулсан зээлийн гэрээнд түүний цалингаас гадна гэрийн эд хогшил барьцаалагдсан ба хамтран зээлдэгч *******ын тэтгэвэр, орлого, эд хөрөнгө тухайн гэрээнд барьцаалагдаагүй, хэдий хэмжээний ямар эд хөрөнгө, орлоготой болох нь тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн зээлдэгчийн хувийн хэргийн “Хамтран зээлдэгчийн мэдүүлэг” хэсэгт хамтран зээлдэгч *******ын санхүүгийн чадварын талаар тодорхойлоогүй байна.

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК-ий “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 25 дугаар зүйлд “Цалингийн зээл гэж цалингийн орлогоороо зээлийн төлбөрийг сар бүр тогтмол төлөх чадвартай иргэнд олгож буй зээл” гэж, мөн журмын 25 дугаар зүйлийн 25.6.2, 26.5 -д хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үүргийг хамтран хүлээх гэр бүлийн гишүүн эсхүл санхүүгийн чадвар бүхий төрөл садангийн хүн, иргэн байх” гэж тодорхойлсон бөгөөд хамтран зээлдэгч *******ын санхүүгийн чадварын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч, өндөр настны тэтгэвэр авч буй ******* хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг эсэх, авч буй тэтгэврийн хэмжээ нь гэрээний хавсралтаар тохиролцсон сар бүр төлөх төлбөрийн хэмжээнд хүрэх эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

9. Ирээдүйд авах хөдөлмөрийн хөлсөөр төлбөр хийхээр банктай тохиролцсон зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг тухайн цалинг авдаггүй этгээдэд хамааруулах боломжгүй юм.

10. Хамтран зээлдэгч *******ын эд хөрөнгө, орлогын байдлыг тогтоогоогүй, зээлийн эрсдлийг урьдчилан тооцох  хуульд заасан арга хэрэгслийг ашиглаагүй, / үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, даатгал гэх мэт/ талийгаач *******гийн  ажиллаж байсан байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй болохоо нэхэмжлэгч нь нотлоогүй байна.

11. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/00674 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,366 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН                                                    

                                            ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА                                                                                         

                                                                                                    Л.АМАРСАНАА