| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2019/0016/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Ууганбат,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Г.Р /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Рд холбогдох 1826004780008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Р нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Болдбаатартай “оочир дайрсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Р мэдүүлэхдээ: Тухайн үед зодолдсоны дараа “Цагаан хад”-ны эмнэлэгт очиж анхан шатны түргэн тусламж үзүүлсэн бөгөөд түүний дараа хохирогч Б.Болдбаатарыг Улаанбаатар хотод “Интермед” эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Одоогоор хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Тухайн үед хохирлыг нь барагдуулна гэж байсан боловч хохирогч Б.Болдбаатар их хэмжээний мөнгө нэхэмжилхээр нь төлж чадахгүй гэдгээ хэлсэн гэв.
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Мөнхзулын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №698 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №722 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
- Шүүгдэгч Г.Ргийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,
-Хохирогч Б.Болдбаатарт хохирол төлбөрт 564 000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 65-р хуудас/,
- Хохирогч Б.Болдбаатарын хохирлын баримтууд /хх-ийн 84-88-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Г.Р нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Болдбаатартай “оочир дайрсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Б.Болдбаатарын: “...би “чи оочироороо авто машины жин рүү ор л доо гэж хэлээд Ргийн баруун шанаан тус газарт зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Р намайг барьж аваад миний зүүн нүд рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Намайг тонгойход миний зүүн хөмсөгний дээд хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад байсан. Би цусаа дараад тонгойгоод сууж байтал малгайтай цамцны малгайнаас татаад намайг газар чирэхэд тэр хавьд ойрхон явж байсан машины жолооч нар салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
- гэрч А.Мөнхзулын: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Интермед эмнэлэгт очоод зүүн нүдээ үзүүлэхэд нулимсны зам тасарсан, ухархайн дотор хана цөмөрсөн гэмтэлтэй байсан. Од-Хийморь хувийн эмнэлэгт нулимсны зам тасарсанг нийлүүлэх хагалгаа хийлгэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №698 дугаартай шинжээчийн: “Б.Болдбаатарын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, нулимсны сувгийн урагдал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №722 дугаартай шинжээчийн: “Б.Болдбаатарын биед хийсэн нэмэлт шинжилгээгээр нулимсны сувгийн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №68 дугаартай шинжээчийн: “Г.Ргийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Р хохиролд 564 000 төгрөг төлсөн, хохирогч Б.Болдбаатар нь эмчилгээний зардлыг нотлох баримтаар 996 600 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд төлсөн хэсгийг хасаад үлдэх 432 600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Болдбаатарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Ргийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.
Шүүгдэгч Г.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Рг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Рд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Ргээс 432 600 төгрөг гаргуулан хохирогч Б.Болдбаатарт олгосугай.
5. Шүүгдэгч Г.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА